Wednesday, October 21, 2009

Блогийн гишүүн:Эрхэм хүндэт багш Ц. Бүжидмаа таньд зориулав.

А. Арман “Ээж минь хаанаас ирсэн юм бол?”

Ээж дандаа л бурханд залбирдаг. Гайхалтай нь өөрийгөө даатган залбирч байхыг хэн ч, хэзээ ч сонсоогүй. Өөртөө хайргүй амьдралдаа уйдчихсан нэгэн юм уу гэхээр үр хүүхдийнхээ төлөө хормын төдий ч эргэлзэх юмгүй биенээсээ хөл гараа таслаад өгөх нь байтугай, бусдаас өмсөж зүүснээ бүр өөрийгөө ч харамлах сөхөөгүй зүтгэнэ.
Хичнээн ч олон зовлон, зэмлэл, доромжлолыг нүдээ анин тэвчиж, хэдэн ч удаа надад гомдон уйлсан ч...Би хараагүй.
Ээж тэр л хэвээрээ. Яг л ээжийн өглөө болгон цайны дээжээ өргөн биднийг авралд нь багтаах гэж маань шивнэдэг, юу ч болж байсан царай зүс байтугай, суудал намба нь өөрчлөгддөггүй Бурхан шиг. Хэзээ ч яг л Ээж хэвээрээ. Харин бурхнаас илүү биднийг уучилж хайрлаж байгаагаа харуулна. Тэгсэн мөрт яагаад бурханд залбирдаг юм бол?
Яах гэж, яалаа гэж, ээж минь та ингэж ходоод дүүрэхгүйн зовлонд биш хүний дайтай явах эрхгүй “өлсөж цангаж” байсан ч, сүүлчийн “балга ус”-аа үр хүүхэддээ зориулдаг юм бэ?
Би таныг эмээгээс л төрсөн байх гэж бодож явсан, буруу байж. Тэгээд л тэнэг юм шиг өөрөөсөө ингэж асууж сууна.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
Намайг уучлаарай.
- Яах гэж би энэ хорвоо дээр төрсөн юм...гэж гэгэлгэн насандаа гэгээхэн мөртлөө гомдмоор шохоорхолд автаад, бүтэх эс бүтэхийн торгон ирмэг дээр ээж таньдаа:
- Хэн намайг төрүүлээд өг гэж гуйсан юм бэ?...гэж гомдоллосон.
- Хүний дайтай яваа, толгойгоо дээш нь өргө, өвдсөн биш зовсон биш өөрийгөө нэг хараач, өрвийчихөөд яг л нэг хайхрах хүнгүй золбин амьтан шиг... гэж ээж тэгэхэд зэмлэсэн.
Тийм дээ, хүүгээрээ бахархдаг ээж минь хүй их орчлонгийн дайд өрөөлийг байтугай өөрийгөөн ч олохгүй бүдчиж яваа үрээ хараад өр нь зүсэгдээ биз. Өөрийгөө гоодож биш, өрөөлд намайг гоё сайхан харагдахад, үрчлээтэж яваа нүүрэнд нь хэдэн саяын алмаз эрдэнэсээс илүү их гэрэл гэгээ гялалздаг ээж минь. Гэтэл миний байж байгааг.
Аав та хоёр надад хайргүй гэж бас уйлагнасан.
- Яалаа гэж дээ, үр минь би ээж чинь шүү дээ...Ээж чинь...
Энэ үгийг би одоо л бага сага ойлгох шиг. Ээж толгойг минь илбэн санаа алдсан. Одоо намайг хэн ч, яаж ч гомдоож байсан, та нар надад хайргүй гэж хэний ч энгэрт би толгой наан мэгшиж үзээгүй явна. Дотны анд, дурлал хайрт хэн ч намайг эвийлж өрөвдсөнгүй. Эсбөгөөс би ойлгуулсангүй. Тэдэнд шаналж зовж байгаагаа харуулахыг хүссэнгүй. Аз жаргалтай явсанаа эцэс сүүлд нь ойлгодог гэх. Эргээд гишгэсэн мөрөн дээрээ инээвхийлэн зогсох тэр цагт эгэлгүй их бурхнаас ч энгүй тань руугаа гүйж очоод нэг тэврүүлмээр, энгэрт тань наалдаж уйлмаар.
- Хөөрхий минь, өчнөөн том болчихоод юу болоод уйлаад байдаг юм бэ?
- Ээж ээ би яах ёстой вэ? Цаашдаа яаж амьдрах вэ?
Зэмлэх гээд чадалгүй намайг даган мэлмэрүүлэх ээж минь нулимсаа надаас нууна. Намайг уруу татаж нялхрахгүй гэсэндээ тэр. Хайлган цаснаас ч зөөлөн нимгэн сэтгэл нь хорвоогийн жамыг сөрөхөд минь гай болуузай гээд хатуу чулуунаас бат болон хувирах. Ид шид ертөнцөд байдаг юм байжээ.
- За битгий маяглаад бай...Болж л таарна. Наад нүүр гараа угаа...Чамайг ингээд байвал ээж нь яаж амар тайван амьдрах юм...Чи дандаа өөрийгөө л гэх юм. Нэг удаа ээжийгээ яаж байгаа бол гэж бодож үзсэн үү? Боль боль...Одоо боллоо.
Зүсэр бороотой бүрэнхий үдэш шавар шавхайнд хутгалдаж хэвтээ “бяцхан амьтан”.
Угаалгын өрөөнөөс галын өрөө зүглэхэд, үрээ ядарч яваа гээд аяга шөл уулгах санаатай мах хэрчиж зогсоо жижигхэн ээжийн минь мөр нь чичирч байж билээ.
- Ээж ээ та яав?
- Өө зүгээр ээ, энэ муу сонгино хэрчихээр л ингэж нүд хорсоод байдаг юм.
Би тэр юу ч болсон уйлж мэлмэрээд байдаггүй ээжийн минь нулимсыг урсгаж чадсан аагтай сонгинонд “атаархана”.
- Ээж ээ та хаанаас ирсэн юм бэ?
- Юу? Хачин хачин юм яриад байгаарай. Энэ золиг одоо жоохон юм болохоор тэвчээргүй гэдэг нь. Бүр орон гаран болох нь...
Инээд алдаад ээжийгээ тэврэхэд, яаж ч уурлаж гомдсон байсан ч нэг их шаагисан зүсэр бороон дундуур гэрэл цагаан нар үүлсийн завсраар гараад ирэх шиг баяр баясгалан аз жаргалтай болдог. Тэр их аз жаргалтай үедээ харин ээж минь уйлдаг. Яг л нартай бороо шиг. Тийм сайхан уйлдаг. Надаас нулимсаа нуудаггүй ээ.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
2009/10/21