Showing posts with label УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ. Show all posts
Showing posts with label УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ. Show all posts

Monday, June 29, 2015

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ 12

"Уран шувууны амьдрал"-ыг бичилгүй уджээ. Өмнөхийг нь уншаагүй хүмүүс миний энэ блогоос уншиж болно шүү. 

Уран шувуу гайхалтай холын аяндаа сэтгэл шулуудан гарсан тэр цагаас олон газраар явж, сонин хачин зүйлүүдтэй таарч, сайхан түүхээ улам баяжуулсаар байлаа. Амьдралд өгсөн түүний хайр энэ он жилүүдэд хагасарч дундарсангүй, харин ч урт холын аяны хүнд хэцүү өдрүүдэд итгэл сэтгэлийг нь хөгөлсөн гэрэлт дэнлүү болж байлаа. Ганц жижигхэн шувуу алс холын аяндаа түүртэж, шантрах үе байсан ч анх л үүрч гарсан тэр зорилго хүсэл мөрөөдлөө хаялгүй урагшилсаар... Энэ хугацаанд Уран шувуунд бидэнтэй хуваалцаагүй олон түүх бий болсны нэгийг нь Та бүхэнд толилуулж байна.

Tuesday, October 14, 2014

ӨМНӨХ БИЧЛЭГҮҮД

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-1

Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна. 

Tuesday, January 3, 2012

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-12

Уран шувуу өглөө эртлэн босоод өнөөх л мөрөөдлийнхөө талаархи бодолдоо умбав. Энэ бүх хугацаанд хажууд нь байсан мөрөөдлөө таньж чадаагүйдээ хичнээн ихээр гэмшсэн ч мөрөөдлийг нь тээж явсан бяцхан Харайцаанаас "Уучлал" хүсэх зориг хүрсэнгүй. Үргэлж хажууд нь сүүдэр шиг дагаж өөдөлж уруудахад нь дэргэд нь байсан Хараацай өөрийг нь огтхон ч анзаардаггүйд өдөр өдрөөр дассаар нэгэнтээ цөхөрч дууссан байлаа.
Уран шувуу бодлоо. "Би мөрөөдлөө алдчихлаа гээд л хайгаад л байсан хайгаад л байсан. Гэтэл дэргэд минь  үргэлж надтай хамт байсан намайг ирлэж хурцалж байсан түүнийгээ би танихгүй явжээ. Би яаж чадав аа" 
Ийнхүү бодож байтал Харайцаа дэргэд нь ирээд...
Анх чамайг мөрөөдлөө алдчихлаа гээд хайж, түүнийхээ төлөө тэмцэж байхад дэргэд чинь байгаа намайг танихгүй байгаад гомдож байсан ч Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж дээрэмчдийн ертөнцийн хатуу хүтүүг хичнээн их зориг золбоогоор давж байхыг хараад би бахархан чамайг хайрлаж, чиний хажуунаас холдож чадаагүй. Гэвч цаг хугацааны эрхээр дэргэд чинь байгаа намайг ердөө ч танихгүй байгаад чинь сэтгэл минь сэмэрсээр өнөөдөр би чамаас явахаар шийдлээ.
Мөрөөдлөө алдчихлаа гээд хайж байсан шигээ өнөөдөр чи үнэхээр мөрөөдлөө хайх замдаа гар даа. Би явлаа. Үнэн хэрэгтээ мөрөөдлийг чинь "дээрэмчдийн ертөнц" хулгайлсан гэж чи бодож байсан ч хэн ч чамаас мөрөөдлийг чинь хулгайлаагүй харин чи өөрөө мөрөөдлөө таниагүй. Одоо би явлаа. Хэрхэн яаж намайг олохоо өөрөө мэдээ. Харин чамд захих зүйл ганцхан л байна. "Авах биш, өгөхийн сэтгэлээр амьдараарай". Бусдын төлөө гэсэн чиний өчүүхэн сэтгэл, өчүүхэн үйл хэмжээлшгүй их баяр хөөр аз жаргал дагуулдаг юм шүү гэж хэлээд нисэн одлоо. Уран шувуу энэ үгний учрыг ухаж ойлгох гээд чадсангүй. Бодож болгоох сэхээрэл ч байсангүй. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд дэргэдээ байсан мөрөөдлөө танилгүй, түүнийхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ харамсаад ч барахгүй байлаа. Энэ хугацаанд мөрөөдлийнхөө төлөө өчнөөн зүйлс хийх алтан боломж, асар их хүч чадал, цаг хугацаагаа алдсандаа гэмшин гэмшин уйлсаар... үлджээ.
Хэдэн хоног уйлсан Уран шувуу чадал нь барагдаж, өндийлөө. Мөрөөдлөө танилгүй төөрч явсаар түүнийгээ алдсаныг нь халуун хайртай "Амьдрал" нь ч уучилсангүй. "Чи өөрөө буруутай" гэж ганцхан үг хэлсээр байлаа. Уран шувуу Бурханыг дуудлаа. Би чамд нэг л зүйл үлдээе гээд атга дүүрэн чихэр өгчихөөд яваад өглөө. Уран шувуу гэнэт маш ихээр ганцаардаж эхлэв.  Нулимс нь урссаар..... 
Хацрыг нь даган урсах нулимсаа арчихаар гараа явуулах гэсэн ч Бурханы үлдээсэн чихэр яг хоёр алганд нь таарсан байсан учир нулимсаа арчвал л чихэр гараас нь унаж асгарах  гээд байлаа. Тэгээд Уран шувуу Бурханы үлдээсэн алга дүүрэн чихрээ хаяж гээхгүйг хичээн замд гарлаа. Замд нь нэгэн ядуу гуйлгачин эр таарлаа. Чихрээ өгч гол нь гараа сулламаар санагдаад өнөөх эр лүү дөхсөнөө гэнэт дургүй нь хүрээд өгсөнгүй.   .... Гар нь чилсээр.... Уран шувуу цааш явсаар. Гэтэл эхнэр нь хүнд өвдсөн хос хоёр залуутай таарлаа. Чихрээ өгөхөөр сарвайсан боловч нөхөр нь эрс дургүйцэж бид 2 авахгүй ээ. Бид өөрсдөө амьдралын төлөө тэмцэж байна. Наадахаас чинь их чихэр олоод авна. Наадахаа хэрэгтэй хүнд нь өг гээд авалгүй  явчихлаа.  
Уран шувуу цааш явлаа. Одоо түүнд юу ч байхгүй. "Мөрөөдөл" нь ч түүнийг хэдэн зуун жил хайрласан "Амьдрал" нь ч дотны анд "Бурхан" ч алга. Атга дүүрэн чихэрнээс өөр юу ч байсангүй. Гол нь мөрөөдөлгүй болсон Уран шувуу зүгээр л нисдэг "Амьтан" болсон байлаа. Гэтэл гэнэт "Хэрэгтэй хүнд нь өг" гэсэн өнөөх үгийг саналаа. Тэгээд гэнэт зориг орж, хэрэгтэй хүн нь таартал гар минь хичнээн эцэж цуцсан ч, өлсөж, ядарсан ч, өлдөж сульдсан ч нэг ширхэг ч чихэр унагахгүй дээ хэмээн шазруун зан нь хөдөлж зоригтойгоор урагшилж эхэллээ. 
Олон хоног ульдаж сульдан Уран шувуу явсаар байлаа. Гэтэл гэнэт бөмбөг тоголж байгаа бяцхан хүү өмнө нь  гараад ирлээ. Хүү уран шувууг харангуутаа хөөх ямар гоё чихэр вэ хэмээн гүйгээд иржээ. Хиргүй тунгалаг сэтгэлийн илэрхийлэл болсон хөөрхөн нүд нь зөвхөн чихэрэн дээр тусаж байгааг Уран шувуу хараад чихрээ сарвайлаа. Хүү баярлан хөөрч чихрийг аваад хөөрөн баясаж, тоголж байсан бөмбөгөө ч орхин гүйж одов. Амтат чихэр аваад бүхнээ мартан хөгжин баясах бяцхан хүүг хараад Уран шувууны сэтгэл сэргэж, баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэнэт энэ хорвоод "Авсан хүнээсээ илүүтэйгээр өгсөн хүн баян" болдгийг ухаарчээ. 
Яг энэ үед Харайцай нисээд иржээ. Уран шувуу гайхан чи надаас явчихсан биш үү гэсэнд Харайцай тиймээ гэхдээ чи намайг буцаагаад дуудчихлаа хэ хэ хэмээн хөгжилтэй нь аргагүй инээжээ.     

Wednesday, September 28, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-1

Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна.
Гэвч уран шувуу бурханыг тоохгүй л байлаа. Тэрээр уучлаарай би “Амьдрал”-д дэндүү хайртай. Сайхан хайраасаа урваж чадахгүй нь дээ гэдэг байжээ. Бурхан уран шувууг “Амьдрал”-аас залхаж, дургүй болоод нэг л өдөр өөр рүү нь ирнэ дээ гэж тэвчээртэй хүлээж, бас янз бүрийн арга хэрэглэсээр л. Гэвч бурхан угаасаа өөрөө сайхан сэтгэлтэй тул тэр арга нь “Амьдрал”-ыг улам сайхан болгож, уран шувуу “Амьдрал” хоёрын халуун хайр улам лавширсаар байлаа.
Тэгсэн нэг өдөр уран шувуу бурханаас хоёулаа мөрийцэх уу гэжээ. Намайг хамгийн хэцүү ертөнцөд амьдруулаач би бүгдийг чадна, бүгдийг даван туулна. Хэрвээ чадахгүй бол би чамд өөрийгөө өгөе гэжээ. Тэгэхээр нь бурхан бодож бодож, дээрэмчдийн ертөнц рүү уран шувууг илгээжээ. Түүнийг дээрэмчдийн ертөнцөд хөл тавив уу үгүй юу дээрэмчид ар араасаа ирээд л мөнгө, хувцас, эд хогшил, эрүүл мэнд, залуу нас гээд л авч болох бүх зүйлийг нь авчээ. Гэвч уран шувуу “Амьдрал”-аас уйдсангүй. Алдсан бүхнээ дахин олж, өөдрөг сэтгэлээр тэмцсээр. Зарим зүйлийг нь дээрэмчид бүр авч ч чадахгүй байлаа. Ингээд уран шувуу “Амьдрал”-хоёрын хайр урт удаан хугацаанд үргэлжилжээ. Гэтэл нэгэн удаа дээрэмчид уран шувуунаас “МӨРӨӨДӨЛ”-ийг нь хулгайлжээ. “МӨРӨӨДӨЛ”-гүй болсон уран шувуу удалгүй бүх зүйлээ алдаж эхлэв. “Амьдрал” хайртыгаа аврах гэж аз жаргалтай байсан мөчүүдээ буцааж, дутуу хүтүү зүйлгүй байлгах гэж бүхий л аргаа хэрэглэсэн боловч тусыг эс олов гэнэ. Дурлалт бүсгүй нь нүдэн дээр нь өдрөөс өдөрт уруудаж байгааг Бурхан хараад тэвчиж чадсангүй. “Би чинийxээ нэг хүслийг биелүүлье, xарин “МӨРӨӨДӨЛ”-ийг чинь эргүүлж өгч чадахгүй шүү” гэжээ. Гэвч уран шувуу сонсохыг ч хүсэхгүй байв. Tэрээр дээрэмчдийн ертөнцийн хатуу хүтүүг давж туулсан тэр бүх хүч чадал, сэтгэлийн тэнхээ, хайр, зүрх сэтгэлээ бүгдийг алдахад хүрээд байлаа. Эцэст нь бүх зүйлээс шантарч зугатахаар шийджээ. Бурхан “Би чамайг өөртөө авахын тулд бүх зүйлийг чинь авлаа. Гэхдээ энэ миний хайр биш байжээ. Чамайгаа би авах биш алджээ. Одоо нэг л зүйл би чамд өгч чадна” гэхэд “Амьдрал” бас “Би чамдаа нэг зүйл бэлэглэе, зугатахдаа аваад яв даа” гэжээ. Уран шувуу “Үгүй ээ дээ. Тэр чинь надад хэрэггүй. Дэндүү хүнд бол холын замд би даахгүй, дэндүү гоё бол би арчилж чадахгүй, хамгийн гол нь зугатаад хаа хүрэхээ ч би мэдэхгүй, тэр тухай бодохоос ч ядарч, шантарч байна” гэжээ. Нөгөө хоёр нь ятгаад л байж, ятгаад л байж, за яахав надад ялгаагүй. Tа хоёрын бэлгийг аваад явья даа гэжээ. Ингээд бурхан уран шувуунд “УРАМ” хайрлаж, харин “Амьдрал” түүнд “ИТГЭЛ НАЙДВАР” бэлэглэжээ.
Энэ эрхэм бэлгийг аваад уран шувуу зугатаж чадсангүй. Бурханы хайрласан “УРАМ”-аар хоол хийж, “ИТГЭЛ НАЙДВАР”-аар жигүүр хийж дахин “Амьдрал”-д дурлаж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх болжээ.  

Үргэлжлэл бий. 


Уран шувууны амьдрал-4 http://bujidmaa.blogspot.com/2010_03_01_archive.html#6585800336337670982
Уран шувууны амьдрал-5 http://bujidmaa.blogspot.com/2010_06_01_archive.html#73030397984999860
 Уран шувууны амьдрал-6 http://bujidmaa.blogspot.com/2010_07_01_archive.html#5407672381176968373
Уран шувууны амьдрал-7 http://bujidmaa.blogspot.com/2010_09_01_archive.html#3047365698574245721
Уран шувууны амьдрал-8 http://bujidmaa.blogspot.com/2010_12_01_archive.html#1989216754134806665
Уран шувууны амьдрал-9 http://bujidmaa.blogspot.com/2011_05_01_archive.html#9201321503546327689
Уран шувууны амьдрал-10 http://bujidmaa.blogspot.com/2011_05_01_archive.html#5083270347330310721
Уран шувууны амьдрал- 11 http://bujidmaa.blogspot.com/2011_06_01_archive.html#2903065143809907200 

Friday, June 17, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-11


Бурхан Уран шувуунд дурлаад энэ хайрандаа үнэнч хэвээр хэдэн зуун жилийг үдсэн ч Уран шувуу зөвхөн Амьдралд л хайртай хэвээрээ. Тэгээд Бурхан нэг өдөр Уран шувуунаас асуужээ.  Яагаад,  Яагаад чи Амьдралд ийм хайртай байдаг юм бэ гэсэнд Уран шувуу:
Энд маш олон хариулт байна даа.  Амьдрал бид хоёрын хайр хичнээн урт удаан  үргэлжилж байгаа ч би Амьдралаас уйддаггүй.  Амьдралд би үргэлж хайртай байдаг.  Яагаад гэвэл  Амьдрал надад жаргал ч бай зовлон ч бай  миний л амсах эдлэх, туулах ёстой тэр зүйлүүдийг өгдөг. Тэр нь надад  үргэлж ухаарал, тэсвэр тэвчээр,  жаргал, баяр бэлэглэдэг.  Тэдгээрийн дотор ахиад л, бас дахиад л, бүр улам бүр эрч хүч, урам зориг өгдөг, баяр баясал төрүүлдэг нандин сайхан учрал тохиолууд олон байдаг учир АМЬДРАЛД би хайртай байдаг юм даа гэж хариулжээ.

Tuesday, May 10, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-10


Уран шувуу бурхнаас  хүч чадал гуйсан тэр нь хэрхэн шийдэгдсэн тухайгаа бодсоор нэг мэдэхэд унтаж орхисон байв. Харин  өглөө сэрэхэд сэтгэл санаа нь сэргээд нэг л сайхан болсон байлаа.  Тэгээд гадаа гартал нар маш сайхнаар тунгалаг, хурц гэрэлтэж байлаа. Тэсэлгүй нүд нь гялбаж, харж чадалгүй гараараа сүүдэрлэх гэсэн боловч яг энэ үед Амьдрал дэргэд нь хүрч ирээд “шувуухай минь гэрэлт тунгалаг нарын өөдөөс зоригтой хар. Яг энэ үед өнгөрсөн бүхэндээ харамсаж зогсолгүй ирээдүйгээ бод. Чамд тохиолдсон бүхэн сайны төлөө болдог юм. Чамд тохиолдож буй сорилт, бэрхшээл, алдаа,  зөрчил, ялалт, ялагдал, өөрчлөлтийг сайн сайхан зүйлийн эхлэл гэж ойлгоорой”  гэжээ. Тэгсэн Уран шувуу: 
- Яахаараа алдаа, бэрхшээл, ялагдал хүртэл сайн сайхны эхлэл болно гэж би ойлгохгүй байна гэсэнд 
- Яахав дээ, түүнийг давж туулах хүч байгаа цагт  хүмүүс улам илүү хүчтэй,  чанга хатуу болдог юм даа.  Гэвч зарим хүн тэр дундаас уян зөөлөн сэтгэл, хайр энэрэл гэдэг зүйлээ ч гээж орхидог харин чи тэгж болохгүй шүү гэжээ. 
Гэтэл энэ үеэр тэр хоёрын яриаг далдаас сонсож байсан "Хар санаа" гэнэт гарч ирээд "Аанха  чи хэзээ нэгэн цагт  мөрөөдлөө алдаад хайж явсан байх аа. Би одоо чамаас юуг нь  чинь хулгайлахаа ойлголоо" гэж хашгирсанд Уран шувуу:  "Оролдоод үз л дээ амьдралд тохиолдсон бүхэн сайн сайхны төлөө болдог юм. Тэр чинь надад сайнаар ч тусах юм бил үү хэн мэдлээ" гэжээ. Энэ үед нар улам ч хурцаар ээж хорвоо дэлхийг тэр чигт нь гийгүүлж байгааг  тэрээр ажиглан бахдан харж зогслоо.  Нарны туяа хорвоо ертөнцийн эгэл бүхэнд ижилхэн тусч байгааг мэдэж байсан ч яагаад ч юм бэ энэ үед өөрийг нь илүү ивээж байх шиг санагдлаа.

