Tuesday, January 3, 2012

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-12

Уран шувуу өглөө эртлэн босоод өнөөх л мөрөөдлийнхөө талаархи бодолдоо умбав. Энэ бүх хугацаанд хажууд нь байсан мөрөөдлөө таньж чадаагүйдээ хичнээн ихээр гэмшсэн ч мөрөөдлийг нь тээж явсан бяцхан Харайцаанаас "Уучлал" хүсэх зориг хүрсэнгүй. Үргэлж хажууд нь сүүдэр шиг дагаж өөдөлж уруудахад нь дэргэд нь байсан Хараацай өөрийг нь огтхон ч анзаардаггүйд өдөр өдрөөр дассаар нэгэнтээ цөхөрч дууссан байлаа.
Уран шувуу бодлоо. "Би мөрөөдлөө алдчихлаа гээд л хайгаад л байсан хайгаад л байсан. Гэтэл дэргэд минь  үргэлж надтай хамт байсан намайг ирлэж хурцалж байсан түүнийгээ би танихгүй явжээ. Би яаж чадав аа" 
Ийнхүү бодож байтал Харайцаа дэргэд нь ирээд...
Анх чамайг мөрөөдлөө алдчихлаа гээд хайж, түүнийхээ төлөө тэмцэж байхад дэргэд чинь байгаа намайг танихгүй байгаад гомдож байсан ч Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж дээрэмчдийн ертөнцийн хатуу хүтүүг хичнээн их зориг золбоогоор давж байхыг хараад би бахархан чамайг хайрлаж, чиний хажуунаас холдож чадаагүй. Гэвч цаг хугацааны эрхээр дэргэд чинь байгаа намайг ердөө ч танихгүй байгаад чинь сэтгэл минь сэмэрсээр өнөөдөр би чамаас явахаар шийдлээ.
Мөрөөдлөө алдчихлаа гээд хайж байсан шигээ өнөөдөр чи үнэхээр мөрөөдлөө хайх замдаа гар даа. Би явлаа. Үнэн хэрэгтээ мөрөөдлийг чинь "дээрэмчдийн ертөнц" хулгайлсан гэж чи бодож байсан ч хэн ч чамаас мөрөөдлийг чинь хулгайлаагүй харин чи өөрөө мөрөөдлөө таниагүй. Одоо би явлаа. Хэрхэн яаж намайг олохоо өөрөө мэдээ. Харин чамд захих зүйл ганцхан л байна. "Авах биш, өгөхийн сэтгэлээр амьдараарай". Бусдын төлөө гэсэн чиний өчүүхэн сэтгэл, өчүүхэн үйл хэмжээлшгүй их баяр хөөр аз жаргал дагуулдаг юм шүү гэж хэлээд нисэн одлоо. Уран шувуу энэ үгний учрыг ухаж ойлгох гээд чадсангүй. Бодож болгоох сэхээрэл ч байсангүй. Хамгийн гол нь энэ бүх хугацаанд дэргэдээ байсан мөрөөдлөө танилгүй, түүнийхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ харамсаад ч барахгүй байлаа. Энэ хугацаанд мөрөөдлийнхөө төлөө өчнөөн зүйлс хийх алтан боломж, асар их хүч чадал, цаг хугацаагаа алдсандаа гэмшин гэмшин уйлсаар... үлджээ.
Хэдэн хоног уйлсан Уран шувуу чадал нь барагдаж, өндийлөө. Мөрөөдлөө танилгүй төөрч явсаар түүнийгээ алдсаныг нь халуун хайртай "Амьдрал" нь ч уучилсангүй. "Чи өөрөө буруутай" гэж ганцхан үг хэлсээр байлаа. Уран шувуу Бурханыг дуудлаа. Би чамд нэг л зүйл үлдээе гээд атга дүүрэн чихэр өгчихөөд яваад өглөө. Уран шувуу гэнэт маш ихээр ганцаардаж эхлэв.  Нулимс нь урссаар..... 
Хацрыг нь даган урсах нулимсаа арчихаар гараа явуулах гэсэн ч Бурханы үлдээсэн чихэр яг хоёр алганд нь таарсан байсан учир нулимсаа арчвал л чихэр гараас нь унаж асгарах  гээд байлаа. Тэгээд Уран шувуу Бурханы үлдээсэн алга дүүрэн чихрээ хаяж гээхгүйг хичээн замд гарлаа. Замд нь нэгэн ядуу гуйлгачин эр таарлаа. Чихрээ өгч гол нь гараа сулламаар санагдаад өнөөх эр лүү дөхсөнөө гэнэт дургүй нь хүрээд өгсөнгүй.   .... Гар нь чилсээр.... Уран шувуу цааш явсаар. Гэтэл эхнэр нь хүнд өвдсөн хос хоёр залуутай таарлаа. Чихрээ өгөхөөр сарвайсан боловч нөхөр нь эрс дургүйцэж бид 2 авахгүй ээ. Бид өөрсдөө амьдралын төлөө тэмцэж байна. Наадахаас чинь их чихэр олоод авна. Наадахаа хэрэгтэй хүнд нь өг гээд авалгүй  явчихлаа.  
Уран шувуу цааш явлаа. Одоо түүнд юу ч байхгүй. "Мөрөөдөл" нь ч түүнийг хэдэн зуун жил хайрласан "Амьдрал" нь ч дотны анд "Бурхан" ч алга. Атга дүүрэн чихэрнээс өөр юу ч байсангүй. Гол нь мөрөөдөлгүй болсон Уран шувуу зүгээр л нисдэг "Амьтан" болсон байлаа. Гэтэл гэнэт "Хэрэгтэй хүнд нь өг" гэсэн өнөөх үгийг саналаа. Тэгээд гэнэт зориг орж, хэрэгтэй хүн нь таартал гар минь хичнээн эцэж цуцсан ч, өлсөж, ядарсан ч, өлдөж сульдсан ч нэг ширхэг ч чихэр унагахгүй дээ хэмээн шазруун зан нь хөдөлж зоригтойгоор урагшилж эхэллээ. 
Олон хоног ульдаж сульдан Уран шувуу явсаар байлаа. Гэтэл гэнэт бөмбөг тоголж байгаа бяцхан хүү өмнө нь  гараад ирлээ. Хүү уран шувууг харангуутаа хөөх ямар гоё чихэр вэ хэмээн гүйгээд иржээ. Хиргүй тунгалаг сэтгэлийн илэрхийлэл болсон хөөрхөн нүд нь зөвхөн чихэрэн дээр тусаж байгааг Уран шувуу хараад чихрээ сарвайлаа. Хүү баярлан хөөрч чихрийг аваад хөөрөн баясаж, тоголж байсан бөмбөгөө ч орхин гүйж одов. Амтат чихэр аваад бүхнээ мартан хөгжин баясах бяцхан хүүг хараад Уран шувууны сэтгэл сэргэж, баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэнэт энэ хорвоод "Авсан хүнээсээ илүүтэйгээр өгсөн хүн баян" болдгийг ухаарчээ. 
Яг энэ үед Харайцай нисээд иржээ. Уран шувуу гайхан чи надаас явчихсан биш үү гэсэнд Харайцай тиймээ гэхдээ чи намайг буцаагаад дуудчихлаа хэ хэ хэмээн хөгжилтэй нь аргагүй инээжээ.     

1 comment:

Аялагч эмэгтэй said...

Үнэхээр гайхалтай сайхан өгүүллэг олоод уншчихсандаа сэтгэл минь дүүрээл ирлээ. Урам зориг, ухаарал хайрласан танд баярлалаа :)