Wednesday, March 9, 2011

ЗӨӨЛӨН ҮНСЭЛТ



Хайртай гэж шивнэх үгс чинь
Зүрхний минь сонорыг мялааж
Сэмхэн гэтэх зөөлөн үнсэлт чинь
Сэтгэлийн минь давалгааг эзэмдэнэ.
Халуухан тэврэлтэнд  чинь  
Хорвоо ертөнц тэр чигээрээ  багтахад
Өр зүрхэнд минь эгшиглэх хайрын нандин аялгууг
Өөрийн эрхгүй уянгалуулан дуулмаар...
Энрийлэн үнсэх зөөлөн уруул чинь сэтгэлийг минь хөгөлж
Үнсэх тоолонд зүрхэнд минь цэцэг дэлбээлнэ.
Бидэн  хоёрын ертөнц хайраар ингэж үерлэхэд
Би ганцхан чинийх байхыг хүснэ.

Sunday, February 20, 2011

ӨНӨӨДӨР ЯМАР САЙХАН ӨДӨР ВЭ

Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Цас хайлж хаврын сайхан гэрэлт тунгалаг наран ээсэн өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна даа. Би "Цагийн менежмент" хичээл орохдоо оюутнууддаа хэлдэг юм хэрэгцээтэй үед “Үгүй” гэж хэлж сур гэж. Гэвч өөрөө тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж нилээд зүдэрдэг. Тэгээд юм бүхнийг амжуулах гэж гүйгээд заримдаа үр дүнгүй болох тохиолдол гардаг л даа. Хүн гэдэг амьтан амьдралын зарим ачааг хаях хэрэгтэй байдаг. Эс гэвээс үүрээд л яваад байвал эцсийн буудалд хүрэх зам мөн ч бартаатай байх биз. Өнөөдөр би маш чухал нэг ажлын төлөө 2 ч хүнд “ҮГҮЙ” гэж хэлээд, хичээлээ хүртэл тасалчихаад учиргүй баяртай сууна даа. Хэ хэ. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Би урьд нь хэзээ ч хичээлээ хүртэл зоригтой хаяж чаддаггүй байсан юм. Яг тэрэнтэй адил нуруун дээрх зарим нэгэн ачаагаа хаячихаад сэтгэл нэг л уужим, баяртай, тэгээд бас дараагийн сонголт хийхийн өмнө алийг нь вэ гээд тунгааж сууна. Заримыг нь хаяхад тун бэрх байна л даа. Гэвч  хэн нэгэн надад “зарим АЧААГАА хэрэгцээт газар нь хүргээд хаях хэрэгтэй” гээд шивнээд байна даа. Өнгөрснөө хаяж ирээдүйгээ аварна аа хө. Гэхдээ амьдралын бартаат замыг гэрэлтүүлэгч “ХАЙР”-ын хүчийг хэрхэвч хаяж болохгүй, бусдад сайхан сэтгэл, хайр энэрэл, баяр баясгалан түгээх тэр нэгэн зүйлийг яасан ч умартаж болохгүй юм даа.



Хамгийн түрүүнд бичигдсэн нэг комментийг ил тавилаа. Үргэлжлүүлээд бичээрэй хүмүүсээ.
Золоо: Хэ хэ нээрээ ч үгүй гэж хэлэх хэцүү шүү. сайхан өдөр байна даа. Яг одоо үгүй гэж хэлээгүйгээсээ болоод нэг хүнийг гомдоочоод сууж байна даа. Ажил + ажил + ажил + асуудлууд. Кк хэний төлөө вэ бас юуны тулд вэ. Хавар болж байна даа, кк бөөн зөрчил байна даа.
Их сонин үгүй гэхээр тийм болгохоор зүтгэдэг хүмүүс байдаг тээ

March 9, 2011 2:18 PM

Thursday, February 17, 2011

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусмаа тэр чинээгээр сэжигч хардамтгай байдаг. Бекон

Monday, February 14, 2011

ГЭГЭЭН ВАЛЕНТИНИЙ ӨДӨРТ

Цаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V-р зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам та үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Римийн Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж. Энэ өдөр охид хүүхнүүд өөрийн нэрийг цаасан дээр бичиж хайрцагт хийнэ, тэр хайрцгийг залуучууд задалж аль нэг эмэгтэйн нэр бүхий бичгийг сугалан авч үүрдийн ханиа сонгодог энэ хөгжилтэй баярыг олон оронд тэмдэглэдэг болжээ. Эртний Римийн эзэн хаан Клавдий 2 гэгч машид харгис нэгэн хаан 270 онд төр барьж байсан хэцүү цөвүүн тэр цагт цус урсгасан их дайн нь ямар ч амжилт олохгүй байсан тул хаан ихэд бухимджээ.

