Monday, November 14, 2011

БУРХАД БИДНИЙ ДЭРГЭД БАЙДАГ

Нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, хэдэн мянган шавьтай, өвгөн буурал багшийнхаа амнаас унах үг болгон нь хичнээн үнэтэй болохыг бодож эргэцүүлж суухдаа үүнийг бичих санаа төрсөн юм.    
Бид "Бурхан байдаг уу. Байдаг бол хаана байдаг вэ" гээд л янз бүрээр бичиж ярилцацгаадаг. Бас нэгнийхээ хэлснийг нөгөө хүнд нэг их сүрхий хүн болох гэж өөрөө ч ойлгоогүй байж, давтаж худлаа цэцэрхэнэ. Тэгвэл бурханы тухай үнэн юу вэ. Бурхан үнэндээ бидний дотор байдаг.  "Хүн өөрөө бурхан болох бөгөөд бурхны мөн чанар хүний мөн чанарт бий. Хүн бүхэн бурхан болж чадах боломжийг агуулна хэмээн буддын сургаальд  үздэг.  
Тиймээ хүн бүхэн  өөрийн бурханлаг чанарыг нээж хөгжүүлж чадсанаар өөрийгөө, оюун ухаанаа боловсруулан чөлөөлж, сэтгэлээ ариусган төгөлдөржүүлж чадна гэсэн үг юм. Хүн бүхэнд өөрийнхөө дотоод хүчийг нээж, түүнийгээ хөгжүүлэн, аливааг өөрийн хүч боломжоор хийж бүтээх агуу их чадвар байдаг. Ингэж чадсан бүх хүмүүс, бас бидний дэргэд байгаа сайхан сэтгэлт хүмүүс бүгд Бурхад юм шүү гэдгийг хэлэх гэж үүнийг бичиж байна. 
Сайхан ээж, аав маань, өвгөн буурал багш маань, үнэлж хүндэлж явдаг хайртай дотно хүмүүс маань, үргэлж сайхан үгээр ухаарал, сэтгэлийн дэм өгч байдаг тэр л хүмүүс маань бидний хувьд БУРХАД юм. Амьдралын энэ урт замд хэн дэргэд чинь байж, дэмжиж дэмнэж явааг хэзээ ч мартаж болохгүй. Бурхад хаана байдаг вэ гэж гайхаж суухын оронд дэргэдээ байгаа БУРХАД-аа хайрлаж хүндэлж явах нь чухал юм даа.

ХАЙР ЗӨӨЛӨН БАЙДАГ

Манай нэг оюутан ярьж байна. Охин нь 3 дугаар анги гэнээ. Тэгсэн хажууд нь суудаг хүү үргэлж чимхээд байдаг гэнэ. Охин нэг өдөр багшдаа хэлж л дээ. Багш аа энэ дандаа намайг чимхээд байх юм гэсэнд багш нь за яахав дээ. Чамд сайн болоод л тэгж байгаа хэрэг гэсэнд охин "Үгүй дээ. Арай л чанга чимхээд байгаа юм даа" гэсэн гэнээ.  10 хан настай охин хүртэл "Хайр зөөлөн байдаг" гэж боддог байх нь ээ. Хүмүүсээ бие биенээ хайрлаж, сайхан үгээр сэтгэлийг нь тэтгэж, хайртай хүндээ зөөлөн хандаарай. Бид золоор ирсэн энэ хорвоодоо нэг л удаа амьдрана шүү дээ. Бас амьдралын энэ урт замын нэгээхэн хэсгийг хамт туулж, хамтран ажиллаж, амьдарч байгаа хүмүүс маань нэг л  төрдөг, тантай нэг л удаа таардаг гэдгийг бүү мартаарай.   

Wednesday, November 2, 2011

ЗӨВХӨН УРАГШАА

Аливаа  ажил хэрэг, амьдрал байдалд чинь саад бэрхшээл гарсан ч зөвхөн урагшаа тэмүүл. Учир нь урам зориг, хичээл зүтгэл гэдэг бүхнийг шийдэх түлхүүр болдог. Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн далдын хүч  надад тусална хэмээн найдаж суух нь  утгагүй зүйл. "Xэн ч чамд туслахгүй" гэдгийг байнга санаж, төмөр эр зоригтой байх хэрэгтэй.  

Tuesday, November 1, 2011

ШИНЭ САР, ШИНЭ ӨДӨР 2011-11-1

Өнөөдөр 2011 оны 11 сарын 1 ний өдөр. Дан 1-ийн тоотой, 1-ээр эхэлсэн шинэ эхлэл, шинэ эрч хүчийг мэдрэх өдөр. Энэ өдөр  Григорийн тооллын жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуустал 60 өдөр үлдэж байна. 
Аливаа шинэ эхлэл гэдэг дандаа л мөрөөдөл хүсэл тэмүүлэл, зорилго зорилт агуулж байдаг.  Магадгүй амжилт ололт, тохиолдож мэдэх бэрхшээл, түүнийгээ даван туулах,  бүдрэвч босох хүч чадал гээд л бүхий л зүйлийг агуулж байдаг.  
Шинэ сар, шинэ өдрийг өөдрөг урам зоригтой эхэлж, санасан бодсон бүхнээ биелүүлэхийн төлөө шинэ зүйлсүүдээр өөрийгөө цэнэглэх өдөр. 
Харин эхэлснээ амжилттай бүтээж, шинэ зүйлийг эхлүүлэхийн гол түлхүүр нь өөрийн хүчинд итгэх явдал юм шүү. 
Шинэ сарын шинэ сайхан өдөр найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ төгс сайхан харилцаатай байх нь энэ өдрийг улам сайхан болгоно. Итгэл хүндэтгэл, хайр халамж, сэтгэлийн дэмжлэгийг эрхэмлэснээр та өөрөө ч энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байх болно. 
Эрч хүч буцалсан энэ өдрийн шинэ санаа, шинэ төлөвлөгөө, шинэлэг бүхэн дээр суурилсан бүхэн чинь  амжилттай байхын ерөөлийг миний блогийг уншиж байгаа эрхэм Танд өргөн барья.