Saturday, January 23, 2010

ҮГЭН МАРГААН

Үгэн маргаан бол ер нь өөрийн санаа бодлыг хүчтэйгээр гарган тавьж, ялахын тулд тэмцэлддэг үйл явдал бөгөөд найз нөхдийн дунд өрнөдөг зүйл биш юм. Аль нэг тал нь шархдаж үлддэг. Санаа бодол болон сэтгэгдлээ харилцан яриагаар дамжуулан ойлголцох шиг хүмүүст заяагдсан таашаалтай сайхан зүйл үгүй. Энэ бол хүмүүс бидний үүрд мөнхийн тайвшрал ч мөн. Өнө мөнхийн арга хэрэгсэл ч мөн билээ.

Жон Тодд. Өөрийгөө хурьцлахуй.

МИНИЙ НАЙЗЫН МӨРӨӨДЛИЙН НУУР

Миний найзын мөрөөдөл. Тэр маань нэгэн нуурын ертөнцийн тухай өгүүлнэ. Энэхүү ертөнцөд хүмүүс бүгд өөр өөрийн гэсэн нуур байгуулж амьдарна. Том жижиг зөндөөн нуур. Энэд хүмүүс өр шир тавиад хэдэн зуун бээр үргэлжлэх том нуур байгуулна. Харин миний найзын нуур нь жижигхэн. Тэр нууранд зорин ирэх шувуудыг амар амгалан байлгах гэж миний найз чин сэтгэлээсээ мөрөөднө.
“Миний нуур жижигхээн. Би үүнийгээ ядуучуудын нуур гэж нэрлэнэ. Миний нуурыг зорин ирэх шувууд хол нисэж чадахгүй ядарч зүдэрсэн, өвчтэй ч юм уу тийм шувууд байна. Би тэдэнд л зориулж нуураа бүтээнэ. Миний нуур жижигхэн ч ус нь цэнгэг, миний нуур жижигхэн ч загас жараахай элбэг. Гэхдээ том нууранд байдаг бүхий л гайхамшигийг энд бүтээнэ. Яадаг юм бэ ядуучуудын нуур яагаад тансаг байж болохгүй гэж, миний нуурыг зорин ирэх шувуудыг хавар болгон би хүлээж, шувуудын сүрэг болгоныг өөрийн биеэр сэтгэлийн хадаг өргөж, угтана. Харин миний нуурын шувууд намайг хүндлэн хайрлаж, золгоно. Яг л цагаан сараар овгийн ахлагч бүх айлаараа орж зочилдог шиг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр нуурын ус багаслаа. Нууранд тайван биш байна гэж над руу дайрч загнаж зүхээсэй” хэмээн миний найз чин сэтгэлээсээ өгүүлнэ. Энэ үгээ хэлэхдээ нүдэнд нь оч гэрэлтэж, гэгээ цацарч харагдана. Үнэхээр ч тэр гэрлийг олж харсан хүн тэр жижигхэн ч гэсэн тайван нууранд амгалан жаргах хүсэлд автана.
Хүний сайхан сэтгэл гэдэг хүсэл мөрөөдөл, үйл бүтээлд нь ингэж тусах юм даа. Сэтгэлээ уудлах тэр уянгат яриаг дууных нь өнгө, хязгааргүй баяр хөөр нь улам чимнэ. Гагцхүү үүнийг олж харж чадсан хүн сэтгэлийн сайхныг нь уншина. Мэдрэхгүй байхын аргагүй тэр их гэрэл гэгээ зөвхөн тэр хүний сэтгэлийн гүнээс ундарна.

Tuesday, January 19, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ЧАМАЙГ ХАЙРЛАХ МИНИЙ ХАЙР

Хөөрхөн чамайгаа үнсэхдээ өвтгөх бии гэсэндээ би эмэгтэй хүн шиг би уруулаа буддаг юм. Би бас гарын тос хэрэглэдэг. Булбарайхан цагаан арьсыг чинь илэхэд хөрөөний ир шиг ширүүн байх вий гэсэндээ тэр. Охин дүүгийнхээ бамбаруушийг тэвэрч би сургууль хийдэг. Жижигхэн чамайгаа тэврэхдээ бяцалчих вий гэсэндээ тэр. Хэн болгонд заяадаггүй сэтгэлийн чинь сайхныг мэддэг болохоор хэн нэгэн гомдоох бий гэж үргэлж хардаад өөрийгөө зовоох. Тэгээд бас хэзээ нэгэн цагт итгэл сэтгэлийг чинь бүгдийг аваад явчихсан тэр новшийг алчихмаар санагдаж дотор бачуураад салах биш. Гэхдээ нэг л зүйл дээр зөвтгөхөөс аргагүй. Ганцхан өөрийнхөө байлгахын тулд тэгэхээс ч яахав дээ.
Чамайгаа би ийм их хайраар хайрлаж байхад хэн нэгэн чам руу минь хуруугаараа чичиж, хашгирч байвал дүүжилсэн ч сэтгэл амрахгүй. Өөрийнхөө сонгосон замаасаа буцдаггүй болохоор чинь дэмий л дотроо бухимдаад. Хэзээ нэгэн цагт хүчээр аваад явчихмаар. Даанч тэглээ гээд чи эргэж буцахгүй өөрийнхөөрөө зүтгэнэ гэдгийг чинь мэдэж байна... Тэгээд би уурандаа дэмий л хатуу дарсаар сэтгэлээ хуурах биз. Сайхан бүсгүйн тачааангуй харц шиг амьдрал өөрөө хуурамч, хүмүүс ч бас чамайг өөнтөгч харцаар харж, эрчүүд харин интимний ертөнцийг чинь л сонирхоно гэж хэлэхэд чи минь ердөө ч итгэдэггүй юм. Гэнэн сайхан сэтгэлдээ бүх л зүйлийг сайхан өнгөөр будаж хардаг. Яааагаад тэгдэг юм бэ дээ. . . хашгирмаар санагдав. Харин энийг нь салгаад хаячихвал миний хайрладаг бүсгүйгээс юу ч үлдэхгүй л дээ. Амьдрал үзсэн ухаалаг нүднээс нь зэрвэсхэн харвал хөгжилтэй инээд л харагдана. Харин эрэвгэр нүднийх нь сормуус буух агшинд өөр ертөнц мэдрэгддэг юм.

Блогийн гишүүд бичиж байна.

Энэ Блог дээр бичих эрх авах гэж бүтэн жил гүйсан юм. Ийм их үнээр олдсон эрхээ би удахгүй алдах байх даа гэсэн айдас эхнээсээ л намайг зовоогоод. Энэ блогийн эзэн бүсгүйг хэрэндээ л би мэддэг гэж боддог. Гэхдээ бас мэдэхгүй зүйл маш их. Заримдаа бүүр яг оньсого шиг. Эх хүний, эмэгтэй хүний зөөлөн хонгор өнгөөр гэрэлтэж явдаг нэгэн боловч бас хатуу самар шиг.
Тийм болохоор блогт нь бичих эрх авах гэж бараг л гэрээ байгуулж, зөндөөн их амлалт өгсөн. Жишээ нь л гэхэд нэрээ бичихгүй, бүдүүлэг үг хэрэглэхгүй, хувь хүнийх нь эрх чөлөөнд халдахгүй, өөрийнх нь тухай бичихгүй байх гээд л Бүжээг мэддэг хүмүүс ярьдаг зүйлүүдийг нь мэднэ дээ. Тэр зүйлүүдээ түмэн нөхцөлөөр тулгасан даа. Тэгэлгүй яахав тэгнэ, тэгнэ би чиний хэлснээр л байна л гээд байгаа. Энэнд маань Бүжээ итгэхгүй л дээ. Гэхдээ Бүжээ хэзээ ч эрхийг минь хасах эсвэл бичлэгийг минь хаачих эрх нь байгаа болохоор тэрэндээ жаахан тайвширдаг байх л даа. Нэг удаа овоо нааштай үг сонсоод. . . Би блогтоо орохгүй хэдэн долоо хоног ч болдог юм. Одоо харин өдөр бүр орж байхгүй бол болохгүй боллоо доо гээд сайхан нүдээрээ инээсэн юм. Тэгэхэд нь би гэнэн байна даа гэж хэлээд бас л уурлуулаад дахиад л бүтэн сараар эрх авах хугацаагаа сунгачихсиин. Хөгжилтэй шүү. Өөрөө блог нээгээд бичихгүй юу гээд ширэв татна. Гэсэн нь зөөлөн хонгор ааштай болохоор зөвшөөрнө гэж мэддэг байсан. Заавал энэд бичнэ дээ л гэж боддог байлаа. Тэгж байгаад л хүссэндээ хүрлээ дээ. Чаднаа гэж бодож байсан л даа. Энэ блогийг олон хүн уншдаг болохоор чухам тэдэнд л үгээ хүргэмээр санагдсийн. Бас Бүжээгийн бичдэггүй хэлдэггүй бодол хүслийг нь биччихмээр санагдаад . . . Хэ хэ тэгвэл ч алуулна л даа. Тэгэхгүй гэж зөндөөн амласан гэж байгаа. Гэхдээ блогийн эзэн маань өөрөө хүнийг их уучламтгай, удаан уурлаж чаддаггүй болохоор гайгүй биз. За ингээд л гэрээгээ зөрчөөд эхэллээ дээ.Би гэхдээ жишээ нь Арман шиг гое бичиж чадахгүй ээ. Яахав өөрийнхөө түвшинд л.

Thursday, January 7, 2010

Төрсөн өдөрт

Жавар тачигнасан өвлийн энэ өдөр
Жавхаалаг нэгэн охин төрсөн гэнэ.
Бүгдээрээ түүнийг өхөөрдөн энхрийлж
Бүжидмаа хэмээх нэгэн алдар хайрлажээ. 
Дуудуулах нэрийг нь эцэг эх нь өгсөн ч
Дуурсах алдраа өөрийн чадлаар цогцлоон
Дурлаж хайрлуулахаас хүндлүүлэх хүртэлх
Дуусашгүй хорвоон бүхий л харилцаанд
Аз жаргал, инээд хөөр, эрүүл энх
Амжилт бүтээл, аз олз /сугалаанд/ бүхнийг
Урдаас чинь ирэх өдөр бүр тосохын ерөөлийг
Улс төрийн Боловсролын Академи /ЛДС/ йнхан чинь өргөн мэндчилж байна.

Saturday, January 2, 2010

Он гарахын өмнө ододтой ярилцлаа

Он гарахын өмнө ододтой ярилцлаа. . . Амьдралдаа ядаж ганц удаа ч гэсэн хүссэн зүйлээ хийж байсан уу гэж одод надаас асуув. Зөндөө дөө зөндөө гэж би хариулахдаа нээрээ юу билээ гэж дотроо бодов. Дандаа л хүний хий гэснийг хийгээд явсан юм биш биз. Хүссэн зүйлээ хийх гэхээр ямар нэгэн зүйлд хүлэгдэж баригдсан юм шиг хүсэл сэтгэлээ боож боомилсон удаа бий бил үү. . . Хариултаа олж чадаагүй байтал одод дахиад асууж байна. Алдсан оносоноо бодож байсан уу гэж. Харин би энэ асуултанд торохгүй хариуллаа. Онож алдсаныг минь одод та л мэднэ. Ондоо хүмүүст ердөө ч хамаагүй. Өнгө өнгийн тууз алгалсан өргөн дардан амьдралын замаар алхахдаа ӨӨРӨӨСӨӨ УРВААГҮЙ л бол юуг ч би алдаанд тооцохгүй гэж. Тэгсэн одод надад хэлж байна. Тэгвэл хүссэн зүйлээ хийх хүслээ битгий хорьж байгаарай гэж.