Friday, February 4, 2011

ХАЙРЛАН ДУУЛМААР БАЙНА

17 дугаар жарны илжиг хэмээх төмөр туулай жилийн шинийн 5 ны шинэхэн цастай энэ сайхан өдрийн мэндийг миний блогийг үзэж суугаа эрхэм таньд хүргэе. Ариухан гэгээлэг бүхний бэлэгдэл болсон шинэхэн цас гишгэж боломгүй хайрламаар байлаа. Тэгээд гэнэт энэ хорвоогийн бүх сайхан сэтгэлт хүмүүст энэ дууг зориулмаар санагдлаа.


“Цас хүнд дурлажээ. Нэгэн бүсгүй цонхон дээрээ. Цонхны цаана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ. ”Тийм баяртай инээмсгэлэл, гэрэлтсэн харц. Яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дуралж үзээгүй залуу хүн шиг өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв” Эх сурвалж. Uran20.delhii.net

Friday, January 28, 2011

Ангийн анд Цэцэгсүрэнд Отгонцэцэгээс бичсэн захидал.

Би чамайг манай ангийн хамгийн ажилсаг охин гэж боддог. Өглөө болгон халуун саванд чи л ус дүүргэж байгаа харагддаг.Нэг удаа би цүнхээ ард талдаа тавиад их л эвгүй сууж байтал: “Отгоо эгчээ та цүнхээ энд тавих уу “ гээд миний цүнхийг аваад хажуудаа байгаа сандал дээр авч тавьж билээ. Тэгэхэд би бусдыгаа гэсэн сайхан сэтгэлтэй охин байна даа гэж бодож билээ.Чамд ангийнхаа хамт олны өмнөөс амжилт хүсээд баярллаа гэж хэлье.

БАГШ НАРЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ

Оюутны ширээнээс дөнгөж төрсөн нялх, түүхий судлаачийг өлгийдөн авч ажил амьдралын минь гарааг эхлүүлсэн Боловсролын хүрээлэнгийн захирал, ачит багш доктор профессор Н.Бэгз болон 10 жил эрдмийн аянд хамт зүтгэсэн Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач багш, найзууддаа

Улс төрийн Боловсролын Академи, түүний салбарууд, "Либерти", "Боловсрол", "Засагт Хан" дээд сургуулийн багш нар, эрдмийн зөвлөлийн гишүүддээ
БАГШ НАРЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ.
Эрдэм түгээх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа зориулсан Монголын багш нарын
ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.

Wednesday, January 19, 2011

ҮНЭГҮЙ ЗҮЙЛ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ

Хулгана  хоолоо олж идэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөхдөө амьдралаас олон зүйлийг суралцаж, өөрийн гэсэн ертөнц, үнэт зүйлийг бүтээдэг. Гэвч үнэгүй юманд дурлаж зүтгэхээрээ  амьдралын зорилго, үнэт зүйлсээ алддаг байна. Харин хулганын дурлаж зүтгэсэн үнэгүй бөгөөд амтат бяслаг зөвхөн хавханд л байдаг ажээ.    

Friday, January 7, 2011

НАМАЙГ ТӨРҮҮЛСЭН ЭЭЖ ААВ ХОЁРТОО

Өнөөдөр миний төрсөн өдөр. Энэ хорвоод эрдэнэт биеийг минь төрүүлсэн ээж аав хоёртоо хамгаас их хайртай гэж энэ өдөр хэлмээр байна. Та хоёр минь эрүүл энх урт удаан наслаж үр биднийгээ үүрд ивэж яваарай гэж хүсье. Ийм мөнхийн хүсэл хүн бүрт л байдаг байх даа.  Бяцхан охиныхоо уйлах чимээнээр ээж, аав гэдэг эрхэм алдрыг хүртэж 19 хөн настай аав ээж болохдоо хязгааргүй их жаргалтай байсан гэж ээж аав минь ярьдаг юм. Нээрээ л би төрсөн тэр өдрөө л ээж ааваа нэг баярлуулж дээ. Түүнээс хойш одоо ч гэсэн эмээ өвөө болгочихоод аав ээжээ зовоосоор л явна.
Аав ээж хоёр маань гэр бүл болоод намайг төрүүлэхэд нь хүмүүс хоёр жоохон хүүхэд суугаад хүүхэдтэй болж байна гэж ярьж байсан гэдэг. Удалгүй аавыг маань цэрэгт татах болоход ээж бид 2-ийг орхиод явж чадалгүй аав маань цэргийн албанаас зугатаахаар шийдэж, нэг ч таних хүнгүй Архангай аймаг руу гэрээ ачаад нүүсэн гэдэг. Замдаа явж байтал нь машин нь эвдрээд 3 дахь хоног дээрээ арга буюу ээж бид 2-ийг замын машинаар явуулж л дээ. Ээж маань намайг дагуулаад  замын жолооч ахаас гуйж таних айл байхгүй нөхрөө иртэл танайд хүлээж байя гэж гуйгаад тэр айлд бүтэн сар аавыг хүлээсэн гэдэг. Тэгээд өдөр бүр намайг дагуулаад  зам дээр очоод суудаг эсвэл хашаан дээр гарч суугаад л зам ширтэж өнждөг байсан гэж ярьдаг юм. Нэг өдөр тэгж хашаан дээр сууж зам ширтэж байгаад хажуу тийшээ харсан чинь би байхгүй байж гэнэ. Гайхаад хартал уначихсан газар хэвтэж байсан гэдэг. Тэгээд духандаа шарх авсан миний шархыг аавыг ирэхээс өмнө яаж эдгээх вэ гээд л хамаг аргаа барж, нэг сарыг өнгөрөөсөн гэдэг юм. Тэр шарх одоо ч гэсэн миний духанд байдаг. Харин хүмүүс үрчлээс гэж боддог л доо. Толинд харах болгондоо би энэ түүхийг санадаг юм. Тэгээд төрсөн өдрөөрөө блогтоо бичиж та бүхэнд хүргэж байна. 
Хүмүүс надад ямар нэгэн байдлаар баярлаж, талархснаа хэлэхэд би ээж, аавыг аа боддог юм. Багшийг маань төрүүлж, бидэнд илгээсэнд баярлалаа гэж миний олон шавь нар  Та хоёрт минь мөргөн залбирдаг юм шүү.  Энэ дэлхийн сайхан сэтгэлт хүмүүст нэгэн анд  төрүүлж,  энэ хорвоод  эрдэнэт нэг хүнийг бэлэглэсэн энэ өдрийн баярыг та хоёртоо хүргэе.
Амин зүрхний минь хоёр нандин шүтээнийг
Алтанхан хорвоод бэлэглэсэн хүйн нандин холбоо 
Аав ээжээс минь эхтэй.

Sunday, January 2, 2011

ХҮЙН ГУРВАН ХОЛБООС

/Аав ээж, хүүдээ зориулах шүлэг/
Үр минь чинийхээ төлөө үхтлээ шаналахдаа би
Өрлөг хатан ээжийнхээ өтөлсний учрыг мэдлээ.
Хүүгийнхээ төлөө би зүрхэн нулимс унагахдаа
Хөөрхий муу аавынхаа хөгширсний учрыг мэдлээ.
Уйлж инээсний минь ороор нүдний минь буланд нуугдах
Эгэл хэдхэн зураасыг тольдож суухдаа би
Төрүүлж өсгөсөн аавыгаа зовоож, шаналгаж  ханалгүй
Түмэн үрчлээт зургийг нүүрэнд нь урласнаа ухаарлаа.  
Золбоолог төрсөн ээжийнхээ
Залуу сайхан насыг
Үрж дуусгасан хүн нь
Би юм шүү хүү минь
Хат суусан аавынхаа
Нулимсан дуслыг бөмбөрүүлж,
Зүрхийг нь өмөлсөн хүн нь
Би юм шүү хүү минь.
Үрийнхээ төлөө эх хүн өөрийгөө үрж дуусдагийг
Хүүгийнхээ төлөө эцэг хүн хичнээн тэвчээрээ бардгийг
Хүү минь чи ухаараарай.
Бурханы хишгээр төрүүлсэн хоёр хүүгийнхээ төлөө
Хайр энэрлээ дийлэхгүй сэтгэлдээ шаналж суухдаа
Хорвоод чухам хэнд өртэйгээ дахин ухаарлаа ээж нь.
Амин зүрхний минь хоёр нандин шүтээнийг
Алтанхан хорвоод бэлэглэсэн хүйн нандин холбоо 
Аав ээжээс минь эхтэй.
Зөрмөгхөн хорвоод эгэл биеийг минь төрүүлж,
Жаргал зовлонг даах эрдэм чадлыг заяасан
Жаранг элээсэн ээж аав хоёрыгоо
Жаргаах цаг байна уу ээжид нь
Энхрий хоёр нандин үр минь ээжийгээ л баярлуулж байвал
Эмээ өвөө хоёрыг чинь жаргааж чадах нь ээ ээж нь
Ээжийнхээ мэндэлсэн энэ л өдрөөр чи
Эмээ өвөөдөө мөргөх ёстой шүү хүү минь.

Saturday, January 1, 2011

ЭЭЖИЙН ХАНХҮҮ


Өхөөрдөм хөөрхөн үр минь эжээсээ өндөр болсон ч
Өнөөх л бүүвэйн хайрандаа өлгийтэй мэт л санасаар,
Үрийнхээ дууг сонсоод өөрийгөө хатан хаан мэт санаж
Би хүүтэй хүн шүү гэж хайраар омогшихдоо
Бүгээн  хорвоогийн зовлон, гунигийг мартдаг.
Цэцэг шиг залуу насанд минь  хайр зарлаж гүйсэн
Цэмцгэр ганган залууг битүүхэн дотроо голж 
Үлгэрийн сайхан хан хүүг мөрөөдөж явсан ээжид нь
Тэнтэр тунтар алхсан хөөрхөн нялх үр минь л
Тэнгэрийн хан хүү дүрээрээ мөн байлаа.
Эрдүү залуу насандаа бардсан
Эцгийнхээ ховор нулимсыг
 дагуулж ирсэн хүү минь
Ээж аавдаа чи 
НАНДИН ЭРДЭНЭ шүү.

Wednesday, December 29, 2010

Мянган бээрийн алсад хүрэх аян нэг алхамаас эхэлдэг. 2011 онд тийм нэг алхам хийгээрэй гэж та бүхэнд ерөөе.


Аз жаргал шивнэлээ шvv
Алгаа тосоод аваарай!!
Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ
Өглөө бvр vгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бvр хvний сайнтай учирч
Зvрх сэтгэлд чинь баяр гийж
Зvvд vргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зvйрлэшгvй тансаг жаргалыг хvртээрэй. /Отгоогийн мэндчилгээнээс иш татав. хэ хэ/

Wednesday, December 15, 2010


Зүрхэнд минь гэрэл дүүрэн
Зүүдэнд чи минь надтай хамт байгаач
Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч
Зоргоороо хайрлана аа.
Хүйтэнд ургах цэцэг шиг
Дагжиж би энд даарсан ч гэсэн
Хүний газар чамайгаа санан санасаар
Хүслээрээ хайрлана аа.
      Дахилт: Бүтэн явъя чинийхээ төлөө
              Бүдрэвч босъё бусдын өмнө
              Инээж туулъя энэхэн гунигийг
              Ивээж ойлгоорой намайгаа.
              Чиний эзгүйд би уйлмаар
              Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
              Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
              Далавчтай бол нисэхсэн
Цэнгэл ирлээ ч би хүлээнэ
Зэвэрч нугарахгүйг би хичээнэ
Хонгорхон үрээ би бүтэн жаргаана
Холоос би тэмүүлнэ
Үнсэлтээр цагийг зогсоож
Салхиар чамтайгаа би уулзана
Харийн газраас хоног тоолон тоолсоор
Харцаараа тэмүүлнэ.
     Дахилт:

Saturday, December 11, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-8

Заримдаа нойр хулжчихдаг тийм л нэгэн шөнө 2010 оны 12 сарын 10 ны энэ шөнө байлаа. Босоод компьютероо асаагаад ганц хоёр мэдээ харчихаад өдөр дутуу хийсэн ажлаа гүйцээдэг юм бил үү гэтэл яагаад ч юм бэ блог руугаа ормоор санагдаад. Миний блогийн фенүүдийн хамгийн их үнэлдэг "Уран шувууны амьдрал" -аа үргэлжүүлэх санаа төрөв. Тэгээд анх үүнийг хэзээ бичсэн билээ гэж бодогдоод хартал яг нэг жил, нэг сарын өмнө бичиж эхэлсэн байх юм. 2009 оны 11 сарын 10. Энэ нэг жилийн хугацаанд "Уран шувуу"-тай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Ингээд "Уран шувууны амьдрал-8" ийг та бүхэндээ толилуулъя. "Уран шувууны амьдрал - 7" хэрхэн төгссөнийг та бүхэн санаж байгаа байх. Харин уншаагүй хүмүүст нь 1-7 г нь уншаарай хэмээн санал болгоё.

За чи миний тухай шувуудтай юу гэж ярилцсан бэ гэж Бурхан маргааш өглөө нь л тэсэн ядан асуухад Уран шувуу зөвхөн ч ярилцаагүй чиний тухай ярианаас үүдээд бүхэл бүтэн түүхтэй болсоон гээд ингэж ярьжээ.
Би шувуудтай хамтдаа дуулж ярьж хоносон тэр шөнө миний мөрөөдөл дэргэд минь байгааг олж мэдээд өөрөөсөө их ичсэн. "Харайцай минь нисээрэй хамгаас өндөрт нисээрэй" гэдэг дуу сүлд  дуу минь болсон учрыг ч тэр өдөр ухаарсан. Тэгээд яагаад  мөрөөдөлдөө хүрэх арга эвээ олохгүй байна вэ гэж бодож бодож дэглий шувуунаас асуусан юм. Асуух ч гэж дээ чамайг ховлосон юм. "Бурхан зарим хүмүүст маш их авъяас, онцгой чанар заяасан байдаг мөртлөө надад тэр бүхнээсээ юу ч өгөөгүй. Тиймээс л би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм байна" гэж дэглий шувуунд хэлсэн. Гэтэл дэглий шувуу  хариуд нь  надаас ингэж асуусан юм. Үгүй чи ингэхэд ер нь авъяас гэж чухам юуг хэлээд байнаа. Тэгэхээр нь би хариуллаа. Яахав дээ надад алтан гургалдайных шиг уран яруу хоолой, эсвэл шар шувууных шиг  шөнө сайн хардаг нүд ч юм уу эсвэл тоншуулынх шиг урт хошуу заяахгүй гэсэнд, за чи одооноос эхлээд саяынхаа хэлсэн 3 шувууны амьдралаар 3 өдөр, 3 шөнө амьдар. Харин  сайхан хоолой, шар шувууны нүд, тоншуулын хошуу алийг нь ч чамд өгөхгүй шүү гэж хэлчихээд хүүе гэхийн завдалгүй нисээд алга болсон.   Ингээд маргааш өглөөнөөс нь нээрээ л би алтан гургалдай, шар шувуу, тоншуул шувууны амьдралаар 3 хоног амьдарсан даа.

Надад алтан гургалдайн сайхан хоолой байгаагүй болохоор би юу ч хийж чадахгүй байлаа. Алтан гургалдайн сүрэг бүүр намайг ойртуулах ч үгүй байв. 2 өдөр, 1 шөнөжингөө янз бүрийн арга сэдээд ямар ч тусыг олсонгүй. 2 дахь өдрийн  орой өлсөж, бас дээрээс нь сэтгэлээр унаж сульдаж эхэлсэн. Тэгээд ядарсандаа нэг мэдэхэд унтсан байлаа. Шөнө нь тэсэлгүй маш их өлсөөд сэртэл би шар шувуудын ертөнцөд сэрлээ. Хоол хайхаар гарсан ч, түнэр харанхуйд юу ч харахгүй байлаа. Бусад шар шувуудаас тусламж гуйлаа. Хэн ч намайг тоосонгүй. Бүүр шоолон инээлдэж байлаа.  Тэд нарын шоолж байгааг мэдээд бага зэрэг бардам сэтгэл минь хөдөлж, маргааш эрх биш учир нь олдоно доо гэж сэтгэлээ тайвшруулаад унтаж орхив. Унтах ч гэж дээ үнэнээ хэлэхэд хамаг хүч чадал минь барагдаж, ухаан минь балартаж унаад өгсөн юм. Ганц найдах зүйл бол жаахан ч гэсэн унтвал хүч чадал орох болов уу гэсэн бодол байлаа. Тэгээд өглөө тоншуул шувууны үүрэнд сэрдэг юм байна.  Хоёр өдөр, хоёр шөнө юу  ч идээгүй бас хэнтэй ч юу ч  яриагүй. Юуны ч тухай бодох сэхээгүй. Зөвхөн  4 дахь өдөр хүртэл амьд байхын тулд хоол л бодогдож байлаа. Би дэглий шувууг хэлсэн үгэндээ хүрч надад бас л юу ч өгөөгүй энд авчирсныг сайн мэдэж байлаа. Тэгээд би анх удаа Бурхан чамд маш их гомдоод, "Бурхан чи хаана байна" гэж дуудсан. Гэвч чи наймайг сонсоо ч үгүй байх. Учир нь сульдаж ядарсан надаас яагаад ч чанга дуу гарахгүй байлаа. Өөрийнхөө төлөө бусдыг дуудах,  бусдын хүч, туслалцааг авах тийм  хүч надад байхгүй болсон байлаа. Тэгээд нүдээ аниад бодож хэвтлээ. Өнөөдөр сүүлийн өдөр, тоншуулын энэ үүрэнд ингээд үлдэж яавч болохгүй. Эд нараас тусламж гуйгаад бүүр ч худлаа. Бурхан, хүн, шувууд хэн ч байлаа хүч чадалгүй хүнд, өөрийнхөө төлөө ядахдаа чангахан дуугарчихаж чадахгүй хүнд хэзээ ч тусалдаггүй юм байна. Тэгэхээр одоо яах вэ. Ямар ч хамаагүй аргаар өглөө болтол тэсэх  хэрэгтэй. Харин гаднын ямар нэгэн ид шид, хэн нэгний тусламжинд найдах хэрэггүй юм байна. Хэрвээ надад амьдралд тэмүүлэх жаахан ч гэсэн хүч үлдсэн бол түүнийгээ л бүх хүчээ гарган дайчилж тэсэж үлдэх ёстой юм байна гэж бодож амжив.  Гэтэл хажууханд ангаахайгаа хоолохоор нэгэн тоншуул хоол авчирав. Би хулгай хийхээр шийдлээ. ... шүдээ зууж байгаад өндийв. Жаахан мөлхөж ойртлоо. .... Ямар хөөрхөн ангаахайнууд вэ.. .  хэсэгтээ харж хэвтлээ.  Гэвч тэднийг өрөвдөх сэтгэл минь удахгүй арилж, зөвхөн хоол л нүдэнд минь харагдаад байлаа.  Дахиад жаахан ойртлоо. . . Зориг минь хүрсэнгүй ээ. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийхэд үнэхээр зүрх минь хүрсэнгүй.  Тэгээд чадахгүй зүйлдээ санаархаж үлдсэн жаахан хүчээ алдаад яахав гэж бодлоо.  Ингээд тоншуулын амьдралаар амьдарч чадахгүй бас тэднээс тусламж гуйгаад ч хэрэггүй, хоол руу нь дайрвал эд бүгд над руу дайрч, би эдний гарт үрэгдэх болно. Юу л гэж хөлс хүчээ зулгааж олсон зүйлээ зүгээр надад өгөв гэж. Тэгээд ч би ямар ч хүч чадалгүй, бас бусдын үүрэнд байна.  Хурдан эндээс холдох хэрэгтэй. Дахиад жаахан бодож хэвтлээ. Уулын горхины шоржигнох чимээ,  навчсын сэрчигнээн, шувуудын дуу миний чихнээс холдсоор байлаа.  Одоо унтаж яавч болохгүй. Энэ удаа бүх хүчээ шавхаж байгаад ямартай ч модны орой дээр гаръя.  "Сэрэхдээ ядахдаа модны орой дээр сэръе дээ" гэж  бодсоноо  өглөө болтол амьд үлдэж чадахаа мэдэхгүй байж их юм бодовоо гэж өөрийгөө дотроо шоолов. Тэгснээ гэхдээ ч өөдрөг бодол байна шүү гэж өөртөө итгэл өглөө.  Тэгээд сүүлчийн хүчээ шавхан байж  өндийлөө. Толгой эргээд, хорвоо ертөнц тэр чигээрээ надаас холдох гээд байгаа юм шиг.  Ухаан минь балартаж эхэллээ. Тэр холдоод байгаа ертөнцийн дотор хайртай бүхэн минь байгаа харагдана. Тэд надаас холдоод байна уу. Би тэднээс холдоод байна уу.  Тэдний хойноос бүх хүчээрээ урагшилж байна гэж төсөөллөө. Зүүдэллээ...  Өөрийгөө сайн мэдрэхгүй ч модны орой руу мацаж гарлаа.  Унаж мэдэх аюултай байсан ч унаж хэрхэвч болохгүй одоо унавал тэсэхгүй. Бас эндээ үлдсэн ч тэсэхгүй гэж хэн нэгэн хэлээд байв. Тиймээс унахаас ер айсангүй. Энэ удаа харин айдас надаас бүр мөсөн холдсон байлаа. Хэдий удаан авирсан, хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч модны орой дээр арай ядан гарснаа, бас гармагц дэглий шувуу угтсаныг л маш тод санаж байна.

Өглөө сэрэхэд хүч чадал минь эргэн ирж бүх зүйл хэвийн болсон байлаа. Би бүүр гайхаад юу болов оо. Чи яагаад намайг ингэж зовоов. Би арай л үхсэнгүй шүү дээ гэсэнд дэглий шувуу:
- Одоо чи ойлгосон уу. Бурхан авъяас, хүч чадал гэдэг зүйлүүдийг хүмүүст тэнцүү хувиарладаг юм.  Сайхан хоолой нь үгүй бол амьдарч чадахгүйг нь Адтан гургалдайн амьдралаар амьдарсан өдрөө мэдэрсэн байх чи. Бас тоншуул, шар шувууг ч бас. Харин онцгой авъяс  гэдэг зүйлгүй хүмүүст амьдралд хөлөө олох өөрийн гэсэн хүч чадал байдаг. Түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг юм даа.  Мөн тэр онцгой гээд байгаа авъяасыг ч бас хүч чадал ухаан бодлоороо байжуулдаг юм. Чи бол чадалтай шувуу, тийм ч учраас чи сонголтоо зөв хийж, өөрийн хүчийг зөв ашигласан шүү дээ. Хүмүүс үүнийг ойлгохгүй Бурханд ямагт гоморхож явдаг ч бурхан өөрсөдөд нь өгөх ёстой юмаа бүгдийг өгсөн байдаг. Бас тэр зүйлээ ашиглаж чадаж байгаа хүмүүст Бурхан туслахдаа дуртай байдаг юм даа гэж яриагаа дуусгасан юм.

Ингэж би чиний тухай ярианаас үүдэж, бүхэл бүтэн хэдэн зуун жилийн дурсамжтай болсон доо гэж Уран шувуу Бурханд талархав.

Уран шувууны энэ яриаг хоёр найз нь амьсгаа даран сонсож, бүүр гайхаж хоцорсон байлаа.  Тэгээд  дууссаных нь дараа ч нэг хэсэгтээ дуугарч чадахгүй байлаа. Тэгж тэгж "Амьдрал" үгүй чи чинь яаж тэгж чадаваа чи тэсэхгүй байсан бол яахын гэж сандран өгүүлсэнд Бурхан гэнэт сэхээ авч, тэсэх нь ойлгомжтой байсан л даа  гэж инээмсэглэн хэлэв. Өөр чи мөрөөдлөө хайх хугацаандаа юу юу үзэж харж, юу юу ойлгов доо, дахиад өөр сонирхолтой юм байвал яриад өгөөч гэсэнд "Амьдрал" үгүй ээ саяынх шиг хэцүү юм яриад байвал дэмий юм байна аа гэсэнд Уран шувуу:,
- би чинийхээ хайраас зугатаж, чамайгаа энэ арал дээр ганцааранг чинь хаяад дэргэдээ байгаа  мөрөөдлөө  ч олж харахгүй бас дээрэмчдийн ертөнцөд бурхантай мөрийцөөд өөрийн хүслээрээ зовж жаргаж зөндөөн л юм үзлээ. Сонирхолтой түүх олон байгаа дараа үргэлжлүүлж ярьж өгье гэсэнд Бурхан чи арай гоё газраар явсан тухайгаа ярьж болохгүй юу гэсэнд Уран шувуу би хайрын арал, бас аз жаргалын арал, андын арал дээр очсон, тэр тухайгаа ярьж өгнө өө гэсээр энэ удаагийн яриа өндөрлөжээ.

За хүмүүсээ сонирхон уншсанд баярлалаа. Коммент үлдээхээ мартав аа. Баярлалаа.   2010 оны 12 сарын 10-аас 11 нд шилжих шөнө. 5 цаг 46 минут.    

Tuesday, December 7, 2010

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Эрхэм  дүү Цэрэннадмид чинийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж,  санасан санаа, хүссэн хүсэл, бодсон бодол, төлөвлөсөн ажил үйлс тань бүтэмжтэй байхыг билэгдэн мэндчилье.
Хэдийгээр бид танилцаад удаагүй, бие биенээ мэдэхгүй шахуу боловч дүү чамайг “Эрхэм” хэмээн хүндэтгэсэн нь тохиолдлын зүйл биш ээ. Эрдмийн энэхүү өргөөнөө шалгалт өгөхөөр цугласан анхны өдрөөс л би чамайг өөрөөсөө ахмад болоод үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зөв боловсон хүндэтгэлтэйгээр харьцаж байгааг харж дүгнэсэн бодол юм.
Өнөөгийн нийгмийн энэ ороо бусгаа үед олон залуус зугаа цэнгэлийг илүүд үзэж, хямд хялбар аргаар амьдрах хүсэл сонирхолтой болчихжээ. Чи бол хотын гудамжаар хэдэн арваараа холхилдож буй тэр л залуусын нэг. Гэхдээ чамд тэднээс ялгарах хувь хүний эмх цэгц, бусдыг хүндэтгэх хүмүүжил, ихийг сурч мэдэх гэсэн эрмэлзлэл, сурсанаа бусдад түгээх хүсэл зориг байна. Харахад эгэл жирийн шавилхан биетэй, хүүхдээрээ төрхтэй боловч, даруухан харц, халуун  сэтгэлээрээ хичээлийн сэрүүхэн танхимд хичнээн дулаан сэтгэгдэл бусдад төрүүлж чаддагаа чи өөрөө мэддэггүй байх.
Ийм халуун сэтгэлтэй, залуу, эрч хүчтэй, ирээдүйд юуг ч бүтээж чадах чадварлаг боловсон хүчинтэй тохой нийлүүлэн сууж, суралцах болсондоо баярлаж сууна. Магадгүй хожмын нэгэн өдөрт эрдмийн оргилд хүрч, төрийн түшээ болсон үедээ хамт суралцаж байсан ангийн эгч миний хичээнгүйлэн бичсэн энэхүү захидлыг дурсаж байгаарай хэмээн өндөрлөе.

Хүндэтгэн ёсолсон
Ангийн анд Ж.Баярмаа


Эрхэм хүндэт эгч Таны энэ өдрийн  түмэн амар амгаланг айлтган мэндчилье.
Бид хүсэл зорилгоороо нэгдэн энэхүү танхимд анх танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Анх шалгалт өгөөд энд уулзахад та яг л миний ээж шиг тийм л дотно надтай харилцаж байсан. Тэр л үеэс эрхэм эгч таны халуун дулаан сайхан сэтгэл, найрсаг зан, хүн чанар тэр бүхний чинь нэгээхэн хэсгийг дүү нь олж харсан юм. Ийм сайхан түшигтэй, тулгатай гайхалтай хүнтэй хамт сурч байгаадаа дүү нь маш их баярладаг шүү.
Мөн өчүүхэн намайг өндрөөр үнэлж, үргэлж урам зориг хайрлаж дэмжиж байдаг таныхаа итгэлийг алдалгүй дүү нь улам бүр хичээх болно оо. Ингээд эгч таныхаа ажил хөдөлмөр, сурлагад тань амжилт бүтээлийн дээдийн дээдийг, амьралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэн ёсолсон
Ангийн анд бас дүү Д.Цэрэннадмид

Thursday, December 2, 2010

ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ



Хэн жаргалтай вэ . Таагаарай.
Би дээр нэг ийм бичлэг тавиад дараа нь түүнийг санамсаргүй устагчихаад их харамсаж билээ. Уншигчид маань олон коммент үлдээсэн байсан даа. Одоо нэг таах гээд үзээрэй. Тэгээд коммент үлдээгээрэй.  ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ.

Monday, November 22, 2010

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

Сэм сэмхэн гэтэж
Сэтгэлийг минь эзэмдсэн
Зүрхийг минь онилж
Зоригийг минь хөгжөөсөн
Сайхан мөрөөдөл чамтайгаа би
Саатанхан учрах юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа.


Бүртийх ч үүлгүй шөнийн тэнгэрт
Од шиг гялалзах сэтгэлийн шүтээн минь
Орчлонгийн хязгаарт тэмүүлэх ирээдүйн харгуйд
Яасан олон гэрэл гэгээ дагуулна вэ