Thursday, February 26, 2015

Эрдэмтэн бүсгүйчүүд ....

Хүмүүс хувийн эрх ашгийг илүүтэй чухалчилдаг болсон, мөнгө эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран хөөцөлддөг болсон сөрөг хандлага нийгэмд улам газар авсаар байна.  Нэг хэсэг маань мэдээлэл авах, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээгээ хангаж чадахгүй, сэтгэл хангалуун сайхан амьдарч чадахгүй түүнээсээ болоод эрх нь зөрчигдсөөр байна. Нийгэмд бухимдал, үл итгэлцэл газар авсаар, сайн сайхан гэхээсээ илүү болохгүй бүтэхгүй муу муухай зүйлийн талаарх мэдээлэл сошиал медиад илүү их цацагдсаар ...

Нэгэн удаа миний бие хөдөө орон нутагт дан малчин эмэгтэйчүүдэд "Нөхөрлөл байгуулахын тулд хамтрах, багаар ажиллах, манлайлах ур чадварт сургах хичээл орсон юм. Тэр үед эмэгтэйчүүд маань ямар зүйлээр дутагдаж байгааг мэдэрч, тэдний нүдний галыг ажигласан юм. Нөгөө талаар "Багш аа шинэ мэдээлэл авмаар байна. мэдлэг оюунаа тэлмээр байна. Өөрсдийгөө хөгжүүлж, нийгэмд санй сайхан зүйл бүтээмээр байна" гэж маш олон залуучууд, эмэгтэйчүүд бидэнд ханддаг.  

Чухам ийм л үед хүмүүсийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо гаргах, түүнийхээ төлөө тодорхой бүтээлч үйл ажиллагааг явуулах нь эрдэмтэн, багш хүний нэг үүрэг юм. Шударга ёсыг ярьдаг, уриалдаг, шаарддаг, бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө эмэгтэйчүүд залуучуудын хөгжлийг дэмждэг тийм үйлсэд нэгдэцгээе гэж миний бие санаачилга гаргаж, найз хэдэн эрдэмтэн бүсгүйчүүдээ уриалсан юм. Эхний ээлжинд бид өөрсдийн сурсан судалсан мэдлэг мэдээллээ залуучууд, охид бүсгүйчүүддээ хүргэх болно. Түүний зэрэгцээ өөрсдийгөө ч хөгжүүлэх шинэ соргог санаачлагуудыг гаргаж ажиллахаар зориг шулуудад байна. Миний хувьд үнэтэй цайтай зүйл эдэлж хэрэглэхдээ биш, үнэ цэнэтэй амьдрахыг хүсдэг. Ийм л хүслээр эрдэмтэн бүсгүйчүүд маань нэгдэж байна. Дэмжин оролцох бүх хүмүүст нээлттэй. 


No comments: