Showing posts with label ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ. Show all posts
Showing posts with label ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ. Show all posts

Wednesday, April 25, 2012

Блогийн гишүүд бичиж байна: Багштайгаа найзалж болохгүй гэж үү?

Хүн хүнээр үргэлж дутаж явдаг сэтгэлийн амьтан. Цээнээ бол цаг ямагт найз нөхдөөрөө дутаж, тэднийг үгүйлж, санаж явдаг. Бас тэднийхээ дэмэнд, сэтгэл зүрхнээсээ гэрэлтэж амьдардаг. Найздаа, бусдадаа туслахаар өөрийнхөө мөрөөдөлд улам бүр ойртож, алхам алхмаар амжилт ирж байгааг мэдэрдэг. Тийм учраас найз нөхдийнхөө хүрээг үргэлж тэлж, тэднийхээ төлөө боломжит бүх л цаг заваа зориулахыг хичээдэг. Хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хэрэгтэй хүн нь байна гэдэг хамгийн чухал. Тэгээд ч шинэ найз нөхдөөр хүрээгээ тэлнэ гэдэг над шиг хүнд бол амьдралын бас нэгэн утга учир. Энэ удаа нэг хүнтэй найзламаар байгаагаа л бичих гэсэн юм.
Өнгөрсөн өвөл Бүжидмаа багш намайг өөрийнхөө блогт юм бичиж болно гэж санал тавьсан юм. Багш нарын баярын үеэр л дээ. Тухайн үед боломж байгаагүй. Би тэр хүнээр хичээл заалгадаг оюутан нь байж, өөртэй чинь найз болмоор байна гээд бичээд өгчихвөл яаж ч бодсон зүйд нийцэхгүй. Харин одоо би сургуулиа төгсчихлөө.
Багш нарын баяр өнгөрсөн ч гэсэн багшдаа баярын мэнд хүргэе. Бас баярлалаа гэж хэлмээр байна.
Яагаад тийм уянгалаг намуухан дуутай, намбатай зөөлөн алхаатай, бас тийм гоё өнгөлөг, хайр татмаар байдгийн чинь нууцыг бараг мэднэ. Тийм болохоор  л таны шавь байхаас гадна найз чинь баймаар байна.
Бүжидмаа багш аа, та зүгээр л өөрийгөө мэдэрч, өөрийгөө сонсч, зүрх сэтгэлээ дагаж амьдардаг тийм гайхамшигтай эмэгтэй. Бас үргэлж сайн сайхныг түгээж, бусдад хайр, халамж, эрч хүч, урам зориг өгч явдаг ховорхон эмэгтэйчүүдийн нэг. Сайн багш энэ тэр гэж магтахгүй ээ таныг, мэдээж, тэр үгийг та өдөр болгон сонсдог, оюутан бүр чинь л тэгж хэлдэг байж таараа.
Харин та бол жинхэнэ хүн. Гэхдээ энэ үгээр хүн чанар, хэлсэндээ хүрдэг байх энэ тэр гэсэн уламжлалт ойлголтуудыг бус өөрийгөө мэдэрсний чинь утга учрыг л хэлэх гэсэн юм.
Орчлон ертөнцөд түрхэн зуур, гэхдээ хэдий хугацааны томилолт өвөрлөн ирснээ мэдэхгүй ч энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа хүмүүн бид бүгдээрээ сайн сайхныг хүний сэтгэлийн гэрлийг олж харж, өөрийнхөө тэр л сэтгэлийн гэгээн гэрлийг бусдадаа түгээх нь гол утга учир гэж боддог. Таныг би ингэж байгаагийн чинь учир баярлалаа гэж хэлж байгаа юм.  Тийм учраас та жинхэнэ хүн.
Амьдрал ямар гоё юм бэ, баярлалаа гэж чин сэтгэлээсээ дуу алдах өдөр танд олон байдаг, та тэгж л уншигддаг. Тийм байгаа болохоор та дотроосоо гэрэлтэж харагддаг.
Эмэгтэй хүн эмэгтэй хүнийг ийн магтаж байгаа нь нэг талаар сонин, нөгөө талаар танаас би өөрийнхөө зарим нэг төрх байдлыг хардаг гэдгээ энэ захидлаар хэлж байгаа юм. Таныг баяртай, гунигтай, бас хааяа бухимдсан, жаахан ядарсан байгаа чинь шууд нүднээс чинь харагддаг. Бүжээ багш аа та битгий уурлаж байгаарай, ууртай байгааг чинь хармааргүй байдаг юм. Та яг над шиг уурладаг юм билээ.
За ингээд, гэрэлтэж, үргэлж цацарч явдаг миний багш, бас надтай адилхан уурладаг найз минь амжилт хүсье. Би одоо оюутан чинь биш төгсөгч чинь болсон болохоор yahoo messenjer*-ийнхээ найз гэсэн бүлэг рүү хаягийг чинь нүүлгэлээ. Сайхан найзалж, ирэх он жилүүдэд бие биеэ сэтгэлийнхээ гэрэл гэгээгээр гийгүүлж амьдарцгаая.  

БАГШТАЙГАА НАЙЗАЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ШАВЬДАА БИЧСЭН ХАРИУ ЗАХИДАЛ
Цээнээг би анх хараад л, бас  хичээл дээр минь ярьж байгаа зүйлээс нь сонсоод л зарим талаараа надтай адилхан юм даа гэж бодсоноо нуух юун. Намайг хүмүүс ингэж уншдаг гэдгийг одоо л Цээнээгийн бичсэнээс л олж мэдлээ. Би өөрөө хичээл дээрээ ч, амьдрал дээрч хүмүүст дандаа л өөрийнхөөрөө бай, зүрх сэтгэлээ мэдэрч амьдар гэж хэлдэг болоод тэгдэг юм болов уу. Бүүр заримдаа найзтайгаа муудалцахаараа "чи зүрх сэтгэлээ мэддэггүй, би чам шиг зүрх сэтгэлийнхээ эсрэг явдаггүй" гэж ирээд л  хэлдэг юм. Цээнээ үргэлж инээд хөөр болж явдаг, эрч хүчээр дүүрэн бүсгүй. Харин найз минь чи нэг зүйлийг ойлгоогүй байгаа юм байна. Хоеулаа аль дээр үед найз болчихсон шүү дээ. Энийгээ би хэзээ ухаарсан гээч. "Бүжээ багш аа. Та намайг дипломоо хамгаалж байхад битгий гарч яваарай. Таныг байхад цаанаа л нэг нөмөртэй байдаг юм. Дээр урьдчилсан хамгаалалт дээр та яг намайг хамгаалах болсон чинь гараад явчихсан шүү" гэж хэлэхэд чинь л мэдэрсэн юм. Дараа нь бүүр дарамтанд орчихсон байсан штээ. Хэзээ Цээнээ орж ирэх билээ, бас гараад явчихсан байж таарах вий дээ гэж бодоод л...
Би амьдралд хайртай, амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөг талаас нь харж, үнэрлэж, амталж, амьдралын жаргал зовлонг ганцхан олдох насандаа тойрч биш туулж гарах гэсэндээ, ахархан богино насандаа амжихгүй болов уу гэсэндээ нисэх лугаа амьдрахыг хүсэж мөрөөдөж, энэ мөрөөдөл хүслээрээ жигүүрлэж амьдардаг. Тийм бүсгүйчүүдийн нэг нь Цээнээ чи. Харин чи надаас нэг зүйлээр ялгаатай. Тэрэнд чинь би маш их атаархаж бас бахархаж билээ. Сургууль дээр яг өөр шигээ хөөрхөн бас сэргэлэн, жаахан мөртлөө ухаалаг яриатай, нэг л өөр охин дагуулаад ирсэн байсан. Би яг л намайг дуурайсан охинтой болох юмсан гэж маш их хүсдэг боловч одоо хүртэл болоогүй л байгаа. Миний хоёр хүү бол амьдралын минь утга учир, миний ертөнцийн үргэлжлэл, харин энэ ертөнцийн минь нууцлаг бүхний тайлал, энэ амьдралд өгсөн хайрын минь гэгээн элч нь намайг дуурайсан охин минь байх байсандаа. Хэрвээ би охиной байсан бол... Харин Цээнээ чиний охин том болоод маш мундаг удирдагч, улс төрч эмэгтэй болж, хүмүүст хайрлагдаж хүндлүүлж, их ч зүйлийг хийж бүтээх болно доо. Би чиний ярьж байхыг сонссоон. Бүжиг балет ч гэлүү нэг юм яриад байх шиг байсан би андуураагүй бол. Үгүй ээ тийм биш. Охин чинь шал өөр хүн болно. Бид хоёр ярилцсан штээ, тун цөөхөн үг. Гэхдээ би чамаас илүү найз болчихсон хэхэ. Ямартай ч хоёр гайхамшигтай найзтай болсондооо маш их, бүр туйлын их баяртай байна. 
Намайг, миний ертөнцийг үргэлж гийгүүлж байдаг нарны дулаан цацрагийг тоолж хэрвээ чаддагсан бол нилээд хэдээр  нэмэгдчихлээ. Ижил ижлээ хайж, энерги таардаг хүмүүс бие биенээ олж найзалдаг юм. Цаашдаа сайхан найз нөхөд явж, бие биенээ уншиж ойлгож, хийж чадаагүйг нь хийж, хэлж чадаагүйг нь хэлж, бие биенээ нээж, нөхөж, хөгөлж амьдарцгаая.

Monday, April 23, 2012

Блогийн гиүшүүд бичиж байна. Багшдаа бичсэн захидал

Сайн байна уу Бүжээ багш аа. Энэ захиаг очих өдрийн мэнд хүргэе. Би өөртөө итгэлгүй нэгэн. Ямар нэгэн мэтгэлцээн ч юм уу, ер нь ямар ч үед өөрийн бодсон санасан зүйлээ бодлоо бусдад бүрэн илэрхийлж, ойлгуулж чаддаггүй. Тиймээс өөрийн бодлоо гаргаж хэлэхээс байнга татгалздаг. Гэхдээ би таны хичээлд сууснаас хойш шилдэг удирдагч биш юмаа гэхэд өөртөө итгэлтэй болох юм шиг санагдлаа. Танаас их зүйл сурна гэдэгтээ итгэлтэй байна.
 ОУЭЗ-ийн дээд сургууль. Магистрант Нурбатхым.

Wednesday, February 1, 2012

БАГШ

Намайг Гантулга гэдэг. Би Төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа нэгэн. Бидэнд олон төрлийн хичээл ордог бөгөөд зарим багш хичээлээ сонирхолтой заадаг. Зарим нь “судлах нь чухал” гэсэн үүднээс заадаг. Зарим нь баахан слайд гарган уншдаг гээд олон төрлийн арга барилаар хичээлээ заадаг. Эдгээр олон багш нараас нэг багшийн зааж буй арга барил, биеэ авч яваа байдал нь манай ангийнханд маш их таалагдсан.
Тэр багш нь хичээлээ заахдаа агуулга, судлах зүйлийнхээ гол гол ухагдахууныг оновчтой товч хэлбэрээр эхэлж заана. Тэр багшийг ярьж эхэлэхэд бүгд амьсгал даран чагнадаг бөгөөд уянгалаг гоё хоолой, уян налархай хөдөлгөөн, дохио зангаа, ухаалаг нүд зэрэг нь бид бүгдийг өөрийн эрхгүй татдаг.
Эхэн үедээ “Багш хүн” гэж ийм л байдаг байхдаа гэсэн бодол төрж байсныг нуух юун. Хэдийгээр бид өөр өөр үзэл бодолтой, өөр өөр бие хүн боловч эгээ л 10 жилийн сурагч лугаа адил энэ багшийн яриаг амьсгал даран сонсож 3 цагийг өнгөрөөдөг. Ер нь хувь хүний зан чанар хэзээ ч арилшгүй, яаж ч нууж болдоггүй, яриа хөөрөө, инээмсэглэл, алхаа гишгээ биеэ авч яваа байдлаар нь илэрч байдаг арилшгүй Үнэн бодит зүйл юм даа.
Магистрант Гантулга

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин
Эрхэм хүндэт Багш таньдаа
Багш нарын баярын мэнд хүргэе.

Tuesday, January 31, 2012

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг
Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 45 дахь өдрийн баярын мэнд хүргэе

Шавь Цэдэвээс нь

Friday, January 20, 2012

ЭЭЖДЭЭ БИЧИХ МИНИЙ ЗАХИДАЛ


Би өнөөдөр 12 нас хүрлээ. 12 нас хүртэлээ ээжийнхээ өвөрт унтлаа. Ээж минь та их сайхан сэтгэлтэй хүн. Биднийг юу хийнэ ямар зүйл хйиэсн ч хориглоно гэж байхгүй, юу гуйна авч өгөхийг л бодно.
Ямар ч алдаа гаргасан үл зэмлэнэ. Би хэзээ ч ээжээсээ тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг үг сонсож байгаагүй.
Миний ээжийн надад хийж өгсөн зүйл нарнаас том оддоос ч их билээ.
Ямар нэгэн ивээл хаялагын нөлөөн дор, хэн нэгэн хүний сүүдэр дор нийт тогтсон үзэлд захирагдаж түүнээс хамаарч амьдрахыг би үргэлж эсэргүүцдэг. Энэ бол ээжийн минь өгсөн хамгийн том үнэт зүйлийн нэг билээ.
Амьдралд уруудсан ч өндөрт гарсан ч өөртөө болон өрөөл бусдад чин шударгаар хандаж яг л ээж тань шиг ээ тийм хүн болно гэж мөрөөдөж явна хүү чинь. Бас таньтайгаа хамт мянга мянган жил хамт баймаар байна 
Таньдаа хүү нь маш их хайртай шүү.


12 насны төрсөн өдрөөрөө ээждээ
хүү Идэржавхлангаас

Tuesday, January 10, 2012

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Хайрт гэргий халамжит хань чамдаа бичсэн захиагаа багшийнхаа блог дээр тавилаа. 
Сайн байна уу? Миний амьдралын түшиг тулгуур болсон хонгорхон хайрт хань минь. Би чамдаа захидал бичилгүй 25 жил болжээ. Тэртээ 1987 онд чамдаа зориулсан захидлууд минь хайр, мөрөөдлийн үгээр дүүрэн, хүсэмжилж санасан утга бүхий захидлууд байдагсан. Цэргийн залуу би чинийхээ сонин дээр гарсан зургийг харж дурлачихаад, заавал чамтай танилцаж сууна гэж өөртөө амлаж байж, түүнийгээ биелүүлсэн. Харин хэдэн жил өнгөрч, бид хоёр алганы ар өвөр мэт салшгүй болж, зөвхөн жаргалыг сүлэлдүүлэн амьдарч иржээ. Би өнөөдөр чамдаа хайрын тухай бичье гэж бодсонгүй. Зүгээр л чи минь ямар эмэгтэй вэ? гэдгийг хэлэхээр энэхүү захидлыг бичиж сууна.
Ертөнцийн эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, онцлог төрхтэй. Муухай эмэгтэй гэж нэгээхэн ч үгүй. Миний хань тэдэнтэй л адил эмэгтэй. Чи минь миссийн тэмцээнд оролцож, мэргэдтэй цэцлэн ухаан уралдуулж яваагүй ч төгс төгөлдөр, ялдам сайхан ааль, дэндүү нүдэнд дулаахан эгэл даруу дүр төрх, аливаа зүйлийн учир явдлыг таниулан, арга замыг тодорхойлон гаргадаг ухаалаг чанар чинь хэнтэй ч зүйрлэшгүй. Үнэндээ эрдэм мэдлэгтэй, эрхэмсэг дүр төрх бүхий бүсгүйчүүд ямар сайн байлаа ч 25 жил ханилсан чамтай минь зүйрлэгдэх үү? Тийм л учраас ханилсан хань хамгийн сайхан гэдэг нь тэр шүү дээ. Мэдээж сайхан бүхэн цогцолсон, хүний хайлан болсон бүсгүйчүүд миний эргэн тойронд олон байдаг. Тэд сэтгэл зүрх, урам зоригийг минь сэргээн  харилцаж, ярилцаж, хамтран ажиллаж, сурч байгаад маш их баяртай байдаг даа. Миний сайхан хань бүсгүй хүний заяа, тавьлан төөргийг уруудаж биш сөрж яваа нь чамд минь зарим эр хүнд ч байхгүй эрэмгий зориг, эрч хүч байгааг харуулдаг. Сонин юм шүү. Хүнд байх сайхан чанар бүхэн цогцолсон ховорхон бүсгүйг сонингоос олж авсан би азтай эр хүн. Чамайгаа илүү магтая гэхээр хайрын үгс л орж ирээд байна. Чамдаа хайртай шүү. Эглийн эгэл эрхэм хүн, насны ханьдаа үргэлж баярлаж явдгаа хэлж, энэхүү захидлаа өндөрлөе.   Түр баяртай хань минь. Би удахгүй очно оо.

Магистрант Гансүхтэн Г.Батчулуун

Хардах хэрэггүй би чамд үнэнч
Харамлах хэрэггүй би чинийх
Санах хэрэггүй би чамтай цуг
Санаашрах хэрэггүй би чамд хайртай

Сэм сэмхэн чи надруу хараад ч байх шиг
Сэтгэл дотроо нэг юм нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л аргадаад ч байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу?

Нулимснаас гашуун үг байдгийг чи мэдэхгүй
Нууцхан булгилах зүрхэнд хайр байдгийг чи мэдэхгүй
Дусал нулимсанд дурлал байдгийг чи мэдэхгүй
Дуулаагүй дуунд эгшиг байдгийг ч чи мэдэхгүй шүү дээ.

Хорвоо гэдэг хуурамч юм
Хорьсоор байтал чамдаа дасчихлаа
Хайр гэдэг агуу юм
Хажууд чинь байвч чамайгаа санах юмаа...     
Т.Э

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Шинэ өглөөний тунгалаг нарны мишээлтэй хамт чин сэтгэлийн үнсэлт бэлэглэж мэндчилье.
Хөгжил дэвшил техник технологийн эрин зуунд амьдарч яваа та бидэнд бие биедээ захидал бичих ч зав гардаггүй мэт. Учир нь, энэ захидлыг бичихээр бодож суухдаа хамгийн сүүлд хэзээ, хэнд ийнхүү сэтгэлийн гүнээс хөврөх үгсийг буулган захидал бичиж сууснаа санахгүй байна. Магадгүй утасны дуудлага, мейл, мессэж, мессэнжэр гээд захидлыг орлох үүрэг бүхий үйлчилгээ хэт олширсных бас харилцаа холбооны эдгээр аргуудад найдан жаахан залхуурсан надтай ч холбоотой байх. Ингээд бодож суухад захидал бичихээс гадна нүд рүү чинь эгцэлж харж байгаад эдгээр үгсийг хэлчихмээр, гэхдээ зориг хүрэхгүй л дээ.
Юутай ч, нэгнээ магтсан захидал бичих даалгавар авсандаа энэ захидлыг бичиж суугаа юм биш, чин сэтгэлээсээ жинхэнээсээ бичмээр байсан учраас энэ үгс миний сэтгэлээс өөрийн тань сэтгэлд хүрч байгаа гэдгийг хэлмээр байна. Сэтгэлээс гарсан үгс сэтгэлд хүрдэг гэж итгэдэг учраас энэ үгийг хэлж байгаа юм.
Хамгийн ихээр сургууль руу яарах шалтгаан болж, бас сургуулиас салж ядан хоргодох нэгэн учир болж байдаг болохоор энэ захидлыг өөрт тань хаягласан нь учиртай. Хөгжилтэй, бас хөөрхөн, хааяа сахилгагүй ч юм шиг тэр төрхөнд чинь би дуртай. Ямар гоё дуулдаг, бас эвтэйхэн бүжиглэчихдэг, хамт олон дундаа нэр хүндтэй, санаачилгатай, ухаалаг, ойлгомжтой цэгцтэй, чин сэтгэлээсээ ярилцдаг тэр бүх зан чанараар чинь би бахархдаг.
Өнөөдөр бүр хөөрхөн харагдаж байна гээч, өглөө бүр энэ л төрхийг чинь харах гэж гэрээсээ эртлэн гарч, өөрт чинь л гоё харагдах гэж дахин дахин тольдож, сүрчигний чинь үнэрт сэтгэл яардаг гээд бас хэлчихье. Хамт суугаад хичээлээ хийхдээ илүү бүтээлч, урд чинь гараад даалгавраа танилцуулахдаа нүднээс чинь нэг тийм дулаахан эерэг энериг мэдэрдэг.
Магадгүй хэн нэгний хувьд хамгийн хөөрхөн, бас хамгийн сайхан, хамгийн саак, хамгийн гайхамшигтэй давтагдашгүй, хэнтэй ч зүйрлэшгүй залуу нь та, би эргэлзэхгүй байна.
Алхам тутамд минь эмэгтэй хүн гэдгийг минь мэдрүүлдэг Ангийн залуус та нартаа хайртай шүү. Амжилт хүсье.  

 Магистрант Цэсэн.

Friday, January 28, 2011

Ангийн анд Цэцэгсүрэнд Отгонцэцэгээс бичсэн захидал.

Би чамайг манай ангийн хамгийн ажилсаг охин гэж боддог. Өглөө болгон халуун саванд чи л ус дүүргэж байгаа харагддаг.Нэг удаа би цүнхээ ард талдаа тавиад их л эвгүй сууж байтал: “Отгоо эгчээ та цүнхээ энд тавих уу “ гээд миний цүнхийг аваад хажуудаа байгаа сандал дээр авч тавьж билээ. Тэгэхэд би бусдыгаа гэсэн сайхан сэтгэлтэй охин байна даа гэж бодож билээ.Чамд ангийнхаа хамт олны өмнөөс амжилт хүсээд баярллаа гэж хэлье.

Tuesday, December 7, 2010

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Эрхэм  дүү Цэрэннадмид чинийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж,  санасан санаа, хүссэн хүсэл, бодсон бодол, төлөвлөсөн ажил үйлс тань бүтэмжтэй байхыг билэгдэн мэндчилье.
Хэдийгээр бид танилцаад удаагүй, бие биенээ мэдэхгүй шахуу боловч дүү чамайг “Эрхэм” хэмээн хүндэтгэсэн нь тохиолдлын зүйл биш ээ. Эрдмийн энэхүү өргөөнөө шалгалт өгөхөөр цугласан анхны өдрөөс л би чамайг өөрөөсөө ахмад болоод үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зөв боловсон хүндэтгэлтэйгээр харьцаж байгааг харж дүгнэсэн бодол юм.
Өнөөгийн нийгмийн энэ ороо бусгаа үед олон залуус зугаа цэнгэлийг илүүд үзэж, хямд хялбар аргаар амьдрах хүсэл сонирхолтой болчихжээ. Чи бол хотын гудамжаар хэдэн арваараа холхилдож буй тэр л залуусын нэг. Гэхдээ чамд тэднээс ялгарах хувь хүний эмх цэгц, бусдыг хүндэтгэх хүмүүжил, ихийг сурч мэдэх гэсэн эрмэлзлэл, сурсанаа бусдад түгээх хүсэл зориг байна. Харахад эгэл жирийн шавилхан биетэй, хүүхдээрээ төрхтэй боловч, даруухан харц, халуун  сэтгэлээрээ хичээлийн сэрүүхэн танхимд хичнээн дулаан сэтгэгдэл бусдад төрүүлж чаддагаа чи өөрөө мэддэггүй байх.
Ийм халуун сэтгэлтэй, залуу, эрч хүчтэй, ирээдүйд юуг ч бүтээж чадах чадварлаг боловсон хүчинтэй тохой нийлүүлэн сууж, суралцах болсондоо баярлаж сууна. Магадгүй хожмын нэгэн өдөрт эрдмийн оргилд хүрч, төрийн түшээ болсон үедээ хамт суралцаж байсан ангийн эгч миний хичээнгүйлэн бичсэн энэхүү захидлыг дурсаж байгаарай хэмээн өндөрлөе.

Хүндэтгэн ёсолсон
Ангийн анд Ж.Баярмаа


Эрхэм хүндэт эгч Таны энэ өдрийн  түмэн амар амгаланг айлтган мэндчилье.
Бид хүсэл зорилгоороо нэгдэн энэхүү танхимд анх танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Анх шалгалт өгөөд энд уулзахад та яг л миний ээж шиг тийм л дотно надтай харилцаж байсан. Тэр л үеэс эрхэм эгч таны халуун дулаан сайхан сэтгэл, найрсаг зан, хүн чанар тэр бүхний чинь нэгээхэн хэсгийг дүү нь олж харсан юм. Ийм сайхан түшигтэй, тулгатай гайхалтай хүнтэй хамт сурч байгаадаа дүү нь маш их баярладаг шүү.
Мөн өчүүхэн намайг өндрөөр үнэлж, үргэлж урам зориг хайрлаж дэмжиж байдаг таныхаа итгэлийг алдалгүй дүү нь улам бүр хичээх болно оо. Ингээд эгч таныхаа ажил хөдөлмөр, сурлагад тань амжилт бүтээлийн дээдийн дээдийг, амьралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэн ёсолсон
Ангийн анд бас дүү Д.Цэрэннадмид