Thursday, April 2, 2020

Мартагдсан блогоо санаж нэг эргэв.

Saturday, May 7, 2016

ХУВИЙН ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ХҮНД “ТӨРД” ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.

 Иргэд яагаад, яах гэж өөрсдийгөө төлөөлүүлэн хэсэг нөхдөө сонгож, төрийг байгуулдаг вэ. Бидний өмнөөс хууль тогтоогоорой, улс орны хөгжлийн гол гол асуудлыг бидний өмнөөс шийдвэрлээрэй, үр хүүхдийн минь сургууль соёл, эрүүл мэндийн асуудалд анхаарч эмнэлэг сургуулийн асуудлыг зохицуулаарай, бүүр бүх хүнээс асуух юм гарвал биднээс асууж шийдээрэй, хамгийн гол нь нийтийн хэргийг шударгаар шийдвэрлэж ажиллаарай, бид гарах зардлуудыг гарганаа, тэр мөнгийг зөв зарцуулаарай, бидэнд тэгээд ил тод тайлагнаарай, бид та нарт дүн тавина аа, тэгээд дараагийн сонголтоо хийнээ гэж. . . 

Wednesday, July 29, 2015

АРДЧИЛАЛ БИДНИЙ АМЬДРАЛД

Болдоогийнх хөдөөгийн нэгэн суманд амьдардаг жирийн нэгэн гэр бүл. Тэрээр агрономич мэргэжилтэй боловч амьжиргаагаа залгуулахын тулд хэдэн малаа аялуулсаар өдий хүрчээ. Эхнэр Урнаа нь сумын сургуульд багшилдаг. Хажуугаар нь гэрээр юм оёж нэхэж хэдэн төгрөг олно. Урнаагийн аав нь насан туршдаа багшийн ажил хийж, түүнийгээ орхилгүй явсаар ганц охиноо ч багш болгож амжсан, 90 хүрч яваа сайхан буурал. Тэрээр өөрийн амьдрал, улс орны хөгжил, үзэж туулсан бүхнийхээ талаар үр хүүхэд, ач зээ нартаа дурсаж ярих дуртай. Нэгэн өдөр тэдний гэрт ийм яриа өрнөжээ.

Monday, June 29, 2015

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ 12

"Уран шувууны амьдрал"-ыг бичилгүй уджээ. Өмнөхийг нь уншаагүй хүмүүс миний энэ блогоос уншиж болно шүү. 

Уран шувуу гайхалтай холын аяндаа сэтгэл шулуудан гарсан тэр цагаас олон газраар явж, сонин хачин зүйлүүдтэй таарч, сайхан түүхээ улам баяжуулсаар байлаа. Амьдралд өгсөн түүний хайр энэ он жилүүдэд хагасарч дундарсангүй, харин ч урт холын аяны хүнд хэцүү өдрүүдэд итгэл сэтгэлийг нь хөгөлсөн гэрэлт дэнлүү болж байлаа. Ганц жижигхэн шувуу алс холын аяндаа түүртэж, шантрах үе байсан ч анх л үүрч гарсан тэр зорилго хүсэл мөрөөдлөө хаялгүй урагшилсаар... Энэ хугацаанд Уран шувуунд бидэнтэй хуваалцаагүй олон түүх бий болсны нэгийг нь Та бүхэнд толилуулж байна.

Thursday, February 26, 2015

Эрдэмтэн бүсгүйчүүд ....

Хүмүүс хувийн эрх ашгийг илүүтэй чухалчилдаг болсон, мөнгө эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран хөөцөлддөг болсон сөрөг хандлага нийгэмд улам газар авсаар байна.  Нэг хэсэг маань мэдээлэл авах, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээгээ хангаж чадахгүй, сэтгэл хангалуун сайхан амьдарч чадахгүй түүнээсээ болоод эрх нь зөрчигдсөөр байна. Нийгэмд бухимдал, үл итгэлцэл газар авсаар, сайн сайхан гэхээсээ илүү болохгүй бүтэхгүй муу муухай зүйлийн талаарх мэдээлэл сошиал медиад илүү их цацагдсаар ...

Sunday, November 9, 2014

Эмэгтэйчүүд Шийдвэр гаргах түвшинд

Дэлхийн улс орнуудын засгийн газруудын нийт сайд нарын  17%-ийг эмэгтэй сайдууд  эзэлдэг. Тэд ихэвчлэн  нийгмийн хамгаалал, боловсрол, гэр бүлийн яамдуудыг тэргүүлэн ажиллаж байна. Харин дэлхийн нийтийн хэмжээнд 5 парламентын гишүүн тутмын нэг нь л эмэгтэй  гишүүн байна.
  • Руванда улс  парламентад суух эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт суудлын 63,8%-ийг эмэгтэй гишүүд эзэлдэг байна.

Tuesday, October 14, 2014

ӨМНӨХ БИЧЛЭГҮҮД

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-1

Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна. 

Friday, August 29, 2014

Царайлагчуудаас татвар авна.

Хөөрхий царай муут
 /кейс/
Хөөрхөн царайлаг хэмээн тооцогддог хүмүүс төрөлхийн царай муутай хүмүүст нөхөн төлбөр өгч байх ёстой гэсэн компанит ажлыг нэгэн аргентин эр эхлүүллээ. Энэхүү марзан санаачлага нь Аргентин дахь улс төр, бизнес,боловсролын салбарт нөлөөтөй байдаг гоо сайхны талаарх маргаан мэтгэлцээнд түлхэн өгөх зорилготой гэнэ.
“Царайлагуудаас татвар авах “Компанит ажлыг санаачлагч нь 31 настай зохиолч Гонсало Оталора тэрээр Бумнес Айрес дахь ерөнхийлөгчийн ордны өмнө зогсч, нийгэмд царай муутай хэмээн үзэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг цагаан хоолойгоор шаардаж байна.

Saturday, September 28, 2013

БОДЛОГО


   Нэгэн байгууллагын ажилтнууд цуглаж цаашид хамтран ажиллах боломжгүй болсноо захиралдаа илэрхийлжээ. Та олон жил биднийг удирдсан боловч манай байгууллагын үйл ажиллагаа олигтой өргөжиж чадсангүй. Энэ бүхний буруутан нь та. Тиймээс та өөрийн саналаар ажлаасаа гарах ёстой гэжээ.

Saturday, July 20, 2013

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том, хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа.  Хүн өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж, амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж, ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л байгаа бол  ухаалаг зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо.  Энэ бүхнийг өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.  

Tuesday, June 25, 2013

ХООСОН

Сайхан хусын төгөлийг
Саран орхин одоход
Түнэр харанхуйн дунд
Шугуй бүхэлдээ хоосон
Намрын салхи навчсыг хийсгэн үлээхэд
Нарсан төгөлд ая эгшиггүй хоосон 
Ганган шувууд алсыг зорин одоход
Гансрах нулимсаар давалгаалсан нуур өөрөө хоосон

Saturday, June 22, 2013

Аз жаргалын алагхан солонго 
Алганд багтахаар ойрхон харагдана.
Сэтгэлийн нууранд хурсан шувууд
Сэрээд харахад зэрэглээ биш.

Тэглээ ч
Хувь заяанд найдах ч юмгүй
Хэрсүүхэн сэтгэлд итгэл ч үгүй.
Тэглээ ч 
Урсан өнгөрөх цагийн эргүүлэгт 
Уянга яруу дурсамж чангаасаар.

Thursday, December 20, 2012

Дэлхий сөнөх нь ч юу вэ.