Sunday, May 1, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-9

Уран шувуу нэг өдөр Бурханд “Найз минь би чамаасаа гуйх зүйл байна аа” гэж гунигтайхан хэлжээ. Юу тэр билээ би чинийхээ хүссэн болгоныг биелүүлнэ. Гагцхүү мөрөөдлийг чинь эргүүлж өгч чадахгүй шүү гэж нөгөө л хэлдэг үгээ Бурхан давтжээ. Уран шувуу:
-  “Тийм ээ би мэдэж байна. Өөр зүйл хүсмээр байна”  гэсэнд "Хэл л дээ" гээд  Бурхан Уран шувууг  хайр энэрэл шингэсэн нүдээр харсанд: 
- “Бурхан минь чи надад ХҮЧ ЧАДАЛ ХАЙРЛААЧ” гэжээ.
Бурхан бүүр гайхаж хоцроод... 
- "Чи юу хэлнэ вэ. Чамд гайхамшигтай их сэтгэлийн хүч тэнхээ байдаг шүү дээ чи тэрнийхээ хүчээр л мөрөөдлөө хайх урт удаан замыг туулж, дээрэмчдийн ертөнцийн хүнд бэрхийг давж чадсан шүү дээ" гэсэнд Уран шувуу:
- Үгүй дээ. Яг үнэндээ надад "ХҮЧ ЧАДАЛ" хэзээ ч байгаагүй. Тиймээс одоо би чамаас Надад хүч чадал хайрлаач гэж гуйж байна. Би мөрөөдлөө хайх замдаа өөр өөрийн өнгө аястай хорвоогийн түмэн жаргал зовлонг туулсан. Тэдгээрээс заримыг нь мартах, заримыг нь хаях, заримыг нь өнөөдөртөө авч явах, заримыг нь ирээдүйдээ  үлдээж тээж  явах эрдэнэс цуглуулсан юм. Одоо харин эдгээр эрдэнэс маань дэндүү их болчихоод дааж, үүрч  явж дийлэхгүй болоод байнаа. Иймд  надад Хүч чадал хэрэгтэй байна даа гэсэнд Бурхан:
- Чадахгүй нь дээ Уран шувуу минь гэж эрс шийдэмгий хэлэв. Уран шувуу нэг хэсэг бодол болсноо:
- Тэгвэл чи надад энэ их эрднэсийн алийг нь хаяж, алийг нь ирээдүйдээ үлдээх талаар сонголт хийх, бас тэгээд заримыг нь хаях, хаясан зүйлээ мартах тийм л хүч чадал хайрлаач дээ гээд цөхрөлтгүй гуйж гарчээ. Тэгсэн Бурхан бодож бодож:
- "За  яахав. Тэгвэл оронд нь би чамаас ирээдүйдээ итгэх итгэл, зориг хоёрыг чинь авлаа. Тэгж тохирох уу гэжээ. Гэтэл Уран шувуу дахин нэг хэсэг бодсоноо гэнэт чанга дуугаар:
- Өө үгүй үгүй. Ирээдүйдээ итгэх итгэлийг минь авчихвал би эдгээр эрднэсээ үүрч яваад ч яах юм билээ. Бас орхиж, хаяж, мартаад ч яах юм билээ. Юуны төлөө, хэний төлөө тэрийг хийх юм бэ.  Шал утгагүй санагдчихлаа. Ерөөсөө чамаас "Хүч чадал" гуйхаа ч болилоо. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдаагүй цагт би хаях зүйлээ зоригтой хаяж, тээж явах зүйлээ даасан шиг дааж, жинхэнэ ирээдүй рүүгээ тэмцэж чадах юм байна" гэж хөөрөн бахдан бараг нэг амьсгаагаар ярьжээ. Энэ үед Бурхан Уран шувуу хоёрын яриаг анхааралтай ажиглаж байсан Амьдрал учиргүй инээж байснаа ингэж хэлжээ.
- Эхлээд би чамайгаа юунд ингэтлээ шаналж, гунигласан юм бол доо гэж бодож байлаа. Тэгээд яриаг чинь сонсоод сууж байхдаа "Миний хайртай шувуухайд хүч чадал хайрлаач" гэж  Бурханаас бараг л гуймаар л байлаа  гэсэнд Уран шувуу:
- Хэрэггүй ээ. Надад хүч чадал хэрэггүй. Би яах ёстойгоо мэдчихлээ шүү дээ. Тэгээд ч Бурхан өгөхгүй, өгөхийг ч хүсэхгүй байгаа биз дээ  гэж гомдонгуй хэлсэнд Амьдрал:
- Миний хайр аа, Шувуухай минь ээ. Бурхан  чамд надтай л адил хайртай болохоор өгөхгүй байж чадахгүй л дээ. Тэр дөнгөж сая чамд асар их “Хүч чадал” өгчихөөд явчихлаа шүү дээ гэжээ. 

Saturday, December 11, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-8

Заримдаа нойр хулжчихдаг тийм л нэгэн шөнө 2010 оны 12 сарын 10 ны энэ шөнө байлаа. Босоод компьютероо асаагаад ганц хоёр мэдээ харчихаад өдөр дутуу хийсэн ажлаа гүйцээдэг юм бил үү гэтэл яагаад ч юм бэ блог руугаа ормоор санагдаад. Миний блогийн фенүүдийн хамгийн их үнэлдэг "Уран шувууны амьдрал" -аа үргэлжүүлэх санаа төрөв. Тэгээд анх үүнийг хэзээ бичсэн билээ гэж бодогдоод хартал яг нэг жил, нэг сарын өмнө бичиж эхэлсэн байх юм. 2009 оны 11 сарын 10. Энэ нэг жилийн хугацаанд "Уран шувуу"-тай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Ингээд "Уран шувууны амьдрал-8" ийг та бүхэндээ толилуулъя. "Уран шувууны амьдрал - 7" хэрхэн төгссөнийг та бүхэн санаж байгаа байх. Харин уншаагүй хүмүүст нь 1-7 г нь уншаарай хэмээн санал болгоё.

За чи миний тухай шувуудтай юу гэж ярилцсан бэ гэж Бурхан маргааш өглөө нь л тэсэн ядан асуухад Уран шувуу зөвхөн ч ярилцаагүй чиний тухай ярианаас үүдээд бүхэл бүтэн түүхтэй болсоон гээд ингэж ярьжээ.
Би шувуудтай хамтдаа дуулж ярьж хоносон тэр шөнө миний мөрөөдөл дэргэд минь байгааг олж мэдээд өөрөөсөө их ичсэн. "Харайцай минь нисээрэй хамгаас өндөрт нисээрэй" гэдэг дуу сүлд  дуу минь болсон учрыг ч тэр өдөр ухаарсан. Тэгээд яагаад  мөрөөдөлдөө хүрэх арга эвээ олохгүй байна вэ гэж бодож бодож дэглий шувуунаас асуусан юм. Асуух ч гэж дээ чамайг ховлосон юм. "Бурхан зарим хүмүүст маш их авъяас, онцгой чанар заяасан байдаг мөртлөө надад тэр бүхнээсээ юу ч өгөөгүй. Тиймээс л би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм байна" гэж дэглий шувуунд хэлсэн. Гэтэл дэглий шувуу  хариуд нь  надаас ингэж асуусан юм. Үгүй чи ингэхэд ер нь авъяас гэж чухам юуг хэлээд байнаа. Тэгэхээр нь би хариуллаа. Яахав дээ надад алтан гургалдайных шиг уран яруу хоолой, эсвэл шар шувууных шиг  шөнө сайн хардаг нүд ч юм уу эсвэл тоншуулынх шиг урт хошуу заяахгүй гэсэнд, за чи одооноос эхлээд саяынхаа хэлсэн 3 шувууны амьдралаар 3 өдөр, 3 шөнө амьдар. Харин  сайхан хоолой, шар шувууны нүд, тоншуулын хошуу алийг нь ч чамд өгөхгүй шүү гэж хэлчихээд хүүе гэхийн завдалгүй нисээд алга болсон.   Ингээд маргааш өглөөнөөс нь нээрээ л би алтан гургалдай, шар шувуу, тоншуул шувууны амьдралаар 3 хоног амьдарсан даа.

Надад алтан гургалдайн сайхан хоолой байгаагүй болохоор би юу ч хийж чадахгүй байлаа. Алтан гургалдайн сүрэг бүүр намайг ойртуулах ч үгүй байв. 2 өдөр, 1 шөнөжингөө янз бүрийн арга сэдээд ямар ч тусыг олсонгүй. 2 дахь өдрийн  орой өлсөж, бас дээрээс нь сэтгэлээр унаж сульдаж эхэлсэн. Тэгээд ядарсандаа нэг мэдэхэд унтсан байлаа. Шөнө нь тэсэлгүй маш их өлсөөд сэртэл би шар шувуудын ертөнцөд сэрлээ. Хоол хайхаар гарсан ч, түнэр харанхуйд юу ч харахгүй байлаа. Бусад шар шувуудаас тусламж гуйлаа. Хэн ч намайг тоосонгүй. Бүүр шоолон инээлдэж байлаа.  Тэд нарын шоолж байгааг мэдээд бага зэрэг бардам сэтгэл минь хөдөлж, маргааш эрх биш учир нь олдоно доо гэж сэтгэлээ тайвшруулаад унтаж орхив. Унтах ч гэж дээ үнэнээ хэлэхэд хамаг хүч чадал минь барагдаж, ухаан минь балартаж унаад өгсөн юм. Ганц найдах зүйл бол жаахан ч гэсэн унтвал хүч чадал орох болов уу гэсэн бодол байлаа. Тэгээд өглөө тоншуул шувууны үүрэнд сэрдэг юм байна.  Хоёр өдөр, хоёр шөнө юу  ч идээгүй бас хэнтэй ч юу ч  яриагүй. Юуны ч тухай бодох сэхээгүй. Зөвхөн  4 дахь өдөр хүртэл амьд байхын тулд хоол л бодогдож байлаа. Би дэглий шувууг хэлсэн үгэндээ хүрч надад бас л юу ч өгөөгүй энд авчирсныг сайн мэдэж байлаа. Тэгээд би анх удаа Бурхан чамд маш их гомдоод, "Бурхан чи хаана байна" гэж дуудсан. Гэвч чи наймайг сонсоо ч үгүй байх. Учир нь сульдаж ядарсан надаас яагаад ч чанга дуу гарахгүй байлаа. Өөрийнхөө төлөө бусдыг дуудах,  бусдын хүч, туслалцааг авах тийм  хүч надад байхгүй болсон байлаа. Тэгээд нүдээ аниад бодож хэвтлээ. Өнөөдөр сүүлийн өдөр, тоншуулын энэ үүрэнд ингээд үлдэж яавч болохгүй. Эд нараас тусламж гуйгаад бүүр ч худлаа. Бурхан, хүн, шувууд хэн ч байлаа хүч чадалгүй хүнд, өөрийнхөө төлөө ядахдаа чангахан дуугарчихаж чадахгүй хүнд хэзээ ч тусалдаггүй юм байна. Тэгэхээр одоо яах вэ. Ямар ч хамаагүй аргаар өглөө болтол тэсэх  хэрэгтэй. Харин гаднын ямар нэгэн ид шид, хэн нэгний тусламжинд найдах хэрэггүй юм байна. Хэрвээ надад амьдралд тэмүүлэх жаахан ч гэсэн хүч үлдсэн бол түүнийгээ л бүх хүчээ гарган дайчилж тэсэж үлдэх ёстой юм байна гэж бодож амжив.  Гэтэл хажууханд ангаахайгаа хоолохоор нэгэн тоншуул хоол авчирав. Би хулгай хийхээр шийдлээ. ... шүдээ зууж байгаад өндийв. Жаахан мөлхөж ойртлоо. .... Ямар хөөрхөн ангаахайнууд вэ.. .  хэсэгтээ харж хэвтлээ.  Гэвч тэднийг өрөвдөх сэтгэл минь удахгүй арилж, зөвхөн хоол л нүдэнд минь харагдаад байлаа.  Дахиад жаахан ойртлоо. . . Зориг минь хүрсэнгүй ээ. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийхэд үнэхээр зүрх минь хүрсэнгүй.  Тэгээд чадахгүй зүйлдээ санаархаж үлдсэн жаахан хүчээ алдаад яахав гэж бодлоо.  Ингээд тоншуулын амьдралаар амьдарч чадахгүй бас тэднээс тусламж гуйгаад ч хэрэггүй, хоол руу нь дайрвал эд бүгд над руу дайрч, би эдний гарт үрэгдэх болно. Юу л гэж хөлс хүчээ зулгааж олсон зүйлээ зүгээр надад өгөв гэж. Тэгээд ч би ямар ч хүч чадалгүй, бас бусдын үүрэнд байна.  Хурдан эндээс холдох хэрэгтэй. Дахиад жаахан бодож хэвтлээ. Уулын горхины шоржигнох чимээ,  навчсын сэрчигнээн, шувуудын дуу миний чихнээс холдсоор байлаа.  Одоо унтаж яавч болохгүй. Энэ удаа бүх хүчээ шавхаж байгаад ямартай ч модны орой дээр гаръя.  "Сэрэхдээ ядахдаа модны орой дээр сэръе дээ" гэж  бодсоноо  өглөө болтол амьд үлдэж чадахаа мэдэхгүй байж их юм бодовоо гэж өөрийгөө дотроо шоолов. Тэгснээ гэхдээ ч өөдрөг бодол байна шүү гэж өөртөө итгэл өглөө.  Тэгээд сүүлчийн хүчээ шавхан байж  өндийлөө. Толгой эргээд, хорвоо ертөнц тэр чигээрээ надаас холдох гээд байгаа юм шиг.  Ухаан минь балартаж эхэллээ. Тэр холдоод байгаа ертөнцийн дотор хайртай бүхэн минь байгаа харагдана. Тэд надаас холдоод байна уу. Би тэднээс холдоод байна уу.  Тэдний хойноос бүх хүчээрээ урагшилж байна гэж төсөөллөө. Зүүдэллээ...  Өөрийгөө сайн мэдрэхгүй ч модны орой руу мацаж гарлаа.  Унаж мэдэх аюултай байсан ч унаж хэрхэвч болохгүй одоо унавал тэсэхгүй. Бас эндээ үлдсэн ч тэсэхгүй гэж хэн нэгэн хэлээд байв. Тиймээс унахаас ер айсангүй. Энэ удаа харин айдас надаас бүр мөсөн холдсон байлаа. Хэдий удаан авирсан, хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч модны орой дээр арай ядан гарснаа, бас гармагц дэглий шувуу угтсаныг л маш тод санаж байна.

Өглөө сэрэхэд хүч чадал минь эргэн ирж бүх зүйл хэвийн болсон байлаа. Би бүүр гайхаад юу болов оо. Чи яагаад намайг ингэж зовоов. Би арай л үхсэнгүй шүү дээ гэсэнд дэглий шувуу:
- Одоо чи ойлгосон уу. Бурхан авъяас, хүч чадал гэдэг зүйлүүдийг хүмүүст тэнцүү хувиарладаг юм.  Сайхан хоолой нь үгүй бол амьдарч чадахгүйг нь Адтан гургалдайн амьдралаар амьдарсан өдрөө мэдэрсэн байх чи. Бас тоншуул, шар шувууг ч бас. Харин онцгой авъяс  гэдэг зүйлгүй хүмүүст амьдралд хөлөө олох өөрийн гэсэн хүч чадал байдаг. Түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг юм даа.  Мөн тэр онцгой гээд байгаа авъяасыг ч бас хүч чадал ухаан бодлоороо байжуулдаг юм. Чи бол чадалтай шувуу, тийм ч учраас чи сонголтоо зөв хийж, өөрийн хүчийг зөв ашигласан шүү дээ. Хүмүүс үүнийг ойлгохгүй Бурханд ямагт гоморхож явдаг ч бурхан өөрсөдөд нь өгөх ёстой юмаа бүгдийг өгсөн байдаг. Бас тэр зүйлээ ашиглаж чадаж байгаа хүмүүст Бурхан туслахдаа дуртай байдаг юм даа гэж яриагаа дуусгасан юм.

Ингэж би чиний тухай ярианаас үүдэж, бүхэл бүтэн хэдэн зуун жилийн дурсамжтай болсон доо гэж Уран шувуу Бурханд талархав.

Уран шувууны энэ яриаг хоёр найз нь амьсгаа даран сонсож, бүүр гайхаж хоцорсон байлаа.  Тэгээд  дууссаных нь дараа ч нэг хэсэгтээ дуугарч чадахгүй байлаа. Тэгж тэгж "Амьдрал" үгүй чи чинь яаж тэгж чадаваа чи тэсэхгүй байсан бол яахын гэж сандран өгүүлсэнд Бурхан гэнэт сэхээ авч, тэсэх нь ойлгомжтой байсан л даа  гэж инээмсэглэн хэлэв. Өөр чи мөрөөдлөө хайх хугацаандаа юу юу үзэж харж, юу юу ойлгов доо, дахиад өөр сонирхолтой юм байвал яриад өгөөч гэсэнд "Амьдрал" үгүй ээ саяынх шиг хэцүү юм яриад байвал дэмий юм байна аа гэсэнд Уран шувуу:,
- би чинийхээ хайраас зугатаж, чамайгаа энэ арал дээр ганцааранг чинь хаяад дэргэдээ байгаа  мөрөөдлөө  ч олж харахгүй бас дээрэмчдийн ертөнцөд бурхантай мөрийцөөд өөрийн хүслээрээ зовж жаргаж зөндөөн л юм үзлээ. Сонирхолтой түүх олон байгаа дараа үргэлжлүүлж ярьж өгье гэсэнд Бурхан чи арай гоё газраар явсан тухайгаа ярьж болохгүй юу гэсэнд Уран шувуу би хайрын арал, бас аз жаргалын арал, андын арал дээр очсон, тэр тухайгаа ярьж өгнө өө гэсээр энэ удаагийн яриа өндөрлөжээ.

