Эрхэм дүү Цэрэннадмид чинийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, санасан санаа, хүссэн хүсэл, бодсон бодол, төлөвлөсөн ажил үйлс тань бүтэмжтэй байхыг билэгдэн мэндчилье.
Хэдийгээр бид танилцаад удаагүй, бие биенээ мэдэхгүй шахуу боловч дүү чамайг “Эрхэм” хэмээн хүндэтгэсэн нь тохиолдлын зүйл биш ээ. Эрдмийн энэхүү өргөөнөө шалгалт өгөхөөр цугласан анхны өдрөөс л би чамайг өөрөөсөө ахмад болоод үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зөв боловсон хүндэтгэлтэйгээр харьцаж байгааг харж дүгнэсэн бодол юм.
Өнөөгийн нийгмийн энэ ороо бусгаа үед олон залуус зугаа цэнгэлийг илүүд үзэж, хямд хялбар аргаар амьдрах хүсэл сонирхолтой болчихжээ. Чи бол хотын гудамжаар хэдэн арваараа холхилдож буй тэр л залуусын нэг. Гэхдээ чамд тэднээс ялгарах хувь хүний эмх цэгц, бусдыг хүндэтгэх хүмүүжил, ихийг сурч мэдэх гэсэн эрмэлзлэл, сурсанаа бусдад түгээх хүсэл зориг байна. Харахад эгэл жирийн шавилхан биетэй, хүүхдээрээ төрхтэй боловч, даруухан харц, халуун сэтгэлээрээ хичээлийн сэрүүхэн танхимд хичнээн дулаан сэтгэгдэл бусдад төрүүлж чаддагаа чи өөрөө мэддэггүй байх.
Ийм халуун сэтгэлтэй, залуу, эрч хүчтэй, ирээдүйд юуг ч бүтээж чадах чадварлаг боловсон хүчинтэй тохой нийлүүлэн сууж, суралцах болсондоо баярлаж сууна. Магадгүй хожмын нэгэн өдөрт эрдмийн оргилд хүрч, төрийн түшээ болсон үедээ хамт суралцаж байсан ангийн эгч миний хичээнгүйлэн бичсэн энэхүү захидлыг дурсаж байгаарай хэмээн өндөрлөе.
Хүндэтгэн ёсолсон
Ангийн анд Ж.Баярмаа
Эрхэм хүндэт эгч Таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтган мэндчилье.
Бид хүсэл зорилгоороо нэгдэн энэхүү танхимд анх танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Анх шалгалт өгөөд энд уулзахад та яг л миний ээж шиг тийм л дотно надтай харилцаж байсан. Тэр л үеэс эрхэм эгч таны халуун дулаан сайхан сэтгэл, найрсаг зан, хүн чанар тэр бүхний чинь нэгээхэн хэсгийг дүү нь олж харсан юм. Ийм сайхан түшигтэй, тулгатай гайхалтай хүнтэй хамт сурч байгаадаа дүү нь маш их баярладаг шүү.
Мөн өчүүхэн намайг өндрөөр үнэлж, үргэлж урам зориг хайрлаж дэмжиж байдаг таныхаа итгэлийг алдалгүй дүү нь улам бүр хичээх болно оо. Ингээд эгч таныхаа ажил хөдөлмөр, сурлагад тань амжилт бүтээлийн дээдийн дээдийг, амьралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таныг хүндэтгэн ёсолсон
Ангийн анд бас дүү Д.Цэрэннадмид