Wednesday, October 13, 2010

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Би Засагт хан дээд  сургуулийн  Төрийн  удирдлагын  магистрантурт суралцдаг. Манай ангид Бүжидмаа багш “Удирдлагын манлайлал” хичээл орсон юм. Хичээл дээр яригдсан зүйлүүд, багшийнхаа хэлж ярьсныг бодоод “Хүн гэдэг урмаар тэжээгддэг амьтан. Бид бие биендээ талархсан сайхан үг дандаа хэлдэг бил үү” гэж бодогдсон шүү. Миний бие ангийн анд, хамт ажилладаг эгч Алтаншагайд хандан энэхүү захиаг бичсэнээ багшийнхаа блогоор дамжуулан та бүхэнд хүргэж байна.
             
             Сайн байна уу. Шагай эгч ээ. Таньд энэ захиа очих өдрийн мэндийг хүргье.
Би анх ЗДТГ-т ажилд орсоныхоо дараахан таньтай танилцаад жирийн л нэг бүсгүй гэж бодож билээ.
            Таныг сайн таньдаг болсоныхоо дараа би өөрийнхөө энэ бодлоос ичсэн. Хүнийг анхны сэтгэгдэлээр дүгнэхэд зарим нь таардаг боловч таны хувьд би андуурсан байсан.
            Тэр үед та 3 хүүхэдтэй байсан бүгдээрээ л “ээж ээж” гээд л нэг сайхан жаргалтай ам бүл байна даа гэж боддог байлаа. Харин 3 хүүхэд нь өргөмөл байсныг мэдсэнийхээ дараа би таныг өөрийн эрхгүй хүндэлж “Энэ хүнээс хүнийг хайрлах гэрэл цацарч байдаг юм байна” гэж бодсон. Одоо цагт хүний мөс муудсан, хүн хүн ээ анзаарах битгий хэл төрсөн үрээ орхиод явдаг болсон энэ л цаг үед тань шиг хүнийг би “Ховор хүн” гэж хэлмээр санагддаг. Энэ үгийг би хэзээ нэгэн цагт Шагай эгчдээ хэлнэ дээ гэж бодож байсан. Харин одоо таньд хэлэх боломж олдлоо. Энэ боломжийг гаргаж өгсөн Эрхэм багшдаа баярлалаа.
Шагай эгч таны тайван дөлгөөн зан, хөөрхөн инээд, манай Монголчуудын хэлдгээр “Цаанаа л нэг нүүрийн буянтай” царай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, хүнийг ялгаварлан дугаарлаж харилцдаггүй сайхан сэтгэл гээд л таны энэ бүх сайхан чанарыг хэлье гэвэл миний хуудас дүүрэх бололтой.
            Таньд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж “Та бол Ээжийн дээд ээж шүү” гэж хэлье.
 Ангийн анд Д. Цэдэвээс


Ангийн анд чамдаа захиа очих өдрийн мэндийг сайхан үгийн хамт өргөж барья
            Чи миний хамгийн дотны найз минь гэдгийг мэднэ биз дээ чи минь сайхан сэтгэлтэй, царайлаг, ухаалаг,  хүнийг хайрлах сэтгэлтэй, хүнийг ялгаж харьцдаггүй, үнэнч зан чанартай, элэгсэг, дотно харьцаатай нэгэн билээ. Мөн хань үр хүүхэддээ түшигтэй халамжтай, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьж, элэгсэг үгээр тэтгэж өдөр бүр урам хайрлаж байдаг тэр зан чинь илүү их таалагддаг шүү. Миний найз үргэлж инээмсэглэж хайраар бялхаж, цалгиж, өглөө болгоны ургах нарны тунгалаг туяаг харж, өдөр болгон хүний сайнтай уулзан учир ч явахын өлзийтэй ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Ангийн анд Цэдэвт
Ангийн найз Ч. Урангоогоос

No comments: