Thursday, May 20, 2010

ХАРАМЛАЖ БОЛОХГҮЙ . . .

Энэ хорвоод хүн ердөө ирээд л буцдаг юм байна шүү дээ. Ердөө л үдлээд буцахын төдий. Гэтэл хэд хичнээн ч насаллаа гэсэн тэр нь бүхэлдээ ганцхан  л хором байдаг аж. Ганцхан хором. . . Гэтэл бид мөнх амьдрах юм шиг л бодож ЭНДҮҮРСЭЭР. 
            .  .  . Аан яадгийн тэгж байгаад болно биз хэмээн өчүүхэн сэтгэлдээ адгаж,  
. . . Эсвэл дараа гэж талархлын үгээ залгиж,
. . . Яршиг гэж инээмсэглэлээ харамласаар. 
Навчсаар уйлсан намрын үдшээр шөнжингөө хүлээлгэж, өвлийн жаварт өчнөөн орой дааруулавч,  өнөөх хүйтэн хөндий үгнээс өөр юу ч эс хайрлана.
           Сайхан сэтгэлийн ганцхан дуслыг, хайр энэрлийнхээ өчүүхэн хэсгийг бусдаас харамласан мянган өдрийнхөө төлөө ганцхан  хором гуйж нулимсаа урсгаж суухад  бурхан л бодогддог юм байна хүмүүсээ.  
Харамласан бүхнийхээ төлөө . . .  ганцхан удаа. .  . ганцхан удаа  үгийг минь сонсооч гэж харамсаж суухын оронд . . .  хайр энэрэлээ, эсвэл зүгээр л  дулаан үг, халуун сэтгэлээ бүү харамла.    Амьддаа бие биенээ хайрла гэдэг яасан үнэн үг вэ. Нарт хорвоод болж өгвөл нэг ч хүнийг бүү гомдоо.  Хүмүүсээ.

Monday, May 17, 2010

Блогийн гишүүд бичиж байна.

Өдрийн мэнд Бүжээ эгчээ.Манайхан яагаад таг байнаа ойрд Блогруу орохоор шинэ зүйл бараг нэмэгдэхгүй байх чинь бүгдээрээ завгүй байгаа юм уу???Өдөр болгон хүлээгээд л байгаа...

Wednesday, May 12, 2010

АМЬДРАЛ ХАЙРЛА

Ухаарч болгоогоод бусдад хайрлахаар сэтгэлдээ сийлсэн үнэн үгсийнх нь төлөө  Энэ хүнд нас хайрла. 
Хэлж амжаагүй үгс, хайрлаж амжаагүй бүсгүй хичнээн олон байгаа бол энэ тэнгэрлэг эрд.
Бусдад түгээх хайрын илч нь гал шиг бадамлан байгааг харахгүй байна уу. Бурхан минь.    Бусдад зөвхөн сайхан сэтгэлийн цацал өргөж явдаг хүн орчлонгийн түмэн хүнээс 100-д нэг л байдаг юм харамсалтай нь.    Итгэхээсээ хардах нь их, түшихээсээ түлхэх нь олон хүмүүсийн дунд цөөхөн хүн амьдралын сайн мууг тэнцүүлж явдаг юм.     
Цаг нь болоогүй байхад диваажингийн шат хичнээн харанхуй байх бол, Бурхан минь
Битгий яваач гэж, битгий аваач гэж сэтгэлийнхээ тэнхээг барагдтал хорвоогоор дүүрэн хашгирмаар байна.
Үлдсэн насаа өнгөрөөх торгон мөч бүр нь БУЯН-аар хэмжигдэх энэ эрхэм хүнийг хэдхэн хором ч болтугай хүмүүст үлдээгээч . . .
Сэтгэлийг минь Нулимсыг минь хурааж далай болгое гэвэл
Сэтгэлээ хоосортол, нулимсаа дуустал бүхнээ зориулья.    Гагцхүү энэ эрхэм хүнд АМЬДРАЛ ХАЙРЛА.

Блогийн гишүүний бичлэг : БИ ЭГЭЛ ХҮН

Би-эгэл хүн! /О.Дашбалбар/

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,
Би-эгэл хүн!

Saturday, May 8, 2010

АЛГАН ДЭЭР МИНЬ ТЭНГЭР ДУСАА ХАЙРТ МИНЬ

Алган дээр минь жаахан тэнгэр дусаа, хайрт минь
Амталж үзье, үүл хөвсөн тэнгэрийн хэсэгхэнийг!
Аятайхан цэнхэр амт, амьсгааг минь зөөлрүүлнэ
Алган дээр минь жаахан тэнгэр дусаа, хайрт минь!

Нарны шаргалхан дусал жаахныг хайрла, амраг минь
Надад өөр юм хэрэггүй нарны жаахан хэсгийг хүлхэе
Амандаа чихэртэй хүүхэд шиг хөгжин баясахад
Амраг минь, надад дусал нар л хэрэгтэй байна.

Thursday, May 6, 2010

ТА ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ МЭДНЭ

      Хаврын урь ороод тэртээх цэнхэр уулын орой дахь цас хайлж бараг дуусаж байгааг Урнаа бахархан харж зогсохдоо энэ хавар гэж байгаль дэлхийд шинэ өнгө шинэ төрх, хүнд шинийг сэдэх санаа төрүүлэх юм даа. Өсөж төрсөн нутгаа орхиод хот гэдэг их газрыг бараадмаар санагдаад болохгүй юм сонин юм даа гэж бодож амжив.
     Урнааг гэртээ орж ирэхэд гал дээр тавьсан цай нь бараг дэвэрч байлаа. Үгүй чи цай самарчихгүй яав аа гэсэнд нөхөр нь хм тогоо шанагтай ноцолдох чинь эр хүний ажил мөн үү гээд бахтай нь аргагүй инээв. Энэ удаа ер ааш сайтай байх шиг санагдахад нь хэдэн сарын турш дотроо бодож яваа зүйлээ ярилцахаар шийдэж
 
- Өө найз нь өөрөө уудалчихая гээд шанагаа авч цайгаа самрав. Давсыг нь амсаж дээжийг нь өргөөд нөхрийнхөө том мөнгөн аяганд аягалж өгөнгөө, Болд оо хоеулаа ер нь энэ хэдэн малаа мөнгө болгоод хот руу орвол яасан юм бэ. Охидууд маань өсөж том боллоо. Сумын сургуульд олигтой юм сурах шинж алга. Хот орж гайгүй шиг сургуульд оруулъя. Овоо хэдэн төгрөгтэй болчихвол нэг хашаа байшин олж аваад төвхнөчихнө. Тэгээд чи минь дээд сургуульд орчих, бас энэ унаагаа эндээ хэд гурван төгрөгөөр өгөөд хот ороод жижиг аятайхан машин авчихая. Тэр газар энээ тэрээгээ өмчилж авч болдог юм бол аваад барьцаанд тавьж жижигхэн бизнес эрхэлье. Найз нь та хэдийнхээ хоол унд хувцас хунарыг зэхээд хажуугаар нь хивсээ нэхээд жижиг цехэрхүү юм байгуулмаар байна гэв. Урнаа энэ үгээ хэлж байхдаа яг л өнөөдөр болчих гэж байгаа мэт хөөрч нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодроод ирэв.
        Нөхөр нь хэсэг бодолхийлж байснаа за даа мэдэхгүй. Би ч хөөрхөн хүүтэй болоод хэдэн адуугаа өгчихөөд өөрөө амарч хэвтэх юмсан л гэж бодох юм. Хааяа хийморио сэргээж, үүрийн 5 жингээр адуундаа явчихаад л чинийхээ нэрсэн охийг хүртээд л хэвтэж байх шиг жаргал алга даа. Хоёр охин яахав чамайг минь дуурайсан царайлаг юм чинь энэ голын залуучуудаас шилж байгаад л гайгүй шиг нөхөрт гаргачихна. Эцсийн эцэст хотод газраа өмчилж аваад тэрүүгээрээ амьжиргаагаа болгоод яваад байгаа хүн хэд ч байгаа юм билээ. Хотынхон чинь өмчгүй улс юм биш үү. Бид чинь харин энэ хэдэн малын буянаар өмчтэй, идэх хоолтой яваа ч юм бил үү. Тэгээд ч би ээж аавынхаа унаган нутаг төрж өссөн газар, энэ уул уснаасаа холдож чадахгүй ээ гэв.
- Үгүй дээ. Харин царайлаг охидуудаа бас дараа нь төрөх хөөрхөн хүүгээ хот орж эрдэм боловсролтой болгоод сайн ажил төрөлтэй болгоё. Юмыг яаж мэдэх вэ Их хурлын гишүүн ч болох юм бил үү.
- За мэдэхгүй их хурлын гишүүн гэхээр нэг их мундаг хүн шиг ойлгох юм. Сонгууль будлиантуулж гарч ирсэн хэдэн нөхдүүд. Одоо энэ багийн дарга Лутааг хар. Биднээс юугаараа илүү юм бэ. Яс юман дээр сонгуулийн өдөр ах дүү нараа бүгдийг нь ачиж аваачаад л өөртөө санал өгүүлээд дарга болоо биз дээ гэснээ үгүй ер нь би дараагийн сонгуулиар голынхоо хэдийг бас хамаатнуудаа энэ муу ногоондоо ачиж очоод санал өгүүлээд багийн дарга болчихье байз гэж хөөрөн өгүүлэв.
- Би наана чинь хот руу нүүх тухай яриад байдаг. Чи эндээ багийн дарга болох тухай яриад, чи ингээд л хүн нэг юм ярихаар тоглоом наадам болгох юм гэж Урнааг өгүүлсэнд Болдоо харин л дээ хө ялгаа юу байна аль аль нь л нөгөө томчуулын яриад байдаг хөгжил дэвшлийн төлөө санал шүү дээ. Хөдөөдөө ч гэсэн сайхан амьдарч болно шүү дээ гэж аргадангуй өгүүлэхэд Урнаа тас тас хөхөрч,
- Одоо чинь ардчилсан нийгэм ээ хө. Миний өвгөн үнэхээр л хөгжил дэвшлийн төлөө гэж бодож байгаа бол гэр бүлээрээ хэлэлцээд санал хураачихая л даа гэж байтал гаднаас хоёр охин нь орж ирээд “Ээжээ юун санал хураах юм. Гэртээ юу. Сонгууль болох юм уу. Бид оролцох юм уу. Тэгэе л дээ. Би ч бас санал өгч үзмээр байна” гэцгээгээд бөөн шуугиан нэмэрлэв. Урнаа тоголсон юм аа ээж аав хоёр нь та хоёрын ирээдүйн төлөө л элдэв мөрөөдөл ярьж сууна гэсэнд том охин нь харин тэгээд л бид хоёрын ирээдүй юм бол бид хоёроос асуух ёстой биз дээ манай сургууль дээр хүний эрхийн талаар хичээл орсон ер нь ээж та тэгж яривал идэх дургүй хоолыг минь хүртэл асуухгүй хийчихээд ид ид гээд байдаг даг гэв. Болдоо энэ үгийг сонсоод үнэн сэтгэлээсээ инээж, алив аав нь үнсэе миний охин чинь харин цовоо охин болох нь дээ гээд духан дээр нь үнссэнээр энэ яриа өндөрлөв.
        Түүнээс хойш 6 сар өнгөрч, Урнаа нөхрийгөө хэзээ нэг шийд хэлэх бол гэж хүлээсээр хааяа яриа өдөж хот руу нүүх тухай ярилцсаар байлаа.
        Нэгэн өдөр Болдоо найзындаа хонож ирээд за найз нь энэ хэдэн малаа яах талаар ярилцаж яваад ирлээ. Хэдэн адуугаа дүүгийнд тавьчихъя. Бусдыг нь авах хүнтэй нь ярьчихлаа. Тэгээд ирэх сараас хотын айл болно оо гэж пал хийтэл хэлээд эхнэрийнхээ аягалж өгсөн цайг хээвнэг оочилов. Урнаа учиргүй гайхаж, үгүй чи чинь хэдүүдээ... гэснээ, нээрээ юу гээд итгэж ядна. Болдоо:
- чи чинь өдрийн бодол шөнийн зүүд болоод, үглээд яншаад байсан яалаа. Одоо болохоор гайхаад байх юм гэсэнд Урнаа
- тэгээд гэрээ аваад явах юм уу.
- хаана очиж буух юм.
- чи ажил хайх талаар хүнтэй ярьсан уу.
- малаа шууд бэлэн мөнгөөр өгнө биз дээ, хэнд өгөх гэж байгаан гээд л түмэн асуултаар булж гарав.
      Ингэж Болдоогийнх хотын айл боллоо.
Үргэлжлэл бий.

Sunday, April 25, 2010

ТА ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ МЭДНЭ

 ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН БАРИМТАЛДАГ ЗАРЧМУУД
Миний философи өөрөө өөрийгөө мэдэх зарчим дээр тулгуурлана. Та ч өөрийнхөө амьдралыг мэднэ. Хэн нэг юм уу хэсэг бүлэг хүн таны амьдралыг мэдэж болохгүйтэй адил та ч бусдын амьдралыг мэдэж болохгүй.

Нэгэнт та өөрийн амьдралыг мэдэх эрхтэй юм бол мөн өөрөө л хариуцлагаа хүлээх ёстой. Та өөрийнхөө итгэл үнэмшил ойголтон дээр тулгуурлан өөрийн зорилгыг сонгож авсан. Амжилт алдаа хоёрын аль аль нь суралцах өсөн дэвжих эх үндэс болдог.
 
Та бусдын төлөө юм уу бусад хүмүүс таны төлөө үйлдэж буй үйлдэл харилцан тохиролцсон, сайн дурын үндсэн дээр л сайн зүйл байж чадна. Чөлөөт сонголт байсан цагт л сайн сайхан зүйл байх болно.

Таны амьдралын ургац бол таны өмч мөн. Энэ бол таны хөдөлмөрөөс урган гарсан үр жимс, таны зарцуулсан цаг хугацааны үр дүн, таны авъяас хүч хөдөлмөр юм. Хоёр хүн хоёуланд нь ашигтай биш бол сайн дурын үндсэн дээр өмчийн харилцан солилцоо хийнэ гэж байдаггүй. Тэд энэ талаар өөрсдөөл шийдвэр гаргах эрхтэй.

Хүнд өөрийн амьдрал, эрх чөлөө, зүй ёсоор бий болгосон өмч хөрөнгөө хамгаалах эрх буй. Өөрийгөө хамгаалахын тулд бусдаас тусламж авах эрх ч бий. Харин бусдын амьдрал эрх чөлөө эд хөрөнгийг авахын тулд хүч хэрэглэх эрх байхгүй. Тэгэхээр танд өөрийнхөө төлөө хэн нэгнийг бусдын эсрэг хүч хэрэглэхэд турхирах эрх байхгүй гэсэн үг.

Албан тушаалтнууд хэрхэн гарч ирсэн нь хамаагүй, тэдэнд өөрсдийгөө бусад хүнээс дээгүүр тавих эрх байхгүй. Ямар ч нэр цол хаягтай болсон албан тушаалтнуудад бусдыг ёгүүтгэх, боолчлох, бусдаас хулгайлах эрх байдаггүй. Энэ бол үнэнхүү чөлөөт нийгмийн үндэс юм. Энэ бүхэн нь хүний үйл ажиллагааны практик, бас тэгээд боломжийн төдийгүй хамгийн ёс суртахуунлаг үндэс мөн.

Monday, April 19, 2010

Блогийн гишүүд бичиж байна: А.АРМАН. БОРОО АСГАРАХГҮЙ БОЛ БАЯРТАЙ.

Насаараа мал дагаж нар салхинд гандаж үрчийсэн эмгэн шиг шороо бужигнах хавар. Хэдхэн дусал бороо хүлээсэн өдөр хоногууд, хатаж хуурайшсан газар гангинана. Дээр нь гишгэж яваа бид ч дотроо гасална...
- Ганцхан...ганцхан дуслыг надад өгөөч...Хаа холоос хичнээн ч бэрхийг туулсан юм, бүү мэд, тэр шувуу ганцаар хатаж ширгэсэн нууран дээгүүр эргэлдэнэ.
 
- Эл хуль ээрэм тал дунд чи гав ганцаар ямар үзэсгэлэн гоо, юутай ариун онгон байсан билээ... Тэр шувуу нуурын хатсан сайртай ийн хүүрнэнэ. Өөрөө өдийг хүртэл харангадаж үхээгүй нь гайхалтай. Эсвэл зүгээр л азтай юм уу.
- Юу яриад байгааг чинь нэг л ойлгохгүй байна. Энэ нуур чинийх биш...
- Яагаад? Би ямар алсаас юуны төлөө эргэж ирсэн билээ...
- Бороо асгарахгүй бол би чиний хүссэнийг өгч чадахгүй, хаанаас ч, хэзээ ч ирсэн байлаа...Уучлаарай
Тэнгэрт үүлгүй ч салхи чигээ өөрчлөх төдий үл мэдэг чийг хамар шүргэхэд, шувуу айсуй яваа бороог тосох гэж дээшээ бүр дээшээ дэвнэ. Бараа сураггүй тэр үүлийг чадал минь хүрдэг бол салхинаас урьтаад туугаад ирэх юмсан гэж тэр мөрөөднө. Зүүдэлнэ. Бүр бороо асгарч байна гэж...Зүүрмэглэх тэрхэн зуур, заяа бөгөөд тавилан золгүй амьтныг ч гэсэн нэг удаа мишээлгэдэг уужим нь дэндүү хорвоо юм хойно...
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, хорь, бүр зуу, хэдэн мянган дусал тэнгэрээс унана. Тоолох байтугай харах аргагүй, шөнө юм чинь. Шувуу шөнө дөлөөр анх удаа тийм аз жаргалтай байлаа. Урьд нь харанхуйгаас айдаг байсан юм. Бүжиглэх нь байтугай.
- Хонгор минь харж байна уу? Би хэлээгүй юу? Бороо асгарнаа гэж...
Хэнзхэн ногооны нялх соёо эрийн сайндаа тэнгэрээс уначихсан юм шиг тэнгэр лүү тэмүүлэн нахиалдаг. Тэр цагт шороо тоос мартагдаж, нимгэн дэрэвгэр ногоон “палааж” гоо биеийг нь далдлах төдий залуу хангал бүсгүй шиг зун ирнэ. Орь шувуу дахин амилсан нууранд умбаж булхсангүй.
Жам ёсоор ертөнцийн цангаа тайлагдсан ч, ер жаргал хүссэн түүний нүдэнд баяр баясгалан үгүй.
- Би чамайг сайн мэдэхгүй...
- Би харин чамайг маш олон жилийн өмнөөс мэднэ.
- Санахгүй байна, уучлаарай.
Ай даа, эрчүүдийн харц хөл доор нь хатсан навчис мэт хөглөрөх үзэсгэлэн гоо чи юутай бардам бөгөөд юунд ийм ганцаардмал. Хэн нэгний зүрх сэтгэлийг зүгээр л нэг мөчрөөсөө сэгсрээд хаях улиас шиг...
- Цаг чинь боллоо, одоо шувуудтайгаа хамт буц....гэж шивнэх уруулнаас үл мэдэг жимс сэнгэнэх нь намар болсныг ч мартуулна.
Намар байтугай бороо асгараагүй байхад зүүдэлсэн зүүдэндээ итгэж шувуу уйлна. Нулимс нь нуурын хатсан сайран дээр унахад дороо шингэнэ.
- Бороо асгарахгүй бол баяртай...Би чамд хэлсэн шүү дээ...
- Би мэдэхгүй байна...
Энэ хорвоогийн нэгэн мухарт энгүй их цангасан нуур, ижлээсээ тасарсан шувуу хоёр бороо асгарахыг хүлээнэ. Удахгүй хэзээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй ч, урь идэгдсэн ертөнцөд урьд урьдынхаас илүү сайхан бороо асгарна. Тийм ээ, асгарах л ёстой юм чинь...Тэр хоёр өөрсдөө ч мэдэхгүй....

Sunday, April 18, 2010

Блогийн гишүүд бичиж байна: ГАНБААТАР АХЫН АСУУЛТЫН ХАРИУ


Би санаж байна л даа, намайг оюутан хэмээх эрхэм нэрийг зүүж байхад Ганбаатар гэдэг ах сургууль дээр ирж ийм асуулт тавьж байсан юм.
ТАНЫ АМЬДРАЛЫН ТУЙЛЫН ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Тэр үед янз янзын л юм бодож билээ.

Friday, April 16, 2010

АМЖИЛТАА ӨӨРТӨӨ ҮЛДЭЭГЭЭРЭЙ

Өглөө болгоны нарны гэрэлийг
Өөдөөс ирэх амжилтын очийг
Алгаа тосоод аваарай,
Алдахаасаа өмнө өөртөө ҮЛДЭЭГЭЭРЭЙ

Tuesday, April 13, 2010

УДАХГҮЙ ҮҮР ЦАЙНА

Удахгүй үүр цайна гэж бодохоор түнэр харанхуй ч гэрэлтэй. Тэр харанхуйг гэрэлтүүлэх ганцхан зүйл тодоос тод өөдөөс минь гэрэлтэнэ. Хайр татам гоёмсог өнгөөр гэрэлтэх тэр нандин эрдэнэ гагцхүү надад л харагдана.  Харин бусад хүмүүст бас тийм нандин эрдэнэ бий болов уу. Зарим нь тэр эрдэнээ танихгүй дэргэдүүр нь өнгөрөө болов уу. Эсвэл олж харахгүй, эсвэл огт мэдэхгүй явна уу. Зарим нь олсон эрднээ хайрлаж гамнаж мэдэхгүй үүрд алдаад харанхуйд бүдчиж явна уу. Юутай ч гэсэн түмэн нугачаат амьдралын нэгэн шөнийг ялж, өглөө бүр үүр цайдаг нь хорвоогийн жам. Өглөө бүр ... маргааш, нөгөөдөр, түүний маргааш гээд мянга, мянган удаа.  Тийм ээ удахгүй үүр цайна даа.        

Saturday, April 10, 2010

Блогийн гишүүд бичиж байна. ХАЙР, ИТГЭЛ

Сайн байна уу Бүжээ эгч ээ. Сайн байцгаана уу миний адил энэ блогийн фенүүд ээ. Би гое үг хэрэглэж ухаантай загнаж чадахгүй нь ээ. Бүжээ эгч ээ. Гэхдээ миний хамгийн их ухаарсан нь хүлээцтэй ухаантай байх хэрэгтэй, бас итгэх хэрэгтэй гэдэг үг...
. . .  Миний найз залуу надаас олон ах, бас том болсон охинтой, тэгснээ нэг хүүхэнтэй найзлаад надад болохоор салчихсан гээд л байсан мөртлөө холбоогоо таслаагүй байсан.  Эхлээд би их харддаг байлаа.
. . . Тэр хоерыг мэдсэнээс хойш тэр хүүхнийг утасдахаар нь би утсыг нь аваад ярь ярь гээд өгдөг болсон. Харин миний хайр ярьдаггүй л дээ.  Гэсэн ч түүнээс намайг гэсэн хайр ханхалж байгааг мэдэрдэг болохоор би итгэдэг. Бас тэр хүүхэн л миний хайрыг эргүүлээд байна даа гэж өөртөө итгүүлэхийг хичээдэг. Тэгж ч ойлгодог. Тэгээд л өмнөх шигээ хардахаа больсон. Тэр хүнийг хайрлаж байгаа шигээ хэзээ ч харддаггүй.  Тэр хүнийг хайрлаж байгаа бол түүнийг хүлээх бас тэвчих хэрэгтэйгээ ухаараад алдаагаа засч байгаа. Би түүндээ хайртай.  Түүнийг ч бас охиныг нь ч хайрлана.  Ингээд бодохоор би хүнийг хайрлах сэтгэлтэй, итгэлтэй хүн. Бүх хүн хүлээцтэй байгаасай ингэвэл бүхнийг ялж чаддаг юм байна гэдгийг ухаараасай.  Би бас түүндээ уурлаж чаддаггүй. Гэхдээ заримдаа хэтэрхий зөөлдөөд байгаа юм болов уу гээд уурлах гэхээр "Миний хайр аа чамд зохихгүй байна аа" гээд инээхээр нь тэгээд л уучилчихдаг юм. Одоо тэр надгүй байж чадахгүй болсон яагаад гэвэл би тэрэнд, тэр надад хайртай. Амьдралд хайр, итгэл, хэрэгтэй юм байна лээ.


Monday, April 5, 2010

ШИНЭ 7 ХОНОГТ ХҮН БҮР НЭГ НЭГ МУУ ЗУРШЛААСАА САЛЦГААЯ

Муу зуршлыг маргааш хаяхаас өнөөдөр хаях нь амархан байдаг. Кунзын сургаалаас.

Өнөөдрөөс эхлэн хүн бүр нэг нэг муу зуршлаасаа салцгаая. Хэн, ямар муу зуршлаасаа салах гэж ямархуу хүчин чармайлт гаргаж байгаа, хэрхэн салсан тухайгаа коммент үлдээнэ үү. Бас салж чадсан нэгэндээ баяр хүргэхээ мартав аа.
Амжилт хүсье.

Thursday, April 1, 2010

Блогийн гишүүд бичиж байна. САНАХГҮЙ ГЭСЭН ЮМАА ЧАМАЙГАА БИ

Санахгүй л гэсэн юм аа чамайгаа би
Сэм сэмхэн зүүдэнд минь ирэх юм аа
Сэтгэлээ би захирч дийлэхгүй
Сайхан дүр чинь харагдаад болохгүй нь ээ

Бодохгүй л гэсэн юмаа чамайгаа би
Бүтэн шөнө зүүдэнд минь ирэх юм аа
Бодлоо би захирч дийлэхгүй
Борхон царай чинь харагдаад болохгүй нь ээ

МИНИЙ БЛОГИЙГ ҮЗЭЖ БАЙГАА ЭРХЭМ ТАНД ЗОРИУЛАВ.

ЭНЭ ХОРВООД НЭГЭН ЦАГ ҮЕИЙГ ТА БҮХЭНТЭЙ ХАМТ ТУУЛЖ БАЙГАА МААНЬ ЯМАР ИХ АЗ ВЭ. Бүгдээрээ амьдралын сайн сайхан талуудыг олж харж, байнга инээмсэглэж яваарай. Инээмсэглэл бол аз жаргалаа, залуу насаа хадгалах таны хамгийн хүчтэй зэвсгийн нэг юм шүү.

ИНЭЭМСЭГЛЭЛЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ ШИНЖЭЭРЭЙ

Таны зан чанарын илрэл ч болж чадахуйц олон янзын инээмсэглэл байдаг шvv дээ. Та энэ сонжооноос єєрийнхєє жинхэнэ тєрхийг олж чадахгvй ч байж магад. Эсвэл, таны зан араншингийн тухай онож бичсэн байсан ч та vvнийг хvлээн зєвшєєрєхгvй байж ч болох юм. Тэгвэл шогч зангийн тухай санаарай. Тэртэй тэргvй бvх сонжоонд ямар нэгэн хэмжээгээр хошин шог санаа агуулагдаж л байдаг шvv дээ. Харин vлдэж буй хэсэг нь vнэний хувьтай л байх вий.....
 
1. Инээхдээ чигчий хуруугаараа уруулдаа хvрэх нь ерийн vзэгдэл vv? Хэрвээ тийм бол...... Энэ нь таныг эмэгтэйчvvдийн зан, чанар, сайхан єнгє тєрх, гунхалзсан байдлын тухай єєрийн гэсэн бодолтой бєгєєд хаана ч гэсэн тvvнийгээ хатуу баримталдаг болохыг харуулж байна. Танд олны анхаарлын тєвд байх нь таалагддаг юм байна.
2. Та инээхдээ амаа гараараа дардаг уу? Хэрвээ тийм бол... Та бага зэрэг эмзэг, єєртєє тийм ч итгэлтэй биш. Ичингvйрэн, юмны ар сvvдэрт vлдэж хvмvvсийн ярьдгаар "ичээнээсээ сугарахгvй" хоцрохыг хичээх нь элбэг. Бид танд єєртєє хэтэрхий их дvн шинжилгээ хийж, хатуу дvгнэлтээр битгий барьж бай гэж зєвлєе.
3. Та инээхдээ толгойгоо дандаа гэдийлгэдэг vv? Хэрвээ тийм бол.... Та их итгэмтгий, аливаад тун амархан итгэдэг боловч заримдаа зєвхєн єєрийнхєє мэдрэмжинд хєтлєгдєн санаанд оромгvй vйлдэл хийж чадах нэгэн бололтой. Уг нь єєрийн ухаанд илvv итгэж байвал зvгээрсэн.
4. Та инээхдээ гараараа нvvр, толгойгоо илдэг vv? Хэрвээ тийм бол...Та тун мєрєєдємтгий, заримдаа бvр бvтэшгvй зvйл мєрєєддєг хvн юм. Энэ тийм ч муу зvйл биш л дээ. Таны хувьд амьдралыг илvv эрvvл саруул, ухаалаг, бодитоор харж сурвал дээр гэж зєвлєх байна.
5. Та инээхдээ хамраа vрчийлгэдэг vv? Хэрвээ тийм бол...Таны мэдрэмж, vзэл бодол тун хурдан, байнга єєрчлєгдєж байдаг. Та сэтгэл хєдлємтгий, бас зєрvvд, чигээрээ зvтгэдэг хvн юм. Єєрт чинь болон, орчин тойрныхонд чинь хvндрэл учруулдаг хоромхон зуурын сэтгэл хєдлєлдєє автдаг.
6. Та ихэвчлэн амаа ангайж чанга инээдэг vv? Хэрвээ тийм бол... Та хєдєлгєєнтэй, золбоолог хvн юм. Та биеэ барьж, хэм хэмжээнд бага зэрэг баригдаж сурах хэрэгтэй байх. Та ярьж чаддаг шигээ сонсож сурах хэрэгтэй шvv дээ!
7. Та чимээгvйхэн инээмсэглэхийн ємнє толгойгоо яльгvй бєхийлгєдєг vv? Хэрвээ тийм бол..... Та бол зєєлєн сэтгэлтэй, хvн чанар сайтай, хvмvvсийн нєхцєл байдалд амархан зохицож чаддаг юм байна. Мэдрэмж, vйл хєдлєл чинь байнга бусдын хараанд байдаг. Тэгээд ч та хэнийг ч гомдоож, сэтгэлээр унагаадаггvй бололтой.
8. Та инээж байхдаа эрvvгээ барьдаг уу? Хэрвээ ти йм бол... Та хэдэн настай байсан ч залуу насны шинж золбоог єєртєє хадгалж яваа чинь тодорхой байна. Тийм ч учраас сайн бодож боловсруулалгуй ямар нэгэн алхам хийчихдэг бололтой. Дэндvv хуумгай хєдлєх нь дэмий л баймаар юм?
9. Та инээж байхдаа зовхио чичрvvлдэг vv? Хэрвээ тийм бол...Энэ бол таны тэнцвэртэй байдал, єєртєє итгэх итгэл, гайхамшигтай ухаалаг байдлыг чинь илтгэж байна. Та хєдєлмєрч, шаардлагатай, заримдаа бvр хэрээс хэтрvvлдэг ч байж магадгvй. Тийм vедээ та єєрийгєє гаднаас нь, бусдын нvдээр харах гээд оролдоод vзээрэй.
10. Танд инээх тодорхой хэлбэр, маяг байхгvй юу? Хэрвээ тийм бол... Та бие даасан, чєлєєт хvмvvсийн тоонд багтах бололтой. Ямар ч vед, юу ч тохиолдсон, бусдыг vл тоомсорлон зєвхєн єєрийнхєє бодол, мэдрэмж, дvгнэлтэнд захирагддаг. Энэ чинь орчин тойрны чинь олон хvнд таалагддаггvй гэдгийг санаарай.
www.dornod.mn/emgazar/

Thursday, March 25, 2010

Блогийн гишүүд бичиж байна: БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!!

БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!!
Итгэхгүй бол та үүнийг нэг уншаад үзээрэй...
Эрхэм уншигч таньд энэ сайхан гэрэлт нарны доорх гэгээлэг өдрийн мэндийг хүргье. Яагаад ч юм бэ Алтан нар бидэн дээр ав адилхан тусдаг, ав адилхан илчээ түгээдэг... гэдэг мөр аманд орж ирээд байх юм.
Юуны өмнө блогтоо намайг бичлэг оруулахыг зөвшөөрч санал болгосон Бүжээ эгчдээ маш их БАЯРЛАЛАА. Би бол 30 орчим настай жирийн л нэг инженер залуу. Юунаас эхлэхээ мэддэггүй ээ за байз...

Thursday, March 18, 2010

ЭРЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

МИНИЙ БЛОГИЙГ ДАГАДАГ БҮХ ЗАЛУУЧУУДАД:
Алдрай үрсийн хайртай аав,
Амраг бүсгүйн сэтгэлийн шүтээн,
Айл гэрийн алтан багана,
Ээжийн зүрхний амин сүнс,
Эх орны зоригт баатар таньд
Баярын мэнд хүргэе.

БАС:
Энэхэн биений минь тал болсон
Энхрий хоёр эрдэнийг надад бэлэглэсэн
Ханийн халамж, хатан зүрхээ
Харамгүй надад зориулсан чамдаа

БАС:
Хүний орчлонгийн уран дагинас дундаас
Хөөрхий намайг анзаарч сэтгэлийн хадаг илгээсэн
Хорвоогийн сайхан залууст Баярын мэнд хүргэе.

Блогийн гишүүд бичиж байна. А.Арман "Удахгүй үүр цайна..."

Тэр үед би нэг их гутарчихсан амьтан явж байж билээ. Тэр үе гэдэг нь Үүрийнцолмонтой анх таарсан тэр өдөр. Тэр жилийн 365 хоногийн жирийн нэг өдөр, жирийн нэг залуу миний жирийн л нэг амьдралын түүхэнд жирийн бишээр жинхэнэ тодоос тод өглөө болгон тэнгэрт гялалздаг тэр нэгэн од шиг өдөржингөө биш ч, ганцаардаж гунисан, гайхсан бодлогоширсон, тийм нэг хүн гэдгээ ухаарах гэсэн, өргөн олны цуваан дундаас өөрөө өөрийгөө эрж хайсан, тийм л их бодлын дунд гэрэл гэгээ татуулан зүрхэн дотор дуулах юм гэж, зүүд мөрөөдлийн завсарт гялбалзах юм гэж, бүхнээс илүү бусдаас түрүүн дурсагдах юм гэж би яахин мэдэх вэ,тэр жирийн нэг өдөр. Нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэсэн, шулганасан бяцхан хүүхдүүд инээж хөхөрсөн, шуугиант их амьдралын жирийн л нэг өдөр байсан.
Харин миний хувьд тэмдэглэлтэй өдөр. Гэхдээ “хараар”. Осолгүй үерхдэг бүсгүйдээ гомдчихоод, үнэн сэтгэлийн хайр гэж ийм байдаг хэрэг үү ч гэх шиг, нэг тийм меланхолик бөгөөд пессимист өнгө аясаар дүүрэн амьтан санаа алдах тоолондоо нэг шат мацаж, байгууллагынхаа шатыг амьдралын дааж давшгүй их уул нуруу мэтээр төсөөлөн өгсөж явлаа. Өөдөөс хэн нэгэн ирж явааг мэдэж байсан ч өөрийнхөө өчүүхэн ертөнцдөө гомдоллож гунисан “бацаанд” захирал маань ч ирж явна уу, их хурлын гишүүн ч ирж явна уу хамаа үгүй ээ. Уурлаж бухимдахаараа хэн нэгэнтэй “мөргөлдөж” байж санаа амардаг энэ тэнэг зангаа засах юмсан гэж.
- Уучлаарай...
Өөрийн эрхгүй мөргөлдчихсөнийхөө дараа ингэж шивнэлээ. Тэр өөдөөс ирж явсан хүн захирал маань ч биш, их хурлын ч гишүүн биш. Өндөр гоолиг бие хаатай, зөөлөн бөгөөд гайхсан харцтай, тэр “бүүвэйлсэн” харц нь гулсаж тоглодог байх гэмээр урт сайхан тас хар задгай тависан үсээ яаралгүйхэн мөрөн дээгүүрээ “шидлэх”” сайхан “амьтан” байлаа.
- Зүгээр ээ. Харин гайхлаа.
Тэр бүсгүй яарч явсан бололтой. Би дөнгөж саяхан “үсэрхэд” бэлэн явсанаа мартчихсан, хэд шат алгасч харайгаад, үүдний ажилтан дээр очих нь тэр.
- Сая хэн гарч явсан бэ?
Хөөрхий нарийн бичиг, үүдний жижүүр, лавлах, цаг бүртгэгч гээд бүхнийг зэрэг амжуулдаг, тийм ч учир жоохон будилуу болчихсон үүдний ажилтан маань сандрах нь тэр. Байгууллагынхаа харуулын үүрэг давхар гүйцэтгэх ёстой гэж боджээ.
- Таны юу алга болчихсон байна?
- Миний зүрх, миний сэтгэл.
Жаал тайвширсан ресепшн бүсгүй над руу нэг хөмсгөө өргөн байж их л жоготой гэгч нь:
- Ямар романтик юм бэ? Тэр бүсгүй манайд өнөөдөр ажилд орсон. Гэхдээ найз залуутай юм билээ. Өглөө хүргэж ирж байна лээ. Эрчүүд ээ гэж яахаараа ийм сохор байдаг байнаа, сайхан чөлөөтэй бүсгүйчүүд эргэн тойрон зөндөө байхад...
Тэгвэл бид хамт нэг байранд нэг байгууллагад ажилладаг юм байна. Ингэж бодож зогсохдоо би олон жилийн хойно энэ мөрүүдийг бичнэ гэдгээ мэдсэн бол. Араас нь гүйж очоод аятайхан “мишээж” байгаад ч болтугай болзох гэж оролдсон бол, эсвэл ажлынхнаасаа ичиж санаа зовж маргааш нь битгий хэл нөгөөдөр нь тэгээд тэр байгууллагаа орхиод явахдаа хүртэл мундаг хариуцлагатай, хүний найз бүсгүй оролддоггүй мундаг хүний царай эсгээгүй бол, бас дээр нь уйлаад дуулаад ирсэн найз бүсгүйгээ уучлаагүй бол...Гэхдээ харамсдаггүй ээ. Гуних бөгөөд мэлмэрэх цагт дэргэд байгаагүй ч сэтгэлд минь яг өөрийнхөө тэр л энгийн бөгөөд эгэлхэн дүрээ мөнхөлж чадсан тэр бүсгүй “тэнгэрт” гялалзсаар л байлаа. Гайхамшигтай гэж.
Бас л хэдэн жил өнгөрчээ. Бид нэг удаа утсаар ярив. Ажлын шаардлагаар. Тэнэг байгаа биз. Тэвэртээ багтаах гэж оролдоогүй юмаа гэхэд тэр нэгэн одны зүг үргэлж тэмүүлж явсан байж, нэг удаа залгадаггүй юмаа гэхэд, нэр дугаараа нууцлаад мессэж бичих гэж зориглоогүй мөртлөө, байдаг л нэг муу авилгалчины өмнөөс тэрний ажлыг амжуулах гэж залгаж байгаа юм даа. Гэхдээ би ичсэн юм шүү. Тэгээд ч тэр нөхрийг өмөөрөх хүсэл байсангүй. Яриа маань товчхон бөгөөд хурдхан өнгөрөв. Би утсаа таслахын түүс. Тэр үедээ би энэ мөрүүдийг бичих ёстойгоо ойлгосон байх. Би бусдын өмнөөс биш өөрийнхөө өмнөөс амьдарч яваагаа ойлгож эхэлсэн байх. Ичиж халуун оргиж байсан хацар, чичирж байсан хоолой, өөрийгөө хэн бэ гэдгийг хаанаас хаа зорьж яваа хүн бэ гэдгээ таних эхний алхам байсан байхаа.
Тэгээд би юу чаддаг билээ гэж бодов. Би зууны мянганы биш юмаа гэхэд зуурхан тэр цаг мөчид зүрх сэтгэл маань юу хүсэж байгаагаа бичиж чаддаг гэж боддог. Тэгээд бичлээ. Түүнийгээ харин өөрөө өөрөөсөө нуучихсан. Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ гэж бодлоо. Өргөн уужим ч гэлээ энэ дэлхий дээр миний гэх багтаж шингэх газар олдохгүй болох цаг хэзээ гэдгийг ч би мэдэхгүй мөртлөө нуугаад л байдаг. Амьдрах сайхан амьдрал баялаг гэж хэлэх дуртай мөртлөө хэн нэгэнд гомдож туних, хэтэрхий их юм бодсондоо ч тэр үү, амьдрал ахархан амьдрах муухай гэж бодох тэр цагт тэр нэгэн од миний орь их ганцаардаж байгааг мэдсэн мэт тэнгэрийн зайд хараа булаан өчүүхэн ертөнцийг минь чимэглэх нь юутай сайхан. Хүрч үл чадах тэр нэгэн од Үзэсгэлэн гоогоо надаас нуугаагүй байхад, хүй их амьдралын дайд өөрийгөө ч олоогүй яваа байж, би сэтгэл зүрхээ нуухын учир юу билээ. Бусад хүн жаргах гэж зүтгэдэг байхад, будилуу үхэр шиг би зовох гэж нуугдах хэрэг юун.Удахгүй үүр цайна даа, Үүрийнцолмон минь. Найдлага горьдлогын нүдээр чамайг тольдох олон олон өчүүхэн амьтдын нэг намайг тээр холоос бас тээр дээрээс олж харахыг бодоорой. Би нуугдахгүй ээ. Үүр цайж байна даа...
--------------------------------""""---------------------------------"""------------------------
Багш нь баяр хүргэе Арман аа. Өөрийгөө олсонд чинь, Үүрийн цолмонгоо таньсанд чинь, Үүр цайхыг хүлээж байгаад чинь чиний өмнөөс баяртай байна. Эр хүн гэдэг энэ хорвоод энхрий үрсийн эцэг болж, эрхэмсэг бас бүүр хэт ихэмсэг бүсгүйг ч өөрийн болгож чаддаг учраас л тэднийхээ төлөө эх орноо хамгаалах Баатар байдаг. Бас сүүлийн хэсэг нь бүүр илүү таалагдлаа. "Хэдий болтол хичнээн цаг хугацааг өөрөө өөрөөсөө нуух вэ" гэдгээс өгсүүлээд. Энэ сайхан түүхийн хамгийн анхны сонсогч, уншигч болсондоо баяртай байна. Бүжээ багш нь

Tuesday, March 16, 2010

ХАВАР ИРЛЭЭ

ХАВАР, ХАВАР, ХАВАР . . .

Хорвоогийн өнгийг чимэх гэж өвөлжин өөрийгөө үрээсэн цас хайлж урсаж дууслаа. Хараад байхад гунигтай ч юм шиг, бахархмаарч юм шиг. Хойтон өвөл ирэхэд чинь зөндөөн сонинтой угтана аа.

Удахгүй модод нахиалж, ертөнцийн хамгийн шинэхэн ариухан бүхэн урган соёлно. Тэр үед бас анхны бороо шивэрнэ. Дусал дуслаар шиврэх хаврын анхны бороо . . . Анхны бороо ертөнцийн өнгийг сэргээхдээ намайг ч бас орхихгүй.

Урин салхи маргааш өөд сэтгэлийг минь дагуулна. Харин хаврын тэнгэр нэг л зангаараа байгаасай гэж хүн бүхэн хүсдэг нь нууц биш юм даа.