Monday, April 19, 2010

Блогийн гишүүд бичиж байна: А.АРМАН. БОРОО АСГАРАХГҮЙ БОЛ БАЯРТАЙ.

Насаараа мал дагаж нар салхинд гандаж үрчийсэн эмгэн шиг шороо бужигнах хавар. Хэдхэн дусал бороо хүлээсэн өдөр хоногууд, хатаж хуурайшсан газар гангинана. Дээр нь гишгэж яваа бид ч дотроо гасална...
- Ганцхан...ганцхан дуслыг надад өгөөч...Хаа холоос хичнээн ч бэрхийг туулсан юм, бүү мэд, тэр шувуу ганцаар хатаж ширгэсэн нууран дээгүүр эргэлдэнэ.
 
- Эл хуль ээрэм тал дунд чи гав ганцаар ямар үзэсгэлэн гоо, юутай ариун онгон байсан билээ... Тэр шувуу нуурын хатсан сайртай ийн хүүрнэнэ. Өөрөө өдийг хүртэл харангадаж үхээгүй нь гайхалтай. Эсвэл зүгээр л азтай юм уу.
- Юу яриад байгааг чинь нэг л ойлгохгүй байна. Энэ нуур чинийх биш...
- Яагаад? Би ямар алсаас юуны төлөө эргэж ирсэн билээ...
- Бороо асгарахгүй бол би чиний хүссэнийг өгч чадахгүй, хаанаас ч, хэзээ ч ирсэн байлаа...Уучлаарай
Тэнгэрт үүлгүй ч салхи чигээ өөрчлөх төдий үл мэдэг чийг хамар шүргэхэд, шувуу айсуй яваа бороог тосох гэж дээшээ бүр дээшээ дэвнэ. Бараа сураггүй тэр үүлийг чадал минь хүрдэг бол салхинаас урьтаад туугаад ирэх юмсан гэж тэр мөрөөднө. Зүүдэлнэ. Бүр бороо асгарч байна гэж...Зүүрмэглэх тэрхэн зуур, заяа бөгөөд тавилан золгүй амьтныг ч гэсэн нэг удаа мишээлгэдэг уужим нь дэндүү хорвоо юм хойно...
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, хорь, бүр зуу, хэдэн мянган дусал тэнгэрээс унана. Тоолох байтугай харах аргагүй, шөнө юм чинь. Шувуу шөнө дөлөөр анх удаа тийм аз жаргалтай байлаа. Урьд нь харанхуйгаас айдаг байсан юм. Бүжиглэх нь байтугай.
- Хонгор минь харж байна уу? Би хэлээгүй юу? Бороо асгарнаа гэж...
Хэнзхэн ногооны нялх соёо эрийн сайндаа тэнгэрээс уначихсан юм шиг тэнгэр лүү тэмүүлэн нахиалдаг. Тэр цагт шороо тоос мартагдаж, нимгэн дэрэвгэр ногоон “палааж” гоо биеийг нь далдлах төдий залуу хангал бүсгүй шиг зун ирнэ. Орь шувуу дахин амилсан нууранд умбаж булхсангүй.
Жам ёсоор ертөнцийн цангаа тайлагдсан ч, ер жаргал хүссэн түүний нүдэнд баяр баясгалан үгүй.
- Би чамайг сайн мэдэхгүй...
- Би харин чамайг маш олон жилийн өмнөөс мэднэ.
- Санахгүй байна, уучлаарай.
Ай даа, эрчүүдийн харц хөл доор нь хатсан навчис мэт хөглөрөх үзэсгэлэн гоо чи юутай бардам бөгөөд юунд ийм ганцаардмал. Хэн нэгний зүрх сэтгэлийг зүгээр л нэг мөчрөөсөө сэгсрээд хаях улиас шиг...
- Цаг чинь боллоо, одоо шувуудтайгаа хамт буц....гэж шивнэх уруулнаас үл мэдэг жимс сэнгэнэх нь намар болсныг ч мартуулна.
Намар байтугай бороо асгараагүй байхад зүүдэлсэн зүүдэндээ итгэж шувуу уйлна. Нулимс нь нуурын хатсан сайран дээр унахад дороо шингэнэ.
- Бороо асгарахгүй бол баяртай...Би чамд хэлсэн шүү дээ...
- Би мэдэхгүй байна...
Энэ хорвоогийн нэгэн мухарт энгүй их цангасан нуур, ижлээсээ тасарсан шувуу хоёр бороо асгарахыг хүлээнэ. Удахгүй хэзээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй ч, урь идэгдсэн ертөнцөд урьд урьдынхаас илүү сайхан бороо асгарна. Тийм ээ, асгарах л ёстой юм чинь...Тэр хоёр өөрсдөө ч мэдэхгүй....

No comments: