Далай
хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их
далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж
авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том,
хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л
олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал
ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа. Хүн
өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж,
амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж,
ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү
ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа
хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод
утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л
байгаа бол ухаалаг
зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл
зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай
зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо. Энэ бүхнийг
өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ
хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.