За хүмүүсээ сонирхон уншсанд баярлалаа. Коммент үлдээхээ мартав аа. Баярлалаа.   2010 оны 12 сарын 10-аас 11 нд шилжих шөнө. 5 цаг 46 минут.    

Monday, September 27, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-7

ҮРГЭЛЖЛЭЛ
/”Уран шувууны амьдрал”-ыг анх уншиж байгаа хүмүүст өмнөх 6–г нь бас уншихыг санал болгое/

Удаан уулзаагүй 3 найзад ярих юм маш их байлаа. Уран шувуу мөрөөдлөө хайсан урт удаан замыг хэрхэн туулснаа ярьж, Амьдралын хайрын шидэнд умбан олон олон өдөр хоромыг өнгөрөөв. Харин уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа 2 найздаа ярихгүй л байлаа. Тэр нь хаана байсан, чухам ямар мөрөөдөл байсан гээд л зөндөөн юм ярих байх гэж 2 найз нь хүлээсээр л, гэвч Уран шувуу хэлэхгүй л байлаа. Тэгтэл нэг удаа:
- Мөрөөдөл гэдэг түүнийгээ олохдоо байдаггүй юм байна аа. Миний мөрөөдөл үргэлж надтай хамт явсан байна лээ. Ганцхан түүнийгээ танихгүй, түүндээ хэрхэн хүрэхээ л мэдэхгүй явж дээ гэжээ. Нөгөө 2 нь бие биеэ рүүгээ гайхсан нүдээр нэг том хараад “тэгээд л болоо юу” гэсэнд хоер найзынхаа гайхаж хүлээж байгааг мэдсэн уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа ингэж ярьжээ.
Уран шувуу мөрөөдлөө хайж явах замд хэдэн шувуу байнга зүүдэнд нь ирдэг байжээ. Тэрээр тэднийг сайн таньдаг юм шиг мөртлөө хэн гэдгийг нь хэлж мэддэггүй байлаа. Сүүлдээ Уран шувуу тэднийг хүлээдэг болжээ. Зарим нь түүнээс холдон нисэх гээд, харин уран шувуу түүнийг явуулж чадахгүй. Ажиглаад байвал тэд бөөндөө хэзээ ч ирэхгүй. Заримдаа их олуулаа ирсэн ч нэг хоёр нь байхгүй л байна.
Тэднийг зүүдэнд ирсэн шөнө уран шувуу үнэхээр тайван амгалан нойрсно. Тэд тийм нэгэн амгалан оршихуйн ертөнцөд уран шувууг аваачиж, намуухан уянгалаг дуугаар энхрийлэн бүүвэйлнэ. Тэд бас их сайхан гэрэл цацруулсан дотно төрхтэй. Шувуудыг зүүдэнд ирсний маргааш уран шувуу эрч хүчээр дүүрэн сэрдэг байлаа. Уран шувуу бас нэгэн домог уншсан байлаа. Зүүдэндээ ирсэн хэн нэгэнтэй ярьж болдоггүй, тэгвэл дахиад харагддаггүй гэж. Энэ домогт итгээд сайхан шувуудыг алдчих вий гэж айна. Тэгээд удаан бодож, маш их зориг гаргаж байгаад тэдэнтэй ярилцахаар шийджээ.
Түнэр харанхуйг ярж, өнөөх шувуудыг нисэн ирсэн тэр нэгэн шөнө Уран шувуу зориг гаргаж “Та нар хэн бэ” гэж асуулаа. Хэн ч дуугарсангүй... Өнөөх домогийг бодоод айсандаа “надтай яриач, битгий яваач” гэж хашгирлаа. Түүний хашгирах дуунаас цочсондоо ч юм уу. Эсвэл нөгөө домог биелээд ч юм уу шувууд нисээд явчихлаа. Уран шувуу маш их харамсаж, битгий намайг орхиоч хэмээн өчнөөн гуйсан ч тэд эргэж ирсэнгүй. Тэнэг юм хийсэндээ харамсан уйлан сууж байхдаа хэн нэгэн хажууд нь байгааг мэдрэв. Харвал нэгэн өвгөн шувуу байлаа.
- Чи яагаад явсангүй вэ, Та нар хэн бэ?
- Тэднийг хэн гэдгийг нь би мэдэхгүй ээ. Тэд бүгд чамд хайртай. Харин чи надад хайртай.
- Юу?
- Би чамаас холдое гэж маш их хүсдэг ч чи намайг явуулдаггүй. Тэгээд бас эдгээр шувуудыг бүгд ирсэн шөнө чи намайг ердөө ч анзаардаггүй. Харин эднийг ирээгүй ч юм уу, зарим нь байхгүй байвал би чамтай үргэлж хамт байдаг гэсэнд Уран шувуу,
- Чи яагаад ийм хөгшин байгаа юм бэ гэж асуув.
- Чи намайг хөгшрүүлдэг. Залуу насыг минь бүгдийг үрж дуусгасан. Бас чи намайг хичнээн их хайрлана тэрний чинь хирээр би өвгөрч, хөгширч бас чамаас салж чадахгүй болдог.
- Чи тэгээд яагаад надаас холдох гээд байдаг юм бэ гэсэнд
- Яагаад гэвэл би чамд маш их хайртай учраас. Уран шувуу бүүр гайхаад
- Би юу ч ойлгохгүй байна, чи надад таалагдахгүй байна. Чи яв гэж ууртай хэллээ.
- Тиймээ, чи ингээд л намайг хөөдөг, уулзалгүй олон өдөр хоног өнгөрөөдөг гэхдээ л чи намайг санадаг, тэгээд дууддаг. Харин би чамайг дахиад намайг битгий дуудаасай гэж хүсдэг мөртлөө дуудахаар чинь ирэхгүй байж чаддаггүй юм. За баяртай гээд нисэн одлоо. Гэтэл яг энэ үед нөгөө шувуудын нэг нь буцаад ирлээ. Тэрээр нас бие гүйцсэн сайхан шонхор шувуу байлаа.
- Чи бас хэн бэ гэж уран шувуу ширүүхэн асуусанд
- Эхлээд саяын хөөж явуулсан шувуугаа хэн гэдгийг нь таниарай, бас дахиж түүнийг битгий дуудаарай. Би чиний дэргэд байнга байхыг хүсдэг ч чи саяын өвгөн шувууг харангуутаа надаас зугатдаг. Надад бас нэг найз бий. Харин чи түүнтэй илүү дотно байдаг гэсэнд нэгэн бүргэд шувуу нисэн ирэв. Тэрээр:
- Тиймээ Уран шувуу минь чи бид 2 үргэлж хамт байдаг. Энэ олон шувуудын дундаас чи намайг л онцолдог. Надад тийм сайн байдаг болохоор чинь би чиний дэргэд үргэлж байдаг юм даа. Харин миний энэ найз шонхор дандаа намайг дагаж явдаг юм.
- Би чамайг бас заримдаа хөөж, чамаас зугатаадаг уу гэж уран шувууг гайхан асуухад
- Бараг үгүй дээ. Тун цөөхөн тохиолдолд
- Ямар тохиолдолд
- Энд байхгүй байгаа нэг шувууг ирэхээр
- Тэр шувуу одоо ирэх үү?
- Үгүй ээ, харваас ирэхгүй, тэгээд ч чи тэрэнд дургүй гэсэнд уран шувуу,
- Ашгүй дээ чи надад маш их таалагдаж байна. Та нар тэгээд хэн юм бэ. Хэлээч дээ гэж шалгааж байтал нэгэн сайхан дэглий цагаан шувуу нисэн ирэв.
- Гайхаад хэрэггүй ээ найз минь, би чамд бүгдийг хэлээд өгөе. Би чиний ухаан байна. Харин чиний хамгийн дотно байдаг энэ бүргэд бол чиний тэвчээр, түүний найз шонхор бол чиний зориг юм л даа.
- Тэгвэл одоо байхгүй байгаа, ирэхгүй байх гээд байгаа тэр шувуу хэн юм бэ гэж уран шувууг тэсэн ядан асуухад
- Тэр бол хэрээ, чиний уур. Бидний дотроос чи түүнд л маш дургүй, яагаад гэвэл түүнийг харахаар бүргэд чамайг хаяад явчихдаг учраас чи түүнд дургүй.
- Тэгвэл та нарыг нисээд явахад надтай үлдсэн тэр өвгөн шувуу хэн юм бэ?
- Тэр бол чиний айдас.
- Хөөх тийм үү, хөгжилтэй юм байна даа. Би айдасаас салах дургүй юм байна. Бас түүнийг хөөгөөд явуулахаар зориг чи ирдэг юм байна. Миний хамгийн дотнын найз бол тэвчээр байх нь ээ. Би та нарыгаа тэгвэл бүгдээрэнг чинь ижилхэн хайрламаар байна гэсэнд шувууд баярлан Уран шувууг тойрон дуулалдаж эхлэв. Харин бүргэд дуугүй суугаад байсанд уран шувуу:
- Чи яагаав ээ. Чи миний хамгийн дотно найз шүү дээ гэсэнд:
- Чи бүгдийг нь хайрлах юм бол хэрээг бас ижилхэн гэсэн үг үү. Би түүнтэй хамт байж чадахгүй ээ. Хэрээг би үзэн яддаг.
- Хэрээ та хоёр эвлэрч болдоггүй юм уу.
- Үгүй ээ, Тэр бас их муу санаатай. Тэгээд чи өөрөө ч дургүй шүү дээ.
- За за ойлголоо доо. Чи миний хамгийн дотно найз юм бол надад нэг зүйл хэлээд өгөөч би өөрөө та нараас хэнд чинь хамгийн их хайртай юм бэ гэсэнд
- Амьдрал. Чиний мөнхийн хайр бол Амьдрал.
- Яагаад, үнэн юм уу,
- Яагаад гэвэл Амьдрал чамд бид бүхнээс илүү хайртай. Өөрийг чинь тэгж их хайрладаг болохоор чи түүнд хайртай байдаг гэснээ
- “Амьдрал аа, амьдрал аа би чамд хайртай” хэмээн уянгалуулан дуулж гарахад бусад шувууд нь даган түрж уран шувуунд зориулан бүхэл бүтэн оркестр тоглох нь тэр. Уран шувуу энэ бүхэнд үнэхээр сэтгэл хөөрч шувуудын хамт дуулан баясаж байтал галт шувуу нисэн ирээд
- Сайн уу хонгор минь, би чиний баяр баясгалан байна. Би ч бас хэрээ, өвгөн шувуу хоерт маш дургүй шүү гэж хөгжилтэй хэлэв. Түүнийг ирмэгц шувуудын дуу хуур улам нэмэгдэв. Гэнэт уран шувуунд хэн нэгэн үгүйлэгдээд байх шиг санагдсанд дэглий шувуун дээр очоод,
- Сайхан сэтгэл? Сайхан сэтгэл яагаад байхгүй байгаа юм бэ гэж асуулаа. Энэ үгийг сонсоод бүгд чимээгүй болчихов. Яасан бэ?
- Тэр яагаад бидний дунд байхгүй байгаа вэ гэвэл. . . энэ их урт түүх ээ. Чамайг хүсэл мөрөөдлөө, бүх зүйлээ алдаад байхад чинь муу санаа түүнийг хөнөөхөөр ирсэн юм. Тэгэхэд тэрээр чамд үлдсэн зүйлийг хөнөөлгөхгүйн тулд бүгдийг нь аваад чиний дотор нисээд орчихсон юм. Түүний сүүлийнх нь үг “бие минь харагдахгүй ч уран шувууны дотор сэтгэлээс та нарыгаа үргэлж тольдон байгаа шүү. Та нар байгаа цагт би та нартайгаа хамт байна гэсэн үг, намайг хайсны хэрэггүй шүү” гэж хэлсэн юм даа гэжээ. Уран шувуу энэ үгийг сонсоод ийм учиртай юм вий хэмээн эргэцүүлэн бодож суухад өөрийг нь дотроос нь хэн нэгэн жолоодоод байх шиг санагдана. Би түүний хүчээр олон сайхан нөхөдтэй, сайн сайхан яваа юм байна даа гэж бодов. Тэгээд хайж байгаа мөрөөдлийнхөө тухай санав. Тэрээр дэглий шувуунд хандаж, мөрөөдлөө алдсан тухайгаа бас түүнийгээ ингэтлээ их хайж яваагаа хэлж, олоход минь туслаач гэж гуйлаа. Гэтэл хажууханд нь нэгэн шувуу
- Дэргэд чинь байгааг мэдэхгүй,
- Дэндүү гомдмоор юмаа хэмээн гунигтайхан дуулж байлаа. Энэ түүний хамгийн сайн таньдаг, хамгийн их мэддэг Хараацай шувуу байлаа. Уран шувуу үнэхээр гайхаж,
- Юу, чи юу, энэ хугацаанд чи надтай хамт л байсан байна шүү дээ би тэгээд юу хайж явсан болж байна гэсэнд дэглий шувуу,
- Тиймээ мөрөөдлийг олох биш түүнийгээ таних ухаан, түүндээ хүрэх зориг, тэвчээр, авьяас, сайхан сэтгэл чухал. Эдгээрийн тусламжтайгаар чи мөрөөдөлдөө хүрнэ дээ гэжээ.

Энэ сайхан түүхээ уран шувуу шөнөжингөө хоёр найздаа ярьж, үүр цайсныг ч анзаарсангүй.  тэгээд уран шувуу 2 найзыгаа анхааралтай харснаа би нэг зүйлийг ойлгосоон. Мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ биелүүлэх гэсэн хүсэл, зориг, тэвчээр, ухаан гээд энэ бүхнийг хэрхэн цогцлуулахаа би мэдэхгүй явж, бас бэрхшээлээс айх айдас. Айдасаа хаяж чадахгүй бол юунд ч хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон доо гэжээ.  нээрээ ч тийм дээ гэсэн байдалтай - найз чимээгүй сууж байснаа гэнэт Бурхан "Ёстой гомдмоор юм аа. Чиний ярианд миний тухай ерөөсөө гарсангүй, чи миний тухай шувуудад хэлээгүй юм уу" гэсэнд үгүй дээ чиний тухай дараагийн хэсэгтээ ярина. Тэр бол үүнээс ч дутахгүй урт түүх, тэгээд ч бас надад чамаас асуух юм байна гэснээр 3 найзын яриа энэ удаа өндөрлөжээ.

Wednesday, July 7, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-6

Уран шувуу “Амьдрал” хоёрын дурлалыг анхааралтай ажиглаж байсан “Бурхан” арал дээр ганцаар уйтгарлан суух “Амьдрал” дээр очлоо. Үргэлж баяр хөөрөөр гийж байдаг нүднийх нь гал буурсан ч тэрээр халуун тэврэлтээр Бурханыг угтав. Нэгэн үед нэг л бүсгүйд дурлаж сэтгэлийн жаргал зовлонг хамт туулсан хоёр найз удаан ярилцаж ойгоор зугаалжээ.
- Чи яах гэж ирсийн
- Найздаа сэтгэлийн дэм өгөхөөр
- Би зүгээрээ. Чиний очих ёстой хүн чинь би биш. Чи над дээр биш миний шувуухай дээр оч. Түүнд одоо надгүйгээр хэцүү байгаа.

Хэдэн зуун жил хайрласан бүсгүйгээ битгий хэл энэ хорвоогийн бүх хүнийг ойлгодог “Амьдрал”-ыг Бурхан бахдан харна. “Би Уран шувуунд дурлаад яаж санаж, гансарч байсан чамд одоо тийм л байгаа даа, НАД ШИГ Л САНАЖ БАЙГАА ДАА” ингэж бодоод найзыгаа өрөвдөх сэтгэл төрнө.

- Уран шувууг надад биш чамд дурлаад энэ хайрандаа хэрхэн үнэнч байсан гэгээн түүхийг би хүмүүст байнга ярьдаг. Чамд дурласан жаргал нь дэндээд надтай мөрийцөхөд нь би дээрэмчдийн ертөнц рүү илгээж, дээрэмчид түүнээс хүсэл мөрөөдлийг нь хулгайлсанд би өөрийгөө одоо ч буруутгадаг. Гэтэл тэр даваад л гарсан. Мөрөөдлөө хурдан олоосой гэж би үргэлж боддог. Гэхдээ тэр хичнээн хэцүү байлаа ч чамаас урваагүй. Тэгээд яагаад ... чи ч гэсэн . . . энэ эзгүй арал дээр хүлээгээд л байх юм уу гэж гайхан асуув. Тэгтэл “Амьдрал”:
 
- Миний түүндээ очих зам хол. Би ганцаар туулж барахгүй. Чи мэдэж байна уу. Би хайр сэтгэлдээ хөтлөгдөн хичнээн хол тэмүүллээ ч Уран шувууных шиг тийм их хүч чадал надад байхгүй. Тэр их хүч чадал энэ жижигхэн шувуухайн хаанаас нь гараад байдаг юм бол гэж би заримдаа гайхдаг юм гэсэнд Бурхан:

- Уран шувууны хүч чадал нь түүний мөрөөдлөө олох гэсэн хүсэл тэмүүлэлд нь байдаг юм. Түүний зүрх сэтгэлээс зөвхөн хүсэл тэмүүлэл л төрөн гардаг. Тэгээд тэр их хүсэл тэмүүллийнхээ хирээр төдий чинээ их хүч чадалтай байдаг юм даа гэжээ.

Гэтэл энэ яриаг сонссон юм шиг гэнэт уран шувуу нисээд ирэв.

Тэрээр урьдын адил баяр баясгалантэй бас улам ч жавхаалаг болсон байлаа. Гэнэт "Амьдрал"-д хайрт бүсгүйгээ маш их хардах сэтгэл төрж "чи өөр хүнд хайртай болоо юу" гэж анх удаа ууртайхан асуув. “Үгүй ээ” гэж уран шувуу инээмсэглэн хэлэхдээ нүд нь маш жаргалтай гэрэлтэж байлаа. "Амьдрал " өөдөөс нь харж харж:

- Үгүй л байна даа, чи инээгээд байхаараа худлаа хэлдэг шүү дээ гэсэнд
- Тийм ээ, би өөр хайрыг мэдэрсэн тэгээд л тэр хайрандаа маш их жаргалтай байна.

"Амьдрал" хайрт бүсгүйгээ удаан санаж ганцаардсандаа, бас гэнэт ийм үг сонссондоо тэр үгний учир утгыг ухаж ойлгох сэхээгүй болж сэтгэл нь харанхуйлаад өөр юу ч бодож чадахгүй байлаа. Тэгээд гэнэт бардам сэтгэл нь хөдөлж,

- Чи өөрчлөгджээ. Одоо чи надад хэрэггүй. Би урьдын хайртай уран шувуугаа хүлээнэ.
- Харин тийм ээ. Би өөрчлөгдсөн.

Уран шувуу инээгээд л байлаа. Амьдрал бүүр уур нь хүрэв. Уран шувууг ирэхэд нь баярлан дуртай дарсыг нь нэрж байснаа түүнийгээ асгахаар босов. Энэ үед Уран шувуу тэсвэр алдаж, гүйж ирээд тэврэн авлаа.

- Тэнэгхэн минь чи юу ч ойлгохгүй байна уу. Би чамайгаа өөрөөр хайрладаг болсон тэгээд л өөрчлөгдсөн. Хичнээн их хайртайгаа ойлгосон. Тэгээд бас яаж хайрлах ёстойгоо ч мэдэрсэн. Ингэж хэлээд уран шувуу хоёр найзыгаа хэмжээлшгүй жаргалтай нүдээр ширтэж: 

- ХАРИН БИ ТА ХОЁРТОО ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА АА. БИ ОЛОН ЖИЛ ХАЙСАН МӨРӨӨДЛӨӨ ОЛСООН.

Ингээд удаан уулзаагүй 3 найз Уран шувууны холын аянд тохиосон сонин хачин зүйлүүдийн талаар ярилцаж, "Амьдрал"-ын нэрсэн дарсыг шимж шөнө дөл болтол суулаа. "Амьдрал", Уран шувуу хоёрын хайранд хорвоо дэрхий тэр аяраа уяран хайлж, ойн төгөлд модод навчсаа хөглөн салхины аясаар ганхана.  Өвсөн толгойн биесээ шүргэлцэх чимээнд цэцэгс баясан хайрын дуу аялна.

Friday, June 4, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-5


Уран шувуу нэгэн өдөр Амьдралд “би согтмоор байна” гэжээ.
-          Чи архи ууж үзээгүй. Тэгээд ч дарс гэдэг ууж суухад сайхан ч дараа нь тийм биш байдаг юм гэсэнд "хамаагүй ээ, би уумаар байна" гээд зүтгээд байж. Гэтэл Амьдрал тэгвэл би чамдаа хамгийн сайхан дарс авчирч өгөе гэжээ. Ингээд амьдралын түмэн жаргал зовлонг туулж яваа хүмүүсийн сэтгэлийн дуслыг цуглуулж түүгээрээ дарс нэрээд Уран шувуунд авчирч өгчээ. Хэмжээлшгүй их хайраа шингээж нэрсэн тэр дарсыг шимж уран шувууны сэтгэл хөөр баяраар гийж, сайхан нүд нь хайраар гэрэлтээд ирэв. Тэгээд урьд нь тэр бүр Амьдралд ярьдаггүй байсан зүйлүүдээ сэтгэл хөдлөм урнаар дүрслэн ярьж гарав. Тэрээр итгэл мөрөөдлийг нь хулгайлсан хүмүүсийн тухай биш харин мөрөөдлөө хайх замд нь таарсан тэдгээр хүмүүсийн сайн сайхан гэгээтэй талыг дурсана. Дотно хүмүүсээ хайрлах гэгээн хайр, бусдад жаргал баяр бэлэглэх сэтгэлийн дэм, зовсон үед нь сунгасан гар, жаргал баярыг нь хуваалцаж ертөнцөд хадаасан уянгалаг дууныхаа тухай зөндөөн удаан ярьжээ.  Бас хүрч чадаагүй ертөнцийн хязгаар, санаж сарвайж чадлаараа зүтгэсэн ч авч чадаагүй зүйлийнхээ тухай, хорвоогийн жамаар буяны замдаа жолоо залсан итгэлт сайн нөхрийнхөө тухай баяр гуниг хослуулан ярина.  Хайртыгаа тийм жаргалтай байхыг нь харсан Амьдрал гэгээн хайраа дэвсэн, амтат дарсыг аягалсаар өдөржин,  шөнөжин  ярьж, дуулжээ.
 
      Маргааш өглөө нь Уран шувуу сэрээд Мөрөөдлөө олох урт замдаа түүртээд заримдаа чамайгаа ч анзаарах сөхөөгүй байжээ. Хэдэн удаа, хамгийн сүүлд хэзээ чамдаа хайртай гэж хэлснээ ч санахгүй байна. Харин өчигдрийн чинийхээ өгсөн дарсыг уугаад хичнээн жаргалтай байсныг үгээр хэлэхийн аргагүй. Нисмээр байна л . . . ингэж тэд хайрын баландаа умбасаар. . .
Хэдэн өдрийн дараа “Тиймээ би жинхэнээсээ нисмээр байна. ... харин чамдаа хэлэх үг байна.  Хүй их орчлонгийн уран шувуудын дундаас хөөрхий намайг олж хайрласанд, гайхамшигтай сайхан жаргал бэлэглэсэнд баярлалаа. Амьдрал чи надад Санан дурсах сайхан учралууд, гансран мөрөөдөх хөөр баяр, агуу их сэтгэлийн хүч  бэлэглэдэг.  Харин би одоо энэ бүхнээс  зугатахыг хүсэж байна. Яагаад гээч Чинийхээ хайранд умбан мөрөөдлөө мартах шахлаа. Одоо би явлаа. Мөрөөдлөө олж авахаар ...
Амьдрал тэгтэл Уран шувуунд анх удаа хязгааргүй ихээр гомдож  “ХУЛЧГАР” гэдэг ганцхан үг хэлээд эргэж ч харалгүй явчихав. Тэрээр сэтгэлдээ дүүрэн гомдол гуниг тээсээр нэгэн сайхан арал дээр очиж Уран шувууг хүлээсээр.
Хэмжээлэшгүй хайр, сэтгэлийнхээ хатыг шалгахаар явсан Амьдралын хойноос Уран шувуу нулимстай нүдээр харж "Давж туулж чадна гэсэндээ чи надад түм буман сорил тавидагын нэг нь энэ сайхан хайр чинь байжээ.  Мартахаар шийдсэн маань зөвхөн айсандаа" хэмээн сэтгэлдээ шивнэсээр хоцров.

/Жич: Хүмүүсээ коммент үлдээгээрэй. Уран шувуу Амьдрал өөрийг нь хүлээж буй арал руу очих болов уу. Юу гэж бодож байна/

Sunday, March 14, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-4


ҮРГЭЛЖЛЭЛ:
Уран шувуу мөрөөдлөө олох урт замдаа шантрахгүй зүтгэсээр л байлаа. Энэ хугацаанд "амьдрал" тэр хоёрын хайр улам лавширав. "Амьдрал" хайрт бүсгүйнхээ Мөрөөдлөө олох замыг нь сэтгэл шингэсэн хайр, баяр баяслаар байнга чимж байлаа. Тэр хайр нь өглөө бүр шинэ. Үдэш бүр улам гэгээлэг. Ийм их хайртай учирсандаа Уран шувуу үнэхээр азтайд өөрийгөө тооцно. Харин тэр их хайр, баяр баясал, итгэл, найдварыг Уран шувуу бусдад харамгүй түгээж тэрнээсээ өөрөө бас эрч хүч авч мөрөөдлөө олох холын аяндаа зүтгэсээр.
 
ГЭВЧ ганц үнэт зүйл нь “ИТГЭЛ НАЙДВАР” гэж үнэн сэтгэлээсээ итгэж, байсан болохоор хүмүүст бас хэтэрхий итгэж найдаад тэрэндээ болж дандаа л бүдрээд байлаа.
Тэгээд нэгэн өдөр Бурхан, "Амьдрал" хоёр дээр очоод “Яах гэж надад “Итгэл” гэдэг зүйлийг өгсөн юм гэж уйлан байж хэлжээ. Хэр барагтайхан уйлдаггүй Уран шувууг мөрөөдлөө алдаад уйлж байснаас нь хойш олон жил нулимс асгаруулж байхыг нь ер хараагүй болохоор Бурхан маш их сандарч "Амьдрал"  чамайг хуураа юу гэж яаран асуужээ. Үгүй дээ. Бид хоёрын халуун хайр улам лавширч тэрний хүчээр л би хорвоог туулж байна. "ИТГЭЛ". Би түүнийг чинь сайхан харсан, сайхан ярьсан бүхэнд өгчихөөд тэрнээсээ болж үргэлж зовж шаналж байна дахин би хэнд ч итгэхгүй гэжээ. Тэгтэл Бурхан тэгвэл чи "АМЬДРАЛ"-д бас итгэхээ болж байгаа юм уу гэж асуужээ. ЭНЭ АСУУЛТАНД ХАРИН УРАН ШУВУУ ЯАРАН ХАРИУЛЖ ЧАДСАНГҮЙ.
Тэгтэл "Амьдрал" ингэж хэлжээ: "Би чамайгаа жаргалтай байлгахын тулд бүхнийг зориулж чадна гэвч би нэг л зүйлийг чадахгүй. Бид хоёрын өглөө бүр хамтдаа хардаг нарны шаргал өнгө, мөрөөдлийг чинь байнга сануулдаг тэнгэрийн цэнхэр өнгийг би өөрчилж чадахгүй. Чиний итгэлийг хулгайлсан тэр хүнийг би өөрчилж чадахгүй. Хорвоо ертөнцийн юм бүхэн өөр өөрийн өнгөтэй. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Тэрэнтээ адилхан алдсан ч, гомдсон ч , хууртсан ч итгэсээр байдаг чинийхээ энэ гэнэн, баян сэтгэлийг өөрчилж чадахгүй байна даа гэжээ. Харин Уран шувуу "Амьдрал"-ын хэлсэн энэ үгэнд итгэж ядан санааширсаар.

Sunday, December 6, 2009

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-3

Үргэлжлэл:
Гэтэл нэгэн өдөр Уран шувууны хүндэлж хайрлаж явдаг нэгэн мэргэн настан таарчээ. Тэр 2 нилээн хуучилсны эцэст Уран шувуу та надад нэг зүйлд хариулж өгөөч "Алдаа гэж юу вэ" гэж мэргэнээс асууж гэнэ. Мэргэн хариуд нь Алдаа гэдгийг чи өөрөө бодож ол. Харин тэнэг хүн өөрийнхөө алдаан дээр ухаантай хүн бүсдын алдаан дээр суралцдаг юм даа" гэжээ.

Wednesday, November 25, 2009

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-2

Үргэлжлэл.
Нэгэнт алдсан мөрөөдлөө эргүүлэн олох уран шувуунд тийм ч амар байсангүй. Гэвч бэрхшээл болгоныг даван туулж “Амьдрал”-ын бэлэглэсэн “Итгэл найдвар”-аа алдахгүйн тулд бүхий л чадлаараа зуурч байв. Заримдаа ч шантраад бүхнийг орхиод явахад бэлэн л байлаа. Харин тэгэхдээ чухам ямар зүйл нь бэрхшээл болоод байгааг ялгаж салгах гэж хичээсээр заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байгаа юм шиг санагдах үе уран шувуунд олон. Мөрөөдлөө хайж олох хүнд бэрх замыг туулах явцад нэгэн сайн андтай болжээ. Сонирхолтой нь Тэдний зорилго, хүсэл, үнэт зүйл нэг. Гэхдээ ялгаатай нь очих газар нэг ч тэд ямагт ӨӨР ӨӨР ЗАМ СОНГОНО. . . Энэ л хамгийн том бэрхшээл байжээ гэдгийг Уран шувуу хожим нь ойлгожээ.

Tuesday, November 10, 2009

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ


Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна.
Гэвч уран шувуу бурханыг тоохгүй л байлаа. Тэрээр уучлаарай би “Амьдрал”-д дэндүү хайртай. Сайхан хайраасаа урваж чадахгүй нь дээ гэдэг байжээ. Бурхан уран шувууг “Амьдрал”-аас залхаж, дургүй болоод нэг л өдөр өөр рүү нь ирнэ дээ гэж тэвчээртэй хүлээж, бас янз бүрийн арга хэрэглэсээр л. Гэвч бурхан угаасаа өөрөө сайхан сэтгэлтэй тул тэр арга нь “Амьдрал”-ыг улам сайхан болгож, уран шувуу “Амьдрал” хоёрын халуун хайр улам лавширсаар байлаа.
Тэгсэн нэг өдөр уран шувуу бурханаас хоёулаа мөрийцэх уу гэжээ. Намайг хамгийн хэцүү ертөнцөд амьдруулаач би бүгдийг чадна, бүгдийг даван туулна. Хэрвээ чадахгүй бол би чамд өөрийгөө өгөе гэжээ. Тэгэхээр нь бурхан бодож бодож, дээрэмчдийн ертөнц рүү уран шувууг илгээжээ. Түүнийг дээрэмчдийн ертөнцөд хөл тавив уу үгүй юу дээрэмчид ар араасаа ирээд л мөнгө, хувцас, эд хогшил, эрүүл мэнд, залуу нас гээд л авч болох бүх зүйлийг нь авчээ. Гэвч уран шувуу “Амьдрал”-аас уйдсангүй. Алдсан бүхнээ дахин олж, өөдрөг сэтгэлээр тэмцсээр. Зарим зүйлийг нь дээрэмчид бүр авч ч чадахгүй байлаа. Ингээд уран шувуу “Амьдрал”-хоёрын хайр урт удаан хугацаанд үргэлжилжээ. Гэтэл нэгэн удаа дээрэмчид уран шувуунаас “МӨРӨӨДӨЛ”-ийг нь хулгайлжээ. “МӨРӨӨДӨЛ”-гүй болсон уран шувуу удалгүй бүх зүйлээ алдаж эхлэв. “Амьдрал” хайртыгаа аврах гэж аз жаргалтай байсан мөчүүдээ буцааж, дутуу хүтүү зүйлгүй байлгах гэж бүхий л аргаа хэрэглэсэн боловч тусыг эс олов гэнэ. Дурлалт бүсгүй нь нүдэн дээр нь өдрөөс өдөрт уруудаж байгааг Бурхан хараад тэвчиж чадсангүй. “Би чинийxээ нэг хүслийг биелүүлье, xарин “МӨРӨӨДӨЛ”-ийг чинь эргүүлж өгч чадахгүй шүү” гэжээ. Гэвч уран шувуу сонсохыг ч хүсэхгүй байв. Tэрээр дээрэмчдийн ертөнцийн хатуу хүтүүг давж туулсан тэр бүх хүч чадал, сэтгэлийн тэнхээ, хайр, зүрх сэтгэлээ бүгдийг алдахад хүрээд байлаа. Эцэст нь бүх зүйлээс шантарч зугатахаар шийджээ. Бурхан “Би чамайг өөртөө авахын тулд бүх зүйлийг чинь авлаа. Гэхдээ энэ миний хайр биш байжээ. Чамайгаа би авах биш алджээ. Одоо нэг л зүйл би чамд өгч чадна” гэхэд “Амьдрал” бас “Би чамдаа нэг зүйл бэлэглэе, зугатахдаа аваад яв даа” гэжээ. Уран шувуу “Үгүй ээ дээ. Тэр чинь надад хэрэггүй. Дэндүү хүнд бол холын замд би даахгүй, дэндүү гоё бол би арчилж чадахгүй, хамгийн гол нь зугатаад хаа хүрэхээ ч би мэдэхгүй, тэр тухай бодохоос ч ядарч, шантарч байна” гэжээ. Нөгөө хоёр нь ятгаад л байж, ятгаад л байж, за яахав надад ялгаагүй. Tа хоёрын бэлгийг аваад явья даа гэжээ. Ингээд бурхан уран шувуунд “УРАМ” хайрлаж, харин “Амьдрал” түүнд “ИТГЭЛ НАЙДВАР” бэлэглэжээ.
Энэ эрхэм бэлгийг аваад уран шувуу зугатаж чадсангүй. Бурханы хайрласан “УРАМ”-аар хоол хийж, “ИТГЭЛ НАЙДВАР”-аар жигүүр хийж дахин “Амьдрал”-д дурлаж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх болжээ.