Showing posts with label МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ. Show all posts
Showing posts with label МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ. Show all posts

Sunday, January 2, 2011

ХҮЙН ГУРВАН ХОЛБООС

/Аав ээж, хүүдээ зориулах шүлэг/
Үр минь чинийхээ төлөө үхтлээ шаналахдаа би
Өрлөг хатан ээжийнхээ өтөлсний учрыг мэдлээ.
Хүүгийнхээ төлөө би зүрхэн нулимс унагахдаа
Хөөрхий муу аавынхаа хөгширсний учрыг мэдлээ.
Уйлж инээсний минь ороор нүдний минь буланд нуугдах
Эгэл хэдхэн зураасыг тольдож суухдаа би
Төрүүлж өсгөсөн аавыгаа зовоож, шаналгаж  ханалгүй
Түмэн үрчлээт зургийг нүүрэнд нь урласнаа ухаарлаа.  
Золбоолог төрсөн ээжийнхээ
Залуу сайхан насыг
Үрж дуусгасан хүн нь
Би юм шүү хүү минь. 
Хат суусан аавынхаа
Нулимсан дуслыг бөмбөрүүлж,
Зүрхийг нь өмөлсөн хүн нь
Би юм шүү хүү минь.
Үрийнхээ төлөө эх хүн өөрийгөө үрж дуусдагийг
Хүүгийнхээ төлөө эцэг хүн хичнээн тэвчээрээ бардгийг
Хүү минь чи ухаараарай.
Бурханы хишгээр төрүүлсэн хоёр хүүгийнхээ төлөө
Хайр энэрлээ дийлэхгүй сэтгэлдээ шаналж суухдаа
Хорвоод чухам хэнд өртэйгээ дахин ухаарлаа ээж нь.
Амин зүрхний минь хоёр нандин шүтээнийг
Алтанхан хорвоод бэлэглэсэн хүйн нандин холбоо 
Аав ээжээс минь эхтэй.
Зөрмөгхөн хорвоод эгэл биеийг минь төрүүлж,
Жаргал зовлонг даах эрдэм чадлыг заяасан
Жаранг элээсэн ээж аав хоёрыгоо
Жаргаах цаг байна уу ээжид нь
Энхрий хоёр нандин үр минь ээжийгээ л баярлуулж байвал
Эмээ өвөө хоёрыг чинь жаргааж чадах нь ээ ээж нь
Ээжийнхээ мэндэлсэн энэ л өдрөөр чи
Эмээ өвөөдөө мөргөх ёстой шүү хүү минь.

Monday, October 25, 2010

БИТГИЙ УРВААРАЙ МИНИЙ ХҮҮ

Аав ээждээ хязгааргүй баяр баясгаланг авчирч том хүү минь мэндэлсэн тэр өдөр дөнгөж саяхан л мэт санагдавч миний хүү өнөөдөр 15 нас хүрч, би ээж болоод 15 намрыг үджээ. Хар даа миний хүү ээжээсээ том болсон байгаа биз. Хүүдээ зориулж яруу найрагч Мөнхцэцэгийн нэгэн сайхан шүлгийг энд тавилаа.   

БИТГИЙ УРВААРАЙ МИНИЙ ХҮҮ
Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү
Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү
Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү
Томоо болсныг чинь шалгах гэж
Тоостой энэ орчлон хайртай бүхнийг чинь булаадаг юм шүү
Тогтохын дээдээр тогтсон хүлгийн нуруунаасаа
Тохсон эмээлээ сольж өөрөөсөө битгий урваарай
Бүгдээрээ чамайг жаргаах гэж
Бүсгүй болгон царайлаг төрдөггүй
Бүгээн хонгор нулимсаа эр хүн нууж унагадаг юм
Бүсээн нэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь
Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хуурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай
Миний жаахан хөвүүн. 

/Г.Мөнхцэцэг/  Эх сурвалж: www.biirbeh.mn/modules.php?

Tuesday, November 25, 2008

МИНИЙ БЯЦХАН ХҮҮ 10 НАС ХҮРЛЭЭ

Миний хүү өнөөдөр 10 нас хүрч байна. Гэвч ээждээ нялх хэвээрээ. Бага нь болохоор бид 2 эрхлүүлчихсэн юм л даа. Ах нь хөөрхий 10 нас битгий хэл 3 нас хүрээд л биеэ даачихсан тэрнээс хойш бараг төрсөн өдрөөр нь л нэг үнсдэг болсон байх. Харин Мөнкүүкийг бол одоо ч өлгийтэй юм шиг л эрхлүүлдэг. Гэхдээ миний хүү эрхийн тэнэг биш л дээ ухаантай, зөөлөн сэтгэлтэй, даруухан, онц сурдаг хүү. Аав нь том хүүгээ хүлээж байсан шиг нэг их хөл хөөрцөг болоогүй болохоор би тэнэгхэн залуу бүсгүйн сэтгэлдээ арай бага хүүдээ хайргүй байх юм биш байгаа гэж бодож байж билээ. Харин би өөрөө бол бүүр инээдтэй. Хүүгээ олсноо мэдчихээд аавд нь хэлэлгүй мэргэн эмээ дээрээ очсон юмдаг. Манай эмээ мэргэлдэг, их сайн мэддэг, бариа засал хийдэг мундаг эмээ байлаа л даа. Тэгээд "Эмээ манайх одоо дахиад хүүхэдтэй болбол яах бол, Төрөө охинтой болое гээд байх юм. Хүү маань бага байгаа болохоор би хувьдаа дэмий гэж бодож байна л даа" гэж асуусан. Тэгсэн эмээ маань зоосоо нэг гүйлгэж үзээд л "Үгүй ер өө чи чинь одоо жирэмсэн байгаа юм биш үү юугаа дэмий яриад байгаа хүүхэд вэ. Задарсан гэдэг нь одоогийн охидууд та нар ганц хүүхэд гаргачихаад юу гэж боддог юм. Наад хүүхэд авахуулсан байгаад үзээрэй. Яв чи" гэж билээ.

МИНИЙ ХҮҮГИЙН ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУДААС:

- Мөнкүүк жаахан байхдаа их хэлэмгүй хүүхэд байсан юм. 4 нас л хүрч байсан юмдаг. Аавыгаа компьютер тоголж байхад нь очоод юм яриад байж л дээ. Тэгсэн аав нь анзаарахгүй байж. Тэгэхэд нь "Аав та ер нь ингэхэд юм ойлгодог хүн үү үгүй хүн үү" гэсэн гэж байгаа.
- 3 настайдаа жорлонд горошек дээр бие засаад сууж байсан чинь манай нэг дүү "Эгч нь бие засмаар байна Мөнкүүк чи гарах болж байна уу" гэсэн чинь "Та ямар миний горошек дээр суух биш ороод бие засаж л байхгүй юу юундаа маяглаад байгаа юм бэ" гэж хариулж билээ. Бид бөөн инээдэм болсон юм даг.
- Аавтай нь хамт хаяа архи уучихдаг Б гээд залууг би нөхөртэйгээ найзлуулах их дургүй л дээ. Тэгээд "Тэр Б ерөөсөө хүн биш чи битгий нийлж бай" гэж ярьж байхыг хүү маань сонсчихож. Маргааш нь нөгөө Б-г манайд орж ирэхэд нь Мөнкүүк өөдөөс нь нилээд харж байснаа "Та хүн үү" гэсэн гэдэг. Нөгөө Б гэдэг залуу бүүр гайхаад Төрөө энэ танай хүүхэд чинь надаас тэгж асуугаад байх юм. Би ямар харагдаж байна гэсэн гэдэг.
Хүмүүсээ миний хүүгийн төрсөн өдрөөр мэндчилгээ илгээгээрэй. e.monh@yahoo.com

МИНИЙ ХҮҮГИЙН ЗОХИОН БИЧЛЭГ

ЭХ ОРНЫ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
Миний эх орон бол Монгол улс юм. Харин би монгол орны нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай гэр бүл монголын олон олон жирийн гэр бүлийн нэг юм. Гэхдээ энгийн байна гэдэг бас дутагдалтай гэж би үздэг. Улам бүр өөр шинэлэг зүйлийг бүтээж тэрэндээ алдсан ч гутрахгүй байх нь чухал юм. Монголын нэгэн зүйр үг байдаг шүү дээ ”Ес унавал арав босно” гэж.

Saturday, January 19, 2008

ЭНКYYЛЭЭ ОРОС ХЭЛ АНХ СУРЧ БАЙХДАА

Бэлтгэл ангид байхдаа нэгэн өдөр Энкүүлээ ээжээ би маргааш хичээлдээ явахгүй гэж байна. -Ээ нь: Яагаад?.
- Энкүүлээ: Багш тэгж хэлсэн.
- Ээж нь: Миний хүү буруу ойлгосон юм биш биз?
- Энкүүлээ: Үгүй үгүй би бүр өөрөө лавлаж асуусан юм чинь.
- Ээж нь: Миний хүү тэгээд яг юу гэж багшаасаа асуусан бэ. Ээждээ оросоор хэл дээ.
- Энкүүлээ: "Завтра я иду сюда" гэсэн чинь багш "ненадо" гэсэн.

Tuesday, January 15, 2008

МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ

Би Энх-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хэмээх хоёр хүүтэй.

Том хүү Энх-Эрдэнэ Орос монголын хамтарсан 3 дугаар сургуульд сурдаг.
Тэрээр сагс тоголно. Бүжиг хийнэ. Ер нь урлаг спорт гээд хичээлээ 2 дугаарт тавина. Шалгалтаа болохоор маш сайн өгөөд бусад үедээ тэгж ингэсгээд сулхан дүнтэй л яваад байдаг зальтай хүү. Гэвч багш нь шалгалт аваад групп хуваадаг
болохоор хамгийн сильный группт ороод өөрийгөө зовоодог доо.


  • Харин бага хүү маань Солонгос монголын Улаанбаатар дунд сургуульд сурдаг. Тэрээр энэ жилээс бас л бүжиглэдэг болсон. Ганц ч "В"- гүй галзуу онц сурдаг.

Миний хүү амьтанд их хайртай. Саяхан тэрээр Жулия гэдэг хөөрхөн нохойтой болсон.

Та бүхэн миний хоёр Эрдэнийн хөгтэй явдлуудаас эндээс үзээрэй. Уйдахааргүй хөгжилтэй түүхүүд олон бий шүү.