Wednesday, July 29, 2009

ЖУЛИЯГИЙН НУЛИМС



Би Хөөрхий муу эрх Жулиягаа арай л дэндүүлчих шиг боллоо. Манайхан бүгд лагерьт гараад би Жулияг өдөрт ганцааранг нь орхихгүй гээд ээжийнд аваачаад тавьчихсан юм. Гэтэл орхиод явсан орой үүднээс салахгүй хэвтээд байна гэж дуулдаж байсан юм. Тэр ерөөсөө дэндүү эрх нохой, жаахан хал үзэг гээд бид тоохгүй байсныг яана гээч. Гэтэл 7 хоног гайгүй байж байснаа өчигдөр орой /10 дахь хоног/ ээж гэнэтхэн “Нохой чинь ширээн доогуур уйлаад хэвтээд байна. Хоол ч идэхгүй байна” гэсэн мессеж ирүүлдэг байгаа.
11 цаг болж байсан тул очиж аваад лагерь явья гэхээр шөнөжингөө юм болох гээд байдаг. Тэгээд ч өнөөдөр 2 дахь өдөр, бас жаахан онцгүй ч өдөр байсныг хэлэх үү шөнө хол явна гэж бодохоос жиирхээд жаал бодож суулаа. Жулиягаа өрөвдөөд болдоггүй ээ. Нохой эзэндээ үнэнч тэгээд бас эзнээ орхиод явах юм уу өөр хүнд өгөхөөр гомдоод байдаг юм гэсэн. Гунигласаар байгаад үхчихвий дээ. Тэгвэл хүүхдүүд маань сүйд болно гэж бодогдоод. Дүрлэгэр том нүднээс нь нулимс унаж байгаа нь харагдаад бүүр болдоггүй. Би ер нь хүн амьтан гомдоохгүй байх юмсан гэж боддог л доо. Муудалцаад үл ойлголцол үүсээд хичнээн өөрөө гомдсон байлаа ч нөгөө хүнийг гомдоосон бол түүндээ л эмзэглээд байдаг юм. Гэтэл яг тэрэнтэйгээ адилхан хөөрхөн эрх жаахан гөлгөө өрөвдөөд болдоггүй ээ. Ээж рүү дахин дахин мессеж бичлээ. Ээж сүүлдээ яасан сүртэй юм гэж загнаж байна. Өглөө 5 цагт эрт очиж аваад лагерь хүргэж өгөөд ирье гэж бодлоо. Бүүр нойр ч хүрэхээ болилоо. Тэгээд тэссэнгүй 12 цаг болж байхад гараад ээжийнх рүү явлаа. Хаалга тогшингуут л хуцаад сүрийг үзүүлээд, оронгуут л ирээд үсэрч харайгаад долоогоод эрхлээд сүйд болно доо гэж бодсон чинь хөөрхий байхгүй шүү. Ямар ч дуу чимээгүй үнэхээр гомдчихож тоглож гүйж харайх нь ч алга. Хоол өглөө иддэггүй. Тэгэсгээд унтахаар хэвтсэн боловч шөнө 3 цаг хүртэл нойр хүрсэнгүй тэрнээсээ болоод өглөө эрт босож чадсангүй. Юу ч гэсэн Жулиягаа гэртээ авчираад тавьчихлаа. Ээжийнхээс гарч ирээд гараж руу оров уу үгүй машин руу давхиж очиж цоройгоод сүйд болсон. Одоо л гэртээ харих нь гэж бодсон байх. Замдаа өвөр дээр гарч хэвтчихээд мөрөн дээр толгойгоо тавьчихаад буудаггүй. Өрөвдөөд загнаж чаддаггүй. Ёстой зовж гэртээ ирсэн шүү. Замд таарсан машины жолооч нар, явган зөрсөн хүмүүс ч гэсэн гайхаад л ... Яаж машинаа барихаараа ингэдэг байна аа мэдрэл муутай хүн байна гэж бодсон байх даа. Харин Жулия гэртээ орж ирэнгүүтээ баярлаад гэрээ хэд тойрч хар хурдаараа гүйж байгаад Мөнкүүкийн футболкийг аваад буланд очоод хэвтчихсэн. Орой Жулиягаа лагерь руу аваачнаа. Өдөр гайгүй л байдаг байгаа даа. Гэртээ ирсэн ч хэн ч алга гээд гомдох юм болов уу. Өдрийн цайнаар очиж эргэдэг юм уу. Нохой ч гэсэн уйлдаг юм байна даа.

1 comment:

zolkhuu said...

Нээрээ нохой тэгдэг шүү. Манай нохой эрх биш л дээ. Манай Чингэлтэйгээс 2 буудал руу нүүсэн юм. Манай нохой алга болчихоод бараг 14 хоногийн дараа Чингэлтэй-д ирчихсэн байсан. Аймаг гандчихсан байж билээ. Хуучин гэрээ л их санасан байх гэж би бодсон. КК :)