Saturday, May 8, 2010

АЛГАН ДЭЭР МИНЬ ТЭНГЭР ДУСАА ХАЙРТ МИНЬ

Алган дээр минь жаахан тэнгэр дусаа, хайрт минь
Амталж үзье, үүл хөвсөн тэнгэрийн хэсэгхэнийг!
Аятайхан цэнхэр амт, амьсгааг минь зөөлрүүлнэ
Алган дээр минь жаахан тэнгэр дусаа, хайрт минь!

Нарны шаргалхан дусал жаахныг хайрла, амраг минь
Надад өөр юм хэрэггүй нарны жаахан хэсгийг хүлхэе
Амандаа чихэртэй хүүхэд шиг хөгжин баясахад
Амраг минь, надад дусал нар л хэрэгтэй байна.


Ганц ширхэг нов ногоохон од өгөөч, хайрт минь
Ганган бэлзэг болгон хуруундаа зүүе
Гэрэлт одны жижигхэн хэлтэрхий гялтганаж
Гэр минь орж гарагсдыг баясгаг, хайрт минь!

Өөр юм хэрэггүй, жаахан инээмсэглэл өгөөч!
Өрөөл бусдад инээдмийн тунгалаг дусал бэлэглэе
Өргөн хорвоод хүмүүсийн уруул дээр тэр инээмсэглэл
Өнгийн цэцэг шиг дэлбээлж байг, хайрт минь!
О.Дашбалбар 1982 

No comments: