Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын нутаг нэгд нэгэнгүй тодрох юм.
Өргөн Ширтийн зуслан нүдний өмнө илхэн
Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон
Гучин жилийн тэртээ яг л байсан газраа
Гурвалжин хөх чулуу явсан ч үгүй янзаараа
Хэн нэгний морь аргамжаатай байгаа санагдана
Хэнзхэн ногооны үнэр анхилж байх шиг бодогдоно.
Унаа морио бөхлөхтэйгөө болж дээ хүү минь гэж
Урамшуулж хэлсэн эцгийн үг
Бядгүй балчирхан насны минь бяцхан гарын оромтой цуг
Аргамжааны тэр л чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй.
Тоомойн Очирхүү. 1978
No comments:
Post a Comment