Тэр үед би нэг их гутарчихсан амьтан явж байж билээ. Тэр үе гэдэг нь Үүрийнцолмонтой анх таарсан тэр өдөр. Тэр жилийн 365 хоногийн жирийн нэг өдөр, жирийн нэг залуу миний жирийн л нэг амьдралын түүхэнд жирийн бишээр жинхэнэ тодоос тод өглөө болгон тэнгэрт гялалздаг тэр нэгэн од шиг өдөржингөө биш ч, ганцаардаж гунисан, гайхсан бодлогоширсон, тийм нэг хүн гэдгээ ухаарах гэсэн, өргөн олны цуваан дундаас өөрөө өөрийгөө эрж хайсан, тийм л их бодлын дунд гэрэл гэгээ татуулан зүрхэн дотор дуулах юм гэж, зүүд мөрөөдлийн завсарт гялбалзах юм гэж, бүхнээс илүү бусдаас түрүүн дурсагдах юм гэж би яахин мэдэх вэ,тэр жирийн нэг өдөр. Нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэсэн, шулганасан бяцхан хүүхдүүд инээж хөхөрсөн, шуугиант их амьдралын жирийн л нэг өдөр байсан.
Харин миний хувьд тэмдэглэлтэй өдөр. Гэхдээ “хараар”. Осолгүй үерхдэг бүсгүйдээ гомдчихоод, үнэн сэтгэлийн хайр гэж ийм байдаг хэрэг үү ч гэх шиг, нэг тийм меланхолик бөгөөд пессимист өнгө аясаар дүүрэн амьтан санаа алдах тоолондоо нэг шат мацаж, байгууллагынхаа шатыг амьдралын дааж давшгүй их уул нуруу мэтээр төсөөлөн өгсөж явлаа. Өөдөөс хэн нэгэн ирж явааг мэдэж байсан ч өөрийнхөө өчүүхэн ертөнцдөө гомдоллож гунисан “бацаанд” захирал маань ч ирж явна уу, их хурлын гишүүн ч ирж явна уу хамаа үгүй ээ. Уурлаж бухимдахаараа хэн нэгэнтэй “мөргөлдөж” байж санаа амардаг энэ тэнэг зангаа засах юмсан гэж.
- Уучлаарай...
Өөрийн эрхгүй мөргөлдчихсөнийхөө дараа ингэж шивнэлээ. Тэр өөдөөс ирж явсан хүн захирал маань ч биш, их хурлын ч гишүүн биш. Өндөр гоолиг бие хаатай, зөөлөн бөгөөд гайхсан харцтай, тэр “бүүвэйлсэн” харц нь гулсаж тоглодог байх гэмээр урт сайхан тас хар задгай тависан үсээ яаралгүйхэн мөрөн дээгүүрээ “шидлэх”” сайхан “амьтан” байлаа.
- Зүгээр ээ. Харин гайхлаа.
Тэр бүсгүй яарч явсан бололтой. Би дөнгөж саяхан “үсэрхэд” бэлэн явсанаа мартчихсан, хэд шат алгасч харайгаад, үүдний ажилтан дээр очих нь тэр.
- Сая хэн гарч явсан бэ?
Хөөрхий нарийн бичиг, үүдний жижүүр, лавлах, цаг бүртгэгч гээд бүхнийг зэрэг амжуулдаг, тийм ч учир жоохон будилуу болчихсон үүдний ажилтан маань сандрах нь тэр. Байгууллагынхаа харуулын үүрэг давхар гүйцэтгэх ёстой гэж боджээ.
- Таны юу алга болчихсон байна?
- Миний зүрх, миний сэтгэл.
Жаал тайвширсан ресепшн бүсгүй над руу нэг хөмсгөө өргөн байж их л жоготой гэгч нь:
- Ямар романтик юм бэ? Тэр бүсгүй манайд өнөөдөр ажилд орсон. Гэхдээ найз залуутай юм билээ. Өглөө хүргэж ирж байна лээ. Эрчүүд ээ гэж яахаараа ийм сохор байдаг байнаа, сайхан чөлөөтэй бүсгүйчүүд эргэн тойрон зөндөө байхад...
Тэгвэл бид хамт нэг байранд нэг байгууллагад ажилладаг юм байна. Ингэж бодож зогсохдоо би олон жилийн хойно энэ мөрүүдийг бичнэ гэдгээ мэдсэн бол. Араас нь гүйж очоод аятайхан “мишээж” байгаад ч болтугай болзох гэж оролдсон бол, эсвэл ажлынхнаасаа ичиж санаа зовж маргааш нь битгий хэл нөгөөдөр нь тэгээд тэр байгууллагаа орхиод явахдаа хүртэл мундаг хариуцлагатай, хүний найз бүсгүй оролддоггүй мундаг хүний царай эсгээгүй бол, бас дээр нь уйлаад дуулаад ирсэн найз бүсгүйгээ уучлаагүй бол...Гэхдээ харамсдаггүй ээ. Гуних бөгөөд мэлмэрэх цагт дэргэд байгаагүй ч сэтгэлд минь яг өөрийнхөө тэр л энгийн бөгөөд эгэлхэн дүрээ мөнхөлж чадсан тэр бүсгүй “тэнгэрт” гялалзсаар л байлаа. Гайхамшигтай гэж.
Бас л хэдэн жил өнгөрчээ. Бид нэг удаа утсаар ярив. Ажлын шаардлагаар. Тэнэг байгаа биз. Тэвэртээ багтаах гэж оролдоогүй юмаа гэхэд тэр нэгэн одны зүг үргэлж тэмүүлж явсан байж, нэг удаа залгадаггүй юмаа гэхэд, нэр дугаараа нууцлаад мессэж бичих гэж зориглоогүй мөртлөө, байдаг л нэг муу авилгалчины өмнөөс тэрний ажлыг амжуулах гэж залгаж байгаа юм даа. Гэхдээ би ичсэн юм шүү. Тэгээд ч тэр нөхрийг өмөөрөх хүсэл байсангүй. Яриа маань товчхон бөгөөд хурдхан өнгөрөв. Би утсаа таслахын түүс. Тэр үедээ би энэ мөрүүдийг бичих ёстойгоо ойлгосон байх. Би бусдын өмнөөс биш өөрийнхөө өмнөөс амьдарч яваагаа ойлгож эхэлсэн байх. Ичиж халуун оргиж байсан хацар, чичирж байсан хоолой, өөрийгөө хэн бэ гэдгийг хаанаас хаа зорьж яваа хүн бэ гэдгээ таних эхний алхам байсан байхаа.
Тэгээд би юу чаддаг билээ гэж бодов. Би зууны мянганы биш юмаа гэхэд зуурхан тэр цаг мөчид зүрх сэтгэл маань юу хүсэж байгаагаа бичиж чаддаг гэж боддог. Тэгээд бичлээ. Түүнийгээ харин өөрөө өөрөөсөө нуучихсан. Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ гэж бодлоо. Өргөн уужим ч гэлээ энэ дэлхий дээр миний гэх багтаж шингэх газар олдохгүй болох цаг хэзээ гэдгийг ч би мэдэхгүй мөртлөө нуугаад л байдаг. Амьдрах сайхан амьдрал баялаг гэж хэлэх дуртай мөртлөө хэн нэгэнд гомдож туних, хэтэрхий их юм бодсондоо ч тэр үү, амьдрал ахархан амьдрах муухай гэж бодох тэр цагт тэр нэгэн од миний орь их ганцаардаж байгааг мэдсэн мэт тэнгэрийн зайд хараа булаан өчүүхэн ертөнцийг минь чимэглэх нь юутай сайхан. Хүрч үл чадах тэр нэгэн од Үзэсгэлэн гоогоо надаас нуугаагүй байхад, хүй их амьдралын дайд өөрийгөө ч олоогүй яваа байж, би сэтгэл зүрхээ нуухын учир юу билээ. Бусад хүн жаргах гэж зүтгэдэг байхад, будилуу үхэр шиг би зовох гэж нуугдах хэрэг юун.Удахгүй үүр цайна даа, Үүрийнцолмон минь. Найдлага горьдлогын нүдээр чамайг тольдох олон олон өчүүхэн амьтдын нэг намайг тээр холоос бас тээр дээрээс олж харахыг бодоорой. Би нуугдахгүй ээ. Үүр цайж байна даа...
--------------------------------""""---------------------------------"""------------------------
Багш нь баяр хүргэе Арман аа. Өөрийгөө олсонд чинь, Үүрийн цолмонгоо таньсанд чинь, Үүр цайхыг хүлээж байгаад чинь чиний өмнөөс баяртай байна. Эр хүн гэдэг энэ хорвоод энхрий үрсийн эцэг болж, эрхэмсэг бас бүүр хэт ихэмсэг бүсгүйг ч өөрийн болгож чаддаг учраас л тэднийхээ төлөө эх орноо хамгаалах Баатар байдаг. Бас сүүлийн хэсэг нь бүүр илүү таалагдлаа. "Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ" гэдгээс өгсүүлээд. Энэ сайхан түүхийн хамгийн анхны сонсогч, уншигч болсондоо баяртай байна. Бүжээ багш нь