Monday, June 14, 2010

Блогийн гишүүний бичлэг: ӨРТӨӨЛӨХ ҮГС

Өндөр дээд өвөг дээдсийн маань
Өнө мөнхөд санаж яваарай хэмээн
Өртөөлж бидэнд үлдээсэн захиас:
  • Эцэгтээ чи мөргөж яваарай
  • Эжийдээ чи залбирч яваарай
  • Эх орноо чи шүтэж яваарай
  • Элэг нэгтнээ чи хайрлаж яваарай
Яагаад гэвэл:
Эцэг чинь чамд мөргүүлэх, шүтүүлэх эрхтэй хүн
Ижий чинь чамд залбирууулах, хайрлуулах эрхтэй хүн
Эх орон чинь чамтай шүтэн барилддаг юм
Элэг нэгтэн чинь чамаас хайр л хүсдэг юм. /Оюунт ертөнцийн ухамсарт хүмүүн/

Friday, June 4, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-5


Уран шувуу нэгэн өдөр Амьдралд “би согтмоор байна” гэжээ.
-          Чи архи ууж үзээгүй. Тэгээд ч дарс гэдэг ууж суухад сайхан ч дараа нь тийм биш байдаг юм гэсэнд "хамаагүй ээ, би уумаар байна" гээд зүтгээд байж. Гэтэл Амьдрал тэгвэл би чамдаа хамгийн сайхан дарс авчирч өгөе гэжээ. Ингээд амьдралын түмэн жаргал зовлонг туулж яваа хүмүүсийн сэтгэлийн дуслыг цуглуулж түүгээрээ дарс нэрээд Уран шувуунд авчирч өгчээ. Хэмжээлшгүй их хайраа шингээж нэрсэн тэр дарсыг шимж уран шувууны сэтгэл хөөр баяраар гийж, сайхан нүд нь хайраар гэрэлтээд ирэв. Тэгээд урьд нь тэр бүр Амьдралд ярьдаггүй байсан зүйлүүдээ сэтгэл хөдлөм урнаар дүрслэн ярьж гарав. Тэрээр итгэл мөрөөдлийг нь хулгайлсан хүмүүсийн тухай биш харин мөрөөдлөө хайх замд нь таарсан тэдгээр хүмүүсийн сайн сайхан гэгээтэй талыг дурсана. Дотно хүмүүсээ хайрлах гэгээн хайр, бусдад жаргал баяр бэлэглэх сэтгэлийн дэм, зовсон үед нь сунгасан гар, жаргал баярыг нь хуваалцаж ертөнцөд хадаасан уянгалаг дууныхаа тухай зөндөөн удаан ярьжээ.  Бас хүрч чадаагүй ертөнцийн хязгаар, санаж сарвайж чадлаараа зүтгэсэн ч авч чадаагүй зүйлийнхээ тухай, хорвоогийн жамаар буяны замдаа жолоо залсан итгэлт сайн нөхрийнхөө тухай баяр гуниг хослуулан ярина.  Хайртыгаа тийм жаргалтай байхыг нь харсан Амьдрал гэгээн хайраа дэвсэн, амтат дарсыг аягалсаар өдөржин,  шөнөжин  ярьж, дуулжээ.
 
      Маргааш өглөө нь Уран шувуу сэрээд Мөрөөдлөө олох урт замдаа түүртээд заримдаа чамайгаа ч анзаарах сөхөөгүй байжээ. Хэдэн удаа, хамгийн сүүлд хэзээ чамдаа хайртай гэж хэлснээ ч санахгүй байна. Харин өчигдрийн чинийхээ өгсөн дарсыг уугаад хичнээн жаргалтай байсныг үгээр хэлэхийн аргагүй. Нисмээр байна л . . . ингэж тэд хайрын баландаа умбасаар. . .
Хэдэн өдрийн дараа “Тиймээ би жинхэнээсээ нисмээр байна. ... харин чамдаа хэлэх үг байна.  Хүй их орчлонгийн уран шувуудын дундаас хөөрхий намайг олж хайрласанд, гайхамшигтай сайхан жаргал бэлэглэсэнд баярлалаа. Амьдрал чи надад Санан дурсах сайхан учралууд, гансран мөрөөдөх хөөр баяр, агуу их сэтгэлийн хүч  бэлэглэдэг.  Харин би одоо энэ бүхнээс  зугатахыг хүсэж байна. Яагаад гээч Чинийхээ хайранд умбан мөрөөдлөө мартах шахлаа. Одоо би явлаа. Мөрөөдлөө олж авахаар ...
Амьдрал тэгтэл Уран шувуунд анх удаа хязгааргүй ихээр гомдож  “ХУЛЧГАР” гэдэг ганцхан үг хэлээд эргэж ч харалгүй явчихав. Тэрээр сэтгэлдээ дүүрэн гомдол гуниг тээсээр нэгэн сайхан арал дээр очиж Уран шувууг хүлээсээр.
Хэмжээлэшгүй хайр, сэтгэлийнхээ хатыг шалгахаар явсан Амьдралын хойноос Уран шувуу нулимстай нүдээр харж "Давж туулж чадна гэсэндээ чи надад түм буман сорил тавидагын нэг нь энэ сайхан хайр чинь байжээ.  Мартахаар шийдсэн маань зөвхөн айсандаа" хэмээн сэтгэлдээ шивнэсээр хоцров.

/Жич: Хүмүүсээ коммент үлдээгээрэй. Уран шувуу Амьдрал өөрийг нь хүлээж буй арал руу очих болов уу. Юу гэж бодож байна/