Friday, September 25, 2009

Блогийн гишүүн: А.Арман "ЭЭЖ"

А. Арман “Ээж”
Өчигдөр миний төрсөн өдөр болов. Зүй нь төрүүлсэн өдөр гэж ээж минь найзуудтайгаа тэмдэглэмээр. Би ямар эрийн сайндаа төрсөн биш. Ядаж байхад ээждээ бэлэг авч чадсангүй. Утсаар ярьсан болоод л “халтуурдав”. Биднийг төрүүлж, өсгөх гэж зовж яваа ээжүүд, хүнийх өөрийнх гэж юу байхав.

Үр хүүхэд хүсэн тэмүүлж яваа бүсгүйчүүддээ хүсэл тань хурдхан биелж, халуун ангир зангирч, элэг дэвтэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Бас буруу зөрүү зэрэг оршдог орчлонд, бурхан бэлэглэсэн амьдралыг буцааж таслах гэж байгаа бүсгүйчүүдэд хэлэх хэдэн үг байна.

Алдар нэр, алт мөнгө, авъяас чадвар, аз завшаан, аятайхан нөхөр гэж орчлонд угаасаа байдаггүй юм. Амьдрал залгуулах л хүний ч, амьтны ч жинхэнэ амьдрал юм. Та муусайн эрчүүд “хийчихээд л” алга болдог гэж хэн нэг нь тэнд өөрийгөө өмөөрнө. Бас нэг зүйл хэлмээр.

Энэ хорвоо дээр хэн ч, юунд ч буруугүй.

Ялаа хоолоо олж идэх гэж гэрт маань орж ирээд ороосон сонинд няц цохиулдаг. Тэглээ гээд бурханд бас бусдадаа гомдоллодоггүй. Боломж олдвол үр төлөө үлдээчих гэж л, хоол хайж явсан юм л даа. Бурхан, агуу ихтэй харьцуулах юм бол, бид ч гэсэн ялаа л гэсэн үг. Биднийг хэн юугаар няц цохидогыг мэдэхгүй ч, бид бас л нөгөө ялаа шиг амь амьдралаа залгуулах гэж зөвшөөрөлгүй хаалга зөндөө тогшдог.

Бусдыг буруутгаж, бусдад өөрийнхөө зовлон шаналалыг тохох нь биед амар ч, бусдыг ойлгодоггүй юмаа гэхэд өөрийгөө ойлгодог болчихвол амьдрахад нэн хялбар. Зовж болноо. Аль ч шашинд зовлонгын тухай л байдаг. Заримдаа ч зовж ханахгүй хүмүүнийг залилаж мэхлэхээ хэзээ болих юм бол, энэ шашинууд гэж зүхмээр.

Их хуралд нэр дэвшигч нар шиг, ээлж дараалаад л зовлонгоос салгана гэж зад “панаалдана”, зовлонт амьтдыг. Зовлонт амьтан энэ насандаа биш ирэх төрөлдөө жаргах гэж эцсийн зоосноосоо эгээрнэ. Эсвэл бурханы нэр барьсан буруу замын нөхдүүд замаас нь буян, өглөг, хишиг, хайрыг нь хулгайлаад, өөрсдөө гүзээлээд байна уу? Үр төл нялх амьтад өвчиндөө шаналж, эх нялхасын үүдний хүйтэн зааланд газар гудсан дээр дэмийртэлээ халуурч байхад, үүдний өрөө нь эмнэлгийн хурлын заал шиг үнэн “тансаг” лам ах нар таарах юм. Тэгээд намайг буян үйлд гэж шаардана.

Үгүй, урьд нь багш минь гэж бодож явсан бүхэн нас нэмж ухаан суухаар нэг л биш. Үхэхийнхээ өмнө бүгд ухаан суудаг гэх юм билээ. Аятайхан ажил, амьдрах гэр, албан тушаал ахидаггүй юмаа гэхэд архи уугаад байдаггүй авааль нөхөр байтугай аяга хоол ч олдохгүй өдөр хорвоод зөндөө бий, ирээдүйн ээж нар минь. Алтан ээмэг бөгжөөр арван хуруугаа “гавалж”, “шиншила”- гаа байг гэхэд шинэ оймс аваад өмсөх аргагүй үе ч таарна. Эсвэл үргэлж тийм ч байж болно. Тэглээ гээд амьдралыг харааж болохгүй, таслаж болохгүй.

Нэг явдал тохиолдсон юм, намайг жоохон байхад. Манайх Улаанхуаранд байдаг байлаа. Зэргэлдээ гудамжинд нэг навтгар хамартай ч нар шиг сайхан ааштай, хүүхэд бидэнд үргэлж “барианы” шилээр дүүрэн хүйтэн хар цай, хичнээн олуулаа байсан ч хоол хийж өгдөг, бас “цалингаа буухаар” заавал ч үгүй хатсан “яавлаг” авч өгдөг нэг эмгэн байх. Ер нь тэр хавийн бусад хөгшчүүл бол бидний “дайснууд”. Ориллоо гэнэ, усаа зөө гэнэ, битгий газар өнхөр гэнэ, дэлгүүр яв, дүүгээ хар. Үгүй бол балбуулна.

Харин тэр нэрийг нь ч санахгүй байгаа жижигхэн эмгэн хэзээ ч биднийг загнадаггүйсэн. Тэдний хашаа байшин бол хүүхэд бидний хувьд хориглолтын цайз.

- Чи тэр бузар эмгэнийд дахиж ороод үзээрэй.

Бидний өвөө эмээ, аав ээж ихэнхи нь чихдэж явахдаа ингэж үглэнэ. Учрыг нь мань мэт яахин ойлгохов. Нэг өдөр нөгөө эмгэний хашаанд Баяраа, Өөжий бид гурав “байлдаж” тоглож байтал, Баяраагийн эмээ тачиг начиг гэж хазганаж ирээд, усаа зөөсөнгүй, өмдөө урсан байна гээд баруун солгойгүй балбав. Баяраа ч нядлуулж байгаа ямаа шиг бархирах нь мэдээж. Уг нь өнөө жижигхэн эмгэн биднийг шийтгүүлж байхад чимээгүйхэн шиг хийж байгаа юмаа үргэлжлүүлээд л зогсдог юм. Сайн харвал уруул нь түргэн түргэн хөдлөөд яалт ч үгүй нэг юм бувтнаад байгаа нь мэдэгддэгсэн. Гэтэл тэр өдөр тэгсэнгүй. Үг дуугүй хүрч ирээд, Баяраагийн эмээгийн гараас бариад авав.
- Тавь, чи муу хар шулмас...
- Чи над шиг шулмас биш байгаа нь энэ муу нялх амьтны буян шүү...
- Үхэж хэвтнээ, чи. Чамаар заалгахгүй...Тавь чи...Үр хүүхдийн заяагүй муу хар шулмас чи битгий надад заах гээд бай...
- Харин тэгээд чи үр хүүхдээ битгий ингэж зовоогооч...
- Бузар эм чи дахиж бидний хүүхдүүдийг хашаандаа оруулаад үзээрэй.
- Тэгнээ, харин чи хүүхэд зодохоо боль...
Бов бор хүүхэн хараа нь захаасаа цагаарчихсан, зовхио яаж даадаг юм болоо гэж бодмоор тэр эмээгийн үрчийсэн нүд тэгэхэд байлдаантай кинон дээр эх орныхоо төлөө танкны өөдөөс ганц гранат бариад гүйж яваа цэрэг шиг л дүрэлзэж байж билээ.

Үнэндээ бид энэ ярианаас юу ч ойлгосонгүй. Баяраагийн эмээ ч амандаа нэг юм үглэж, хялам хялам хийсээр түүнийг чирээд одов. Харин Өөжий бид хоёр удаан тогловол Баяраатай адил хувь тавилан эдлэхээ зөн совингоороо “мэдэрч”, гэр гэрийн зүг гялсхийлээ. Түүнээс хойш тэр цэнхэр өнгөтэй цагаан өлзий хээтэй хашааний хаалга бидэнд дахиж онгойсонгүй. Зуны 3 сар дороо. Хичээл эхэлчихсэн байсан гээд бодохоор 9 сарын сүүлээр юм уу даа.
Лав тэр өдөр, яг л өнөөдрийн энэ дэлэгнэсэн уйлагнасан, үл мэдэг чийг ханхалсан, өчигдөрхөн мөчиртэйгээ амь нэг зууралдаж байсан навчнууд, цавуу нь салчихсан цаас шиг л хийсэн унах өглөө шиг байж билээ. “Цонхолсон” учир бөөнөөрөө гудам руугаа бархиралдан гүйлдэж байтал, тэдний хашаа цэлийтэл нээлттэй, манай тэр хавийн хүмүүс орж гараад л...
- Нөгөө эмгэн чинь үхчихэж...
Үхэл гэдгийг ч сайн ойлгохгүй хирнээ хэрэгт дурлаж үүдээр шагайлаа. Шавар нь энд тэндээ ховхорчихсон намхан байшин нэг л том өрөөтэй. Цэцэрлэгт явж үзээгүй мөртлөө цэцэрлэг л тийм байдаг байх гэж бодов. Төрөл бүрийн чихэр жимсний гоё гялгар том жижиг хайрцаг савнууд, хүүхэлдэй, модон морь, угсардаг шоо, бамбаруушнууд. Ханан дээр нь нямбай гэгч нь нимгэн даавуугаар бүтээсэн эмэгтэй хүүхдийн “палааж”, өмд цамц, өрөөсөн бойтог. Гэнэт чих халуу оргиод явчихлаа.
- Чи энд юу хийж байгаа юм. Хэрэгт дуртай моньд вэ?
Манай яг өөдөөс харсан хашааны Довчин өвгөний гарт миний баруун чих атгаастай. Татах тусам нь би өлмий дээрээ “балетлана”.
- Ёо ёо тавиач ээ, та намайг ингэх эрхгүй шүү...
- Бас олон үгтэй...
- Тавиач ээ, өөрийнхөө хүүхдийг зод...Таныг аавдаа хэлнэ дээ...
- Өө за талийгчийн хүмүүжүүлсэн шавь нарын нэг байх шив.
- Та нар яагаад энэ эмээд дургүй байдаг юм бэ?
- Зүй нь чамайг том хүний өөдөөс цор цор хийсэн гээд шийтгэх байсан юм хуна. Даанч ийм өдөр. Яв гэртээ харь. Ээждээ тусал.
Өөдгүй муу өвгөнийг зүхсээр өвдөх нь намдахгүй байгаа чихээ үрэн гэр лүүгээ гэлдэрлээ. Тэгээд ээждээ тусалсан. Гэхдээ би гайхаад л байлаа. Яагаад тэр олон тоглоомны эзэн тэнд байдаггүй байсан юм болоо гэж...
2009/09/25

Wednesday, September 23, 2009

ӨӨРИЙГӨӨ ҮРЭХГҮЙ АМЬДАРЦГААЯ

Хаашаа ч хамаагүй холбирч,
Тогтсон ч ажилгүй,
Тодорхой зорилгогүй,
Ажиллаад ч байгаа юм шиг
Үгүй ч юм шиг.
Бүтээгээд ч байгаа юм шиг,
Үгүй ч юм шиг.

Ингэж бодоод өөрийнхөө орон зайг дэнсэлж үзлээ. Миний орон зайг хэн ч юугаар ч нөхөж болох тийм газар олон санагдлаа. Тэгвэл би энд юу хийж байгаа билээ гэж бодогдлоо. Хариуд нь харин өнөөдөр бүтэн 1 цаг зарцуулж, бодлоо хувааалцсан нэг хүний үг санаанд орлоо. "Өөрийгөө битгий үр" гэж.
Тэгээд цааш нь бодлоо. Хаана миний орон зайг юугаар ч нөхөж болохгүй орчин байна вэ гэж. Харин тэнд өөрийгөө үрж дууссан ч харамсах зүйлгүй санагдав.

Sunday, September 20, 2009

АНХНЫ ЦАСНААР ТӨРСӨН БОДОЛ

Өчигдөрхөн нэг хүн надад “Хар даа мод ямар гоё шарлаа вэ, яг л уйлж байгаа юм шиг навчис нь унаад л, намар болж дээ” гэж хэлсэн юм. Навчис үнэхээр тансаг шар өнгөний хослол байлаа. Би "зураач байсан бол зурахгүй юу" гэж хариулж билээ. Гэтэл тэр тансаг шар навчис анхны цасыг хүлээж хамаг бүхнээрээ гэрэлтэж байсан нь тэр байжээ. Харин цас сэтгэл шиг цагаахан өнгөөрөө хорвоо дэлхийг тэр чигээр нь уяраан бүрхэв. Удаан эзгүй байсан цасыг хүн бүхэн үгүйлэн санаснаа гайхна. Эзгүй байх хооронд нь энэ хорвоод хүмүүний амьдралын жаргал зовлон ээлжлэн эргэлдсээр сайн муу бүхэн хуралдсаар зөндөөн их болжээ. Харин цас хар санаа, уур бухимдал, зовлон гунигийг юу ч үгүй угааж өгөхөөр улам хүчтэй будран орно.

Wednesday, September 16, 2009

ВИТИЛИГО

Витилиго өвчнийг хэрхэн анагаах талаар хүмүүстэй мэдээлэл солилцох үүднээс энэ зүйлийг бичиж байна. Бизнетворкоор танилцсан танилууд маань овоо мэдээлэл өгч байна. Харин энэ удаа миний блогийг уншдаг нөхдөөсөө мэдээлэл солилцох тусламж хүсэж байна.
Би хүүгээ монголд байгаа бүх л эмнэлэгүүд, эмч домч нарт үзүүлсэн. Тэгээд түрх гэсэн болгоныг нь л түрхсэн. Янз бүрийн тоснууд, мелагинин гээд эхийн эхсээс гаргасан бүтээгдэхүүн, цөцгий, билүүний баас,бас нэг хятад эмчид үзүүлээд ургамлын ханд авч түрхсэн. Цус төлжүүлэх юмнууд хэрэглэсэн. Зөндөөн мөнгө зарсан. Ямар ч үр дүн гараагүй. Тэгээд дараа нь цуглуулсан мэдээллүүддээ үндэслээд өөрөө эмчилж эхэлсэн.

Tuesday, September 8, 2009

ЖИНГИЙН ЦУВАА

ЖИНГИЙН ЦУВАА

Жингийн цуваа гүвээ даваад одлоо

Жирэм сүлжиж суугаа бүсгүйн нүд нулимастай

Үүлс зангирсан нутгийн тэнгэр ууртайхан

Үүрээ орхиод ниссэн тогрууны дэгдээхий уйтайхан

Сүүгэл хөх манан гуниг даалгүй сарниж

Сүүдэрт талын чулуу нулимс даалгүй бутрав

Салхи бүдчиж үүлс уруудаад

Сарнайн дэлбээ хумичихав аа

Бодолгүйхэн хайраа харамлаа нь үгүй өгсөн

Ботгон нүдэт Сүндэрьяа гэрээ санаад явчихав

Өвөр арын модны болсон жимсээр дүүргэсэн

Үйсэн гэртэй бортогыг минь авахаа мартаад буцчихав

Буугаад мордох тавиланг өрөвдөө нь үгүй ширвэсэн

Буянд цадаагүй орчлонг аргадаж нэг дуулахаас даа

Сүүмэн сүүмэн буцсан жингийн тэр л цуваанд

Сүүтэн сүүтэн буусан гунигаа дайгаад явуулахаас даа.

Б.Ичинхорлоо