Friday, March 14, 2008

БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ОНОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТҮҮХЭН ТОЙМООС

Боловсрол нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын өвийн салшгүй нэг хэсэг, нийгмийн нэг дэд систем, хойч үеэ амьдрал хөдөлмөрт бэлтгэх үйл явц, хүний үйл ажиллагааны онцгой нэг салбар болохын хувьд философийн шинжлэх ухааны судлах зүйлийн нэг болж хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас оршин тогтнож ирсэн юм.
Философийн шинжлэх ухаан нь үүссэн цагаасаа өнөөг хүртэл оршин буй боловсролын системийг судлан тайлбарлаж, шинэ үзэл санаа, шинэ үнэт зүйлсийг бий болгож иржээ.
Хүн төрөлхтний агуу их сэтгэгчдийн эцэг болох Сократ, Платон, Аристотель, Демокрит, Квинтлиан зэрэг эрдэмтэд эртний нийгмийн онцлогод тохирсон боловсролын тухай үзэл санааг дэвшүүлж, бие хүн төлөвших процесс, хүн, түүний нийгмийн шинж чанар, ухамсар, танин мэдэхүй, үйл ажиллагааны тухай сургаалиа туурвиж, боловсролын тухай онолын эх үндсийг тавьсан юм.
Суут Сократын гаргасан асуулт хариултын журмаар хүүхдээр өөрөөр нь үнэн мөнийг олуулах арга нь одоогийн дөхүүлэх асуулгын аргын үндэс болж, Аристотель анх удаа боловсролын философи, сурган хүмүүжүүлэх ухааны түүхэнд насны үечлэлийг тогтоох оролдлого хийсэн түүхтэй. Энэ хүмүүсийн сод санаануудын үндсэн дээр боловсролын тухай мэдлэг хөгжиж өнөөгийн онолын түвшинд хүрснийг бид мэднэ.
Дундад зууны үед төрийн фоедалын боловсролын тухай онол бий болж, сүм хийдийн сургуулиуд олноор байгуулагдаж байсан бөгөөд энэ үеийн боловсролын онолд схоластик болон гумманист чиглэл голчилж Франсуа Рабле, Томас Мор, Мартин Лютер, Мыщель Де Монтень нар боловсролын тухай сургаалаа туурвисан юм.
ХҮI-ХҮП зууны үед нийгмийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, ангит нийгмийн онцлогоос үүдэн боловсролын байгууллага сонгодог хэлбэрээрээ бий болж, түүний тухай онолын үзэл баримтлалуудыг нэгдсэн голдрилд оруулах, тусгай шинжлэх ухаан болгон хөгжүүлэх, философиос тусгаарлах шаардлага тавигдсан юм. Энэ үед Ф.Бекон, Ион Мильтон зэрэг олон эрдэмтэд боловсролын тухай үзэл онолоо боловсруулж, сургаал, бүтээлүүдээ туурвисан түүхтэй.
1657 онд Чехийн агуу их сэтгэгч Я.А.Коменский ”Их дидактик” зохиолоо туурвиснаар ”Сурган хүмүүжүүлэх ухаан”-ы суурь тавигдаж үүнээс хойш боловсролын онол практикийн бүхий л асуудлыг түүний хүрээнд шийдвэрлэж иржээ. Өөрөөр хэлбэл боловсролын тухай онол болж Сурган хүмүүжүүлэх ухаан бий болсон бөгөөд түүний хажуугаар философийн шинжлэх ухааны хүрээнд ерөнхий асуудлууд нь яригдсан хэвээр байлаа.
Я.А.Коменскийн араас К.А.Гельвеций, Д.Дидро, И.Г.Песталоций, И.Гербарт, И.Дистервег, Р.Оуэн зэрэг философичид боловсролын асуудлыг онолын түвшинд авч үзэж ирсэн бөгөөд энэ үед Ж.Ж.Руссогийн ”Эмиль ба түүний хүмүүжил” гэдэг алдарт зохиол гарснаар боловсролын философи хэмээх шинжлэх ухааны эх үндэс тавигдсан гэж зарим эрдэмтэд үздэг байна.
Гэвч ХIХ зууныг хүртэл боловсролын философийг тусгай шинжлэх ухааны хувиар хүлээн зөвшөөрч түүний зорилго, судлагдахууныг тодорхойлж байсангүй гагцхүү Сурган хүмүүжүүлэх ухаан л боловсролын тухай ерөнхий шинжлэх ухаан болж оршин тогтнож ирсэн юм.
Үүнтэй холбогдуулж Английн эрдэмтэн Питерс ”боловсролын философийн асуудал хүний нийгмийн соёл иргэншилтэй нас чацуу боловч одооноос л улс төрийн философи, шинжлэх ухааны философийн нэгэн адилаар тусгай шинжлэх ухаан болон судлагдаж байна” /65.28/ гэж 1980-аад онд бичиж байв.
Хүний үйл ажиллагааг тайлбарласан аливаа онолын сэтгэлгээ нь хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатанд түүний хэрэгцээ бий болсон үед үүсэж, тодорхой хугацааны дараа шинжлэх ухаан болж хөгждөг. Тухайлбал хүй нэгдлийн нийгэм задарч өмч, арилжаа солилцоо, худалдаа наймаа зэрэг эдийн засгийн харилцаа үүссэн үед эдийн засгийн сэтгэлгээ үүсэж, нилээд хугацааны дараа шинжлэх ухаан болж хөгжсөн. Хэл-хэл шинжлэл, улс төр-улс төр судлал цөм ийм түүхтэй.
Тэгвэл боловсролыг хүн төрөлхтөн үр хүүхэд, хойч үеэ амьдрал, хөдөлмөрт сургах, өөрсдийн бүтээсэн соёлын өвийг өвлүүлэн үлдээх үйл ажиллагаа, нийгмийн иргэн төлөвших үйл явц гэж үзвэл боловсролын философи нь энэхүү үйл явцын тухай сэтгэлгээ, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, хүнээр хүн хийх ур ухааны тогтолцоо, хүн төлөвшлийн гүн ухаан болж оюун ухаант хүн бий болсон тэр үеэс оршин тогтнож иржээ. Харин боловсролын тухай шинжлэх ухаан тухайлбал боловсролын философи болж хөгжихдээ дээрхи урт удаан замыг туулжээ.
Дээрхээс үүдэн боловсролын онолын хөгжлийг 4 үе шаттайгаар авч үзэж болох юм.
1) Философийн шинжлэх ухааны хүрээнд боловсролын онол хөгжиж ирсэн нь /м.э.ө. Ү-м.э.ө. ХҮ зуун/
2) СХУ-ны үүсэл, хөгжил. СХУ болон философийн шинжлэх ухааны хүрээнд боловсролын онол хөгжиж ирсэн нь /ХҮ1 зуунаас/
3) Боловсролын философи боловсролын тухай ерөнхий онол гэгдэж, тусгай шинжлэх ухааны хэлбэрээр хөгжих болсон үе. /1960-1990 он/
4) Боловсрол судлалын шинжлэх ухаан үүсэж, хөгжсөн үе. /1990 оноос/

No comments: