Saturday, December 31, 2011

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая.

Monday, December 12, 2011

БОЛОР ЦОМЫН ТЭРГҮҮН ШҮЛЭГ


МОНГОЛ ХЭЛ 
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа

Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа

Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа

Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа

Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Д.Болдхуяг    
http://www.mminfo.mn    

Monday, November 14, 2011

БУРХАД БИДНИЙ ДЭРГЭД БАЙДАГ

Нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, хэдэн мянган шавьтай, өвгөн буурал багшийнхаа амнаас унах үг болгон нь хичнээн үнэтэй болохыг бодож эргэцүүлж суухдаа үүнийг бичих санаа төрсөн юм.    
Бид "Бурхан байдаг уу. Байдаг бол хаана байдаг вэ" гээд л янз бүрээр бичиж ярилцацгаадаг. Бас нэгнийхээ хэлснийг нөгөө хүнд нэг их сүрхий хүн болох гэж өөрөө ч ойлгоогүй байж, давтаж худлаа цэцэрхэнэ. Тэгвэл бурханы тухай үнэн юу вэ. Бурхан үнэндээ бидний дотор байдаг.  "Хүн өөрөө бурхан болох бөгөөд бурхны мөн чанар хүний мөн чанарт бий. Хүн бүхэн бурхан болж чадах боломжийг агуулна хэмээн буддын сургаальд  үздэг.  
Тиймээ хүн бүхэн  өөрийн бурханлаг чанарыг нээж хөгжүүлж чадсанаар өөрийгөө, оюун ухаанаа боловсруулан чөлөөлж, сэтгэлээ ариусган төгөлдөржүүлж чадна гэсэн үг юм. Хүн бүхэнд өөрийнхөө дотоод хүчийг нээж, түүнийгээ хөгжүүлэн, аливааг өөрийн хүч боломжоор хийж бүтээх агуу их чадвар байдаг. Ингэж чадсан бүх хүмүүс, бас бидний дэргэд байгаа сайхан сэтгэлт хүмүүс бүгд Бурхад юм шүү гэдгийг хэлэх гэж үүнийг бичиж байна. 
Сайхан ээж, аав маань, өвгөн буурал багш маань, үнэлж хүндэлж явдаг хайртай дотно хүмүүс маань, үргэлж сайхан үгээр ухаарал, сэтгэлийн дэм өгч байдаг тэр л хүмүүс маань бидний хувьд БУРХАД юм. Амьдралын энэ урт замд хэн дэргэд чинь байж, дэмжиж дэмнэж явааг хэзээ ч мартаж болохгүй. Бурхад хаана байдаг вэ гэж гайхаж суухын оронд дэргэдээ байгаа БУРХАД-аа хайрлаж хүндэлж явах нь чухал юм даа.

ХАЙР ЗӨӨЛӨН БАЙДАГ

Манай нэг оюутан ярьж байна. Охин нь 3 дугаар анги гэнээ. Тэгсэн хажууд нь суудаг хүү үргэлж чимхээд байдаг гэнэ. Охин нэг өдөр багшдаа хэлж л дээ. Багш аа энэ дандаа намайг чимхээд байх юм гэсэнд багш нь за яахав дээ. Чамд сайн болоод л тэгж байгаа хэрэг гэсэнд охин "Үгүй дээ. Арай л чанга чимхээд байгаа юм даа" гэсэн гэнээ.  10 хан настай охин хүртэл "Хайр зөөлөн байдаг" гэж боддог байх нь ээ. Хүмүүсээ бие биенээ хайрлаж, сайхан үгээр сэтгэлийг нь тэтгэж, хайртай хүндээ зөөлөн хандаарай. Бид золоор ирсэн энэ хорвоодоо нэг л удаа амьдрана шүү дээ. Бас амьдралын энэ урт замын нэгээхэн хэсгийг хамт туулж, хамтран ажиллаж, амьдарч байгаа хүмүүс маань нэг л  төрдөг, тантай нэг л удаа таардаг гэдгийг бүү мартаарай.   

Wednesday, November 2, 2011

ЗӨВХӨН УРАГШАА

Аливаа  ажил хэрэг, амьдрал байдалд чинь саад бэрхшээл гарсан ч зөвхөн урагшаа тэмүүл. Учир нь урам зориг, хичээл зүтгэл гэдэг бүхнийг шийдэх түлхүүр болдог. Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн далдын хүч  надад тусална хэмээн найдаж суух нь  утгагүй зүйл. "Xэн ч чамд туслахгүй" гэдгийг байнга санаж, төмөр эр зоригтой байх хэрэгтэй.  

Tuesday, November 1, 2011

ШИНЭ САР, ШИНЭ ӨДӨР 2011-11-1

Өнөөдөр 2011 оны 11 сарын 1 ний өдөр. Дан 1-ийн тоотой, 1-ээр эхэлсэн шинэ эхлэл, шинэ эрч хүчийг мэдрэх өдөр. Энэ өдөр  Григорийн тооллын жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуустал 60 өдөр үлдэж байна. 
Аливаа шинэ эхлэл гэдэг дандаа л мөрөөдөл хүсэл тэмүүлэл, зорилго зорилт агуулж байдаг.  Магадгүй амжилт ололт, тохиолдож мэдэх бэрхшээл, түүнийгээ даван туулах,  бүдрэвч босох хүч чадал гээд л бүхий л зүйлийг агуулж байдаг.  
Шинэ сар, шинэ өдрийг өөдрөг урам зоригтой эхэлж, санасан бодсон бүхнээ биелүүлэхийн төлөө шинэ зүйлсүүдээр өөрийгөө цэнэглэх өдөр. 
Харин эхэлснээ амжилттай бүтээж, шинэ зүйлийг эхлүүлэхийн гол түлхүүр нь өөрийн хүчинд итгэх явдал юм шүү. 
Шинэ сарын шинэ сайхан өдөр найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ төгс сайхан харилцаатай байх нь энэ өдрийг улам сайхан болгоно. Итгэл хүндэтгэл, хайр халамж, сэтгэлийн дэмжлэгийг эрхэмлэснээр та өөрөө ч энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байх болно. 
Эрч хүч буцалсан энэ өдрийн шинэ санаа, шинэ төлөвлөгөө, шинэлэг бүхэн дээр суурилсан бүхэн чинь  амжилттай байхын ерөөлийг миний блогийг уншиж байгаа эрхэм Танд өргөн барья.   

Friday, October 28, 2011

АРСЛАНГИЙН УДИРДСАН ХОНИНЫ АРМИ

Араатны хаан арслан байгалийн гамшгийн улмаас ижил сүргээ алдаж нутагтаа ганцаар үлджээ. Гэтэл нэгэн өдөр бас л байгалийн гамшгаас зугатсан хонин сүрэг тэдний нутагт иржээ. Ижил сүргээсээ ганцаар хоцорсон арслан өнөөх хонин сүргийг хөөж туулгүй, харин ч  ижилдэн дасаж, төрсөн нутагтаа эвтэй найртай амьдрах болжээ. Арслангийн сэтгэл зүй, зан авир, хүсэл мөрөөдөл нь хониныхоос тэс өөр учир хонин сүргийг удирдана гэдэг маш бэрхшээлтэй байлаа. Гэвч удалгүй арслан хонинуудын хувьд хамгийн сайн удирдагч, анд нөхөр, жолоодогч нь болж чаджээ. 
Олон жил өнгөрөхөд  арслан хонин сүрэгт хүч чадлаа гайхуулж байсан удаа байсангүй. Тэрээр байгалиас заяасан их хүч чадлаа  эрх мэдлээ тогтоох, өөрийгөө хүндлүүлэх, эсвэл  эзэн хаан гэдгээ сануулах харуулах гэж ашигладаггүй байлаа. Арслан нэг л архирахад хонинууд түүний өмнө сөхрөн эрхшээлд нь бүрэн орох нь мэдээж байсан ч тэр өөрт заясан хүч чадлаа хонинуудыг эрхшээлдээ оруулан захирахад ашигласангүй. Тэгсэн тэгээгүй арслангийн тэр их хүч, уужим саруул ухаан, эх нутгаа гэсэн сэтгэл, бусдыг дагуулах, жолоодох авъяас, чадлыг нь хонин сүргийн нөхөд нь өөрийн эрхгүй бишрэн  хүндэтгэдэг болжээ. Харин хонин сүргийг хамгаалах, хатуу ширүүн байгалийн үзэгдэлтэй тэмцэх болоход хонинуудын найдвартай хамаалагч, өмөг түшиг нь болж,  тэднийхээ төлөө бүхий л хүч чадлаа гарган тэмцэнэ. Ийнхүү хонин сүрэг Арслан удирдагч, хамгаалагчтайгаа тэр нутагт олон жил сайхан амьдарчээ.
Гэтэл дахиад л байгалийн ган гачиг болж, зэргэлдээх нутгаас арслангийн сүрэг нүүдэллэн иржээ. Тэд нутгийнх нь зах руу орж ирүүтээ л дайралдсан бүхнээ сүйтгэн дайсагнаж эхэлжээ. Хонинууд айн дагжин чичэрч Арслан удирдагч дээрээ ирээд бид энэ нутгаас зугатлаа. Та бидэнтэй явахуу гэжээ. Гэтэл Арслан “Би нутгаа хаяад зугатахгүй, бас сайхан нөхдөө, та нарыгаа алдмааргүй байна.   Хамтдаа тэмцэцгээе. Та нар миний хүч чадалд итгэдэг бол би та нарыг удирдан тэр харийн нутгийн арслангийн армитай тулалдахад бэлэн байна" гэжээ. Хонин сүрэг ч зөвшөөрч Арслан удирдагчийнхаа удирдлагаар харийн нутгийн Арслангийн армийн эсрэг олон жил суурьшсан газар нутгаа хамгаалан  тулаанд оржээ. 
Хэдэн өдөр, хэдэн шөнө тулалдсаны эцэст арслангийн удирдсан хонины арми  ялж, эх нутагтаа амар тайвныг эргүүлэн авчирчээ.

Tuesday, October 4, 2011

Өглөө эртлэн босч өдрийн нэг амьдрал эхэллээ
Өнөөдрийн энэ өдөр өөдрөг үзлээр эхэллээ
Амьдрал гэдэг агуу зүйл
Алдаа гэдэг байдаг л зүйл
Зовлон жаргал ээлжилсэн энэ орчлонд
Золтой бидний амьдрал цэцэглэж л явна даа.

Амьдралын төлөөх эрч хүчээр дүүрэн урагшаа.
Ганчимэг, Энхчимэг /Засагт Хаан дээд сургуулийн философийн ангийн оюутнууд/

Wednesday, September 28, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-1

Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна.
Гэвч уран шувуу бурханыг тоохгүй л байлаа. Тэрээр уучлаарай би “Амьдрал”-д дэндүү хайртай. Сайхан хайраасаа урваж чадахгүй нь дээ гэдэг байжээ. Бурхан уран шувууг “Амьдрал”-аас залхаж, дургүй болоод нэг л өдөр өөр рүү нь ирнэ дээ гэж тэвчээртэй хүлээж, бас янз бүрийн арга хэрэглэсээр л. Гэвч бурхан угаасаа өөрөө сайхан сэтгэлтэй тул тэр арга нь “Амьдрал”-ыг улам сайхан болгож, уран шувуу “Амьдрал” хоёрын халуун хайр улам лавширсаар байлаа.
Тэгсэн нэг өдөр уран шувуу бурханаас хоёулаа мөрийцэх уу гэжээ. Намайг хамгийн хэцүү ертөнцөд амьдруулаач би бүгдийг чадна, бүгдийг даван туулна. Хэрвээ чадахгүй бол би чамд өөрийгөө өгөе гэжээ. Тэгэхээр нь бурхан бодож бодож, дээрэмчдийн ертөнц рүү уран шувууг илгээжээ. Түүнийг дээрэмчдийн ертөнцөд хөл тавив уу үгүй юу дээрэмчид ар араасаа ирээд л мөнгө, хувцас, эд хогшил, эрүүл мэнд, залуу нас гээд л авч болох бүх зүйлийг нь авчээ. Гэвч уран шувуу “Амьдрал”-аас уйдсангүй. Алдсан бүхнээ дахин олж, өөдрөг сэтгэлээр тэмцсээр. Зарим зүйлийг нь дээрэмчид бүр авч ч чадахгүй байлаа. Ингээд уран шувуу “Амьдрал”-хоёрын хайр урт удаан хугацаанд үргэлжилжээ. Гэтэл нэгэн удаа дээрэмчид уран шувуунаас “МӨРӨӨДӨЛ”-ийг нь хулгайлжээ. “МӨРӨӨДӨЛ”-гүй болсон уран шувуу удалгүй бүх зүйлээ алдаж эхлэв. “Амьдрал” хайртыгаа аврах гэж аз жаргалтай байсан мөчүүдээ буцааж, дутуу хүтүү зүйлгүй байлгах гэж бүхий л аргаа хэрэглэсэн боловч тусыг эс олов гэнэ. Дурлалт бүсгүй нь нүдэн дээр нь өдрөөс өдөрт уруудаж байгааг Бурхан хараад тэвчиж чадсангүй. “Би чинийxээ нэг хүслийг биелүүлье, xарин “МӨРӨӨДӨЛ”-ийг чинь эргүүлж өгч чадахгүй шүү” гэжээ. Гэвч уран шувуу сонсохыг ч хүсэхгүй байв. Tэрээр дээрэмчдийн ертөнцийн хатуу хүтүүг давж туулсан тэр бүх хүч чадал, сэтгэлийн тэнхээ, хайр, зүрх сэтгэлээ бүгдийг алдахад хүрээд байлаа. Эцэст нь бүх зүйлээс шантарч зугатахаар шийджээ. Бурхан “Би чамайг өөртөө авахын тулд бүх зүйлийг чинь авлаа. Гэхдээ энэ миний хайр биш байжээ. Чамайгаа би авах биш алджээ. Одоо нэг л зүйл би чамд өгч чадна” гэхэд “Амьдрал” бас “Би чамдаа нэг зүйл бэлэглэе, зугатахдаа аваад яв даа” гэжээ. Уран шувуу “Үгүй ээ дээ. Тэр чинь надад хэрэггүй. Дэндүү хүнд бол холын замд би даахгүй, дэндүү гоё бол би арчилж чадахгүй, хамгийн гол нь зугатаад хаа хүрэхээ ч би мэдэхгүй, тэр тухай бодохоос ч ядарч, шантарч байнагэжээ. Нөгөө хоёр нь ятгаад л байж, ятгаад л байж, за яахав надад ялгаагүй. Tа хоёрын бэлгийг аваад явья даа гэжээ. Ингээд бурхан уран шувуунд “УРАМ” хайрлаж, харин “Амьдрал” түүнд “ИТГЭЛ НАЙДВАР” бэлэглэжээ.
Энэ эрхэм бэлгийг аваад уран шувуу зугатаж чадсангүй. Бурханы хайрласан “УРАМ”-аар хоол хийж, “ИТГЭЛ НАЙДВАР”-аар жигүүр хийж дахин “Амьдрал”-д дурлаж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх болжээ.  

Үргэлжлэл бий. 


Уран шувууны амьдрал-4 http://bujidmaa.blogspot.com/2010_03_01_archive.html#6585800336337670982
Уран шувууны амьдрал-5 http://bujidmaa.blogspot.com/2010_06_01_archive.html#73030397984999860
 Уран шувууны амьдрал-6 http://bujidmaa.blogspot.com/2010_07_01_archive.html#5407672381176968373
Уран шувууны амьдрал-7 http://bujidmaa.blogspot.com/2010_09_01_archive.html#3047365698574245721
Уран шувууны амьдрал-8 http://bujidmaa.blogspot.com/2010_12_01_archive.html#1989216754134806665
Уран шувууны амьдрал-9 http://bujidmaa.blogspot.com/2011_05_01_archive.html#9201321503546327689
Уран шувууны амьдрал-10 http://bujidmaa.blogspot.com/2011_05_01_archive.html#5083270347330310721
Уран шувууны амьдрал- 11 http://bujidmaa.blogspot.com/2011_06_01_archive.html#2903065143809907200 

Tuesday, September 27, 2011

МИНИЙ БЛОГИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

Monday, September 26, 2011

НАЙЗ

Хоёр найз муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ. "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан"
Хоер найз явсаар дараа нь усад орж байтал алгадуулсан найз нь намагт шигджээ. үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирээд найзыгаа аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь чамайг алгадахад минь элсэн дээр сийлсэн мөртлөө аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаан гэсэнд "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр сийлэх хэрэгтэй. Учир нь уучлалын салхинд хурдан арилаг. Харин хэн нэгэн сайн зүйл хийвэл тэр нандин зүйлээ чулуун дээр сийлэх хэрэгтэй.  Ямар ч салхи хийсгэн бүү алга болгог" гэжээ.
Эх сурвалж: Сургамжит өгүүллүүд. 5 дахь хэвлэл.

Жинхэнэ найз гэж хэнийг хэлэх вэ. Яг энэ найз шиг хэрэгцээтэй үед нь дэргэд нь байж чаддаг хүнийг найз гэх үү. Өөр ямар хүнийг жинхэнэ найз гэхэв. Уншаад сэтгэгдэл үлдээгээрэй хүмүүсээ.

Friday, September 16, 2011

ЭМЭГТЭЙ ХҮН БАЙГАЛИАС ЗАЯАСАН МЯТРАШГҮЙ ТЭМЦЭГЧИД БАЙДАГ


Эмэгтэйчүүдийн талаарх жендерийн тогтсон хандлага эмэгтэйчүүдийг "сул дорой", "зөөлөн" гэдэг үгээр тодорхойлдог. Гэвч хүний нийгмийн баялаг түүхэнд мятрашгүй тэмцэгч, ухаалаг бүр тэр битгий хэл харгис эмэгтэйчүүд, хатан хаад олон байсан. Эмэгтэйчүүд тэмцэх чадвараараа эрэгтэйчүүдтэй яг адилхан болохыг судалгаагаар нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд төрөлхийн байгалиас заяасан мятрашгүй тэмцэгч чанартай гэнэ. 
Тэгвэл энэ чанараа хэрхэн улам нэмэгдүүлэх вэ? Мэдээж гадаад төрх байдал, хувцаслалт, будаг, үнэртэн чухал. Гэвч хамгийн чухал нь мэдлэг боловсрол, амьдралд хандах хандлага юм. Өндөр мэдлэг боловсролтой, ухаалаг зөв яриатай, дотоод сэтгэлийн гоо сайхныг эзэмшсэн бүсгүйчүүд ямагт бусдыг соронзон мэт өөртөө татаж байдаг.  Харин "мятрашгүй тэмцэгч" байна гэдэг  нь зөвхөн эр зориг,  харгис, хатуу, зөрүүд гэдэг ойлголтоор  хязгаарлагдахгүй юм.

