Monday, June 29, 2015

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ 12

"Уран шувууны амьдрал"-ыг бичилгүй уджээ. Өмнөхийг нь уншаагүй хүмүүс миний энэ блогоос уншиж болно шүү. 

Уран шувуу гайхалтай холын аяндаа сэтгэл шулуудан гарсан тэр цагаас олон газраар явж, сонин хачин зүйлүүдтэй таарч, сайхан түүхээ улам баяжуулсаар байлаа. Амьдралд өгсөн түүний хайр энэ он жилүүдэд хагасарч дундарсангүй, харин ч урт холын аяны хүнд хэцүү өдрүүдэд итгэл сэтгэлийг нь хөгөлсөн гэрэлт дэнлүү болж байлаа. Ганц жижигхэн шувуу алс холын аяндаа түүртэж, шантрах үе байсан ч анх л үүрч гарсан тэр зорилго хүсэл мөрөөдлөө хаялгүй урагшилсаар... Энэ хугацаанд Уран шувуунд бидэнтэй хуваалцаагүй олон түүх бий болсны нэгийг нь Та бүхэнд толилуулж байна.

Урт холын аяндаа алжааж ядарсан Уран шувуу нэгэн сайхан нуурын хөвөөнд иржээ. Хаяа хэсгээрээ зарим газар жаахан замагтай, алсуураа тэнгэрийн хаяаг хөвөөлөн мэлтэлзэх энэ нууранд чухам яагаад ирэх болсноо ойлгосонгүй. Бодохноо хэн нэгний дуудлагаар ирсэн санагдана. Нуурын хөвөөнд нилээд хэдэн хоног саатаж аяллынхаа хэдэн өдрийг өнгөрөөхдөө энэхүү содон ертөнцийн талаар нилээд зүйлийг мэдэж авчээ. 

Ажаад байхнээ энд цугларсан шувууд олонхи нь үндсэн хоёр том бүлэгт хуваагдсан байлаа. Бас зэрэг зиндаагаараа ихээхэн ялгаатай. Гэсэн ч ачир дээрээ ялангуяа томчууд нь нэг л тогооноос хооллож байв.

Энэ нууранд эрдэм боловсрол, ур чадвар, ёс журам, шударга зан чанарыг нийтээр эрхэмлэх боловч, нөгөө ялгараад буй хоёр бүлгийн нэг хэсэг нь ийм нөхдөөсөө нилээд дөлөх, түлхэх хандлагатай, нөгөө бүлэг нь харин ийм нөхдийг эрж хайж, хамтрах шинжтэй байх ажээ.  Өөр олон том ялгааг олж харсаныг Уран шувууны дараагийн түүхээр өгүүлье юу. 

No comments: