Tuesday, January 15, 2008

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ УРЛАГ

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ӨӨДРӨГ АМЬДАРЦГААЯ

Эргэх хорвоод эрдэнэт хүмүүний биеийг олж төрсөн хэн боловч ганц олдох насандаа аз жаргалтай, сэтгэл өөдрөг, утга төгөлдөр амьдрахыг хүсдэг. Сайхан амьдрал, сайн нөхөд, аз жаргал амжилт бүтээл рүү биднийг дагуулдаг гол хүчин зүйл вэ. Хамгийн түрүүнд хүний өөрийн эрдэм чадал, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө удирдан жолоодох арга ухаан гэж би итгэлтэйгээр хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хайрлаж, /өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийн “би”–г бусдад сөргүүлэн тавих гэсэн үг биш юм/ өөрийгөө шүүмжилж, өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрдэг. 
Өөрийгөө хайрлах эрдэмд “эрүүл амьдрах”, “эрүүл мэндээ хамгаалах” чадвар чухал байр суурь эзэлдэг. Гэвч бид өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндийн талаар маш бага санаа тавьдаг шүү дээ. Эрүүл, эрч хүчтэй амьдрах урлагт суралцахад дараах 4 зарчмыг баримтлах хэрэгтэй.
Сэтгэлээр баян байх
2. Дасгал хөдөлгөөнөөр байнга хичээллэх
3. Зөв хооллох
4. Хорт зуршлаас тагалзах /архи тамхи/
1. “Санаа сайн бол заяа сайн”.
Сэтгэлээр баян байхын тулд зөв санаа, сайхан сэтгэлээр аливаа бүхэнд хандаж байх хэрэгтэй. Хүний амьдрал тэр бүр санасаар байдаггүй ч ямар ч бэршээл тулгарсан сэтгэлээр өөдрөг байж, маргаашаа зөв угтан харж, зөв төлөвлөж, гэрэл гээтэй зөгнөл мөрөөдлөөр амьдралаа баяжуулж, түүнийхээ төлөө тэмцэж чадсан хүн л амжилтанд хүрч, сайхан амьдардаг. Хүнд муу санадаггүй, андынхаа алдааг уучилж чаддаг, уужуу тайван сэтгэлтэй байвал та өөрөө сэтгэл амар амьдарч чадна. Ихэнхи хүмүүс өөрт нь муу хандсан, санаатай санаагүй байдлаар муу зүйл хийсэн хүмүүст өш санах гээд байдаг. Тэгвэл “өшөө авалт” биш “уучлал” л дайснаа ялах хамгийн том ялалт байдаг гэдгийг санаарай. Хэзээ ч сэтгэлээр бүү уна, гутарч гуних гэдэг бол таны мөнхийн дайсан. Хэзээ ч хүнд битгий муу санаж бай. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг биз дээ.
2. “Идэвхитэй хөдөлгөөн –эрүүл мэндийн үндэс”
Хүн амьдралынхаа туршид өдөр тутам идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар эрүүл чийрэг байхаас гадна өөрийгөө илүү сайн мэдэрч, баяр баясгалантай амьдардаг. Байнгийн хөдөлгөөнтэй, биеийн хүчний ажил эрхэлдэг байсан ч та дасгал хөдөлгөөнөөр заавал хичээллэж байх хэрэгтэй. Ингэснээр илүү их эрч хүчтэй байна. Булчин шөрмөс, бие бялдар чинь зөв хөгжинө. Сэтгэл гутрал, таргалалт зэрэг сүүлийн үед биднийг зовоодог болсон өвчнүүдээс та айхгүй болно. Зүрх судасны өвчин, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчин эмгэгүүдээс сэргийлж чадна. Бас түүний хажуугаар гоо сайхан таныг хэзээ ч орхихгүй. Та итгээрэй.
3. “Дуртай хоолноосоо татгалзүйгээр зөв хоолоцгоое”
Зөв хооллох нь эрүүл амьдрахын чухал нэг үндэс. Гол нь хичнээн дуртай байлаа ч таргалуулдаг гээд татгалзах биш харин олон төрлийн хоол, жимс ногоо, хүнсний зүйлийг зохистой зөв хэрэглэх шаардлагатай. Үүний тулд
- хоолны ихэнхи хэсэг нь хүнсний ногоо байх
- хичнээн боломжгүй байлаа ч өдөрт жимсийг заавал хэрэглэж байх. Ядахдаа 1 ширхэг алим, 1 аяга жүүс уух хэрэгтэй.
- Махыг зөв хэрэглэх
- Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
- Загас тахиаг 7 хоногт нэг удаа заавал хэрэглэх
- Илчлэг ихтэй чихэрлэг, гурилан бүтээгдэхүүн, амттанг бага хэрэглэх
- Амьтны гаралтай тос бага хэрэглэж, ургамлын тосыг чухалчлах
- Аль болох шарсан хуурсанаас татгалзаж, жигнэж болгож идэх
- Гурван цагааны хэрэглээгээ хязгаарлах
- Буцалсан ус уух
4. Тамхи, архины хэрэглээгээ багасгах-таны өөртөө болоод гэр бүлдээ оруулах хөрөнгө оруулалт
Тамхи, архийг хүн сэтгэл ханамжийн баталгаа гэж үздэг. Гэвч энэ маань заавал ямар нэгэн асуудал үүсгэдэг шүү дээ. Үүнийг сэтгэлдээ болгоож, өөрийгөө удирдаж залж, зохистой хэрэглээг өөртөө төлөвлшүүлж чадвал та “агуу хүн”.
Тамхинд хорт хавдар үүсгэдэг 40 гаруй төрлийн химийн бодис байдаг бөгөөд тамхи эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлдэг байна. Та тамхийг аяснаар:
· Уушигандаа илүү их агаар амьсгална.
· Цусны эргэлт сайжирна.
· Зүрхний өвчний эрсдэл 2 дахин багасна.
· Уушигны хорт хавдраас сэргийлэх боломж 3 дахин нэмэгдэнэ.
· Сексийн чадавхи сайжирч, эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний үйл ажиллагаа илүү эрч хүчтэй болдог гэнэ.
Архины хор хөнөөлийн талаар бид бараг өдөр тутам ярьдаг ч тэр бүр амьдралд хэрэгжүүлж чаддаггүй. Тэгвэл гол нь зөв зохистой хэрэглээг чухалчлах хэрэгтэй юм байна. Эрэгтэйчүүд 7-14 хоногт эрүүл мэнддээ ямар нэгэн хор учруулалгүйгээр 1 стандарт согтууруулах ундаа хэрэглэж болно гэж мэргэжилтнүүд үздэг. 1 стандарт уулт гэдэг нь дараах хэмжээтэй байдаг байна.
· 280 мл орчим жирийн шар айраг /3-5 хувийн спиртийн агууламжтай/
· Жижиг стакан дарс /9-10 хувийн спиртийн агууламжтай/
· 30 мл хатуу согтууруулах ундаа /30 орчим хувийн спиртийн агууламжтай байх/
Коньяк, ликёр, виски гэх мэт хатуу дарс хэрэглэхээ зайлсхийх хэрэгтэй гэнэ. Нэг удаа 1-2 аяга пиво уух нь зүрхний үйл ажиллагаанд хортой нөлөөлдөггүй харин 4 хундага архи, хатуу дарс болон 2-оос илүү аяга пиво уух нь даралт ихсэх, цус харвах болон бусад шалтгаанд хүргэдэг байна.
Архийг ихээр хэрэглэснээр даралт ихсэх, элэг хатуурах, жин нэмэгдэх, хавдар тусахаас гадна сэтгэл гутралд автах, бэлгийн сулралд орох эрсдэлтэй байдаг гэж эмч нар зөвлөж байна. Иймд спиртийн агууламж багатай шар айраг хэрэглэх, хатуу архийг зөөлрүүлж уух, бага уух, уухаасаа өмнө хоол идэх хэрэгтэй гэнэ. Мэдээж стандартаас илүү гаргахгүй байхыг чухалчлах ёстой.Туршаад үзэж яагаад болохгүй гэж залуусаа.
Бид энэ бүх асуудлаар цаашид хамтдаа илүү ихийг ярилцах болно. Таны эрүүл мэнд таны гарт. Эрүүл байвал амьдрал таны гарт . Амжилт хүсье. Урагшаа.

No comments: