Friday, January 28, 2011

Ангийн анд Цэцэгсүрэнд Отгонцэцэгээс бичсэн захидал.

Би чамайг манай ангийн хамгийн ажилсаг охин гэж боддог. Өглөө болгон халуун саванд чи л ус дүүргэж байгаа харагддаг.Нэг удаа би цүнхээ ард талдаа тавиад их л эвгүй сууж байтал: “Отгоо эгчээ та цүнхээ энд тавих уу “ гээд миний цүнхийг аваад хажуудаа байгаа сандал дээр авч тавьж билээ. Тэгэхэд би бусдыгаа гэсэн сайхан сэтгэлтэй охин байна даа гэж бодож билээ.Чамд ангийнхаа хамт олны өмнөөс амжилт хүсээд баярллаа гэж хэлье.

БАГШ НАРЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ

Оюутны ширээнээс дөнгөж төрсөн нялх, түүхий судлаачийг өлгийдөн авч ажил амьдралын минь гарааг эхлүүлсэн Боловсролын хүрээлэнгийн захирал, ачит багш доктор профессор Н.Бэгз болон 10 жил эрдмийн аянд хамт зүтгэсэн Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач багш, найзууддаа

Улс төрийн Боловсролын Академи, түүний салбарууд, "Либерти", "Боловсрол", "Засагт Хан" дээд сургуулийн багш нар, эрдмийн зөвлөлийн гишүүддээ
БАГШ НАРЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ.
Эрдэм түгээх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа зориулсан Монголын багш нарын
ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.

Wednesday, January 19, 2011

ҮНЭГҮЙ ЗҮЙЛ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ

Хулгана  хоолоо олж идэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөхдөө амьдралаас олон зүйлийг суралцаж, өөрийн гэсэн ертөнц, үнэт зүйлийг бүтээдэг. Гэвч үнэгүй юманд дурлаж зүтгэхээрээ  амьдралын зорилго, үнэт зүйлсээ алддаг байна. Харин хулганын дурлаж зүтгэсэн үнэгүй бөгөөд амтат бяслаг зөвхөн хавханд л байдаг ажээ.    

Friday, January 7, 2011

НАМАЙГ ТӨРҮҮЛСЭН ЭЭЖ ААВ ХОЁРТОО

Өнөөдөр миний төрсөн өдөр. Энэ хорвоод эрдэнэт биеийг минь төрүүлсэн ээж аав хоёртоо хамгаас их хайртай гэж энэ өдөр хэлмээр байна. Та хоёр минь эрүүл энх урт удаан наслаж үр биднийгээ үүрд ивэж яваарай гэж хүсье. Ийм мөнхийн хүсэл хүн бүрт л байдаг байх даа.  Бяцхан охиныхоо уйлах чимээнээр ээж, аав гэдэг эрхэм алдрыг хүртэж 19 хөн настай аав ээж болохдоо хязгааргүй их жаргалтай байсан гэж ээж аав минь ярьдаг юм. Нээрээ л би төрсөн тэр өдрөө л ээж ааваа нэг баярлуулж дээ. Түүнээс хойш одоо ч гэсэн эмээ өвөө болгочихоод аав ээжээ зовоосоор л явна.
Аав ээж хоёр маань гэр бүл болоод намайг төрүүлэхэд нь хүмүүс хоёр жоохон хүүхэд суугаад хүүхэдтэй болж байна гэж ярьж байсан гэдэг. Удалгүй аавыг маань цэрэгт татах болоход ээж бид 2-ийг орхиод явж чадалгүй аав маань цэргийн албанаас зугатаахаар шийдэж, нэг ч таних хүнгүй Архангай аймаг руу гэрээ ачаад нүүсэн гэдэг. Замдаа явж байтал нь машин нь эвдрээд 3 дахь хоног дээрээ арга буюу ээж бид 2-ийг замын машинаар явуулж л дээ. Ээж маань намайг дагуулаад  замын жолооч ахаас гуйж таних айл байхгүй нөхрөө иртэл танайд хүлээж байя гэж гуйгаад тэр айлд бүтэн сар аавыг хүлээсэн гэдэг. Тэгээд өдөр бүр намайг дагуулаад  зам дээр очоод суудаг эсвэл хашаан дээр гарч суугаад л зам ширтэж өнждөг байсан гэж ярьдаг юм. Нэг өдөр тэгж хашаан дээр сууж зам ширтэж байгаад хажуу тийшээ харсан чинь би байхгүй байж гэнэ. Гайхаад хартал уначихсан газар хэвтэж байсан гэдэг. Тэгээд духандаа шарх авсан миний шархыг аавыг ирэхээс өмнө яаж эдгээх вэ гээд л хамаг аргаа барж, нэг сарыг өнгөрөөсөн гэдэг юм. Тэр шарх одоо ч гэсэн миний духанд байдаг. Харин хүмүүс үрчлээс гэж боддог л доо. Толинд харах болгондоо би энэ түүхийг санадаг юм. Тэгээд төрсөн өдрөөрөө блогтоо бичиж та бүхэнд хүргэж байна. 
Хүмүүс надад ямар нэгэн байдлаар баярлаж, талархснаа хэлэхэд би ээж, аавыг аа боддог юм. Багшийг маань төрүүлж, бидэнд илгээсэнд баярлалаа гэж миний олон шавь нар  Та хоёрт минь мөргөн залбирдаг юм шүү.  Энэ дэлхийн сайхан сэтгэлт хүмүүст нэгэн анд  төрүүлж,  энэ хорвоод  эрдэнэт нэг хүнийг бэлэглэсэн энэ өдрийн баярыг та хоёртоо хүргэе.
Амин зүрхний минь хоёр нандин шүтээнийг
Алтанхан хорвоод бэлэглэсэн хүйн нандин холбоо 
Аав ээжээс минь эхтэй.

Sunday, January 2, 2011

ХҮЙН ГУРВАН ХОЛБООС

/Аав ээж, хүүдээ зориулах шүлэг/
Үр минь чинийхээ төлөө үхтлээ шаналахдаа би
Өрлөг хатан ээжийнхээ өтөлсний учрыг мэдлээ.
Хүүгийнхээ төлөө би зүрхэн нулимс унагахдаа
Хөөрхий муу аавынхаа хөгширсний учрыг мэдлээ.
Уйлж инээсний минь ороор нүдний минь буланд нуугдах
Эгэл хэдхэн зураасыг тольдож суухдаа би
Төрүүлж өсгөсөн аавыгаа зовоож, шаналгаж  ханалгүй
Түмэн үрчлээт зургийг нүүрэнд нь урласнаа ухаарлаа.  
Золбоолог төрсөн ээжийнхээ
Залуу сайхан насыг
Үрж дуусгасан хүн нь
Би юм шүү хүү минь
Хат суусан аавынхаа
Нулимсан дуслыг бөмбөрүүлж,
Зүрхийг нь өмөлсөн хүн нь
Би юм шүү хүү минь.
Үрийнхээ төлөө эх хүн өөрийгөө үрж дуусдагийг
Хүүгийнхээ төлөө эцэг хүн хичнээн тэвчээрээ бардгийг
Хүү минь чи ухаараарай.
Бурханы хишгээр төрүүлсэн хоёр хүүгийнхээ төлөө
Хайр энэрлээ дийлэхгүй сэтгэлдээ шаналж суухдаа
Хорвоод чухам хэнд өртэйгээ дахин ухаарлаа ээж нь.
Амин зүрхний минь хоёр нандин шүтээнийг
Алтанхан хорвоод бэлэглэсэн хүйн нандин холбоо 
Аав ээжээс минь эхтэй.
Зөрмөгхөн хорвоод эгэл биеийг минь төрүүлж,
Жаргал зовлонг даах эрдэм чадлыг заяасан
Жаранг элээсэн ээж аав хоёрыгоо
Жаргаах цаг байна уу ээжид нь
Энхрий хоёр нандин үр минь ээжийгээ л баярлуулж байвал
Эмээ өвөө хоёрыг чинь жаргааж чадах нь ээ ээж нь
Ээжийнхээ мэндэлсэн энэ л өдрөөр чи
Эмээ өвөөдөө мөргөх ёстой шүү хүү минь.

Saturday, January 1, 2011

ЭЭЖИЙН ХАНХҮҮ


Өхөөрдөм хөөрхөн үр минь эжээсээ өндөр болсон ч
Өнөөх л бүүвэйн хайрандаа өлгийтэй мэт л санасаар,
Үрийнхээ дууг сонсоод өөрийгөө хатан хаан мэт санаж
Би хүүтэй хүн шүү гэж хайраар омогшихдоо
Бүгээн  хорвоогийн зовлон, гунигийг мартдаг.
Цэцэг шиг залуу насанд минь  хайр зарлаж гүйсэн
Цэмцгэр ганган залууг битүүхэн дотроо голж 
Үлгэрийн сайхан хан хүүг мөрөөдөж явсан ээжид нь
Тэнтэр тунтар алхсан хөөрхөн нялх үр минь л
Тэнгэрийн хан хүү дүрээрээ мөн байлаа.
Эрдүү залуу насандаа бардсан
Эцгийнхээ ховор нулимсыг
 дагуулж ирсэн хүү минь
Ээж аавдаа чи 
НАНДИН ЭРДЭНЭ шүү.