Thursday, April 26, 2012

Гое өглөө

Өнөөдөр ер бусын өдөр. Дөнгөж орж ирээд PC-гээ асаатал цахим шууданд маань эзнээ хүлээж ядсан шинэ захидал анивчина. Цөөн хэрнээ маш гайхамшигтай үгсийг дайсан тэр захидлын мөрөөр нэгэн блог руу яаран дөтлөв. Тэр үнэхээр миний бодож байсан шиг, түүнээс ч илүү гайхамшигтай хүн юм. Өчигдөр орой миний илгээсэн захидлыг яг над шиг ингэж яаран уншсан гэдгийг би сайн мэдэж байна.
http://miniikh.blog.gogo.mn/read/entry391978 Ийшээ ороод комментуудыг нь уншаарай.

Wednesday, April 25, 2012

Блогийн гишүүд бичиж байна: Багштайгаа найзалж болохгүй гэж үү?

Хүн хүнээр үргэлж дутаж явдаг сэтгэлийн амьтан. Цээнээ бол цаг ямагт найз нөхдөөрөө дутаж, тэднийг үгүйлж, санаж явдаг. Бас тэднийхээ дэмэнд, сэтгэл зүрхнээсээ гэрэлтэж амьдардаг. Найздаа, бусдадаа туслахаар өөрийнхөө мөрөөдөлд улам бүр ойртож, алхам алхмаар амжилт ирж байгааг мэдэрдэг. Тийм учраас найз нөхдийнхөө хүрээг үргэлж тэлж, тэднийхээ төлөө боломжит бүх л цаг заваа зориулахыг хичээдэг. Хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хэрэгтэй хүн нь байна гэдэг хамгийн чухал. Тэгээд ч шинэ найз нөхдөөр хүрээгээ тэлнэ гэдэг над шиг хүнд бол амьдралын бас нэгэн утга учир. Энэ удаа нэг хүнтэй найзламаар байгаагаа л бичих гэсэн юм.
Өнгөрсөн өвөл Бүжидмаа багш намайг өөрийнхөө блогт юм бичиж болно гэж санал тавьсан юм. Багш нарын баярын үеэр л дээ. Тухайн үед боломж байгаагүй. Би тэр хүнээр хичээл заалгадаг оюутан нь байж, өөртэй чинь найз болмоор байна гээд бичээд өгчихвөл яаж ч бодсон зүйд нийцэхгүй. Харин одоо би сургуулиа төгсчихлөө.
Багш нарын баяр өнгөрсөн ч гэсэн багшдаа баярын мэнд хүргэе. Бас баярлалаа гэж хэлмээр байна.
Яагаад тийм уянгалаг намуухан дуутай, намбатай зөөлөн алхаатай, бас тийм гоё өнгөлөг, хайр татмаар байдгийн чинь нууцыг бараг мэднэ. Тийм болохоор  л таны шавь байхаас гадна найз чинь баймаар байна.
Бүжидмаа багш аа, та зүгээр л өөрийгөө мэдэрч, өөрийгөө сонсч, зүрх сэтгэлээ дагаж амьдардаг тийм гайхамшигтай эмэгтэй. Бас үргэлж сайн сайхныг түгээж, бусдад хайр, халамж, эрч хүч, урам зориг өгч явдаг ховорхон эмэгтэйчүүдийн нэг. Сайн багш энэ тэр гэж магтахгүй ээ таныг, мэдээж, тэр үгийг та өдөр болгон сонсдог, оюутан бүр чинь л тэгж хэлдэг байж таараа.
Харин та бол жинхэнэ хүн. Гэхдээ энэ үгээр хүн чанар, хэлсэндээ хүрдэг байх энэ тэр гэсэн уламжлалт ойлголтуудыг бус өөрийгөө мэдэрсний чинь утга учрыг л хэлэх гэсэн юм.
Орчлон ертөнцөд түрхэн зуур, гэхдээ хэдий хугацааны томилолт өвөрлөн ирснээ мэдэхгүй ч энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа хүмүүн бид бүгдээрээ сайн сайхныг хүний сэтгэлийн гэрлийг олж харж, өөрийнхөө тэр л сэтгэлийн гэгээн гэрлийг бусдадаа түгээх нь гол утга учир гэж боддог. Таныг би ингэж байгаагийн чинь учир баярлалаа гэж хэлж байгаа юм.  Тийм учраас та жинхэнэ хүн.
Амьдрал ямар гоё юм бэ, баярлалаа гэж чин сэтгэлээсээ дуу алдах өдөр танд олон байдаг, та тэгж л уншигддаг. Тийм байгаа болохоор та дотроосоо гэрэлтэж харагддаг.
Эмэгтэй хүн эмэгтэй хүнийг ийн магтаж байгаа нь нэг талаар сонин, нөгөө талаар танаас би өөрийнхөө зарим нэг төрх байдлыг хардаг гэдгээ энэ захидлаар хэлж байгаа юм. Таныг баяртай, гунигтай, бас хааяа бухимдсан, жаахан ядарсан байгаа чинь шууд нүднээс чинь харагддаг. Бүжээ багш аа та битгий уурлаж байгаарай, ууртай байгааг чинь хармааргүй байдаг юм. Та яг над шиг уурладаг юм билээ.
За ингээд, гэрэлтэж, үргэлж цацарч явдаг миний багш, бас надтай адилхан уурладаг найз минь амжилт хүсье. Би одоо оюутан чинь биш төгсөгч чинь болсон болохоор yahoo messenjer*-ийнхээ найз гэсэн бүлэг рүү хаягийг чинь нүүлгэлээ. Сайхан найзалж, ирэх он жилүүдэд бие биеэ сэтгэлийнхээ гэрэл гэгээгээр гийгүүлж амьдарцгаая.  

БАГШТАЙГАА НАЙЗАЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ШАВЬДАА БИЧСЭН ХАРИУ ЗАХИДАЛ
Цээнээг би анх хараад л, бас  хичээл дээр минь ярьж байгаа зүйлээс нь сонсоод л зарим талаараа надтай адилхан юм даа гэж бодсоноо нуух юун. Намайг хүмүүс ингэж уншдаг гэдгийг одоо л Цээнээгийн бичсэнээс л олж мэдлээ. Би өөрөө хичээл дээрээ ч, амьдрал дээрч хүмүүст дандаа л өөрийнхөөрөө бай, зүрх сэтгэлээ мэдэрч амьдар гэж хэлдэг болоод тэгдэг юм болов уу. Бүүр заримдаа найзтайгаа муудалцахаараа "чи зүрх сэтгэлээ мэддэггүй, би чам шиг зүрх сэтгэлийнхээ эсрэг явдаггүй" гэж ирээд л  хэлдэг юм. Цээнээ үргэлж инээд хөөр болж явдаг, эрч хүчээр дүүрэн бүсгүй. Харин найз минь чи нэг зүйлийг ойлгоогүй байгаа юм байна. Хоеулаа аль дээр үед найз болчихсон шүү дээ. Энийгээ би хэзээ ухаарсан гээч. "Бүжээ багш аа. Та намайг дипломоо хамгаалж байхад битгий гарч яваарай. Таныг байхад цаанаа л нэг нөмөртэй байдаг юм. Дээр урьдчилсан хамгаалалт дээр та яг намайг хамгаалах болсон чинь гараад явчихсан шүү" гэж хэлэхэд чинь л мэдэрсэн юм. Дараа нь бүүр дарамтанд орчихсон байсан штээ. Хэзээ Цээнээ орж ирэх билээ, бас гараад явчихсан байж таарах вий дээ гэж бодоод л...
Би амьдралд хайртай, амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөг талаас нь харж, үнэрлэж, амталж, амьдралын жаргал зовлонг ганцхан олдох насандаа тойрч биш туулж гарах гэсэндээ, ахархан богино насандаа амжихгүй болов уу гэсэндээ нисэх лугаа амьдрахыг хүсэж мөрөөдөж, энэ мөрөөдөл хүслээрээ жигүүрлэж амьдардаг. Тийм бүсгүйчүүдийн нэг нь Цээнээ чи. Харин чи надаас нэг зүйлээр ялгаатай. Тэрэнд чинь би маш их атаархаж бас бахархаж билээ. Сургууль дээр яг өөр шигээ хөөрхөн бас сэргэлэн, жаахан мөртлөө ухаалаг яриатай, нэг л өөр охин дагуулаад ирсэн байсан. Би яг л намайг дуурайсан охинтой болох юмсан гэж маш их хүсдэг боловч одоо хүртэл болоогүй л байгаа. Миний хоёр хүү бол амьдралын минь утга учир, миний ертөнцийн үргэлжлэл, харин энэ ертөнцийн минь нууцлаг бүхний тайлал, энэ амьдралд өгсөн хайрын минь гэгээн элч нь намайг дуурайсан охин минь байх байсандаа. Хэрвээ би охиной байсан бол... Харин Цээнээ чиний охин том болоод маш мундаг удирдагч, улс төрч эмэгтэй болж, хүмүүст хайрлагдаж хүндлүүлж, их ч зүйлийг хийж бүтээх болно доо. Би чиний ярьж байхыг сонссоон. Бүжиг балет ч гэлүү нэг юм яриад байх шиг байсан би андуураагүй бол. Үгүй ээ тийм биш. Охин чинь шал өөр хүн болно. Бид хоёр ярилцсан штээ, тун цөөхөн үг. Гэхдээ би чамаас илүү найз болчихсон хэхэ. Ямартай ч хоёр гайхамшигтай найзтай болсондооо маш их, бүр туйлын их баяртай байна. 
Намайг, миний ертөнцийг үргэлж гийгүүлж байдаг нарны дулаан цацрагийг тоолж хэрвээ чаддагсан бол нилээд хэдээр  нэмэгдчихлээ. Ижил ижлээ хайж, энерги таардаг хүмүүс бие биенээ олж найзалдаг юм. Цаашдаа сайхан найз нөхөд явж, бие биенээ уншиж ойлгож, хийж чадаагүйг нь хийж, хэлж чадаагүйг нь хэлж, бие биенээ нээж, нөхөж, хөгөлж амьдарцгаая.

Monday, April 23, 2012

Блогийн гиүшүүд бичиж байна. Багшдаа бичсэн захидал

Сайн байна уу Бүжээ багш аа. Энэ захиаг очих өдрийн мэнд хүргэе. Би өөртөө итгэлгүй нэгэн. Ямар нэгэн мэтгэлцээн ч юм уу, ер нь ямар ч үед өөрийн бодсон санасан зүйлээ бодлоо бусдад бүрэн илэрхийлж, ойлгуулж чаддаггүй. Тиймээс өөрийн бодлоо гаргаж хэлэхээс байнга татгалздаг. Гэхдээ би таны хичээлд сууснаас хойш шилдэг удирдагч биш юмаа гэхэд өөртөө итгэлтэй болох юм шиг санагдлаа. Танаас их зүйл сурна гэдэгтээ итгэлтэй байна.
 ОУЭЗ-ийн дээд сургууль. Магистрант Нурбатхым.