Tuesday, June 21, 2011

ТАГТАА

Өчигдөр орой тэнгэр бүрхэж ширүүн бороо цутгасан уйтгартай орой байлаа. Гэнэтхэн цонхоор нэг тагтаа нисээд ороод ирэх юм. Харвал хар хөх өнгийн мөнгөлөг сортой далавчтай, цагаан хошуутай хөөрхөн тагтаа байлаа. Тэгж байгаад буцаад нисээд гарчих байхдаа гэж бодож байтал өнөөх тагтаа шууд над руу чиглэж нисэж ирээд толгой дээр минь нэг бууснаа намайг айгаад хашгирч үргээснээс болсон уу сандран гэр дотуур нисээд өрөөний буланд очоод суучихсан. Хөөрхий дөө яагаад манай гэрт ороод ирж байгаа юм болдоо, тэнгэрийн илч юм байлгүй дээ гэж ээж маань билэгшээнэ.
Өнөөх тагтаа миний өрөөний үүдэнд ирээд суучихлаа. Би нисэхээр нь айгаад ойртож чадахгүй байлаа. Будаа цацаж өглөө идсэнгүй. Тэгтэл бүүр өрөөнд минь ороод ирлээ. Би айгаад л байх юм. Яагаад юм бол ядаж байхад манай гэрийн бүх эрэгтэйчүүд ийшээ тийшээ явчихсан байдаг.  Тэгж тэгж зориглоод ванны алчуур дээрээс нь хаяж байгаад барьж авахаар шийдлээ. Бас л чадсангүй. Тагтаа миний өрөөнд эсвэл миний өрөөний үүдэнд суусаар би компьютер асааж жаал дуу сонсож суулаа. Бас тагтаа тэжээдэг хүний тухай уншлаа. Тэжээж болох л юм байна даа гэж бодлоо. Тэгж байтал дүү минь ирээд өнөөх тагтааг барьж аваад фалкон дээр гараад нисгэх гэсэн  боловч алган дээр нь суугаад л байлаа. Ниссэнгүй ээ. Ээж албадаж битгий гарга аа хөөрхий амьтан нисэхгүй бол оруулаад ир байж л байг гээд л. Ингээд тагтаа манайд хонолоо.  Өглөө босоод харин хүчээр цонхон дээр гаргасан даа. Хөөрхий эрх дураараа нисэж яваг дээ. Би хараад л байлаа. Хэзээ явах нь вэ гээд  Нилээд удаан байж байгаад нэг харсан явчихсан байна лээ. Хөөгөөд явуулчихлаа гэж гомдсон болов уу . Арай үгүй байлгүй дээ. Дуртайяа нисэн одсон биз. Харин би өрөө гагргачихаад  нисээд явчихаар нь гомдмоор ч юм шиг санагдлаа. Тэгсэн чинь тагтаа айлд орж ирэх их сайн байдаг гэнээ. Хэн нэгэн сайн хүн ирэхийн дохио гэнэ ээ. Нээрээ ч ээжийн хэлдгээр тэнгэрийн элч ирсэн юм болов уу.    

Friday, June 17, 2011

СЭТГЭЛДЭЭ ДУУЛЪЯ

Дөлгөөхөн нүдийг чинь бодохоор би 
Дэргэд чинь байхыг хүсдэг дээ
Дураар болдоггүй хорвоодоо 
Дуулж л дуулж л явъя даа хоеулаа
Ярихыг чинь сонсоод суухдаа
Яагаад сэтгэл  дэнслэнэ вэ
Янагхан зангий чинь санахаараа
Яагаад яагаад зүрх догдлоно вэ
 
Зүрх зүрхээ  бэдрэн догдолсон
Зүүд зүүдэндээ жаргалтай
Зөнгөөр учирсан чамайгаа
Замлин хорвоодоо дуулж л явья даа
Санаад л санаад л байх юм даа
Цэрвүүхэн зүүд шиг өдрүүдээ
Салахын жолоогүй энэ хайраа
Сэтгэлдээ сэтгэлдээ дээдэлж  явъя даа
Дүүрэн бодолгүй хорвоодоо
Дандаа оройтож байя даа
Дэндүү дассан дүрийг чинь
Дуундаа  дуундаа дурсаж явья даа
Салж л чадахгүй энэ хайраа
Сэтгэлдээ сэтгэлдээ дуулж л явъя даа

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-11


Бурхан Уран шувуунд дурлаад энэ хайрандаа үнэнч хэвээр хэдэн зуун жилийг үдсэн ч Уран шувуу зөвхөн Амьдралд л хайртай хэвээрээ. Тэгээд Бурхан нэг өдөр Уран шувуунаас асуужээ.  Яагаад,  Яагаад чи Амьдралд ийм хайртай байдаг юм бэ гэсэнд Уран шувуу:
Энд маш олон хариулт байна даа.  Амьдрал бид хоёрын хайр хичнээн урт удаан  үргэлжилж байгаа ч би Амьдралаас уйддаггүй.  Амьдралд би үргэлж хайртай байдаг.  Яагаад гэвэл  Амьдрал надад жаргал ч бай зовлон ч бай  миний л амсах эдлэх, туулах ёстой тэр зүйлүүдийг өгдөг. Тэр нь надад  үргэлж ухаарал, тэсвэр тэвчээр,  жаргал, баяр бэлэглэдэг.  Тэдгээрийн дотор ахиад л, бас дахиад л, бүр улам бүр эрч хүч, урам зориг өгдөг, баяр баясал төрүүлдэг нандин сайхан учрал тохиолууд олон байдаг учир АМЬДРАЛД би хайртай байдаг юм даа гэж хариулжээ.

Thursday, June 16, 2011

ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХ ЮМСАН

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . 

Ц.Хулан. 

Sunday, June 12, 2011

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч сэтгэлийн чинь нөмөрт дулаацна

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа л дулаацсан
Амьдралын салхи бодлыг чинь дүйсэн ч
Алдарч үзээгүй итгэл хөглөсөн
Хатуу бүхнээс халгаж бүдэрэхэд
Хайраараа аргадан намайг чи тоссон

Амьдралаас юунд ихийг хүсээ вэ 
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ

Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ

Wednesday, June 8, 2011

ААВДАА ХЭЛЭХ ҮГ

Хонгорхон бүсгүйчүүд, энхрий бяцхан үрсийн насан туршийн жаргал, зовлонгийн шидэт дохиурыг атгасан  хорвоогийн бүх ААВУУДАД зориулав. 


Харуусал дагуулж зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг минь та байтлаа
Хундагахан дарсанд хувь заяагаа даатгуулан
Хөөрхий ээжийн минь нулимсыг барж суухад
Амь болсон сэтгэл минь дотуураа хичнээн нурсанч  
Алга дарамхан зүрхэнд минь Та, бурхан болж төрдөг шүү.  
Алдаа онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол 
Араас чинь бэдрэх хүү чинь бүдэрчихвий дээ, Ааваа
Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг  
Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчрахгүй юм бол
Жаахан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд  
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа, Аав минь.
Цонхны цаанаас зүрхээн урсган хүлээдэг  
Цомбон сэтгэлдээ нулимсаараан зүсэн зогсдог
Марал нүдэн хүү чинь мөргөн мөргөн гуйж байна. 
Маргааш орой эрүүл ирээрэй, Ааваа

Saturday, June 4, 2011

УРУУЛЫН ХЭЭГЭЭР СҮЛЭН БАЙЖ УЧИРСАН АМРАГ МИНЬ ...



ЗҮРХНИЙ ЦЭЦЭГХЭН ЧАМДАА
Зүүдэн тэргэл алсын дэглий цэнхэр уулсаас
Зүрийн  гөрөөс цахилах шиг цагаанхан манан сарнилаа ч
Зүрхний аглагт эрхэлсэн  шүүдэр цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх  шиг ганц л байх юм аа
Үүлсэнд эргэх тэнгэрийн үрээ шаргал наран
Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлоо ч
Өрцөн цаана минь нялхрах энхэр цэцэгхэн чамайгаа
Үйлийн зоргоор мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх шиг ганц л байх юм аа
Үелэн үелэн намрын үүлэн тэнгэр эсгээд
Уринаар ирсэн шувууд хоргодон хоргодон буцлаа ч
Нууцхан сэтгэлийн хавраараа дэлбээлж гэрэлтсэн чамайгаа
Нулимсан дотроо мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлонд зүрх  шиг ганц л байх юм аа