Saturday, May 7, 2016

ХУВИЙН ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ХҮНД “ТӨРД” ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.

 Иргэд яагаад, яах гэж өөрсдийгөө төлөөлүүлэн хэсэг нөхдөө сонгож, төрийг байгуулдаг вэ. Бидний өмнөөс хууль тогтоогоорой, улс орны хөгжлийн гол гол асуудлыг бидний өмнөөс шийдвэрлээрэй, үр хүүхдийн минь сургууль соёл, эрүүл мэндийн асуудалд анхаарч эмнэлэг сургуулийн асуудлыг зохицуулаарай, бүүр бүх хүнээс асуух юм гарвал биднээс асууж шийдээрэй, хамгийн гол нь нийтийн хэргийг шударгаар шийдвэрлэж ажиллаарай, бид гарах зардлуудыг гарганаа, тэр мөнгийг зөв зарцуулаарай, бидэнд тэгээд ил тод тайлагнаарай, бид та нарт дүн тавина аа, тэгээд дараагийн сонголтоо хийнээ гэж. . . 

Тэд сонголтоо хийхдээ энэ л хүн бидний итгэлийг дааж, бидний өмнөөс ажиллах хүн шүү гэж итгэл хүлээлгэж сонгодог. Тэгвэл нэр дэвшигчид “Би УИХ -ын гишүүн болно” гэхээсээ өмнө Иргэдийн төлөөлөл болох хүн ямар үүрэгтэй вэ гэдгийг ухамсарлаж, мэдэхээс эхлэх ёстой. "Яах гэж", "Яагаад", "Хэний төлөө" нэр дэвших гэж байгаагаа сайтар бодож шийдвэр гаргасан байх ёстой. Таны хувь хүний бэлтгэл хангагдсан уу, таны мэдлэг, туршлага хангалттай юу, түүнийгээ цааш нь хөгжүүлж чадах уу гэх мэтчилэн. Товчхон хэлэхэд НЭР дэвшигч зорилгоо тодорхойлж, өөрийгөө төлөвшүүлэхээс эхлэх ёстой. Иймээс улс төрчдийг хэдэн 10 жилийн өмнөөс бэлтгэж эхэлдэг тогтолцоо гаднын орнуудад хэдийн бий болжээ. Тэд өнөөдөр 2020, 2024, 2028 ... оны сонгуульд нэр дэвшигчдийг бэлтгэж байна. Яагаад гэвэл бусдыг төлөөлөх чадвар, улс орны хөгжлийн бодлогыг тодоройлох чадвар, нийтийн төлөө ажиллах ухамсар, үнэт зүйл гэдэг юмнууд хүнд гэнэт бий болчихдог юм биш. Үүнийг худалдаад авчихаж болдоггүй. Бас хэдэн цагийн хичээлээр заагаад сургачихдаггүй. Олны төлөө ажиллах чин сэтгэл, хувь хүний төлөвшил, үнэт зүйлийн баримжаа туйлын чухал.
Нийтийн төлөөх том зорилго, түүндээ хүрэхээр хуримтлуулсан мэдлэг туршлага нь тэдний хүчтэй талыг илэрхийлдэг. Харин хувь хүнийх нь хувьд энгийн, эгэл төрх, шударга хөдөлмөрч зан чанар нь ард олны төлөөлөл болж чадах эсэхийг тодорхойлдог. Хүний мөнгө, эд хөрөнгө, эрх мэдлийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн булаагаад авчихаж чадах боловч, тэр хүний мэдлэг, туршлага, зан чанар, сэтгэл зүрхийг хэн ч булааж авч чаддаггүй. Энэ бол салхи шуурганд хийсээд явчихдаггүй, мөнгө эрх мэдлээр арилжаалж болдоггүй таны төлөө тантай хамт байх тэр хүний мөнхийн чанар юм. Хувийн зорилго өвөртөлж ирсэн хүнд ТӨРД орон зай байхгүй. Улс төрчийн эрхэм дээд зорилго бол олны төлөө, улс орныхоо төлөөх зорилго байх ёстой. Ийм л хүнийг Иргэд бид сонгоно.

1 comment:

Crypto Phone Support said...

Hey Bithumb users! Maximum of the users get stuck in login errors on cyclic basis. The most frequent reason back the login error is misremembering or typing the wrong password. If you don’t know what to do next then, you can seek support from the well-versed masters who have an overabundance of clarifications and remedies for every problem or glitch. To reach the experts you can ping on Bithumb Support Number at 1-800-665-6722 and communicate directly to them. The experts will proffer stepwise assistance so that you experience the whole process easier. Visit website:- http://www.cryptophonesupport.com/exchange/bithumb