Thursday, December 10, 2009
Sunday, December 6, 2009
УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-3
Гэтэл нэгэн өдөр Уран шувууны хүндэлж хайрлаж явдаг нэгэн мэргэн настан таарчээ. Тэр 2 нилээн хуучилсны эцэст Уран шувуу та надад нэг зүйлд хариулж өгөөч "Алдаа гэж юу вэ" гэж мэргэнээс асууж гэнэ. Мэргэн хариуд нь Алдаа гэдгийг чи өөрөө бодож ол. Харин тэнэг хүн өөрийнхөө алдаан дээр ухаантай хүн бүсдын алдаан дээр суралцдаг юм даа" гэжээ.
Wednesday, November 25, 2009
УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-2
Нэгэнт алдсан мөрөөдлөө эргүүлэн олох уран шувуунд тийм ч амар байсангүй. Гэвч бэрхшээл болгоныг даван туулж “Амьдрал”-ын бэлэглэсэн “Итгэл найдвар”-аа алдахгүйн тулд бүхий л чадлаараа зуурч байв. Заримдаа ч шантраад бүхнийг орхиод явахад бэлэн л байлаа. Харин тэгэхдээ чухам ямар зүйл нь бэрхшээл болоод байгааг ялгаж салгах гэж хичээсээр заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байгаа юм шиг санагдах үе уран шувуунд олон. Мөрөөдлөө хайж олох хүнд бэрх замыг туулах явцад нэгэн сайн андтай болжээ. Сонирхолтой нь Тэдний зорилго, хүсэл, үнэт зүйл нэг. Гэхдээ ялгаатай нь очих газар нэг ч тэд ямагт ӨӨР ӨӨР ЗАМ СОНГОНО. . . Энэ л хамгийн том бэрхшээл байжээ гэдгийг Уран шувуу хожим нь ойлгожээ.
Tuesday, November 10, 2009
УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ
Гэвч уран шувуу бурханыг тоохгүй л байлаа. Тэрээр уучлаарай би “Амьдрал”-д дэндүү хайртай. Сайхан хайраасаа урваж чадахгүй нь дээ гэдэг байжээ. Бурхан уран шувууг “Амьдрал”-аас залхаж, дургүй болоод нэг л өдөр өөр рүү нь ирнэ дээ гэж тэвчээртэй хүлээж, бас янз бүрийн арга хэрэглэсээр л. Гэвч бурхан угаасаа өөрөө сайхан сэтгэлтэй тул тэр арга нь “Амьдрал”-ыг улам сайхан болгож, уран шувуу “Амьдрал” хоёрын халуун хайр улам лавширсаар байлаа.
Saturday, November 7, 2009
Wednesday, October 21, 2009
Блогийн гишүүн:Эрхэм хүндэт багш Ц. Бүжидмаа таньд зориулав.
Ээж дандаа л бурханд залбирдаг. Гайхалтай нь өөрийгөө даатган залбирч байхыг хэн ч, хэзээ ч сонсоогүй. Өөртөө хайргүй амьдралдаа уйдчихсан нэгэн юм уу гэхээр үр хүүхдийнхээ төлөө хормын төдий ч эргэлзэх юмгүй биенээсээ хөл гараа таслаад өгөх нь байтугай, бусдаас өмсөж зүүснээ бүр өөрийгөө ч харамлах сөхөөгүй зүтгэнэ.
Хичнээн ч олон зовлон, зэмлэл, доромжлолыг нүдээ анин тэвчиж, хэдэн ч удаа надад гомдон уйлсан ч...Би хараагүй.
Ээж тэр л хэвээрээ. Яг л ээжийн өглөө болгон цайны дээжээ өргөн биднийг авралд нь багтаах гэж маань шивнэдэг, юу ч болж байсан царай зүс байтугай, суудал намба нь өөрчлөгддөггүй Бурхан шиг. Хэзээ ч яг л Ээж хэвээрээ. Харин бурхнаас илүү биднийг уучилж хайрлаж байгаагаа харуулна. Тэгсэн мөрт яагаад бурханд залбирдаг юм бол?
Яах гэж, яалаа гэж, ээж минь та ингэж ходоод дүүрэхгүйн зовлонд биш хүний дайтай явах эрхгүй “өлсөж цангаж” байсан ч, сүүлчийн “балга ус”-аа үр хүүхэддээ зориулдаг юм бэ?
Би таныг эмээгээс л төрсөн байх гэж бодож явсан, буруу байж. Тэгээд л тэнэг юм шиг өөрөөсөө ингэж асууж сууна.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
Намайг уучлаарай.
- Яах гэж би энэ хорвоо дээр төрсөн юм...гэж гэгэлгэн насандаа гэгээхэн мөртлөө гомдмоор шохоорхолд автаад, бүтэх эс бүтэхийн торгон ирмэг дээр ээж таньдаа:
- Хэн намайг төрүүлээд өг гэж гуйсан юм бэ?...гэж гомдоллосон.
- Хүний дайтай яваа, толгойгоо дээш нь өргө, өвдсөн биш зовсон биш өөрийгөө нэг хараач, өрвийчихөөд яг л нэг хайхрах хүнгүй золбин амьтан шиг... гэж ээж тэгэхэд зэмлэсэн.
Тийм дээ, хүүгээрээ бахархдаг ээж минь хүй их орчлонгийн дайд өрөөлийг байтугай өөрийгөөн ч олохгүй бүдчиж яваа үрээ хараад өр нь зүсэгдээ биз. Өөрийгөө гоодож биш, өрөөлд намайг гоё сайхан харагдахад, үрчлээтэж яваа нүүрэнд нь хэдэн саяын алмаз эрдэнэсээс илүү их гэрэл гэгээ гялалздаг ээж минь. Гэтэл миний байж байгааг.
Аав та хоёр надад хайргүй гэж бас уйлагнасан.
- Яалаа гэж дээ, үр минь би ээж чинь шүү дээ...Ээж чинь...
Энэ үгийг би одоо л бага сага ойлгох шиг. Ээж толгойг минь илбэн санаа алдсан. Одоо намайг хэн ч, яаж ч гомдоож байсан, та нар надад хайргүй гэж хэний ч энгэрт би толгой наан мэгшиж үзээгүй явна. Дотны анд, дурлал хайрт хэн ч намайг эвийлж өрөвдсөнгүй. Эсбөгөөс би ойлгуулсангүй. Тэдэнд шаналж зовж байгаагаа харуулахыг хүссэнгүй. Аз жаргалтай явсанаа эцэс сүүлд нь ойлгодог гэх. Эргээд гишгэсэн мөрөн дээрээ инээвхийлэн зогсох тэр цагт эгэлгүй их бурхнаас ч энгүй тань руугаа гүйж очоод нэг тэврүүлмээр, энгэрт тань наалдаж уйлмаар.
- Хөөрхий минь, өчнөөн том болчихоод юу болоод уйлаад байдаг юм бэ?
- Ээж ээ би яах ёстой вэ? Цаашдаа яаж амьдрах вэ?
Зэмлэх гээд чадалгүй намайг даган мэлмэрүүлэх ээж минь нулимсаа надаас нууна. Намайг уруу татаж нялхрахгүй гэсэндээ тэр. Хайлган цаснаас ч зөөлөн нимгэн сэтгэл нь хорвоогийн жамыг сөрөхөд минь гай болуузай гээд хатуу чулуунаас бат болон хувирах. Ид шид ертөнцөд байдаг юм байжээ.
- За битгий маяглаад бай...Болж л таарна. Наад нүүр гараа угаа...Чамайг ингээд байвал ээж нь яаж амар тайван амьдрах юм...Чи дандаа өөрийгөө л гэх юм. Нэг удаа ээжийгээ яаж байгаа бол гэж бодож үзсэн үү? Боль боль...Одоо боллоо.
Зүсэр бороотой бүрэнхий үдэш шавар шавхайнд хутгалдаж хэвтээ “бяцхан амьтан”.
Угаалгын өрөөнөөс галын өрөө зүглэхэд, үрээ ядарч яваа гээд аяга шөл уулгах санаатай мах хэрчиж зогсоо жижигхэн ээжийн минь мөр нь чичирч байж билээ.
- Ээж ээ та яав?
- Өө зүгээр ээ, энэ муу сонгино хэрчихээр л ингэж нүд хорсоод байдаг юм.
Би тэр юу ч болсон уйлж мэлмэрээд байдаггүй ээжийн минь нулимсыг урсгаж чадсан аагтай сонгинонд “атаархана”.
- Ээж ээ та хаанаас ирсэн юм бэ?
- Юу? Хачин хачин юм яриад байгаарай. Энэ золиг одоо жоохон юм болохоор тэвчээргүй гэдэг нь. Бүр орон гаран болох нь...
Инээд алдаад ээжийгээ тэврэхэд, яаж ч уурлаж гомдсон байсан ч нэг их шаагисан зүсэр бороон дундуур гэрэл цагаан нар үүлсийн завсраар гараад ирэх шиг баяр баясгалан аз жаргалтай болдог. Тэр их аз жаргалтай үедээ харин ээж минь уйлдаг. Яг л нартай бороо шиг. Тийм сайхан уйлдаг. Надаас нулимсаа нуудаггүй ээ.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
2009/10/21
Friday, September 25, 2009
Блогийн гишүүн: А.Арман "ЭЭЖ"
Өчигдөр миний төрсөн өдөр болов. Зүй нь төрүүлсэн өдөр гэж ээж минь найзуудтайгаа тэмдэглэмээр. Би ямар эрийн сайндаа төрсөн биш. Ядаж байхад ээждээ бэлэг авч чадсангүй. Утсаар ярьсан болоод л “халтуурдав”. Биднийг төрүүлж, өсгөх гэж зовж яваа ээжүүд, хүнийх өөрийнх гэж юу байхав.
Үр хүүхэд хүсэн тэмүүлж яваа бүсгүйчүүддээ хүсэл тань хурдхан биелж, халуун ангир зангирч, элэг дэвтэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Бас буруу зөрүү зэрэг оршдог орчлонд, бурхан бэлэглэсэн амьдралыг буцааж таслах гэж байгаа бүсгүйчүүдэд хэлэх хэдэн үг байна.
Алдар нэр, алт мөнгө, авъяас чадвар, аз завшаан, аятайхан нөхөр гэж орчлонд угаасаа байдаггүй юм. Амьдрал залгуулах л хүний ч, амьтны ч жинхэнэ амьдрал юм. Та муусайн эрчүүд “хийчихээд л” алга болдог гэж хэн нэг нь тэнд өөрийгөө өмөөрнө. Бас нэг зүйл хэлмээр.
Энэ хорвоо дээр хэн ч, юунд ч буруугүй.
Ялаа хоолоо олж идэх гэж гэрт маань орж ирээд ороосон сонинд няц цохиулдаг. Тэглээ гээд бурханд бас бусдадаа гомдоллодоггүй. Боломж олдвол үр төлөө үлдээчих гэж л, хоол хайж явсан юм л даа. Бурхан, агуу ихтэй харьцуулах юм бол, бид ч гэсэн ялаа л гэсэн үг. Биднийг хэн юугаар няц цохидогыг мэдэхгүй ч, бид бас л нөгөө ялаа шиг амь амьдралаа залгуулах гэж зөвшөөрөлгүй хаалга зөндөө тогшдог.
Бусдыг буруутгаж, бусдад өөрийнхөө зовлон шаналалыг тохох нь биед амар ч, бусдыг ойлгодоггүй юмаа гэхэд өөрийгөө ойлгодог болчихвол амьдрахад нэн хялбар. Зовж болноо. Аль ч шашинд зовлонгын тухай л байдаг. Заримдаа ч зовж ханахгүй хүмүүнийг залилаж мэхлэхээ хэзээ болих юм бол, энэ шашинууд гэж зүхмээр.
Их хуралд нэр дэвшигч нар шиг, ээлж дараалаад л зовлонгоос салгана гэж зад “панаалдана”, зовлонт амьтдыг. Зовлонт амьтан энэ насандаа биш ирэх төрөлдөө жаргах гэж эцсийн зоосноосоо эгээрнэ. Эсвэл бурханы нэр барьсан буруу замын нөхдүүд замаас нь буян, өглөг, хишиг, хайрыг нь хулгайлаад, өөрсдөө гүзээлээд байна уу? Үр төл нялх амьтад өвчиндөө шаналж, эх нялхасын үүдний хүйтэн зааланд газар гудсан дээр дэмийртэлээ халуурч байхад, үүдний өрөө нь эмнэлгийн хурлын заал шиг үнэн “тансаг” лам ах нар таарах юм. Тэгээд намайг буян үйлд гэж шаардана.
Үгүй, урьд нь багш минь гэж бодож явсан бүхэн нас нэмж ухаан суухаар нэг л биш. Үхэхийнхээ өмнө бүгд ухаан суудаг гэх юм билээ. Аятайхан ажил, амьдрах гэр, албан тушаал ахидаггүй юмаа гэхэд архи уугаад байдаггүй авааль нөхөр байтугай аяга хоол ч олдохгүй өдөр хорвоод зөндөө бий, ирээдүйн ээж нар минь. Алтан ээмэг бөгжөөр арван хуруугаа “гавалж”, “шиншила”- гаа байг гэхэд шинэ оймс аваад өмсөх аргагүй үе ч таарна. Эсвэл үргэлж тийм ч байж болно. Тэглээ гээд амьдралыг харааж болохгүй, таслаж болохгүй.
Нэг явдал тохиолдсон юм, намайг жоохон байхад. Манайх Улаанхуаранд байдаг байлаа. Зэргэлдээ гудамжинд нэг навтгар хамартай ч нар шиг сайхан ааштай, хүүхэд бидэнд үргэлж “барианы” шилээр дүүрэн хүйтэн хар цай, хичнээн олуулаа байсан ч хоол хийж өгдөг, бас “цалингаа буухаар” заавал ч үгүй хатсан “яавлаг” авч өгдөг нэг эмгэн байх. Ер нь тэр хавийн бусад хөгшчүүл бол бидний “дайснууд”. Ориллоо гэнэ, усаа зөө гэнэ, битгий газар өнхөр гэнэ, дэлгүүр яв, дүүгээ хар. Үгүй бол балбуулна.
Харин тэр нэрийг нь ч санахгүй байгаа жижигхэн эмгэн хэзээ ч биднийг загнадаггүйсэн. Тэдний хашаа байшин бол хүүхэд бидний хувьд хориглолтын цайз.
- Чи тэр бузар эмгэнийд дахиж ороод үзээрэй.
Бидний өвөө эмээ, аав ээж ихэнхи нь чихдэж явахдаа ингэж үглэнэ. Учрыг нь мань мэт яахин ойлгохов. Нэг өдөр нөгөө эмгэний хашаанд Баяраа, Өөжий бид гурав “байлдаж” тоглож байтал, Баяраагийн эмээ тачиг начиг гэж хазганаж ирээд, усаа зөөсөнгүй, өмдөө урсан байна гээд баруун солгойгүй балбав. Баяраа ч нядлуулж байгаа ямаа шиг бархирах нь мэдээж. Уг нь өнөө жижигхэн эмгэн биднийг шийтгүүлж байхад чимээгүйхэн шиг хийж байгаа юмаа үргэлжлүүлээд л зогсдог юм. Сайн харвал уруул нь түргэн түргэн хөдлөөд яалт ч үгүй нэг юм бувтнаад байгаа нь мэдэгддэгсэн. Гэтэл тэр өдөр тэгсэнгүй. Үг дуугүй хүрч ирээд, Баяраагийн эмээгийн гараас бариад авав.
- Тавь, чи муу хар шулмас...
- Чи над шиг шулмас биш байгаа нь энэ муу нялх амьтны буян шүү...
- Үхэж хэвтнээ, чи. Чамаар заалгахгүй...Тавь чи...Үр хүүхдийн заяагүй муу хар шулмас чи битгий надад заах гээд бай...
- Харин тэгээд чи үр хүүхдээ битгий ингэж зовоогооч...
- Бузар эм чи дахиж бидний хүүхдүүдийг хашаандаа оруулаад үзээрэй.
- Тэгнээ, харин чи хүүхэд зодохоо боль...
Бов бор хүүхэн хараа нь захаасаа цагаарчихсан, зовхио яаж даадаг юм болоо гэж бодмоор тэр эмээгийн үрчийсэн нүд тэгэхэд байлдаантай кинон дээр эх орныхоо төлөө танкны өөдөөс ганц гранат бариад гүйж яваа цэрэг шиг л дүрэлзэж байж билээ.
Үнэндээ бид энэ ярианаас юу ч ойлгосонгүй. Баяраагийн эмээ ч амандаа нэг юм үглэж, хялам хялам хийсээр түүнийг чирээд одов. Харин Өөжий бид хоёр удаан тогловол Баяраатай адил хувь тавилан эдлэхээ зөн совингоороо “мэдэрч”, гэр гэрийн зүг гялсхийлээ. Түүнээс хойш тэр цэнхэр өнгөтэй цагаан өлзий хээтэй хашааний хаалга бидэнд дахиж онгойсонгүй. Зуны 3 сар дороо. Хичээл эхэлчихсэн байсан гээд бодохоор 9 сарын сүүлээр юм уу даа.
Лав тэр өдөр, яг л өнөөдрийн энэ дэлэгнэсэн уйлагнасан, үл мэдэг чийг ханхалсан, өчигдөрхөн мөчиртэйгээ амь нэг зууралдаж байсан навчнууд, цавуу нь салчихсан цаас шиг л хийсэн унах өглөө шиг байж билээ. “Цонхолсон” учир бөөнөөрөө гудам руугаа бархиралдан гүйлдэж байтал, тэдний хашаа цэлийтэл нээлттэй, манай тэр хавийн хүмүүс орж гараад л...
- Нөгөө эмгэн чинь үхчихэж...
Үхэл гэдгийг ч сайн ойлгохгүй хирнээ хэрэгт дурлаж үүдээр шагайлаа. Шавар нь энд тэндээ ховхорчихсон намхан байшин нэг л том өрөөтэй. Цэцэрлэгт явж үзээгүй мөртлөө цэцэрлэг л тийм байдаг байх гэж бодов. Төрөл бүрийн чихэр жимсний гоё гялгар том жижиг хайрцаг савнууд, хүүхэлдэй, модон морь, угсардаг шоо, бамбаруушнууд. Ханан дээр нь нямбай гэгч нь нимгэн даавуугаар бүтээсэн эмэгтэй хүүхдийн “палааж”, өмд цамц, өрөөсөн бойтог. Гэнэт чих халуу оргиод явчихлаа.
- Чи энд юу хийж байгаа юм. Хэрэгт дуртай моньд вэ?
Манай яг өөдөөс харсан хашааны Довчин өвгөний гарт миний баруун чих атгаастай. Татах тусам нь би өлмий дээрээ “балетлана”.
- Ёо ёо тавиач ээ, та намайг ингэх эрхгүй шүү...
- Бас олон үгтэй...
- Тавиач ээ, өөрийнхөө хүүхдийг зод...Таныг аавдаа хэлнэ дээ...
- Өө за талийгчийн хүмүүжүүлсэн шавь нарын нэг байх шив.
- Та нар яагаад энэ эмээд дургүй байдаг юм бэ?
- Зүй нь чамайг том хүний өөдөөс цор цор хийсэн гээд шийтгэх байсан юм хуна. Даанч ийм өдөр. Яв гэртээ харь. Ээждээ тусал.
Өөдгүй муу өвгөнийг зүхсээр өвдөх нь намдахгүй байгаа чихээ үрэн гэр лүүгээ гэлдэрлээ. Тэгээд ээждээ тусалсан. Гэхдээ би гайхаад л байлаа. Яагаад тэр олон тоглоомны эзэн тэнд байдаггүй байсан юм болоо гэж...
2009/09/25
Wednesday, September 23, 2009
ӨӨРИЙГӨӨ ҮРЭХГҮЙ АМЬДАРЦГААЯ
Sunday, September 20, 2009
АНХНЫ ЦАСНААР ТӨРСӨН БОДОЛ
Wednesday, September 16, 2009
ВИТИЛИГО
Би хүүгээ монголд байгаа бүх л эмнэлэгүүд, эмч домч нарт үзүүлсэн. Тэгээд түрх гэсэн болгоныг нь л түрхсэн. Янз бүрийн тоснууд, мелагинин гээд эхийн эхсээс гаргасан бүтээгдэхүүн, цөцгий, билүүний баас,бас нэг хятад эмчид үзүүлээд ургамлын ханд авч түрхсэн. Цус төлжүүлэх юмнууд хэрэглэсэн. Зөндөөн мөнгө зарсан. Ямар ч үр дүн гараагүй. Тэгээд дараа нь цуглуулсан мэдээллүүддээ үндэслээд өөрөө эмчилж эхэлсэн.
Tuesday, September 8, 2009
ЖИНГИЙН ЦУВАА
ЖИНГИЙН ЦУВАА
Жингийн цуваа гүвээ даваад одлоо
Жирэм сүлжиж суугаа бүсгүйн нүд нулимастай
Үүлс зангирсан нутгийн тэнгэр ууртайхан
Үүрээ орхиод ниссэн тогрууны дэгдээхий уйтайхан
Сүүгэл хөх манан гуниг даалгүй сарниж
Сүүдэрт талын чулуу нулимс даалгүй бутрав
Салхи бүдчиж үүлс уруудаад
Сарнайн дэлбээ хумичихав аа
Бодолгүйхэн хайраа харамлаа нь үгүй өгсөн
Ботгон нүдэт Сүндэрьяа гэрээ санаад явчихав
Өвөр арын модны болсон жимсээр дүүргэсэн
Үйсэн гэртэй бортогыг минь авахаа мартаад буцчихав
Буугаад мордох тавиланг өрөвдөө нь үгүй ширвэсэн
Буянд цадаагүй орчлонг аргадаж нэг дуулахаас даа
Сүүмэн сүүмэн буцсан жингийн тэр л цуваанд
Сүүтэн сүүтэн буусан гунигаа дайгаад явуулахаас даа.
Б.Ичинхорлоо
Saturday, August 22, 2009
Алдаж оносон минь тоймгүй олон ч
Алхам бүрийг минь хэмжих дэнс үгүй
Дэнслээд өгөе хэмээн хэн нэгэн гуйсан ч
Дэндүү сэхүүн занг минь давах нь үгүй.
Алдсан оносон минь хэнд ч хамаагүй хорвоод
Амьдралын түмэн нугачаанд унаж босож мацсаар
Агуу их Маргааш өөд зүтгэнэ.
Sunday, August 9, 2009
ХҮҮДЭЭ
Гурван нас ч хүрээгүй нялх амьтан чамайгаа
Гулдарч чирсээр Гандангийн дэнж рүү өгслөө
Бурханы зүг өөд хүн өөрөө явж очдог шүү, үр минь
Бусад замынх нь чулууг ээж нь насан туршдаа түүнээ...
Wednesday, July 29, 2009
ЖУЛИЯГИЙН НУЛИМС
Monday, July 27, 2009
НАВЧСЫН СЭРЧИГНЭЭН ЮУ ӨГҮҮЛЭВ
Моддын чөлөөгөөр тэнгэр шагайж, бодлыг минь тольдоно.
Навчсын сэрчигнээн найрал хөгжим мэт уянгатай.
Намайг,
Бас энэд байгаа бүх хүмүүсийг уяраан аргадаж,
Сэтгэлийг минь хөглөх шиг.
Тэр гайхамшигт чимээг эс сонсвол эдгээр модод дэндүү дүнсгэр,
Дэндүү уйтгартай.
Навчсын сэрчигнэх чимээг сайн чагнавал өөр өөрийн гэсэн өнгө аястай л байгаа даа. Мод бүхэн сонин түүхтэй, мөчир бүхэн навч бүхэн өөрийн гэсэн хөг аялгуутай байгаа даа. Энэ модод хэдэн жил болсон бол. Хөөрхий энэ моддыг хэн ч сонсдоггүй болов уу эсвэл өөрсдөө хоорондоо бас сэтгэл санаагаа хуваалцдаг болов уу. Тэр нь бидэнд даанч нууц юм даа.
Хүн гэдэг амьтан дотоод сэтгэлээ илэрхийлж, бие биенээ ойлгож, баяр хөөр, зовлон гунигаа хуваалцаж чаддаг нь юутай их аз заяа вэ хэмээн бодсоор би унтахаар шийдлээ. Модод зүүдэнд минь нууцаа дэлгэхгүй байгаа даа гэж найдсандаа тэр шүү дээ...
Унтаж сэрээд зүүдээ санахыг хичээлээ. Модод зүүдэнд минь салхины тухай өгүүлсэн байлаа...
Өөр бас зөндөөн нууцаасаа модод надад ярьсаан...
Тэр тухай дахин дахин бодож үзлээ. Гэтэл тэр бүхнийг батлах гэсэн мэт яг миний дэргэд нэг содон ургасан мод байх юм. Тэр мод ганцаараа ганцхан талдаа мөчиртэй нөгөө талдаа юу ч үгүй. Яагаад ийм сонин байгаа юм бол. Наран зүгт тэмүүлж мөчирүүд нь ургаж дээ гэж бодтол бусад моднууд зүв зүгээр байлаа.
Tuesday, July 21, 2009
Tuesday, June 30, 2009
ЭХ ШУВУУНЫ ТАВИЛАН
Шувууд нутгаа зорин нисэж явна.
Үдлэхээр буусан нэгэн нууранд
Өвчинд шаналсан бяцхан дэгдээхий хоцров.
Үрээ орхиж чадалгүй эх нь бас үлдэв.
Дагаад нисэж чадахгүй ижил нөхдийнхөө араас
Даллан далласаар хоцров.
Хүсэл бүхэн биелдэггүй хэмээн
Хүний нутгийн нууранд уйлж дуулж үлдэв.
Харин тэр нуурынхан
Xалуун сэтгэлээр угтав.
Хөөрхий дэгдээхийгээ өргөж
Харийн нутагт дассан ч
Шувуудын хамт түүний сэтгэл
Нисэн одсон байлаа.