Wednesday, May 12, 2010

Блогийн гишүүний бичлэг : БИ ЭГЭЛ ХҮН

Би-эгэл хүн! /О.Дашбалбар/

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!



Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.
Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!
Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нөхдөдөө тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!
Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.
Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!
Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!
Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хөнгөрч, өнийг мөрөөддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай өдөр шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бөмбөрөн байхад
Хүний мөсөө би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...
Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндөө баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднөм...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

1 comment:

Anonymous said...

Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!
Ene uneheer goy mor bnaa.Hun bur alganii honhort ul togtoh booronhii buu bgaasai.Am hudlaa yridag ch setgel hudal heldeggui,unen setgel gedeg yutai saihan.