Saturday, December 11, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-8

Заримдаа нойр хулжчихдаг тийм л нэгэн шөнө 2010 оны 12 сарын 10 ны энэ шөнө байлаа. Босоод компьютероо асаагаад ганц хоёр мэдээ харчихаад өдөр дутуу хийсэн ажлаа гүйцээдэг юм бил үү гэтэл яагаад ч юм бэ блог руугаа ормоор санагдаад. Миний блогийн фенүүдийн хамгийн их үнэлдэг "Уран шувууны амьдрал" -аа үргэлжүүлэх санаа төрөв. Тэгээд анх үүнийг хэзээ бичсэн билээ гэж бодогдоод хартал яг нэг жил, нэг сарын өмнө бичиж эхэлсэн байх юм. 2009 оны 11 сарын 10. Энэ нэг жилийн хугацаанд "Уран шувуу"-тай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Ингээд "Уран шувууны амьдрал-8" ийг та бүхэндээ толилуулъя. "Уран шувууны амьдрал - 7" хэрхэн төгссөнийг та бүхэн санаж байгаа байх. Харин уншаагүй хүмүүст нь 1-7 г нь уншаарай хэмээн санал болгоё.

За чи миний тухай шувуудтай юу гэж ярилцсан бэ гэж Бурхан маргааш өглөө нь л тэсэн ядан асуухад Уран шувуу зөвхөн ч ярилцаагүй чиний тухай ярианаас үүдээд бүхэл бүтэн түүхтэй болсоон гээд ингэж ярьжээ.
Би шувуудтай хамтдаа дуулж ярьж хоносон тэр шөнө миний мөрөөдөл дэргэд минь байгааг олж мэдээд өөрөөсөө их ичсэн. "Харайцай минь нисээрэй хамгаас өндөрт нисээрэй" гэдэг дуу сүлд  дуу минь болсон учрыг ч тэр өдөр ухаарсан. Тэгээд яагаад  мөрөөдөлдөө хүрэх арга эвээ олохгүй байна вэ гэж бодож бодож дэглий шувуунаас асуусан юм. Асуух ч гэж дээ чамайг ховлосон юм. "Бурхан зарим хүмүүст маш их авъяас, онцгой чанар заяасан байдаг мөртлөө надад тэр бүхнээсээ юу ч өгөөгүй. Тиймээс л би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм байна" гэж дэглий шувуунд хэлсэн. Гэтэл дэглий шувуу  хариуд нь  надаас ингэж асуусан юм. Үгүй чи ингэхэд ер нь авъяас гэж чухам юуг хэлээд байнаа. Тэгэхээр нь би хариуллаа. Яахав дээ надад алтан гургалдайных шиг уран яруу хоолой, эсвэл шар шувууных шиг  шөнө сайн хардаг нүд ч юм уу эсвэл тоншуулынх шиг урт хошуу заяахгүй гэсэнд, за чи одооноос эхлээд саяынхаа хэлсэн 3 шувууны амьдралаар 3 өдөр, 3 шөнө амьдар. Харин  сайхан хоолой, шар шувууны нүд, тоншуулын хошуу алийг нь ч чамд өгөхгүй шүү гэж хэлчихээд хүүе гэхийн завдалгүй нисээд алга болсон.   Ингээд маргааш өглөөнөөс нь нээрээ л би алтан гургалдай, шар шувуу, тоншуул шувууны амьдралаар 3 хоног амьдарсан даа.

Надад алтан гургалдайн сайхан хоолой байгаагүй болохоор би юу ч хийж чадахгүй байлаа. Алтан гургалдайн сүрэг бүүр намайг ойртуулах ч үгүй байв. 2 өдөр, 1 шөнөжингөө янз бүрийн арга сэдээд ямар ч тусыг олсонгүй. 2 дахь өдрийн  орой өлсөж, бас дээрээс нь сэтгэлээр унаж сульдаж эхэлсэн. Тэгээд ядарсандаа нэг мэдэхэд унтсан байлаа. Шөнө нь тэсэлгүй маш их өлсөөд сэртэл би шар шувуудын ертөнцөд сэрлээ. Хоол хайхаар гарсан ч, түнэр харанхуйд юу ч харахгүй байлаа. Бусад шар шувуудаас тусламж гуйлаа. Хэн ч намайг тоосонгүй. Бүүр шоолон инээлдэж байлаа.  Тэд нарын шоолж байгааг мэдээд бага зэрэг бардам сэтгэл минь хөдөлж, маргааш эрх биш учир нь олдоно доо гэж сэтгэлээ тайвшруулаад унтаж орхив. Унтах ч гэж дээ үнэнээ хэлэхэд хамаг хүч чадал минь барагдаж, ухаан минь балартаж унаад өгсөн юм. Ганц найдах зүйл бол жаахан ч гэсэн унтвал хүч чадал орох болов уу гэсэн бодол байлаа. Тэгээд өглөө тоншуул шувууны үүрэнд сэрдэг юм байна.  Хоёр өдөр, хоёр шөнө юу  ч идээгүй бас хэнтэй ч юу ч  яриагүй. Юуны ч тухай бодох сэхээгүй. Зөвхөн  4 дахь өдөр хүртэл амьд байхын тулд хоол л бодогдож байлаа. Би дэглий шувууг хэлсэн үгэндээ хүрч надад бас л юу ч өгөөгүй энд авчирсныг сайн мэдэж байлаа. Тэгээд би анх удаа Бурхан чамд маш их гомдоод, "Бурхан чи хаана байна" гэж дуудсан. Гэвч чи наймайг сонсоо ч үгүй байх. Учир нь сульдаж ядарсан надаас яагаад ч чанга дуу гарахгүй байлаа. Өөрийнхөө төлөө бусдыг дуудах,  бусдын хүч, туслалцааг авах тийм  хүч надад байхгүй болсон байлаа. Тэгээд нүдээ аниад бодож хэвтлээ. Өнөөдөр сүүлийн өдөр, тоншуулын энэ үүрэнд ингээд үлдэж яавч болохгүй. Эд нараас тусламж гуйгаад бүүр ч худлаа. Бурхан, хүн, шувууд хэн ч байлаа хүч чадалгүй хүнд, өөрийнхөө төлөө ядахдаа чангахан дуугарчихаж чадахгүй хүнд хэзээ ч тусалдаггүй юм байна. Тэгэхээр одоо яах вэ. Ямар ч хамаагүй аргаар өглөө болтол тэсэх  хэрэгтэй. Харин гаднын ямар нэгэн ид шид, хэн нэгний тусламжинд найдах хэрэггүй юм байна. Хэрвээ надад амьдралд тэмүүлэх жаахан ч гэсэн хүч үлдсэн бол түүнийгээ л бүх хүчээ гарган дайчилж тэсэж үлдэх ёстой юм байна гэж бодож амжив.  Гэтэл хажууханд ангаахайгаа хоолохоор нэгэн тоншуул хоол авчирав. Би хулгай хийхээр шийдлээ. ... шүдээ зууж байгаад өндийв. Жаахан мөлхөж ойртлоо. .... Ямар хөөрхөн ангаахайнууд вэ.. .  хэсэгтээ харж хэвтлээ.  Гэвч тэднийг өрөвдөх сэтгэл минь удахгүй арилж, зөвхөн хоол л нүдэнд минь харагдаад байлаа.  Дахиад жаахан ойртлоо. . . Зориг минь хүрсэнгүй ээ. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийхэд үнэхээр зүрх минь хүрсэнгүй.  Тэгээд чадахгүй зүйлдээ санаархаж үлдсэн жаахан хүчээ алдаад яахав гэж бодлоо.  Ингээд тоншуулын амьдралаар амьдарч чадахгүй бас тэднээс тусламж гуйгаад ч хэрэггүй, хоол руу нь дайрвал эд бүгд над руу дайрч, би эдний гарт үрэгдэх болно. Юу л гэж хөлс хүчээ зулгааж олсон зүйлээ зүгээр надад өгөв гэж. Тэгээд ч би ямар ч хүч чадалгүй, бас бусдын үүрэнд байна.  Хурдан эндээс холдох хэрэгтэй. Дахиад жаахан бодож хэвтлээ. Уулын горхины шоржигнох чимээ,  навчсын сэрчигнээн, шувуудын дуу миний чихнээс холдсоор байлаа.  Одоо унтаж яавч болохгүй. Энэ удаа бүх хүчээ шавхаж байгаад ямартай ч модны орой дээр гаръя.  "Сэрэхдээ ядахдаа модны орой дээр сэръе дээ" гэж  бодсоноо  өглөө болтол амьд үлдэж чадахаа мэдэхгүй байж их юм бодовоо гэж өөрийгөө дотроо шоолов. Тэгснээ гэхдээ ч өөдрөг бодол байна шүү гэж өөртөө итгэл өглөө.  Тэгээд сүүлчийн хүчээ шавхан байж  өндийлөө. Толгой эргээд, хорвоо ертөнц тэр чигээрээ надаас холдох гээд байгаа юм шиг.  Ухаан минь балартаж эхэллээ. Тэр холдоод байгаа ертөнцийн дотор хайртай бүхэн минь байгаа харагдана. Тэд надаас холдоод байна уу. Би тэднээс холдоод байна уу.  Тэдний хойноос бүх хүчээрээ урагшилж байна гэж төсөөллөө. Зүүдэллээ...  Өөрийгөө сайн мэдрэхгүй ч модны орой руу мацаж гарлаа.  Унаж мэдэх аюултай байсан ч унаж хэрхэвч болохгүй одоо унавал тэсэхгүй. Бас эндээ үлдсэн ч тэсэхгүй гэж хэн нэгэн хэлээд байв. Тиймээс унахаас ер айсангүй. Энэ удаа харин айдас надаас бүр мөсөн холдсон байлаа. Хэдий удаан авирсан, хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч модны орой дээр арай ядан гарснаа, бас гармагц дэглий шувуу угтсаныг л маш тод санаж байна.

Өглөө сэрэхэд хүч чадал минь эргэн ирж бүх зүйл хэвийн болсон байлаа. Би бүүр гайхаад юу болов оо. Чи яагаад намайг ингэж зовоов. Би арай л үхсэнгүй шүү дээ гэсэнд дэглий шувуу:
- Одоо чи ойлгосон уу. Бурхан авъяас, хүч чадал гэдэг зүйлүүдийг хүмүүст тэнцүү хувиарладаг юм.  Сайхан хоолой нь үгүй бол амьдарч чадахгүйг нь Адтан гургалдайн амьдралаар амьдарсан өдрөө мэдэрсэн байх чи. Бас тоншуул, шар шувууг ч бас. Харин онцгой авъяс  гэдэг зүйлгүй хүмүүст амьдралд хөлөө олох өөрийн гэсэн хүч чадал байдаг. Түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг юм даа.  Мөн тэр онцгой гээд байгаа авъяасыг ч бас хүч чадал ухаан бодлоороо байжуулдаг юм. Чи бол чадалтай шувуу, тийм ч учраас чи сонголтоо зөв хийж, өөрийн хүчийг зөв ашигласан шүү дээ. Хүмүүс үүнийг ойлгохгүй Бурханд ямагт гоморхож явдаг ч бурхан өөрсөдөд нь өгөх ёстой юмаа бүгдийг өгсөн байдаг. Бас тэр зүйлээ ашиглаж чадаж байгаа хүмүүст Бурхан туслахдаа дуртай байдаг юм даа гэж яриагаа дуусгасан юм.

Ингэж би чиний тухай ярианаас үүдэж, бүхэл бүтэн хэдэн зуун жилийн дурсамжтай болсон доо гэж Уран шувуу Бурханд талархав.

Уран шувууны энэ яриаг хоёр найз нь амьсгаа даран сонсож, бүүр гайхаж хоцорсон байлаа.  Тэгээд  дууссаных нь дараа ч нэг хэсэгтээ дуугарч чадахгүй байлаа. Тэгж тэгж "Амьдрал" үгүй чи чинь яаж тэгж чадаваа чи тэсэхгүй байсан бол яахын гэж сандран өгүүлсэнд Бурхан гэнэт сэхээ авч, тэсэх нь ойлгомжтой байсан л даа  гэж инээмсэглэн хэлэв. Өөр чи мөрөөдлөө хайх хугацаандаа юу юу үзэж харж, юу юу ойлгов доо, дахиад өөр сонирхолтой юм байвал яриад өгөөч гэсэнд "Амьдрал" үгүй ээ саяынх шиг хэцүү юм яриад байвал дэмий юм байна аа гэсэнд Уран шувуу:,
- би чинийхээ хайраас зугатаж, чамайгаа энэ арал дээр ганцааранг чинь хаяад дэргэдээ байгаа  мөрөөдлөө  ч олж харахгүй бас дээрэмчдийн ертөнцөд бурхантай мөрийцөөд өөрийн хүслээрээ зовж жаргаж зөндөөн л юм үзлээ. Сонирхолтой түүх олон байгаа дараа үргэлжлүүлж ярьж өгье гэсэнд Бурхан чи арай гоё газраар явсан тухайгаа ярьж болохгүй юу гэсэнд Уран шувуу би хайрын арал, бас аз жаргалын арал, андын арал дээр очсон, тэр тухайгаа ярьж өгнө өө гэсээр энэ удаагийн яриа өндөрлөжээ.

За хүмүүсээ сонирхон уншсанд баярлалаа. Коммент үлдээхээ мартав аа. Баярлалаа.   2010 оны 12 сарын 10-аас 11 нд шилжих шөнө. 5 цаг 46 минут.    

2 comments:

Anonymous said...

Бүжээ эгч блог дээрээ бүүр юм бичихээ больчихож дээ гэж бодож гоморхож байлаа. Баярлалаа. Уран шувууны тэвчээрийг гайхав.

Anonymous said...

Өнөөдөр Уран шувууны тухай бүх бичлэгийг чинь уншлаа. Сайхан бичлэг болжээ, Уншаад байхад яг үлгэрийн кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүллээ. Уран шувуу их л танил хүн шиг санагдаж байна.