Tuesday, January 15, 2008

ЦАГ ХУГАЦААНЫ УХААН

ЦАГИЙГ ДЭМИЙ ӨНГӨРҮҮЛБЭЛ СЭТГЭЛ
ШАРИЛЖИНД ИДЭГДДЭГ

Япончууд 130 гаруй жилийн өмнө орчин цагийн улс болохоор зүтгэж байсан үед Японы залуучуудад өөрийгөө зоригжуулах хүчийг өгсөн “Өөртөө туслах ухаан” хэмээх номоо Самуэл Смайлс зохиосон юм. Энэхүү ном 2001 онд монгол хэлнээ орчуулагдаж хэвлэгдсэн. Та бүхэнд энэ номын хэсгээс толилуулахын зэрэгцээ аз жаргалтай амьдарч, амжилтанд хүрэхийг хүсдэг хэн бүхний заавал унших ном шүү хэмээн санал болгож байна.

Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлхэд ойртсон нэгэн залуу Вольтер Скотт хэмээх яруу найрагчид хандаж зөвлөгөө өгөхийг хүсчээ. Скотт энэхүү залууд хаягласан захидалдаа:
“Цагийг хангалттай бүрэн дүүрэн ашиглахгүй бол удалгүй муу зуршилд идэгдэх болдог. Өөрөөр хэлбэл “бохир зуршил” хэмээх эдэд баригдана. Ийм муу зуршилд торж унахаас сэргийлээрэй. “Чи бүхий л чадлаараа хичээж зүтгэх”-ийг маанийн уншлага болгох ёстой юм. Хийх ёстой ажлаа шууд л гүйцэтгэж бай. Цэнгээний цагаа ажлынхаа дараа болго. Ажлаа хэрэгсэхгүй зугаацаж байж болохгүй.
Цэргүүд давшиж байхад жагсаалын сүүлийн салааныхан бужигналдаж байх нь олонтоо ажиглагддаг. Тэр бол толгой хэсгийн цэргүүдийн такт алдагдан, давшилт бөглөрч орхидогоос тэр юм. Бизнес ч мөн адил. Хамгийн эхний ажлаа шууд л барьж аван итгэлтэй хурдан хийж эхлэхгүй бол бусад ажил бөөгнөрсөөр, удалгүй хуримтлагдсан асуудал шахагдаж, бодит байдлаа авч гарч чадахгүйд хүрэх болов уу” гэжээ.
Цагийн үнэ цэнийг зөв ухаарвал үйл хөдөлгөөн хүртэл сэхээтэй самбаатай болж ирдэг. Италийн нэгэн гүн ухаантан “цаг бол эд хөрөнгө юм” гээд харин энэхүү өв хөрөнгөө хэрэглэх арга нь муу байвал огтхон ч үнэ цэнэ төрүүлэхгүй, сайтар ашиглаж чадвал заавал аз жаргал авчрах зүйл мөн гэжээ.
Үнэндээ цагийг үр ашиггүй өнгөрөөвөл оюун санаан дотор хогийн хорт ургамал дүүрдэг. Юу ч боддоггүй толгой чөтгөр шуламын ажлын байр болж, залхуу хүн чөтгөр дэрлэх дэр нь болдог.
Зав чөлөөгүй ажиллах нь бусад хүнд хоосон гэрээ хөлслүүлж байгаатай агаар нэг, эсрэгээр хийх юмгүй залхуурч байгаа нь хоосон гэрээ сул орхиод хаяж буйтай адил юм. Хоосон гэр болж орхисон оюун санаанд дэмий хүслийн хаалга нээгдсэнээс болоод дур хорхой гэтэж ирэн, хорлонтой бодол сүргэлэн орж дүүрдэг юм шүү.
Далайд аялахад ч хөлөг онгоцонд суугсад зав чөлөө ихдэх хирээр элдэв шалтаг тоочиж, хөлгийн капитаныхаа эсрэг хөдлөх болдог. Үүнийг сайн мэддэг өвгөжөөр нэгэн капитан далайчид нь хийх ажилгүй завтай болонгуут заавал “уур хилэнгээ угаацгаа” гэж тушаал өгдөг байсан гэнэ.

Самуэл Смайлс
Өөртөө туслах ухаан УБ., 2001., х.77

No comments: