Wednesday, June 27, 2012

ШҮЛГИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ

Шүлгийн хойноос хөөцөөлдөх хэрэггүй
Шүүрч авах гэж ухасхийх хэрэггүй.
Сүүдэргүй говийн замба гүрвэл шиг
Сүүлээ үлдээгээд л алга болно.
Сэтгэлийн гүнд аяндаа хурах вий
Эсэж сагасан шинэхэн айраг шиг
Нэг хэсэгтээ шаагин асгарах вий
Сайхан болсон алим жимс шиг
Бөнжигнаж байснаа бөмбөрөөд ирэх вий
Сараа гүйцээсэн хүний үр шиг
Үүрээр ч хамаагүй чарлан төрөх вий.
Ч.Чимэд

Friday, June 15, 2012


ШӨНӨ:
-         “Намайг ганц удаа ч гэсэн тоож хараач дээ, оруулчих л даа 
-     Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг  л орчин мэдэрч байна. 
-    Үгүй ээ. Харин наад хоосон сав шиг ертөнц чинь л миний байх ёстой газар. Гэтэл чи намайг оруулахгүй гээд байх юм. Хэдэн өдөр би чамайг дагалаа. Ядахдаа ганц удаа ч гэсэн тоогоод харчих л даа.
-          Үгүй ээ. Би амарч байна. Чи маргааш намайг сэрэхээр ир л дээ.
-          Чи тэгвэл нээрээ намайг тоож харах юм уу.
-          Харнаа харна. За за яв. Өглөө ирээрэй.
Өглөө:
-          Сайн уу.
-          Сайн сайн уу. Өөрөө хэн билээ.
-          Өчигдөр шөнө уулзсан шүү дээ. Чи өглөө сэрэхээр ирээрэй гэсэн.
-          Аан тийм үү. Надад унтахын өмнө л жаахан л зав гардаг юм.  Тэр үед чи ирж л дээ. Тэгээд тэр үедээ сайн ярилцахгүй яасан юм бэ дээ. Одоо  би завгүй л байна  даа.
-          Ээ лд ээ чи намайг ерөөсөө тоохгүй юм. Ганц удаа ч гэсэн ярилцаад миний юу хэлэхийг сонсохгүй юм уу.
-          Үгүй дээ би ажилдаа явлаа. Өдөр цайны цагаар эсвэл хааяа жаахан зав гардаг юм. Тэр үеэр мэдэрч ирж чадвал уулзая. Одоо яв яв.
-          Нээрээ юм уу.
-          Нээрээ нээрээ амалж байна. За яв яв.
Өдөр:
-          Өдрийн мэнд.
-          Өдрийн мэнд өөрөө ямар хэргээр ирэв.
-          Уулзана гэсэн шүү дээ.
-          Надад уулзах зав алга аа.
-          Чи амалсан шүү дээ.
-          Юу амалсан гэж.
-          Шөнө ирсэн чинь унтаж байна,  өглөө ир гэсэн. Өглөө болсон чинь ажилдаа явлаа өдөр мэдэрч байгаад ирээрэй гэсэн. Би одоо мэдрээд байна. Надтай ганц удаа ч гэсэн ярилцаач ч дээ.  Чи амалсан шүү дээ.
-          За яах вэ. Ярилцах эсэхээ одоохон шийдчихье.   Чамайг хэн гэдэг вэ
-          Ганцаардал
-          Өө надад чамайг сонсох зав алга. Уучлаарай. Яриа дууслаа.  
       Ганцаардал толгойгоо бөхийлгөн "ЗАВТАЙ ХҮН" хайсаар . . .