Sunday, September 20, 2009

АНХНЫ ЦАСНААР ТӨРСӨН БОДОЛ

Өчигдөрхөн нэг хүн надад “Хар даа мод ямар гоё шарлаа вэ, яг л уйлж байгаа юм шиг навчис нь унаад л, намар болж дээ” гэж хэлсэн юм. Навчис үнэхээр тансаг шар өнгөний хослол байлаа. Би "зураач байсан бол зурахгүй юу" гэж хариулж билээ. Гэтэл тэр тансаг шар навчис анхны цасыг хүлээж хамаг бүхнээрээ гэрэлтэж байсан нь тэр байжээ. Харин цас сэтгэл шиг цагаахан өнгөөрөө хорвоо дэлхийг тэр чигээр нь уяраан бүрхэв. Удаан эзгүй байсан цасыг хүн бүхэн үгүйлэн санаснаа гайхна. Эзгүй байх хооронд нь энэ хорвоод хүмүүний амьдралын жаргал зовлон ээлжлэн эргэлдсээр сайн муу бүхэн хуралдсаар зөндөөн их болжээ. Харин цас хар санаа, уур бухимдал, зовлон гунигийг юу ч үгүй угааж өгөхөөр улам хүчтэй будран орно.

Миний машины цонх цэв цэвэрхэн, тув тунгалаг. Тэгээд би анхны цасанд угаагдсан дэндүү тунгалаг цонхныхоо цаанаас амьдралыг өөрөөр харахыг хичээлээ. Гэтэл машины шил өөд цасны урсгал сөрөн ирж яг л нүүр нүд рүү минь ороолгох гэж байгаа мэт айлгав. Эхлээд нүд минь дальдчив. Харин дараа нь улам хурдан давхимаар санагдлаа. Хурдаа нэмлээ. Гэтэл цас, салхитай хүч хавсрав. Цасны урсгал улам хүчтэй өөдөөс шууравч, өөрийн эрхгүй ярагдан бутрахад сэтгэл минь баяраар дүүрнэ. Зарим том том цасан ширхэгүүд зөрүүдэлж байгаа мэт шилэн дээр ирж унана. Унамагцаа хайлна. Хайлан ус болоод харин хүссэн чигтээ урсаж үл чадна.

Намайг цаснаар дураараа давхи гэсэн шиг саяхан зассан зам дардан, шөнийн гудамжинд машин цөөн байлаа. Би бодлоо "Яагаад би урьд нь цаснаар давхиж үзээгүй юм болоо. Анхны цаснаар, шинэхэн замаар, хар хурдаараа давхих алтан боломжоо таньж олоогүй явсан юм болов уу" гэж. Би бас бодлоо “Цас хэрвээ хар байсан бол яанаа" гэж . . . Үгүй дээ. Цас цагаан байхаас ч яахав дээ.

No comments: