Tuesday, December 9, 2008

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН АНХААРАХ ЗҮЙЛ

Дотроо итгэлтэй, бүтээлч чадвартай л болохыг юуны өмнө эрмэлз. Учир нь хүний жинхэнэ чанар бүрэлдэхэд зөвхөн төрөлхийн бус мөн олж эзэмшсэн шинж байдал чухал. Залуудаа олж, сурсан мэдлэг чинь итгэлийн дэлбээ мэт дэлгэрч, ирээдүйн их үр бүтээлийн илч болно. Ариухан залуу амьдралд чинь чамд бэлэн зэлэн юм хаана ч олдохгүй. Харин алхам бүр чамаас хүчин чармайлт, бодлого, уян хатан хийгээд авхаалж самбаатай байхыг шаардана. Хичээл чармайлтгүйгээр, ажил хөдөлмөргүйгээр амжилтанд хүрэхгүй. Эхлээд тарь, дараа нь ургасныг хураа. Практик үйл ажиллагаа болон бүтээлчээр хандах чадвар хоёр л амьдралын их сургуульд хамгийн сайн багш нь болдог.
Ернст Тельман. Охиндоо бичсэн захидлаас. 1934 он

Wednesday, December 3, 2008

ХОРИН НАСНЫ ДУРСАМЖ


Найз минь чамайгаа би хайрлаж чадахгүй ч
Намайг гэсэн сэтгэлийг чинь ойлгодог шүү.
Өөрөө би чиний оронд байсан бол
Өдөр шөнөгүй уйлах байсан даа гэж
Хайртай болсон залуугийн хойноос
Хонгорхон охин зүрхэндээ шивнэв.

1991 оны 1 сарын 20. Свердловск.


Tuesday, November 25, 2008

МИНИЙ БЯЦХАН ХҮҮ 10 НАС ХҮРЛЭЭ

Миний хүү өнөөдөр 10 нас хүрч байна. Гэвч ээждээ нялх хэвээрээ. Бага нь болохоор бид 2 эрхлүүлчихсэн юм л даа. Ах нь хөөрхий 10 нас битгий хэл 3 нас хүрээд л биеэ даачихсан тэрнээс хойш бараг төрсөн өдрөөр нь л нэг үнсдэг болсон байх. Харин Мөнкүүкийг бол одоо ч өлгийтэй юм шиг л эрхлүүлдэг. Гэхдээ миний хүү эрхийн тэнэг биш л дээ ухаантай, зөөлөн сэтгэлтэй, даруухан, онц сурдаг хүү. Аав нь том хүүгээ хүлээж байсан шиг нэг их хөл хөөрцөг болоогүй болохоор би тэнэгхэн залуу бүсгүйн сэтгэлдээ арай бага хүүдээ хайргүй байх юм биш байгаа гэж бодож байж билээ. Харин би өөрөө бол бүүр инээдтэй. Хүүгээ олсноо мэдчихээд аавд нь хэлэлгүй мэргэн эмээ дээрээ очсон юмдаг. Манай эмээ мэргэлдэг, их сайн мэддэг, бариа засал хийдэг мундаг эмээ байлаа л даа. Тэгээд "Эмээ манайх одоо дахиад хүүхэдтэй болбол яах бол, Төрөө охинтой болое гээд байх юм. Хүү маань бага байгаа болохоор би хувьдаа дэмий гэж бодож байна л даа" гэж асуусан. Тэгсэн эмээ маань зоосоо нэг гүйлгэж үзээд л "Үгүй ер өө чи чинь одоо жирэмсэн байгаа юм биш үү юугаа дэмий яриад байгаа хүүхэд вэ. Задарсан гэдэг нь одоогийн охидууд та нар ганц хүүхэд гаргачихаад юу гэж боддог юм. Наад хүүхэд авахуулсан байгаад үзээрэй. Яв чи" гэж билээ.

МИНИЙ ХҮҮГИЙН ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУДААС:

- Мөнкүүк жаахан байхдаа их хэлэмгүй хүүхэд байсан юм. 4 нас л хүрч байсан юмдаг. Аавыгаа компьютер тоголж байхад нь очоод юм яриад байж л дээ. Тэгсэн аав нь анзаарахгүй байж. Тэгэхэд нь "Аав та ер нь ингэхэд юм ойлгодог хүн үү үгүй хүн үү" гэсэн гэж байгаа.
- 3 настайдаа жорлонд горошек дээр бие засаад сууж байсан чинь манай нэг дүү "Эгч нь бие засмаар байна Мөнкүүк чи гарах болж байна уу" гэсэн чинь "Та ямар миний горошек дээр суух биш ороод бие засаж л байхгүй юу юундаа маяглаад байгаа юм бэ" гэж хариулж билээ. Бид бөөн инээдэм болсон юм даг.
- Аавтай нь хамт хаяа архи уучихдаг Б гээд залууг би нөхөртэйгээ найзлуулах их дургүй л дээ. Тэгээд "Тэр Б ерөөсөө хүн биш чи битгий нийлж бай" гэж ярьж байхыг хүү маань сонсчихож. Маргааш нь нөгөө Б-г манайд орж ирэхэд нь Мөнкүүк өөдөөс нь нилээд харж байснаа "Та хүн үү" гэсэн гэдэг. Нөгөө Б гэдэг залуу бүүр гайхаад Төрөө энэ танай хүүхэд чинь надаас тэгж асуугаад байх юм. Би ямар харагдаж байна гэсэн гэдэг.
Хүмүүсээ миний хүүгийн төрсөн өдрөөр мэндчилгээ илгээгээрэй. e.monh@yahoo.com

МИНИЙ ХҮҮГИЙН ЗОХИОН БИЧЛЭГ

ЭХ ОРНЫ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
Миний эх орон бол Монгол улс юм. Харин би монгол орны нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай гэр бүл монголын олон олон жирийн гэр бүлийн нэг юм. Гэхдээ энгийн байна гэдэг бас дутагдалтай гэж би үздэг. Улам бүр өөр шинэлэг зүйлийг бүтээж тэрэндээ алдсан ч гутрахгүй байх нь чухал юм. Монголын нэгэн зүйр үг байдаг шүү дээ ”Ес унавал арав босно” гэж.

Tuesday, November 11, 2008

Аль нь вэ

Эрч хүч юунаас эх үүсэлтэй вэ?
Сэтгэл санааны байдал, биеийн эрүүл мэнд, залуу нас аль нь вэ.

Wednesday, October 29, 2008

АРСЛАН ТУУЛАЙ ХОЁР

Эрт цагт арслан туулай хоёр маш дотно үерхдэг байжээ. Араатны хаан гэгдэх арслан ойн амьдралын чухал асуудлуудыг туулайд итгэж даатгана. Туулай харин ойн олон амьтдын дотроос эрдэм мэдлэгээр гаргуун, аливаа юмны учир эвийг олж харьцахдаа сайн нэгэн. Тиймээс ч найз нөхөд олонтой. Тэр хоёрын үерхэлд атаархах амьтан цөөнгүй. Тэдний нэг болох үнэг нэгэн өдөр арсланд түүний дайсан болох чонотой туулай тун ч дотно харьцаатай хэмээн ярьжээ. Арслан үүнийг сонсоод ихэд хилэгнэв. Нээрэн ч зарим зүйл үнэн юм шиг санагдаад ойр дотныхоо бусад шадар нөхдийг дуудан ирүүлж, энэ тухай хэлж анхааруулжээ. Энэ өдрөөс хойш хэн ч тулайтай харьцахаа болив. Туулай хэзээ нэгэн цагт учир нь олдоно хэмээн итгэж өөрийн ажилдаа шамдсаар ... Хожим нэгэн өдөр арслан үнэн учрыг мэдээд урьдын адил туулайд итгэж шадарлах болов. Гэвч туулайг гэх бусад амьтдын итгэл эргэж ирэхээс нэгэнт өнгөрсөн байлаа.

Tuesday, October 7, 2008

АНХНЫ ЦАС ОРСОН ӨГЛӨӨ


“Сайхан зүүд зүүдэлж, сайхан амраарай” гэсэн нэгэн танилынхаа өчигдөр орой бичсэн message-ийг өглөө босоод саналаа. Нээрээ сайхан зүүд зүүдэлсэн л дээ. Тэр сайхан зүүд маань энэ өвлийн анхны цасыг дагуулан иржээ.
. . . Өглөө уг нь бороо орж байсансан.
. . . Машин гулгаад л.
. . .Будран орж байгаа цасыг цонхоор хараад хүмүүст өглөөний мэндчилгээ болгож цасны тухай шүлэг явуулахаар шийдэв.
Тэгээд цас гэдэг үгийг бичив үү үгүй юу “Цас хүнд дурлажээ” гэдэг бичлэг гарч ирсэн.

Saturday, September 27, 2008

ЦЭЦЭГ ЯАГААД . . .

Нэгэн голын эрэгт сайхан цэцэг ургасан байв. Тэр сайхан цэцэг хүмүүсийн нүдийг баясгаж, баяр баясгалан, амьдралын эрч хүч бэлэглэнэ. Ус хүний амьдралыг тэтгэнэ. Энэ хоёр хүний л төлөө амьдарсаар тэр эрхэм бөгөөд нэр хүндтэй үүргээ биелүүлж, өөрсдөө ч түүгээр ундаалан олон жилийг аз жаргалтай өнгөрөөжээ. Энэ олон жилд хэн хэн нь бие биедээ маш их дэм болж, нэг ч удаа ам мурийж үзсэнгүй. Бие биедээ урмын үг өдөр бүр хэлнэ. Тусалж дэмжих үедээ юугаа ч хайрлахгүй тусална. Гэвч хоног хугацаа өнгөрөх тусам цэцэг гундсаар байлаа.

Friday, September 12, 2008

АЛТАН БОЛОМЖ

Алтан боломж гээд л бичээд байдаг. Гэхдээ яг юуг алтан боломж гэх вэ. Тэр чинь тэгээд бэлэн байж байдаг эд үү. Эсвэл өөрөө бүтээдэг юм уу. Эндээс л нөгөө та хэн бэ гэдэг чинь харагдана даа. Гэхдээ зарим нэгэн азтай хүнд алтан боломж өөрөө тохиодог юм шүү.

Чулуу байрнаасаа хөдлөхөөр...

Чулуу байрнаасаа хөдлөхөөр 3 жил байраа олдоггүй гэсэн зүйр үг байдаг. Хүн амьдарч ажиллах газраа сонгохдоо тун их бодох хэрэгтэй гэдэг. Энэ чухал зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болдоггүй.
Гэхдээ нэг гаргасан шийдвэрийнхээ төлөө хүн өөрөө зүтгэх нь чухал. Иймээс 3 жил байраа олоогүй чулуу байх уу эсвэл түүнээс ч богино хугацаанд амьдралынхаа бат бэх суурийг олсон чулуу байх уу гэдэг нь тухайн хүний
ур чадвар, авъяас, итгэл зүтгэлээс шалтгаална байх л даа. Миний сүүлийн үед хэлэх дуртай үг "Алтан боломж" болоод байгаа шүү дээ. Алтан боломжоо алдахгүй л байвал энэ амархан байх аа. Харин алтан боломжийг алдахгүйн тулд яах вэ. Хамгийн эхлээд алтан боломжоо зөв таних нь чухал. Хажуугаар нь өнгөрөв дөө. Хүмүүс ээ. Энэ талаар бодож үзээд коммент үлдээгээрэй.

Friday, August 29, 2008

БОЛОМЖ ба БИ

Чадварлаг хүн боломжийг бүтээдэг.
Тэнэг хүн алддаг.
Сул хүн хүлээдэг гэж хэлэлцдэг.

Тэгвэл би хэн бэ. Амьдралынхаа алтан мөчүүдийг эргээд бодохоор би чадварлаг мөртлөө тэнэг хүн юм уу даа. Миний блогийг үзэж буй эрхэм та бас бодоод үзээрэй. Тэгээд сomment үлдээгээрэй.

ИТГЭЛ

Амжилт бүтээл гэдэг олон зүйлээс шалтгаалах боловч хамтран зүтгэх нөхөд юунаас ч илүү чухал. Нөхөртэйгээ хамтарч амжилтанд хүрэх ганц түлхүүр нь итгэл. Зарим хүн тэр түлхүүрээ нандигнахын учир утгыг тийм ч сайн ойлгодоггүй. Тэгээд л түлхүүрээ гээж орхидог. Түлхүүрээ гээсэн тухай олонд зарлах нь сайн нөхрөө буудсан хэрэг. Буун дууг ДАЙСНУУД чинь баярлан сонсож байгаа тэр ертөнцөд ТА үлдэж, харин НӨХӨР чинь АМГАЛАН нойрсоно.

Monday, August 4, 2008

Зуны сургалт




Сургалтын баг Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгуудын нутаг дэвсгэрээр нийт 3000 шахам км аялж, хөдөөгийн малчин иргэдийн дунд ардчилал, хүний эрх, иргэний оролцоо, нутгийн өөрөө удирдах ёс сэдвээр сургалтууд зохион байгуулж байна. Сургалтын багын аялал Увс, Хөвсгөл, Завхан, Булган аймагт үргэлжилнэ.

Monday, June 2, 2008

МИНИЙ СОНГОЛТ

Манай оюутнууд миний зургийг тоглоод авчихсан нь энэ. Гэхдээ хамгийн сонин нь зурганд өгсөн нэр нь байсан юм. "Идэх жимснээсээ эхлээд бүхнийг бодож сонгодог Бүжээ багш" гэсэн нэр өгсөн байсан.

Тийм ээ бид аливаа зүйлийг санамсаргүй сонгодоггүй.

"Сонголт" гэж юу вэ? Хүн юуг, хэнийг хэрхэн сонгож болох вэ comment үлдээгээрэй хүмүүс ээ

ГАРАА ДЭЛГЭ

Би наад зах нь өдөрт нэг удаа хоёр гараа алдалж суугаад "Би амьдралын бүх сайн сайхан, элбэг дэлбэгийг хүлээн авахад бэлэн нээлттэй байна" гэж хэлдэг. Энэ нь надад орон зай өргөжиж, тэлж буй мэдрэмж төрүүлдэг.
Амьдрал миний оюун ухаанд багтсан бүх зүйлийг өгч чадна. Харин би оюун ухаандаа илүү ихийг бий болгож чадна. Энэ бол сансар огторгуйн уудам гэсэн үг. Би надад буй бүтээх чадвараа таньж, түүнийгээ нэмэгдүүлснээр оюун санааны хадгаламжаа арвижуулдаг.
Эмчилгээ, сувилгаа, анагаах, эдгээх гэдэг оюуны нөөц юм. Өдөр бүр тэр нөөц хадгаламжиндаа юм нэмж хийх заншилтай болцгооё. Луйз Л Хэй.

ТАНД ЗОРИГ, УРАМ, УХААРАЛ ХАЙРЛАХ ҮГС

Хүн гэдэг амьтан өдөр тутмын аар шаархан зүйлд түүртэж, яг л ажилчин зөгий шиг өдөр хоногийг өнгөрөөсөөр амьдралын баяр баясгалан, инээд хөөр, жинхэнэ аз жаргал, итгэл найдвар авчирч байгаа тэр л энгийн мөртлөө өчүүхэн тэгээд бас нандин зүйлүүдээ олж харахаа байчихдаг. Тэр энгийн зүйлүүдээ үргэлж танин мэдэж байх нь таны оршин байхуйн мөн чанар болно. Энэд нэг их хүч чармайлт шаардагдахгүй ээ. Танд урам зориг, хүч, ухаарал хайрладаг тэр зүйл бол ердөө л итгэл, сайн санаа, сайхан бодол, зөв сэтгэл. Бие биедээ урам хайрлаж, итгэж, тэр итгэлээрээ сайхан ирээдүй, сайн бүхнийг төсөөлөн бодож, бодсон тэр л зүйлээ бүтээхийн төлөөх тэмцэл бол ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗУРАГ юм. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж үнэн үг шүү.


Tuesday, May 20, 2008

Жендерийн мэдрэмжгүй зурагт хуудас

Энэ зургийг хамгийн анх надад нэгэн гадаадын мэргэжилтэн үзүүлээд гайхсан байдлаар хоёр гараа дэлгэсэн юм. Тэрээр монголоор уншиж чадахгүйн дээр зураг дээрх хүний зургийг Чингис хаан гэж таниагүй тул монголын газар нутаг тэр чигээрээ нэгэн дайчин эрийн зургаар дүүрснийг хараад үнэхээр гайхсан байлаа. Хэл мэдэхгүй гадны хүн ч яах вэ. Энхийн биш өнгө аястай, ямар ч жендерийн мэдрэмжгүй энэ зургийг харсан сонгогчдын зөв сонголт нь хэн байх бол.

Friday, March 14, 2008

БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ОНОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТҮҮХЭН ТОЙМООС

Боловсрол нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын өвийн салшгүй нэг хэсэг, нийгмийн нэг дэд систем, хойч үеэ амьдрал хөдөлмөрт бэлтгэх үйл явц, хүний үйл ажиллагааны онцгой нэг салбар болохын хувьд философийн шинжлэх ухааны судлах зүйлийн нэг болж хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас оршин тогтнож ирсэн юм.
Философийн шинжлэх ухаан нь үүссэн цагаасаа өнөөг хүртэл оршин буй боловсролын системийг судлан тайлбарлаж, шинэ үзэл санаа, шинэ үнэт зүйлсийг бий болгож иржээ.

Thursday, March 13, 2008

БОЛОВСРОЛЫН ЖЕНДЕР

Ардчилал, даяаршлын нөлөөгөөр 1990-ээд оноос хойш хүний эрх, тэгш байдал, жендерийн асуудлыг манай улсын бүх салбарт идэвхтэй ярих болсон. Монгол улсын хүн амын дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь хэмжээ бараг тавь тавин хувь байдаг бөгөөд ЕБС-ийн бага ангид жил бүр орж байгаа хүүдүүдийн хувьд ч энэ харьцаа хадгалагдаж байдаг билээ. Харин ахлах ангиас эхлээд энэ харьцаа алдагдаж, ЕБС-д суралцагчдын олонх хувийг эмэгтэй сурагчид эзлэх хандлага бий болоод 10 гаруй жил болж байна. Судалгаанаас харахад нэгээс гурав дугаар ангийн эмэгтэй сурагчдын эзлэх хувь 50.3%, 7-р ангид- 53.1%, 9-р ангидаа-58.4 % болж байна. Дунд сургууль төгсөгчдийн 56.2 хувь, дээд сургуульд суралцагчдын 78.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин алс хязгаар нутгийн дархад, цаатан зэрэг үндэсний цөөнхийн дотор хүүхэд сургууль завсардах, насанд хүрсэн хөдөөгийн хүн амын дотор эмэгтэйчүүдийн бичиг үсгийн боловсролын түвшин эрчүүдийнхээс доогуур байв.
Нийт багшийн 78.2 хувь нь, бага ангийн багш нарын 92.5 % нь эмэгтэйчүүд байна. /Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнгээс/

Thursday, February 28, 2008

ДУНДГОВЬ АЙМАГТ

Дундговь аймгийн 2 дугаар 10 жилийн сургууль дээр "Ардчилал ба боловсрол" сургалт зохион байгуулав. Сургалтанд тус сургуулийн 36 багш оролцож сертификат гардан авлаа.

Friday, February 1, 2008

БҮСГҮЙН НУЛИМС

Монголчууд бид "хүн амьдралдаа нэг л удаа гэрлэдэг" гэдэг философид итгэж ирсэн улс. Тийм ч учраас нэг насныхаа ханийг зөв сонгох хэрэгтэй гэж ярьцгаадаг. Гэтэл хүн бүхэн тэр зөв сонголтыг хийж чаддаггүй нь харамсалтай. Тэгээд цөхрөхдөө түүнийгээ "хувь тавилан", "зурсан зураг" хэмээн тайлбарлана.

Ариунаа дөнгөж саяхан мэндэлсэн манцуйтай бяцхан үрээ тэврэн нөхрөө хүлээж сууна. Нөхөр нь ажил төрөл хийдэггүй боловч гэрийн бараа харах нь тун цөөн. Ер нь л зугаа цэнгэлхэн энээ тэрээ хөөж хорвоогийн бор хоногийг өнрөгөөнө. Ариунаа анхны гэгдэх цэвэр ариун хайраа Цэнгэлд өгч амьдралаас их л зүйлийг хүсэн хүлээж байсан нь ч тэр бүр санаснаар болохгүй л байлаа.Бүхий л зүрх сэтгэлээ өгч хайрласан залуу нь өөрт нь хайргүй юм шиг санагдана.

ХАМГИЙН ....ЮУ ВЭ

ХАМГИЙН ХАМГИЙН. . .
Эрт урьд цагт нэгэн ноён гурван хүүгийнхээ ухааныг сорихоор шийдэж ууган хүүгээсээ асуужээ. Хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн нь юу вэ гэхэд ууган хүү: -хамгийн амттай нь чихэр, хамгийн тарган нь гахай, хамгийн мэргэн нь ноён гэжээ. Харин дунд хүү нь:- хамгийн амттай нь зөгийн бал, хамгийн тарган нь хонь, хамгийн мэргэн нь цэцэн түшмэл гэжээ. Гэтэл отгон хүү нь :- хамгийн амттай нь давс, учир нь хоол бүхэнд амтыг тааруулдаг. Хамгийн тарган нь дэлхий Түүн дээр бүх юмс оршин байдаг. Хамгийн мэргэн нь үзэг. Үзгээр орчлонгийн хэрэг явдлыг бүхнийг тэмдэглэн бичиж, ном хэмээх гайхамшгийг бүтээдэг хэмээн хариулжээ. Та бүхэн ч бас энэ асуултанд хариулаад үзээрэй.

Tuesday, January 22, 2008

БОДОЖ СЭТГЭХЭД ЦАГ ГАРГА

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Хөлс болгон шагнал тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Бага залуу харагдахын тулд
Тоглож наадахад цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Хань, нөхөртөө цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлтэй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга

Sunday, January 20, 2008

ДОРНОД АЙМАГТ

КАС- аас Дорнод аймагт зохион байгуулсан "Орон нутгийн хөгжилд төрийн захиргааны үүрэг" сэдэвт хоёр дахь удаагийн сургалт 2008 оны 1 сарын 3-5- ны өдрүүдэд болж, "Иргэн-төрийн харилцаа" сэдвээр лекц уншив.

ЭМЭГТЭЙЧYYДИЙН КВОТ

Монголын эмэгтэйчүүдийн хувьд квот бол зүүд
Монгол улс Үндсэн хуулиндаа тунхаглан зарлаж ардчилсан хөгжлийн замыг сонгосон тэр үеэс хойш арван хэдэн жилийг ардаа орхив. Ардчиллын хэрэгжилтийн хэмжүүрийн нэг нь хүний эрх, тэр дундаа цөөнхийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан байдлаар тодорхойлогддог билээ. Гэтэл УИХ-ын эрэгтэй гишүүдэд цөөнхийн эрхийг хамгаалан баталгаажуулах хүсэл, тэгш боломжид суурилсан хөгжлийн тухай үзэл санааны үнэр ч байхгүй байгааг бүх монголчууд харлаа. Үнэндээ дэлхийн нийт энэ үйл явцыг анхааралтай ажиглан харж байсан биз. Та бүхнийг сонгосон олон олон сонгогчид сэтгэл гонсойж, бас эрэгтэй гишүүдийнхээ өмнөөс ичиж сууна. Магадгүй одоо төслийн хэмжээнд яригдаж байгаа жендерийн талаарх хуулийн төслийг ч ийм хувь заяа хүлээж байгааг хэн мэдэх билээ. Гадны орнуудын Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд тэгш бус байдлыг арилгахын тулд тусгай арга хэмжээ авах /temporary special measures/ талаар нийтлэг хандлагууд байдаг юм билээ. Харин монголын эмэгтэйчүүдйин хувьд квот зүүд зэрэглээ болж үлдлээ.

ЗАЛУУ НАСАА ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ

Хүн үргэлж залуу сайхнаараа байдаггүй ч залуу насаа хадгалж, өөдрөг амьдрахын тулд өөрөөсөө шалтгаалах зүйлүүдийг хийж байх хэрэгтэй. Залуу сайхнаараа байхын тулд хэдхэн зарчмыг сахихад хангалттай гэнэ. Үүнд:
- Натураль хүнс хэрэглэх
- Аль болох хөдөлгөөнтэй байх
- Арьсаа тогтмол арчлах
- Сэтгэлээр өөдрөг байх
Залуу насаа хадгалах гол хүчин зүйлийн нэг нь өөдрөг сайхан сэтгэл юм. Бухимдаж, цухалдалгүй амьдралын сайхан талуудыг олж харж, байнга инээмсэглэж яваарай. Инээмсэглэл бол залуу насаа хадгалах таны хамгийн хүчтэй зэвсгийн нэг юм шүү.

ГУТРАНГИ YЗЭЛ ХYНИЙГ ХQГШРYYЛДЭГ

Аз жаргалтай сайхан амьдрах гол хүчин зүйлүүдийн нэг нь өөдрөг сайхан сэтгэл. Амьдрал дээр бидний санаанд нийцэхгүй зүйл, уурлаж бухимдах юм тохиолдох нь элбэг байдаг. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрөө түүнийг хэрхэн хүлээн авахаас л шалтгаалдаг. Аягатай цайг хараад өөдрөг сэтгэлтэй хүн амны цангаа тайлах хэмжээний бараг дүүрэн цай байна гэж хэлж байхад, гутранги үзэлтэй хүн ямар жоохон цай вэ, амны цангаа тайлж чадахгүй нь гэж боддог. Аливаа юмны сайн талыг нь олж харж, эерэгээр хүлээж авч сурах хэрэгтэй. Харин эсрэгээр аль муу талыг нь олж харах аваас түүндээ та өөрөө идэгдэж, уур бухимдал тань таныг амархан хөгшрүүлэх болно.

"АРДЧИЛЛЫН YНЭЛЭМЖ" СУРГАЛТ

"Ардчиллын унэлэмж толовших уйл явцыг жолоодох нь сургалтыг 2007 онд ходоо орон нутгийн болон Нийслэлийн зарим сургуулиуд, нийслэлийн боловсролын газрын ажилтнуудын дунд зохион байгуулсан юм.
Энэ сургалтанд Нийслэлийн 53, 44, 68, 97, Улаанбаатар бага сургууль, Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Лүн сумын 10 жилийн сургуулийн нийт 180 гаруй багш нар оролцсон байна.

ДОРНОД АЙМАГТ

КАС- аас Дорнод аймагт зохион байгуулсан "Орон нутгийн хөгжилд төрийн захиргааны үүрэг" сэдэвт хоёр дахь удаагийн сургалт 2008 оны 1 сарын 3-5- ны өдрүүдэд болж, "Иргэн-төрийн харилцаа" сэдвээр лекц уншив.

ABOUT ME /English/


Education


  • Bachelor degree in Ural State University, Ekaterinburg city, USSR, Jun. 1992
  • Manager on Public management. Public Administration and Management Development Institute, Ulaanbaatar , 1998-1999
  • Ph.D degree in Educology, Pedagogical University, Jun. 2001
Membership of Professional Associations:
  • Member of Science Council Institute of Education;
  • Member of Science Council of Master’s Degree of Educational College
  • Chairman of Science Council of Academy of Political Education
  • Member of Science Council of Master’s Degree of “Liberty’’ Institute

Saturday, January 19, 2008

ЭНКYYЛЭЭ ОРОС ХЭЛ АНХ СУРЧ БАЙХДАА

Бэлтгэл ангид байхдаа нэгэн өдөр Энкүүлээ ээжээ би маргааш хичээлдээ явахгүй гэж байна. -Ээ нь: Яагаад?.
- Энкүүлээ: Багш тэгж хэлсэн.
- Ээж нь: Миний хүү буруу ойлгосон юм биш биз?
- Энкүүлээ: Үгүй үгүй би бүр өөрөө лавлаж асуусан юм чинь.
- Ээж нь: Миний хүү тэгээд яг юу гэж багшаасаа асуусан бэ. Ээждээ оросоор хэл дээ.
- Энкүүлээ: "Завтра я иду сюда" гэсэн чинь багш "ненадо" гэсэн.

Tuesday, January 15, 2008

МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ

Би Энх-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хэмээх хоёр хүүтэй.

Том хүү Энх-Эрдэнэ Орос монголын хамтарсан 3 дугаар сургуульд сурдаг.
Тэрээр сагс тоголно. Бүжиг хийнэ. Ер нь урлаг спорт гээд хичээлээ 2 дугаарт тавина. Шалгалтаа болохоор маш сайн өгөөд бусад үедээ тэгж ингэсгээд сулхан дүнтэй л яваад байдаг зальтай хүү. Гэвч багш нь шалгалт аваад групп хуваадаг
болохоор хамгийн сильный группт ороод өөрийгөө зовоодог доо.


  • Харин бага хүү маань Солонгос монголын Улаанбаатар дунд сургуульд сурдаг. Тэрээр энэ жилээс бас л бүжиглэдэг болсон. Ганц ч "В"- гүй галзуу онц сурдаг.

Миний хүү амьтанд их хайртай. Саяхан тэрээр Жулия гэдэг хөөрхөн нохойтой болсон.

Та бүхэн миний хоёр Эрдэнийн хөгтэй явдлуудаас эндээс үзээрэй. Уйдахааргүй хөгжилтэй түүхүүд олон бий шүү.

ЦАГ ХУГАЦААНЫ УХААН

ЦАГИЙГ ДЭМИЙ ӨНГӨРҮҮЛБЭЛ СЭТГЭЛ
ШАРИЛЖИНД ИДЭГДДЭГ

Япончууд 130 гаруй жилийн өмнө орчин цагийн улс болохоор зүтгэж байсан үед Японы залуучуудад өөрийгөө зоригжуулах хүчийг өгсөн “Өөртөө туслах ухаан” хэмээх номоо Самуэл Смайлс зохиосон юм. Энэхүү ном 2001 онд монгол хэлнээ орчуулагдаж хэвлэгдсэн. Та бүхэнд энэ номын хэсгээс толилуулахын зэрэгцээ аз жаргалтай амьдарч, амжилтанд хүрэхийг хүсдэг хэн бүхний заавал унших ном шүү хэмээн санал болгож байна.

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ УРЛАГ

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ӨӨДРӨГ АМЬДАРЦГААЯ

Эргэх хорвоод эрдэнэт хүмүүний биеийг олж төрсөн хэн боловч ганц олдох насандаа аз жаргалтай, сэтгэл өөдрөг, утга төгөлдөр амьдрахыг хүсдэг. Сайхан амьдрал, сайн нөхөд, аз жаргал амжилт бүтээл рүү биднийг дагуулдаг гол хүчин зүйл вэ. Хамгийн түрүүнд хүний өөрийн эрдэм чадал, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө удирдан жолоодох арга ухаан гэж би итгэлтэйгээр хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хайрлаж, /өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийн “би”–г бусдад сөргүүлэн тавих гэсэн үг биш юм/ өөрийгөө шүүмжилж, өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрдэг. 

МИНИЙ ТУХАЙ















Боловсролын байдал:


  • 1992 онд ОХУ-д Уралын Улсын их сургууль
  • 1999 онд Удирдлагын академи төгссөн.
  • Боловсрол судлалын ухааны доктор /Ph.D/
Мэргэжил:


  • Философич, Философийн багш,
  • Төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалт

Ажлын туршлага:
  • 1992-2003 онд Боловсрол соёл шинжлэх ухааны Яамны харъяа боловсролын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан ,
  • 2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга
  • 2007 оноос Улс төрийн боловсролын академийн судлаач, багш