Wednesday, September 14, 2011

ӨНГӨРСНӨӨ ХАЯЖ ИРЭЭДҮЙГЭЭ АВАРНА

Эртний нэгэн зохиолч "Яагаад тэр танд тийм өндөр санагдаж байгааг мэдэж байна уу, гутлын нь өсгий л таныг хуурч байгаа хэрэг" гэж хэлсэнчлэн хүнийг бид өндөр гуталгүйгээр хэмжих, өөрийгөө харин хээнцэр ганган хувцасгүйгээр эрүүл бие махбодь, зүрх сэтгэлээрээ хэмжих ёстой.
Уйдаж, уйтгарлаж өнгөрсөндөө харамсаж гунихарч суухыг зүрх сэтгэл чинь зөвшөөрөхгүйгээр үл барам тэрэнд зориулсан цаг даанч алга даа гэж ширэв татах бий.
ӨӨРӨӨСӨӨ УРВАХЫГ, унжуу дорой явахыг  зүрх сэтгэл чинь танд зөвшөөрдөггүй юм. Тиймээс бурхан ертөнцөд ердөө л хоёр төрлийн хүн бүтээсэн байдаг. "ХҮЧТЭЙ", "СУЛ ДОРОЙ"  гэж. Харин  аль нь вэ гэдгээ ТА ӨӨРӨӨ Л тодорхойлно.
Миний блогийг уншиж байгаа бүх хүмүүст АМЖИЛТ 

Thursday, August 25, 2011

ЭХИЙН СЭТГЭЛ

 http://arslans.blogspot.com 

Амьдралын хамгийн сайхныг нүдээрээ харж, гараараа барьж, тэмтэрч болохгүй юм даа. Түүнийг зөвхөн сэтгэл зүрхээрээ л мэдэрдэг.
Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.
Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.
Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа.
“Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав.
Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.
Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.
Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.
Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.
-Чамайг багад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,
- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.
Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.
Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.
Хэдэн хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй. Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав”
“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг гарлаа.
Амьдралд бурхан тэнгэр, гэр бүлээс чухал юм үгүй. Ойр дотныхондоо цаг заваа зориулан харилцаж байгаарай. Боломжтой үеээ хүлээж, хойш бүү тавь.
Энэ бичлэгийг эцэг эх нь өтөлсөн бүх хүнд тараагаарай. Өнөөдөр маргаашаас илүү.
Москвад суугаа Ираны элчин сайд Реза Сажжадийн блогоос орчуулав.
Тиймээ, өнгөрсөн хойно нь амаа барьдаг юм шүү. Арсун.
эх сурвалж: http://arslans.blogspot.com/

Monday, August 22, 2011

Өгсөн бүхнээ буцаагаад авахдаа Өөрт байсныг минь үлдээхийг бодоорой

Яруухан гэгээхэн хүслийн энэ ертөнцөд
Ямар их их гэрэл гэгээ цацруулж
Яасан их үнэ төлөөсөөр
Яаж ирснээ санаж байна уу чи
Ирсэн шигээ буцвал
Ээ дээ зол заяа минь тэр
Өгсөн бүхнээ буцаагаад авахдаа
Өөрт байсныг минь үлдээхийг бодоорой Гуйя.

Tuesday, August 2, 2011

ХАЙРЛААРАЙ

Ажилаа дуусахаар намайг хайрлаарай

 
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй бяцхан хүү баярлан:
- Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?
- Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?
Ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гараад эхлэхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ.
Ээж нь утсаа хаалаа. Гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэхэд хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган
- Ээжээ туслах уу? гэхэд ээж нь их л нухацтай харснаа
- За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа.
Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа
- Миний хонгор үр ямар их ядраа вэ. Амтат сайхан зүүд зүүдлээрэй гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарснаа хэлэхдээ ийм уцаартай хэлж байгаа юм бол?
- Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн.
- Нам унтаж л байвал тэр амтат зүүд ч яамай. Ядарч үхлээ.
- Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ л би танд тус...
- Заза дараа ярья. Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. Миний хүү явж тогло.
-Ээжээ та ядарсан гээ биз дээ.
- Тэгээд?
- Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчихлаа.
- Тэгээд яах вэ?
- Мэдэхгүй.
Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж:
- Одоо лаа хаанаас олноо гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв. Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байснаа санан ханан дээр тусах гэрэлд эмээгээ дууриан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж, хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойронд дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.
Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа. Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх данс, тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг
- Ээжээ, ажлаа дуусахаар намайг хайрлаарай за? гэв
Өөрийгөө хайрлуулахын тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.

Эх сурвалж: http://www.factnews.mn/news/view/index/id/6075
Инфо сэтгүүлээс