Хайрт гэргий халамжит хань чамдаа бичсэн захиагаа багшийнхаа блог дээр тавилаа.
Сайн байна уу? Миний амьдралын түшиг тулгуур болсон хонгорхон хайрт хань минь. Би чамдаа захидал бичилгүй 25 жил болжээ. Тэртээ 1987 онд чамдаа зориулсан захидлууд минь хайр, мөрөөдлийн үгээр дүүрэн, хүсэмжилж санасан утга бүхий захидлууд байдагсан. Цэргийн залуу би чинийхээ сонин дээр гарсан зургийг харж дурлачихаад, заавал чамтай танилцаж сууна гэж өөртөө амлаж байж, түүнийгээ биелүүлсэн. Харин хэдэн жил өнгөрч, бид хоёр алганы ар өвөр мэт салшгүй болж, зөвхөн жаргалыг сүлэлдүүлэн амьдарч иржээ. Би өнөөдөр чамдаа хайрын тухай бичье гэж бодсонгүй. Зүгээр л чи минь ямар эмэгтэй вэ? гэдгийг хэлэхээр энэхүү захидлыг бичиж сууна.
Ертөнцийн эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, онцлог төрхтэй. Муухай эмэгтэй гэж нэгээхэн ч үгүй. Миний хань тэдэнтэй л адил эмэгтэй. Чи минь миссийн тэмцээнд оролцож, мэргэдтэй цэцлэн ухаан уралдуулж яваагүй ч төгс төгөлдөр, ялдам сайхан ааль, дэндүү нүдэнд дулаахан эгэл даруу дүр төрх, аливаа зүйлийн учир явдлыг таниулан, арга замыг тодорхойлон гаргадаг ухаалаг чанар чинь хэнтэй ч зүйрлэшгүй. Үнэндээ эрдэм мэдлэгтэй, эрхэмсэг дүр төрх бүхий бүсгүйчүүд ямар сайн байлаа ч 25 жил ханилсан чамтай минь зүйрлэгдэх үү? Тийм л учраас ханилсан хань хамгийн сайхан гэдэг нь тэр шүү дээ. Мэдээж сайхан бүхэн цогцолсон, хүний хайлан болсон бүсгүйчүүд миний эргэн тойронд олон байдаг. Тэд сэтгэл зүрх, урам зоригийг минь сэргээн харилцаж, ярилцаж, хамтран ажиллаж, сурч байгаад маш их баяртай байдаг даа. Миний сайхан хань бүсгүй хүний заяа, тавьлан төөргийг уруудаж биш сөрж яваа нь чамд минь зарим эр хүнд ч байхгүй эрэмгий зориг, эрч хүч байгааг харуулдаг. Сонин юм шүү. Хүнд байх сайхан чанар бүхэн цогцолсон ховорхон бүсгүйг сонингоос олж авсан би азтай эр хүн. Чамайгаа илүү магтая гэхээр хайрын үгс л орж ирээд байна. Чамдаа хайртай шүү. Эглийн эгэл эрхэм хүн, насны ханьдаа үргэлж баярлаж явдгаа хэлж, энэхүү захидлаа өндөрлөе. Түр баяртай хань минь. Би удахгүй очно оо.
Магистрант Гансүхтэн Г.Батчулуун