ЗҮРХНИЙ ЦЭЦЭГХЭН ЧАМДАА
Зүүдэн тэргэл алсын дэглий цэнхэр уулсаас
Зүрийн  гөрөөс цахилах шиг цагаанхан манан сарнилаа ч 
Зүрхний аглагт эрхэлсэн  шүүдэр цэцэгхэн чамайгаа 
Зүгээр нэг л мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх  шиг ганц л байх юм аа
Үүлсэнд эргэх тэнгэрийн үрээ шаргал наран 
Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлоо ч 
Өрцөн цаана минь нялхрах энхэр цэцэгхэн чамайгаа 
Үйлийн зоргоор мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх шиг ганц л байх юм аа
Үелэн үелэн намрын үүлэн тэнгэр эсгээд
Уринаар ирсэн шувууд хоргодон хоргодон буцлаа ч
Нууцхан сэтгэлийн хавраараа дэлбээлж гэрэлтсэн чамайгаа
Нулимсан дотроо мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлонд зүрх  шиг ганц л байх юм аа
No comments:
Post a Comment