Showing posts with label БЛОГИЙН ГИШҮҮДИЙН БИЧЛЭГ. Show all posts
Showing posts with label БЛОГИЙН ГИШҮҮДИЙН БИЧЛЭГ. Show all posts

Tuesday, February 7, 2012

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.

-          Уучлал бол буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон хүнд л үзүүлдэг сэтгэлийн хөнгөлөлт болохоос увиагүй нөхдүүдийг бурхны өмнөөс хайрлаж ойлгохын нэр биш. Тэр ажлыг тэнгэр бурхад өөрсдөө хийг. Бид хүн. Тийм ч учраас хүн шиг хүнийг л уучилж болно. 
А.Арман

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.


Ганцаардал, эргэлзээ хоёр гарцаагүй хүн бүрийг дагаж явдаг. Тэд сэтгэлд сиймхий зай гарах л юм бол сэнгэнэтэл санаа алдуулаад, эзлээд суучихдаг. Тийм учраас малгай өмсөж бай. Ядаж тархины судас нарийсахгүй, цусан хангамжаар дутахгүй байхад яаж ийж байгаад наад бөндгөр чинь чамд ганцаардал, эргэлзээ хоёрыг яаж ялан дийлэхийг заагаад өгнө гайгүй. Ер нь ч тэгээд хаад ноёд титэмтэй байхдаа л өөртөө итгэлтэй байдаг.
А.Арман

Thursday, November 4, 2010

Блогийн гишүүдийн бичлэг: Бурхан байдаг юм - II буюу 2010-11-01 Today is MY BEST DAY!!!


Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Дээрх явдал болсноос хойш даруй 7-8 сар өнгөрчээ. Удаан холбогдоогүйд хүлцэл өчье. Гэхдээ ингэж удсанд учир байсанг та одоо миний бичих хэсгээс уншаад мэдэх болноо. Түүнээс хойш 2010 оны 7 дугаар сарын эхээр Э маань Солонгос руу явж хамгийн сайн эмнэлэгт нь үзүүлж дахин хагалгаанд орсон юм. Тэгээд Со эмч нар нь 1 жил орчимын хугацаанд мэдээ орно гэж хэлсэн юм билээ. Одоо би Говь Алтай аймагт ажиллаж байгаа юм л даа. Со-гоос ирэхэд нь уулзахад  “Миний гар мэдээ мөд орохгүй юм шиг байнаа” гэж байсан юм.

Monday, April 19, 2010

Блогийн гишүүд бичиж байна: А.АРМАН. БОРОО АСГАРАХГҮЙ БОЛ БАЯРТАЙ.

Насаараа мал дагаж нар салхинд гандаж үрчийсэн эмгэн шиг шороо бужигнах хавар. Хэдхэн дусал бороо хүлээсэн өдөр хоногууд, хатаж хуурайшсан газар гангинана. Дээр нь гишгэж яваа бид ч дотроо гасална...
- Ганцхан...ганцхан дуслыг надад өгөөч...Хаа холоос хичнээн ч бэрхийг туулсан юм, бүү мэд, тэр шувуу ганцаар хатаж ширгэсэн нууран дээгүүр эргэлдэнэ.
 
- Эл хуль ээрэм тал дунд чи гав ганцаар ямар үзэсгэлэн гоо, юутай ариун онгон байсан билээ... Тэр шувуу нуурын хатсан сайртай ийн хүүрнэнэ. Өөрөө өдийг хүртэл харангадаж үхээгүй нь гайхалтай. Эсвэл зүгээр л азтай юм уу.
- Юу яриад байгааг чинь нэг л ойлгохгүй байна. Энэ нуур чинийх биш...
- Яагаад? Би ямар алсаас юуны төлөө эргэж ирсэн билээ...
- Бороо асгарахгүй бол би чиний хүссэнийг өгч чадахгүй, хаанаас ч, хэзээ ч ирсэн байлаа...Уучлаарай
Тэнгэрт үүлгүй ч салхи чигээ өөрчлөх төдий үл мэдэг чийг хамар шүргэхэд, шувуу айсуй яваа бороог тосох гэж дээшээ бүр дээшээ дэвнэ. Бараа сураггүй тэр үүлийг чадал минь хүрдэг бол салхинаас урьтаад туугаад ирэх юмсан гэж тэр мөрөөднө. Зүүдэлнэ. Бүр бороо асгарч байна гэж...Зүүрмэглэх тэрхэн зуур, заяа бөгөөд тавилан золгүй амьтныг ч гэсэн нэг удаа мишээлгэдэг уужим нь дэндүү хорвоо юм хойно...
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, хорь, бүр зуу, хэдэн мянган дусал тэнгэрээс унана. Тоолох байтугай харах аргагүй, шөнө юм чинь. Шувуу шөнө дөлөөр анх удаа тийм аз жаргалтай байлаа. Урьд нь харанхуйгаас айдаг байсан юм. Бүжиглэх нь байтугай.
- Хонгор минь харж байна уу? Би хэлээгүй юу? Бороо асгарнаа гэж...
Хэнзхэн ногооны нялх соёо эрийн сайндаа тэнгэрээс уначихсан юм шиг тэнгэр лүү тэмүүлэн нахиалдаг. Тэр цагт шороо тоос мартагдаж, нимгэн дэрэвгэр ногоон “палааж” гоо биеийг нь далдлах төдий залуу хангал бүсгүй шиг зун ирнэ. Орь шувуу дахин амилсан нууранд умбаж булхсангүй.
Жам ёсоор ертөнцийн цангаа тайлагдсан ч, ер жаргал хүссэн түүний нүдэнд баяр баясгалан үгүй.
- Би чамайг сайн мэдэхгүй...
- Би харин чамайг маш олон жилийн өмнөөс мэднэ.
- Санахгүй байна, уучлаарай.
Ай даа, эрчүүдийн харц хөл доор нь хатсан навчис мэт хөглөрөх үзэсгэлэн гоо чи юутай бардам бөгөөд юунд ийм ганцаардмал. Хэн нэгний зүрх сэтгэлийг зүгээр л нэг мөчрөөсөө сэгсрээд хаях улиас шиг...
- Цаг чинь боллоо, одоо шувуудтайгаа хамт буц....гэж шивнэх уруулнаас үл мэдэг жимс сэнгэнэх нь намар болсныг ч мартуулна.
Намар байтугай бороо асгараагүй байхад зүүдэлсэн зүүдэндээ итгэж шувуу уйлна. Нулимс нь нуурын хатсан сайран дээр унахад дороо шингэнэ.
- Бороо асгарахгүй бол баяртай...Би чамд хэлсэн шүү дээ...
- Би мэдэхгүй байна...
Энэ хорвоогийн нэгэн мухарт энгүй их цангасан нуур, ижлээсээ тасарсан шувуу хоёр бороо асгарахыг хүлээнэ. Удахгүй хэзээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй ч, урь идэгдсэн ертөнцөд урьд урьдынхаас илүү сайхан бороо асгарна. Тийм ээ, асгарах л ёстой юм чинь...Тэр хоёр өөрсдөө ч мэдэхгүй....

Sunday, April 18, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ГАНБААТАР АХЫН АСУУЛТЫН ХАРИУ


Би санаж байна л даа, намайг оюутан хэмээх эрхэм нэрийг зүүж байхад Ганбаатар гэдэг ах сургууль дээр ирж ийм асуулт тавьж байсан юм.
ТАНЫ АМЬДРАЛЫН ТУЙЛЫН ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Тэр үед янз янзын л юм бодож билээ.

Saturday, April 10, 2010

Блогийн гишүүд бичиж байна. ХАЙР, ИТГЭЛ

Сайн байна уу Бүжээ эгч ээ. Сайн байцгаана уу миний адил энэ блогийн фенүүд ээ. Би гое үг хэрэглэж ухаантай загнаж чадахгүй нь ээ. Бүжээ эгч ээ. Гэхдээ миний хамгийн их ухаарсан нь хүлээцтэй ухаантай байх хэрэгтэй, бас итгэх хэрэгтэй гэдэг үг...
. . .  Миний найз залуу надаас олон ах, бас том болсон охинтой, тэгснээ нэг хүүхэнтэй найзлаад надад болохоор салчихсан гээд л байсан мөртлөө холбоогоо таслаагүй байсан.  Эхлээд би их харддаг байлаа.
. . . Тэр хоерыг мэдсэнээс хойш тэр хүүхнийг утасдахаар нь би утсыг нь аваад ярь ярь гээд өгдөг болсон. Харин миний хайр ярьдаггүй л дээ.  Гэсэн ч түүнээс намайг гэсэн хайр ханхалж байгааг мэдэрдэг болохоор би итгэдэг. Бас тэр хүүхэн л миний хайрыг эргүүлээд байна даа гэж өөртөө итгүүлэхийг хичээдэг. Тэгж ч ойлгодог. Тэгээд л өмнөх шигээ хардахаа больсон. Тэр хүнийг хайрлаж байгаа шигээ хэзээ ч харддаггүй.  Тэр хүнийг хайрлаж байгаа бол түүнийг хүлээх бас тэвчих хэрэгтэйгээ ухаараад алдаагаа засч байгаа. Би түүндээ хайртай.  Түүнийг ч бас охиныг нь ч хайрлана.  Ингээд бодохоор би хүнийг хайрлах сэтгэлтэй, итгэлтэй хүн. Бүх хүн хүлээцтэй байгаасай ингэвэл бүхнийг ялж чаддаг юм байна гэдгийг ухаараасай.  Би бас түүндээ уурлаж чаддаггүй. Гэхдээ заримдаа хэтэрхий зөөлдөөд байгаа юм болов уу гээд уурлах гэхээр "Миний хайр аа чамд зохихгүй байна аа" гээд инээхээр нь тэгээд л уучилчихдаг юм. Одоо тэр надгүй байж чадахгүй болсон яагаад гэвэл би тэрэнд, тэр надад хайртай. Амьдралд хайр, итгэл, хэрэгтэй юм байна лээ.


Thursday, April 1, 2010

Блогийн гишүүд бичиж байна. САНАХГҮЙ ГЭСЭН ЮМАА ЧАМАЙГАА БИ

Санахгүй л гэсэн юм аа чамайгаа би
Сэм сэмхэн зүүдэнд минь ирэх юм аа
Сэтгэлээ би захирч дийлэхгүй
Сайхан дүр чинь харагдаад болохгүй нь ээ

Бодохгүй л гэсэн юмаа чамайгаа би
Бүтэн шөнө зүүдэнд минь ирэх юм аа
Бодлоо би захирч дийлэхгүй
Борхон царай чинь харагдаад болохгүй нь ээ

Thursday, March 25, 2010

Блогийн гишүүд бичиж байна: БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!!

БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!!
Итгэхгүй бол та үүнийг нэг уншаад үзээрэй...
Эрхэм уншигч таньд энэ сайхан гэрэлт нарны доорх гэгээлэг өдрийн мэндийг хүргье. Яагаад ч юм бэ Алтан нар бидэн дээр ав адилхан тусдаг, ав адилхан илчээ түгээдэг... гэдэг мөр аманд орж ирээд байх юм.
Юуны өмнө блогтоо намайг бичлэг оруулахыг зөвшөөрч санал болгосон Бүжээ эгчдээ маш их БАЯРЛАЛАА. Би бол 30 орчим настай жирийн л нэг инженер залуу. Юунаас эхлэхээ мэддэггүй ээ за байз...

Thursday, March 18, 2010

Блогийн гишүүд бичиж байна. А.Арман "Удахгүй үүр цайна..."

Тэр үед би нэг их гутарчихсан амьтан явж байж билээ. Тэр үе гэдэг нь Үүрийнцолмонтой анх таарсан тэр өдөр. Тэр жилийн 365 хоногийн жирийн нэг өдөр, жирийн нэг залуу миний жирийн л нэг амьдралын түүхэнд жирийн бишээр жинхэнэ тодоос тод өглөө болгон тэнгэрт гялалздаг тэр нэгэн од шиг өдөржингөө биш ч, ганцаардаж гунисан, гайхсан бодлогоширсон, тийм нэг хүн гэдгээ ухаарах гэсэн, өргөн олны цуваан дундаас өөрөө өөрийгөө эрж хайсан, тийм л их бодлын дунд гэрэл гэгээ татуулан зүрхэн дотор дуулах юм гэж, зүүд мөрөөдлийн завсарт гялбалзах юм гэж, бүхнээс илүү бусдаас түрүүн дурсагдах юм гэж би яахин мэдэх вэ,тэр жирийн нэг өдөр. Нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэсэн, шулганасан бяцхан хүүхдүүд инээж хөхөрсөн, шуугиант их амьдралын жирийн л нэг өдөр байсан.
Харин миний хувьд тэмдэглэлтэй өдөр. Гэхдээ “хараар”. Осолгүй үерхдэг бүсгүйдээ гомдчихоод, үнэн сэтгэлийн хайр гэж ийм байдаг хэрэг үү ч гэх шиг, нэг тийм меланхолик бөгөөд пессимист өнгө аясаар дүүрэн амьтан санаа алдах тоолондоо нэг шат мацаж, байгууллагынхаа шатыг амьдралын дааж давшгүй их уул нуруу мэтээр төсөөлөн өгсөж явлаа. Өөдөөс хэн нэгэн ирж явааг мэдэж байсан ч өөрийнхөө өчүүхэн ертөнцдөө гомдоллож гунисан “бацаанд” захирал маань ч ирж явна уу, их хурлын гишүүн ч ирж явна уу хамаа үгүй ээ. Уурлаж бухимдахаараа хэн нэгэнтэй “мөргөлдөж” байж санаа амардаг энэ тэнэг зангаа засах юмсан гэж.
- Уучлаарай...
Өөрийн эрхгүй мөргөлдчихсөнийхөө дараа ингэж шивнэлээ. Тэр өөдөөс ирж явсан хүн захирал маань ч биш, их хурлын ч гишүүн биш. Өндөр гоолиг бие хаатай, зөөлөн бөгөөд гайхсан харцтай, тэр “бүүвэйлсэн” харц нь гулсаж тоглодог байх гэмээр урт сайхан тас хар задгай тависан үсээ яаралгүйхэн мөрөн дээгүүрээ “шидлэх”” сайхан “амьтан” байлаа.
- Зүгээр ээ. Харин гайхлаа.
Тэр бүсгүй яарч явсан бололтой. Би дөнгөж саяхан “үсэрхэд” бэлэн явсанаа мартчихсан, хэд шат алгасч харайгаад, үүдний ажилтан дээр очих нь тэр.
- Сая хэн гарч явсан бэ?
Хөөрхий нарийн бичиг, үүдний жижүүр, лавлах, цаг бүртгэгч гээд бүхнийг зэрэг амжуулдаг, тийм ч учир жоохон будилуу болчихсон үүдний ажилтан маань сандрах нь тэр. Байгууллагынхаа харуулын үүрэг давхар гүйцэтгэх ёстой гэж боджээ.
- Таны юу алга болчихсон байна?
- Миний зүрх, миний сэтгэл.
Жаал тайвширсан ресепшн бүсгүй над руу нэг хөмсгөө өргөн байж их л жоготой гэгч нь:
- Ямар романтик юм бэ? Тэр бүсгүй манайд өнөөдөр ажилд орсон. Гэхдээ найз залуутай юм билээ. Өглөө хүргэж ирж байна лээ. Эрчүүд ээ гэж яахаараа ийм сохор байдаг байнаа, сайхан чөлөөтэй бүсгүйчүүд эргэн тойрон зөндөө байхад...
Тэгвэл бид хамт нэг байранд нэг байгууллагад ажилладаг юм байна. Ингэж бодож зогсохдоо би олон жилийн хойно энэ мөрүүдийг бичнэ гэдгээ мэдсэн бол. Араас нь гүйж очоод аятайхан “мишээж” байгаад ч болтугай болзох гэж оролдсон бол, эсвэл ажлынхнаасаа ичиж санаа зовж маргааш нь битгий хэл нөгөөдөр нь тэгээд тэр байгууллагаа орхиод явахдаа хүртэл мундаг хариуцлагатай, хүний найз бүсгүй оролддоггүй мундаг хүний царай эсгээгүй бол, бас дээр нь уйлаад дуулаад ирсэн найз бүсгүйгээ уучлаагүй бол...Гэхдээ харамсдаггүй ээ. Гуних бөгөөд мэлмэрэх цагт дэргэд байгаагүй ч сэтгэлд минь яг өөрийнхөө тэр л энгийн бөгөөд эгэлхэн дүрээ мөнхөлж чадсан тэр бүсгүй “тэнгэрт” гялалзсаар л байлаа. Гайхамшигтай гэж.
Бас л хэдэн жил өнгөрчээ. Бид нэг удаа утсаар ярив. Ажлын шаардлагаар. Тэнэг байгаа биз. Тэвэртээ багтаах гэж оролдоогүй юмаа гэхэд тэр нэгэн одны зүг үргэлж тэмүүлж явсан байж, нэг удаа залгадаггүй юмаа гэхэд, нэр дугаараа нууцлаад мессэж бичих гэж зориглоогүй мөртлөө, байдаг л нэг муу авилгалчины өмнөөс тэрний ажлыг амжуулах гэж залгаж байгаа юм даа. Гэхдээ би ичсэн юм шүү. Тэгээд ч тэр нөхрийг өмөөрөх хүсэл байсангүй. Яриа маань товчхон бөгөөд хурдхан өнгөрөв. Би утсаа таслахын түүс. Тэр үедээ би энэ мөрүүдийг бичих ёстойгоо ойлгосон байх. Би бусдын өмнөөс биш өөрийнхөө өмнөөс амьдарч яваагаа ойлгож эхэлсэн байх. Ичиж халуун оргиж байсан хацар, чичирж байсан хоолой, өөрийгөө хэн бэ гэдгийг хаанаас хаа зорьж яваа хүн бэ гэдгээ таних эхний алхам байсан байхаа.
Тэгээд би юу чаддаг билээ гэж бодов. Би зууны мянганы биш юмаа гэхэд зуурхан тэр цаг мөчид зүрх сэтгэл маань юу хүсэж байгаагаа бичиж чаддаг гэж боддог. Тэгээд бичлээ. Түүнийгээ харин өөрөө өөрөөсөө нуучихсан. Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ гэж бодлоо. Өргөн уужим ч гэлээ энэ дэлхий дээр миний гэх багтаж шингэх газар олдохгүй болох цаг хэзээ гэдгийг ч би мэдэхгүй мөртлөө нуугаад л байдаг. Амьдрах сайхан амьдрал баялаг гэж хэлэх дуртай мөртлөө хэн нэгэнд гомдож туних, хэтэрхий их юм бодсондоо ч тэр үү, амьдрал ахархан амьдрах муухай гэж бодох тэр цагт тэр нэгэн од миний орь их ганцаардаж байгааг мэдсэн мэт тэнгэрийн зайд хараа булаан өчүүхэн ертөнцийг минь чимэглэх нь юутай сайхан. Хүрч үл чадах тэр нэгэн од Үзэсгэлэн гоогоо надаас нуугаагүй байхад, хүй их амьдралын дайд өөрийгөө ч олоогүй яваа байж, би сэтгэл зүрхээ нуухын учир юу билээ. Бусад хүн жаргах гэж зүтгэдэг байхад, будилуу үхэр шиг би зовох гэж нуугдах хэрэг юун.Удахгүй үүр цайна даа, Үүрийнцолмон минь. Найдлага горьдлогын нүдээр чамайг тольдох олон олон өчүүхэн амьтдын нэг намайг тээр холоос бас тээр дээрээс олж харахыг бодоорой. Би нуугдахгүй ээ. Үүр цайж байна даа...
--------------------------------""""---------------------------------"""------------------------
Багш нь баяр хүргэе Арман аа. Өөрийгөө олсонд чинь, Үүрийн цолмонгоо таньсанд чинь, Үүр цайхыг хүлээж байгаад чинь чиний өмнөөс баяртай байна. Эр хүн гэдэг энэ хорвоод энхрий үрсийн эцэг болж, эрхэмсэг бас бүүр хэт ихэмсэг бүсгүйг ч өөрийн болгож чаддаг учраас л тэднийхээ төлөө эх орноо хамгаалах Баатар байдаг. Бас сүүлийн хэсэг нь бүүр илүү таалагдлаа. "Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ" гэдгээс өгсүүлээд. Энэ сайхан түүхийн хамгийн анхны сонсогч, уншигч болсондоо баяртай байна. Бүжээ багш нь

Wednesday, March 3, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ЭЭЖДЭЭ ЗОРИУЛАВ

Би ээжийнхээ дэргэд байнга байдаг болохоор ээжийгээ хамгийн сайн мэддэг ойлгодог хүн нь байсан.
Ухаан ороод л ээж аавын хэрүүл ар гэрийн дутуу гачуугийн зовлонг хэтэрхий их ойлгодог болсон нь миний хувьд нэг бодлын зовлон байсан юм.
Миний ээж хэнээс ч дутахгүй ажил мэргэжилтэй царай зүстэй хүн байсан ч эр хүн л болсон хойно ээжийг маань араар тавьж зовоодог байсан юм. Өдөр бүр архи ууж ирнэ агсан тавихгүй ч манай гэр бүлээс хэрүүл салдаггүй байлаа би гэдэг хүн халшраад ээжийгээ салчих л даа гэж гуйна, хоёр ах маань гэртээ хонохгүй гэрээсээ зугтана харин бага ах, эгч хоёр юу бодож санаж байгаа нь мэдэгддэггүй битүү хүмүүс чимээгүй л байдаг байсан одоо бодоод байхад манай гэр бүл дотроос хамгийн их аавыгаа хайрлаж байсан нь энэ хоёр байж.Нэг л өдөр аав маань гэрээслэл бичиж үлдээгээд өөр ертөнцрүү яваад өгсөн дөө.
1996 оны өвөл цагаан сар болох гэж байсан юм өглөө эрт ээж ах бид хэд ажил сургуульдаа яваад аав эмээ 2 манай нэг дүүтэй цагаан сараар хэрэглэх өөхөө татна гээл үлдсэн, өдөр хичээлээ тараад иртэл аав байхгүй дүү хичээлдээ яваад ах хичээлээсээ ирчихээд гараад явчихсан хойгуур би гэдэг хүн эмээтэйгээ үлсэн өдөр байсан юм.
Аавыгаа өнгөрөхөд би яагаад ч юм жаахан байсан ч аав өнгөрчихөж гэж зөнгөөрөө мэдсэн тэр үеийн дүр зургийг ахиад харвал аймшгийн кино шиг байсан.
Ээж маань ухаан санаа нь орон гаран болчихсон орилоод л би яахаа ч мэдэхгүй /ах гадаа орилж уйлж байсан/ ахаа манай ах дээр оч л доо гэж хэлээд ээжийгээ тэврээд миний ээж битгий уйл гэж ээжийгээ чадлаараа тайвшруулсан ч ээж маань би галзуурлаа гээд үсээ зулгааж хэзээ ч тийм аймшигтай уйлж хашхирч байхыг нь хараагүй болохоор би уйлж чадахгүй байсан....удахгүй дунд ах маань эмч болон аавын ажлын хүмүүсийг дагуулж ирээд тайвшруулах гэж оролдсон ч ээж маань тайвширч чадахгүй хагас галзуурлын байдалтай хөндийдөө суучхаад л уйлаад хүн орж ирэхээр бүр их уйлна. /тэр үеийн миний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байсан /
Аавыг өнгөрөх тэр үед том ах 22-той, дараагийнх нь 21-тэй эгч маань 19-тэй, бага ах 16-тай би 12-той байсан. Эгч оюутан 2-р курс, том ах ажил хийдэг, дунд ах ажилгүй авгай хүүхэдтэй бага ах 8-р анги би 5 дугаар анги байсан.
Аав маань уг нь хуулийн байгууллагад дарга, хойно сургууль төгссөн намын дарга сайлаа. Тавын таван хүүхэд өчнөөн жил ханилсан ханиа орхиод яваад өгнө гэдэг даанч харамсмаар. Ингээд миний дутуу гачуухан амьдрал эхэлсэн дээ
Анхны жил маш хүнд өдрүүд өнгөрч байлаа ээж маань үе үе л уйлж ухаан санаа нь орон гаран болно. Би галзуурах гээд байна ш дээ гэж хэлээд уйлах ээжийгээ хараад бид тав ямар хэцүү байдаг байсан гэж санана.. том ах маань ээжийг тэвэрч тайвшруулаад л ээжээ бид тав байна миний ээж тайвшир бид нарлуу хар гээл би жаахан байсан болохоор улаан юм харахаараа хүн галзуурдаг гэсэн гэж дотроо бодон аль л улаан өнгөтэй гэсэн бүхнийг сэмээрхэн ээжийнхээ нүднээс нуудаг байсан даа.
Энэ хэцүү өдрүүдэд ээжий минь ганц түшиг тулгуур болсон эмээ маань өнгөрч жил дараалан амьдралын 2 түшиг тулгуураа алдсан бид хэд яахаа мэдэхээ больж байсан.
Ээж маань жаахан ухаан сэхэж бид тавын төлөө зүтгэж эхэлсэн эхний жилийн аймшигт хар дарсан зүүд шиг өдрүүдэд бид хэд хааяа хоосон хонох шахаж байлаа би тэр үед эмээгээсээ ганц сурсан зүйл болох гамбир хайрч гэрийнхнээ 4 хоног хоолтой хонуулаад л аминдаа гэрийнхнээ хоолгүй хонуулж уйтгар гуниг, шаналалд автуулахгүйг хичээж байсан дээрээс нь усгүй болно /ус тэр үед 10 төгрөг байсан санаж байна/ би нэг хүмүүсийн халаасыг нэгжиж байж арай гэж усныхаа мөнгийг олж аваад усандаа явлаа тэгсэн 120-ийн сав байсан санаж байна. Усаа авчихаад буцаж яваад хаалгаар гарахдаа усаа асгачихаад уйлаад зогсч байтал худгийн эгч эгчийн дүү ус үнэгүй өгье хүрээд ир гэж хашхирхад нь ямар их баярлаж байсан гэж санана яагаад гэвэл ахиад усны мөнгө байхгүй хоосон хононо гэж бодохоор л нулимс гарч байсан. Худгийн эгчид одоо болтол баярладаг.
Ээж, ах, эгч бид хэд хүний юм оёж хоногийн хоолоо залгуулж байсан тэр үеэс 14 жил өнгөрч байна. Ээж маань өдөр нь хүний дээл оёж би шөнө нь сууж хавна, товч шилбийг нь хадна, ах эгч хоёр хүрэм оёно гээд хирэндээ л их хөдөлмөрлөж байж хүнд өдрүүдийг давсан юм.
Би сургуулийнхаа амралтаар байнга л юм оёно хагас бүтэн сайнд ч гэрээсээ гарахгүй амралтаар жинхэнэ миний ажил эхэлдэг байж билээ нэг удаа ээждээ уурлаад би ер нь ийм жаахнаасаа хүний юм оёж байна миний үеийнхэн гадуур тэнээд тоглоод явж байхад би ингээд сууж байна гэж уурлаж байсан одоо бодоод байхад аргагүй л хүүхэд байж дээ миний туулж өнгөрүүлсэн амьдрал минь үр бүтээлтэй хийсэн бүтээсэнтэй, тэр их цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүйдээ баярладаг.
Одоо бид зургуулаа үлдэж байсан бол 14 хүн болж нэмэгджээ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч дээ..Хүн зовлон даадаг жаргал даадаггүй гэж үнэн гэдгийг миний амьдрал харуулах шиг. Бид бүгд сайн сайхан амьдарч байгаа том 2 ах маань хувиараа ажил эрхэлж эгч нэг дүүргийн тамгын газарт хүний нөөц, бага ах маань томоохон улсын их сургуулийн багш хийж би төрийн албанд ажиллаж байна энэ бүгдийг бүтээж үүнд хүрэгсэн хүн миний ээж юм.
Ээжийгээ л жаргалтай байлгавал миний сэтгэл жаргалтай байдаг өөр хэн ч надад хэрэггүй, зөвхөн ээж минь л амьд байж, ээж минь л жаргалтай байвал болоо доо.
Өнөөдрийг болтол миний хийсэн бүтээсэн зүйлс, хүсэл мөрөөдлийг минь хурцалж урам зориг хайралдаг хүн миний ээж юм...
НҮДЭЭ ШИРЭГТЭЛ, ХУРУУГАА ЦООРТОЛ ЮМ ОЁН БАЙЖ БИДНИЙГ ӨСГӨСӨН ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ

Tuesday, February 23, 2010

Блогийн гишүүд бичиж байна:



zolkhuu said...
Sain bn uu? Jiijee.Uuruu er ni unen hellee shvv. Deerees ni nemeed helehed neleed ajil heregch shvv. Chadaltai er ni humuus jaahan aidag baih tee kk. gehdee uul ni ikh juulun hun shvv. aan tiim ikh shartai shvv. NEGH YWDAL SANAAND ORLOO. 2006 on baihaa yag sanahgui yum zun baisan Bujee darga /manai darga baisan BZD TZUX/ manaid namaig hurgej irsen yum teged manaih zam muutai bolohoor bi gerees jaahan naana buuya gesen yum. buuhdaa bi DARGAA TA END BAIJ BAI BI ENDEES YWCHAAD IRIE GEJ HELSEN BAIH. Yagad tsaashaa yavj bolohgui um gej dargiig asuuhaar ni EMEGTEI JOLOOCH GARCH CHADDAGGUI YUMAA geed helchihvee .. kk tegtel darga YAGAAD EMEGTEI JOLOOCH CHADAHGUI GEJ genguutee DAIRAAD ORJ bilee kk

Saturday, February 20, 2010

Блогийн гишүүд бичиж байна: МИНИЙ МЭДЭХ БҮЖЭЭ ЭГЧ

Бүжээ эгчтэй 2 жилийн өмнө танилцаж байлаа...анх их л зөөлөн хүн шиг харагдсан чинь айхтар зарчимч ажлаа ягт нь тултал хийдэг шаардлага өндөр тавьдаг айхтар эмэгтэй болж хувирсан.\уучлаарай\

Хааяа жаахан айна, хааяа жаахан хэлсэн үгнээс нь зөрмөөр санагддаг байж билээ.Одоо блогийг нь уншихаар сэтгэл сэргээд сайхан байдаг юм аа. Эгэл жирийн мөртлөө энэ эмэгтэй дэндүү их хөдөлмөрч дайчин ухаалаг эмэгтэй гэдгийг нь уулзалгүй удаж байгаа ч блогийг нь унших бүр мэдэрдэг юм. Өмнө нь би жаахан айгаад дотно харьцаж чаддаггүй байжээ одоо харин уулзмаар зөвлөгөө авмаар тэр их эрч хүчийг хаанаас олж аваад байгааг нь сонирхмоор байдаг юм \сүүлийн өгүүлбэр бяцхан атаархлаа биччих шиг... \ Jiijee.

Friday, February 12, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ХАРААЦАЙ

“Тийн Урвагч” хэмээх тємєр бар жилийн босгон дээр чухал шийдвэр гаргаж ажил амьдралдаа өөрчлөлт хийсэнд баяр хүргэе Бүжээ. Одоо л хуучны зоримог шийдэмгий зан төрх чинь эргэн ирж байх шиг байна даа. Баяр, хөөртэй сэтгэл амар байгааг чинь харахад байхан байлаа. Хүн дуртай ажлаа амар тайван хийх шиг сайхан зүйл хаана байх вэ дээ. Яагаав нэг дуулаад байдаг дуу чинь санаанд ороод. Сайн цээжлээгүй ч гэсэн тэр дууны чинь үгийг бичлээ.

Агаарын сайхан тэнгэртээ
Алтан хараацай шувуухай
Дураараа хөгжилдөн
Хөөрөн баясаад байна уу даа
Хараацай минь нисээрэй
Хамгаас өндөрт нисээрэй
Хүний хайрыг булаасан
Хөөрхөн хараацай шувуухай
Хүслийн жигүүрээ дэлгэн
Хөөрөн нийсээд байгаарай
Хараацай минь нисээрэй
Хамгаас өндөрт нисээрэй.


Үгийг нь уншсан чинь тийм яг дуулж байгаа шиг гое сэтгэгдэл
төрдөггүй юм байна. Гол нь аяндаа байсан байна шүү.

Tuesday, January 19, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ЧАМАЙГ ХАЙРЛАХ МИНИЙ ХАЙР

Хөөрхөн чамайгаа үнсэхдээ өвтгөх бии гэсэндээ би эмэгтэй хүн шиг би уруулаа буддаг юм. Би бас гарын тос хэрэглэдэг. Булбарайхан цагаан арьсыг чинь илэхэд хөрөөний ир шиг ширүүн байх вий гэсэндээ тэр. Охин дүүгийнхээ бамбаруушийг тэвэрч би сургууль хийдэг. Жижигхэн чамайгаа тэврэхдээ бяцалчих вий гэсэндээ тэр. Хэн болгонд заяадаггүй сэтгэлийн чинь сайхныг мэддэг болохоор хэн нэгэн гомдоох бий гэж үргэлж хардаад өөрийгөө зовоох. Тэгээд бас хэзээ нэгэн цагт итгэл сэтгэлийг чинь бүгдийг аваад явчихсан тэр новшийг алчихмаар санагдаж дотор бачуураад салах биш. Гэхдээ нэг л зүйл дээр зөвтгөхөөс аргагүй. Ганцхан өөрийнхөө байлгахын тулд тэгэхээс ч яахав дээ.
Чамайгаа би ийм их хайраар хайрлаж байхад хэн нэгэн чам руу минь хуруугаараа чичиж, хашгирч байвал дүүжилсэн ч сэтгэл амрахгүй. Өөрийнхөө сонгосон замаасаа буцдаггүй болохоор чинь дэмий л дотроо бухимдаад. Хэзээ нэгэн цагт хүчээр аваад явчихмаар. Даанч тэглээ гээд чи эргэж буцахгүй өөрийнхөөрөө зүтгэнэ гэдгийг чинь мэдэж байна... Тэгээд би уурандаа дэмий л хатуу дарсаар сэтгэлээ хуурах биз. Сайхан бүсгүйн тачааангуй харц шиг амьдрал өөрөө хуурамч, хүмүүс ч бас чамайг өөнтөгч харцаар харж, эрчүүд харин интимний ертөнцийг чинь л сонирхоно гэж хэлэхэд чи минь ердөө ч итгэдэггүй юм. Гэнэн сайхан сэтгэлдээ бүх л зүйлийг сайхан өнгөөр будаж хардаг. Яааагаад тэгдэг юм бэ дээ. . . хашгирмаар санагдав. Харин энийг нь салгаад хаячихвал миний хайрладаг бүсгүйгээс юу ч үлдэхгүй л дээ. Амьдрал үзсэн ухаалаг нүднээс нь зэрвэсхэн харвал хөгжилтэй инээд л харагдана. Харин эрэвгэр нүднийх нь сормуус буух агшинд өөр ертөнц мэдрэгддэг юм.

Блогийн гишүүд бичиж байна.

Энэ Блог дээр бичих эрх авах гэж бүтэн жил гүйсан юм. Ийм их үнээр олдсон эрхээ би удахгүй алдах байх даа гэсэн айдас эхнээсээ л намайг зовоогоод. Энэ блогийн эзэн бүсгүйг хэрэндээ л би мэддэг гэж боддог. Гэхдээ бас мэдэхгүй зүйл маш их. Заримдаа бүүр яг оньсого шиг. Эх хүний, эмэгтэй хүний зөөлөн хонгор өнгөөр гэрэлтэж явдаг нэгэн боловч бас хатуу самар шиг.
Тийм болохоор блогт нь бичих эрх авах гэж бараг л гэрээ байгуулж, зөндөөн их амлалт өгсөн. Жишээ нь л гэхэд нэрээ бичихгүй, бүдүүлэг үг хэрэглэхгүй, хувь хүнийх нь эрх чөлөөнд халдахгүй, өөрийнх нь тухай бичихгүй байх гээд л Бүжээг мэддэг хүмүүс ярьдаг зүйлүүдийг нь мэднэ дээ. Тэр зүйлүүдээ түмэн нөхцөлөөр тулгасан даа. Тэгэлгүй яахав тэгнэ, тэгнэ би чиний хэлснээр л байна л гээд байгаа. Энэнд маань Бүжээ итгэхгүй л дээ. Гэхдээ Бүжээ хэзээ ч эрхийг минь хасах эсвэл бичлэгийг минь хаачих эрх нь байгаа болохоор тэрэндээ жаахан тайвширдаг байх л даа. Нэг удаа овоо нааштай үг сонсоод. . . Би блогтоо орохгүй хэдэн долоо хоног ч болдог юм. Одоо харин өдөр бүр орж байхгүй бол болохгүй боллоо доо гээд сайхан нүдээрээ инээсэн юм. Тэгэхэд нь би гэнэн байна даа гэж хэлээд бас л уурлуулаад дахиад л бүтэн сараар эрх авах хугацаагаа сунгачихсиин. Хөгжилтэй шүү. Өөрөө блог нээгээд бичихгүй юу гээд ширэв татна. Гэсэн нь зөөлөн хонгор ааштай болохоор зөвшөөрнө гэж мэддэг байсан. Заавал энэд бичнэ дээ л гэж боддог байлаа. Тэгж байгаад л хүссэндээ хүрлээ дээ. Чаднаа гэж бодож байсан л даа. Энэ блогийг олон хүн уншдаг болохоор чухам тэдэнд л үгээ хүргэмээр санагдсийн. Бас Бүжээгийн бичдэггүй хэлдэггүй бодол хүслийг нь биччихмээр санагдаад . . . Хэ хэ тэгвэл ч алуулна л даа. Тэгэхгүй гэж зөндөөн амласан гэж байгаа. Гэхдээ блогийн эзэн маань өөрөө хүнийг их уучламтгай, удаан уурлаж чаддаггүй болохоор гайгүй биз. За ингээд л гэрээгээ зөрчөөд эхэллээ дээ.Би гэхдээ жишээ нь Арман шиг гое бичиж чадахгүй ээ. Яахав өөрийнхөө түвшинд л.

Wednesday, October 21, 2009

Блогийн гишүүн:Эрхэм хүндэт багш Ц. Бүжидмаа таньд зориулав.

А. Арман “Ээж минь хаанаас ирсэн юм бол?”

Ээж дандаа л бурханд залбирдаг. Гайхалтай нь өөрийгөө даатган залбирч байхыг хэн ч, хэзээ ч сонсоогүй. Өөртөө хайргүй амьдралдаа уйдчихсан нэгэн юм уу гэхээр үр хүүхдийнхээ төлөө хормын төдий ч эргэлзэх юмгүй биенээсээ хөл гараа таслаад өгөх нь байтугай, бусдаас өмсөж зүүснээ бүр өөрийгөө ч харамлах сөхөөгүй зүтгэнэ.
Хичнээн ч олон зовлон, зэмлэл, доромжлолыг нүдээ анин тэвчиж, хэдэн ч удаа надад гомдон уйлсан ч...Би хараагүй.
Ээж тэр л хэвээрээ. Яг л ээжийн өглөө болгон цайны дээжээ өргөн биднийг авралд нь багтаах гэж маань шивнэдэг, юу ч болж байсан царай зүс байтугай, суудал намба нь өөрчлөгддөггүй Бурхан шиг. Хэзээ ч яг л Ээж хэвээрээ. Харин бурхнаас илүү биднийг уучилж хайрлаж байгаагаа харуулна. Тэгсэн мөрт яагаад бурханд залбирдаг юм бол?
Яах гэж, яалаа гэж, ээж минь та ингэж ходоод дүүрэхгүйн зовлонд биш хүний дайтай явах эрхгүй “өлсөж цангаж” байсан ч, сүүлчийн “балга ус”-аа үр хүүхэддээ зориулдаг юм бэ?
Би таныг эмээгээс л төрсөн байх гэж бодож явсан, буруу байж. Тэгээд л тэнэг юм шиг өөрөөсөө ингэж асууж сууна.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
Намайг уучлаарай.
- Яах гэж би энэ хорвоо дээр төрсөн юм...гэж гэгэлгэн насандаа гэгээхэн мөртлөө гомдмоор шохоорхолд автаад, бүтэх эс бүтэхийн торгон ирмэг дээр ээж таньдаа:
- Хэн намайг төрүүлээд өг гэж гуйсан юм бэ?...гэж гомдоллосон.
- Хүний дайтай яваа, толгойгоо дээш нь өргө, өвдсөн биш зовсон биш өөрийгөө нэг хараач, өрвийчихөөд яг л нэг хайхрах хүнгүй золбин амьтан шиг... гэж ээж тэгэхэд зэмлэсэн.
Тийм дээ, хүүгээрээ бахархдаг ээж минь хүй их орчлонгийн дайд өрөөлийг байтугай өөрийгөөн ч олохгүй бүдчиж яваа үрээ хараад өр нь зүсэгдээ биз. Өөрийгөө гоодож биш, өрөөлд намайг гоё сайхан харагдахад, үрчлээтэж яваа нүүрэнд нь хэдэн саяын алмаз эрдэнэсээс илүү их гэрэл гэгээ гялалздаг ээж минь. Гэтэл миний байж байгааг.
Аав та хоёр надад хайргүй гэж бас уйлагнасан.
- Яалаа гэж дээ, үр минь би ээж чинь шүү дээ...Ээж чинь...
Энэ үгийг би одоо л бага сага ойлгох шиг. Ээж толгойг минь илбэн санаа алдсан. Одоо намайг хэн ч, яаж ч гомдоож байсан, та нар надад хайргүй гэж хэний ч энгэрт би толгой наан мэгшиж үзээгүй явна. Дотны анд, дурлал хайрт хэн ч намайг эвийлж өрөвдсөнгүй. Эсбөгөөс би ойлгуулсангүй. Тэдэнд шаналж зовж байгаагаа харуулахыг хүссэнгүй. Аз жаргалтай явсанаа эцэс сүүлд нь ойлгодог гэх. Эргээд гишгэсэн мөрөн дээрээ инээвхийлэн зогсох тэр цагт эгэлгүй их бурхнаас ч энгүй тань руугаа гүйж очоод нэг тэврүүлмээр, энгэрт тань наалдаж уйлмаар.
- Хөөрхий минь, өчнөөн том болчихоод юу болоод уйлаад байдаг юм бэ?
- Ээж ээ би яах ёстой вэ? Цаашдаа яаж амьдрах вэ?
Зэмлэх гээд чадалгүй намайг даган мэлмэрүүлэх ээж минь нулимсаа надаас нууна. Намайг уруу татаж нялхрахгүй гэсэндээ тэр. Хайлган цаснаас ч зөөлөн нимгэн сэтгэл нь хорвоогийн жамыг сөрөхөд минь гай болуузай гээд хатуу чулуунаас бат болон хувирах. Ид шид ертөнцөд байдаг юм байжээ.
- За битгий маяглаад бай...Болж л таарна. Наад нүүр гараа угаа...Чамайг ингээд байвал ээж нь яаж амар тайван амьдрах юм...Чи дандаа өөрийгөө л гэх юм. Нэг удаа ээжийгээ яаж байгаа бол гэж бодож үзсэн үү? Боль боль...Одоо боллоо.
Зүсэр бороотой бүрэнхий үдэш шавар шавхайнд хутгалдаж хэвтээ “бяцхан амьтан”.
Угаалгын өрөөнөөс галын өрөө зүглэхэд, үрээ ядарч яваа гээд аяга шөл уулгах санаатай мах хэрчиж зогсоо жижигхэн ээжийн минь мөр нь чичирч байж билээ.
- Ээж ээ та яав?
- Өө зүгээр ээ, энэ муу сонгино хэрчихээр л ингэж нүд хорсоод байдаг юм.
Би тэр юу ч болсон уйлж мэлмэрээд байдаггүй ээжийн минь нулимсыг урсгаж чадсан аагтай сонгинонд “атаархана”.
- Ээж ээ та хаанаас ирсэн юм бэ?
- Юу? Хачин хачин юм яриад байгаарай. Энэ золиг одоо жоохон юм болохоор тэвчээргүй гэдэг нь. Бүр орон гаран болох нь...
Инээд алдаад ээжийгээ тэврэхэд, яаж ч уурлаж гомдсон байсан ч нэг их шаагисан зүсэр бороон дундуур гэрэл цагаан нар үүлсийн завсраар гараад ирэх шиг баяр баясгалан аз жаргалтай болдог. Тэр их аз жаргалтай үедээ харин ээж минь уйлдаг. Яг л нартай бороо шиг. Тийм сайхан уйлдаг. Надаас нулимсаа нуудаггүй ээ.
Ээж минь та хаанаас ирсэн юм бэ?
2009/10/21

Friday, September 25, 2009

Блогийн гишүүн: А.Арман "ЭЭЖ"

А. Арман “Ээж”
Өчигдөр миний төрсөн өдөр болов. Зүй нь төрүүлсэн өдөр гэж ээж минь найзуудтайгаа тэмдэглэмээр. Би ямар эрийн сайндаа төрсөн биш. Ядаж байхад ээждээ бэлэг авч чадсангүй. Утсаар ярьсан болоод л “халтуурдав”. Биднийг төрүүлж, өсгөх гэж зовж яваа ээжүүд, хүнийх өөрийнх гэж юу байхав.

Үр хүүхэд хүсэн тэмүүлж яваа бүсгүйчүүддээ хүсэл тань хурдхан биелж, халуун ангир зангирч, элэг дэвтэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Бас буруу зөрүү зэрэг оршдог орчлонд, бурхан бэлэглэсэн амьдралыг буцааж таслах гэж байгаа бүсгүйчүүдэд хэлэх хэдэн үг байна.

Алдар нэр, алт мөнгө, авъяас чадвар, аз завшаан, аятайхан нөхөр гэж орчлонд угаасаа байдаггүй юм. Амьдрал залгуулах л хүний ч, амьтны ч жинхэнэ амьдрал юм. Та муусайн эрчүүд “хийчихээд л” алга болдог гэж хэн нэг нь тэнд өөрийгөө өмөөрнө. Бас нэг зүйл хэлмээр.

Энэ хорвоо дээр хэн ч, юунд ч буруугүй.

Ялаа хоолоо олж идэх гэж гэрт маань орж ирээд ороосон сонинд няц цохиулдаг. Тэглээ гээд бурханд бас бусдадаа гомдоллодоггүй. Боломж олдвол үр төлөө үлдээчих гэж л, хоол хайж явсан юм л даа. Бурхан, агуу ихтэй харьцуулах юм бол, бид ч гэсэн ялаа л гэсэн үг. Биднийг хэн юугаар няц цохидогыг мэдэхгүй ч, бид бас л нөгөө ялаа шиг амь амьдралаа залгуулах гэж зөвшөөрөлгүй хаалга зөндөө тогшдог.

Бусдыг буруутгаж, бусдад өөрийнхөө зовлон шаналалыг тохох нь биед амар ч, бусдыг ойлгодоггүй юмаа гэхэд өөрийгөө ойлгодог болчихвол амьдрахад нэн хялбар. Зовж болноо. Аль ч шашинд зовлонгын тухай л байдаг. Заримдаа ч зовж ханахгүй хүмүүнийг залилаж мэхлэхээ хэзээ болих юм бол, энэ шашинууд гэж зүхмээр.

Их хуралд нэр дэвшигч нар шиг, ээлж дараалаад л зовлонгоос салгана гэж зад “панаалдана”, зовлонт амьтдыг. Зовлонт амьтан энэ насандаа биш ирэх төрөлдөө жаргах гэж эцсийн зоосноосоо эгээрнэ. Эсвэл бурханы нэр барьсан буруу замын нөхдүүд замаас нь буян, өглөг, хишиг, хайрыг нь хулгайлаад, өөрсдөө гүзээлээд байна уу? Үр төл нялх амьтад өвчиндөө шаналж, эх нялхасын үүдний хүйтэн зааланд газар гудсан дээр дэмийртэлээ халуурч байхад, үүдний өрөө нь эмнэлгийн хурлын заал шиг үнэн “тансаг” лам ах нар таарах юм. Тэгээд намайг буян үйлд гэж шаардана.

Үгүй, урьд нь багш минь гэж бодож явсан бүхэн нас нэмж ухаан суухаар нэг л биш. Үхэхийнхээ өмнө бүгд ухаан суудаг гэх юм билээ. Аятайхан ажил, амьдрах гэр, албан тушаал ахидаггүй юмаа гэхэд архи уугаад байдаггүй авааль нөхөр байтугай аяга хоол ч олдохгүй өдөр хорвоод зөндөө бий, ирээдүйн ээж нар минь. Алтан ээмэг бөгжөөр арван хуруугаа “гавалж”, “шиншила”- гаа байг гэхэд шинэ оймс аваад өмсөх аргагүй үе ч таарна. Эсвэл үргэлж тийм ч байж болно. Тэглээ гээд амьдралыг харааж болохгүй, таслаж болохгүй.

Нэг явдал тохиолдсон юм, намайг жоохон байхад. Манайх Улаанхуаранд байдаг байлаа. Зэргэлдээ гудамжинд нэг навтгар хамартай ч нар шиг сайхан ааштай, хүүхэд бидэнд үргэлж “барианы” шилээр дүүрэн хүйтэн хар цай, хичнээн олуулаа байсан ч хоол хийж өгдөг, бас “цалингаа буухаар” заавал ч үгүй хатсан “яавлаг” авч өгдөг нэг эмгэн байх. Ер нь тэр хавийн бусад хөгшчүүл бол бидний “дайснууд”. Ориллоо гэнэ, усаа зөө гэнэ, битгий газар өнхөр гэнэ, дэлгүүр яв, дүүгээ хар. Үгүй бол балбуулна.

Харин тэр нэрийг нь ч санахгүй байгаа жижигхэн эмгэн хэзээ ч биднийг загнадаггүйсэн. Тэдний хашаа байшин бол хүүхэд бидний хувьд хориглолтын цайз.

- Чи тэр бузар эмгэнийд дахиж ороод үзээрэй.

Бидний өвөө эмээ, аав ээж ихэнхи нь чихдэж явахдаа ингэж үглэнэ. Учрыг нь мань мэт яахин ойлгохов. Нэг өдөр нөгөө эмгэний хашаанд Баяраа, Өөжий бид гурав “байлдаж” тоглож байтал, Баяраагийн эмээ тачиг начиг гэж хазганаж ирээд, усаа зөөсөнгүй, өмдөө урсан байна гээд баруун солгойгүй балбав. Баяраа ч нядлуулж байгаа ямаа шиг бархирах нь мэдээж. Уг нь өнөө жижигхэн эмгэн биднийг шийтгүүлж байхад чимээгүйхэн шиг хийж байгаа юмаа үргэлжлүүлээд л зогсдог юм. Сайн харвал уруул нь түргэн түргэн хөдлөөд яалт ч үгүй нэг юм бувтнаад байгаа нь мэдэгддэгсэн. Гэтэл тэр өдөр тэгсэнгүй. Үг дуугүй хүрч ирээд, Баяраагийн эмээгийн гараас бариад авав.
- Тавь, чи муу хар шулмас...
- Чи над шиг шулмас биш байгаа нь энэ муу нялх амьтны буян шүү...
- Үхэж хэвтнээ, чи. Чамаар заалгахгүй...Тавь чи...Үр хүүхдийн заяагүй муу хар шулмас чи битгий надад заах гээд бай...
- Харин тэгээд чи үр хүүхдээ битгий ингэж зовоогооч...
- Бузар эм чи дахиж бидний хүүхдүүдийг хашаандаа оруулаад үзээрэй.
- Тэгнээ, харин чи хүүхэд зодохоо боль...
Бов бор хүүхэн хараа нь захаасаа цагаарчихсан, зовхио яаж даадаг юм болоо гэж бодмоор тэр эмээгийн үрчийсэн нүд тэгэхэд байлдаантай кинон дээр эх орныхоо төлөө танкны өөдөөс ганц гранат бариад гүйж яваа цэрэг шиг л дүрэлзэж байж билээ.

Үнэндээ бид энэ ярианаас юу ч ойлгосонгүй. Баяраагийн эмээ ч амандаа нэг юм үглэж, хялам хялам хийсээр түүнийг чирээд одов. Харин Өөжий бид хоёр удаан тогловол Баяраатай адил хувь тавилан эдлэхээ зөн совингоороо “мэдэрч”, гэр гэрийн зүг гялсхийлээ. Түүнээс хойш тэр цэнхэр өнгөтэй цагаан өлзий хээтэй хашааний хаалга бидэнд дахиж онгойсонгүй. Зуны 3 сар дороо. Хичээл эхэлчихсэн байсан гээд бодохоор 9 сарын сүүлээр юм уу даа.
Лав тэр өдөр, яг л өнөөдрийн энэ дэлэгнэсэн уйлагнасан, үл мэдэг чийг ханхалсан, өчигдөрхөн мөчиртэйгээ амь нэг зууралдаж байсан навчнууд, цавуу нь салчихсан цаас шиг л хийсэн унах өглөө шиг байж билээ. “Цонхолсон” учир бөөнөөрөө гудам руугаа бархиралдан гүйлдэж байтал, тэдний хашаа цэлийтэл нээлттэй, манай тэр хавийн хүмүүс орж гараад л...
- Нөгөө эмгэн чинь үхчихэж...
Үхэл гэдгийг ч сайн ойлгохгүй хирнээ хэрэгт дурлаж үүдээр шагайлаа. Шавар нь энд тэндээ ховхорчихсон намхан байшин нэг л том өрөөтэй. Цэцэрлэгт явж үзээгүй мөртлөө цэцэрлэг л тийм байдаг байх гэж бодов. Төрөл бүрийн чихэр жимсний гоё гялгар том жижиг хайрцаг савнууд, хүүхэлдэй, модон морь, угсардаг шоо, бамбаруушнууд. Ханан дээр нь нямбай гэгч нь нимгэн даавуугаар бүтээсэн эмэгтэй хүүхдийн “палааж”, өмд цамц, өрөөсөн бойтог. Гэнэт чих халуу оргиод явчихлаа.
- Чи энд юу хийж байгаа юм. Хэрэгт дуртай моньд вэ?
Манай яг өөдөөс харсан хашааны Довчин өвгөний гарт миний баруун чих атгаастай. Татах тусам нь би өлмий дээрээ “балетлана”.
- Ёо ёо тавиач ээ, та намайг ингэх эрхгүй шүү...
- Бас олон үгтэй...
- Тавиач ээ, өөрийнхөө хүүхдийг зод...Таныг аавдаа хэлнэ дээ...
- Өө за талийгчийн хүмүүжүүлсэн шавь нарын нэг байх шив.
- Та нар яагаад энэ эмээд дургүй байдаг юм бэ?
- Зүй нь чамайг том хүний өөдөөс цор цор хийсэн гээд шийтгэх байсан юм хуна. Даанч ийм өдөр. Яв гэртээ харь. Ээждээ тусал.
Өөдгүй муу өвгөнийг зүхсээр өвдөх нь намдахгүй байгаа чихээ үрэн гэр лүүгээ гэлдэрлээ. Тэгээд ээждээ тусалсан. Гэхдээ би гайхаад л байлаа. Яагаад тэр олон тоглоомны эзэн тэнд байдаггүй байсан юм болоо гэж...
2009/09/25