Дэлхий сөнөх нь ч юу вэ. Харин байгалийн ямар нэгэн үзэгдэл газар хөдлөлт, цочир хүйтрэлт ч юм уу тиймэрхүү юм болбол эн идэр 9-ийн хүйтэнд  хэцүүхэн л байх. Ихэнхи хүмүүс гайгүй биз гэсэн бодол бас жаахан айдас дотроо тээгээд л хүлээж байх шиг байна даа Нийгмийн сэтгэл зүйн талаас аваад үзвэл ийм үед олон нийтийн санаа бодол сэтгэл зүйн байдал янз бүр л болдог гэж байгаа. Хүмүүст ихэнхид нь үүсч болох аюул ослоос болгоомжлох, түүнээс зайлсхийх, айх мэдрэмж төрнө. Иймэрхүү айдас бий болсон үед зарим хүмүүс өөрсдийн зан үйлийг зохицуулах чадвар, хяналтаа хадгалсаар байдаг. Харин зарим нь бодит байдлыг зөв хүлээн авах, өөрийгөө эзэмдэх чадвараа алдаж эхэлдэг. Гэтэл бас яг ийм үед “дайны хажуугаар дажин” гэж ашиг хонжоо хайх, олз олох гэсэн хүмүүс ч олон байдаг гэж байгаа.
АНУ-д “Марсаас халдан ирсэн нь” радио жүжгээс үүдсэн олон нийтийн тэвдэлтийн талаар Х.Кэнтрилийн хийсэн сонгодог судалгаа байдаг. Шинжлэх ухааны тодорхой мэдлэгтэй, өндөр боловсролтой хүмүүс айх, сандрах, мэгдэх байдал бага байсан байна Харин боловсролын төвшин доогуур, мэдээлэл багатай хүмүүсийн айдас сандрал арай илүү байжээ. Хөрөнгө чинээний статус бас нөлөөлж байсан нь энэ судалгаагаар тогтоогдсон байдаг.

НОГООХОН БЛОГ: 2012-12-21: NASA юу гэж байна?

НОГООХОН БЛОГ: 2012-12-21: NASA юу гэж байна?: За энэ ч арай дэндэнээ. Сүүлдээ бүүр аргаа бараад цаг заваа хумслан НАСА-гийн сайт руу орж ийм юм орчуулаад сууж байна. Мэдлэгийг түгээж ард...

Friday, November 2, 2012

Агуу зүйл санамсаргүй тохиолдол биш

Агуу зүйл санамсаргүй тохиолдол биш тэдгээр нь асар их тэмүүлэл сэтгэлээс гардаг" гэж Венсэнт Ван Гох өгүүлжээ.  Бид агуу хүмүүс гэж тусдаа хүмүүс байдаг  гэж ойлгодог. Алдар цолтой хүмүүс гэж, төрөлхийн авъяас билэгтэй хүмүүс байдаг гэж боддог. Гэтэл амьдрал дээр амжилтанд хүрэхэд авьаяс билэг ганцхан хувь, сэтгэл, зүтгэл 99 хувь байдаг гэж байгаа. Сэтгэл байгаа цагт хүсэл эрмэлзэл ундарч, гэрэл гэгээ цацарч байдаг. Тэр их сэтгэлийнх нь гэрэл гэгээгээр хүний амьдрал, жаргалын хайргуй гэрэлтнэм. 

Thursday, July 26, 2012


Хайраар  үерлэн шуугих
Хөлгүй их далайд
Харуусал гуниг дагуулан
Хар салхи дэгдэхэд
Хөлгийн жолоог залах
Хүмүүний сэтгэл алжааж
Хувь заяаны эргүүлгээр  
Хаашаа  хамаагүй сэлүүрдэнэ.   
        Эрчлэн исгэрэх далайн
        Давалгаа ч өөрөө алжааж  
       Жаргах наран дор намирах
      Намуухан долгион хүсэмжлэнэ.



ХЭН НЬ ВЭ

Эртээ нэгэн цагт төгс эмэгтэй, төгс эрэгтэй 2 тааралджээ. Тэр 2 төгс болзоо зохиож, төгс хурим хийсэн байна. Төгс хос төгс шинэ жилийг төгс тэмдэглээд, төгс машинд суугаад явж байж. Гэтэл зам дээр жинхэнэ өвлийн өвгөн машин нь эвдрээд замын хажууд шуудай дүүрэн бэлэгтэй зогсож байж гэнэ. Төгс хос маань хөөрхий хүүхдүүд бэлэггүй хоцрох вий гэж санаа зовоод өвлийн өвөөг машиндаа суулгаад бэлэг тараахаар 3-уулаа явж байгаад осолд оржээ. 1 нь л амьд үлдэж. Хэн амь гарсан бэ?
---
Төгс эмэгтэй л амь үлдэнэ. Учир нь төгс эрэгтэй, өвлийн өвөө гэдэг бол байх боломжгүй үлгэр. Ккк.
---
Анхаар! Хүүхнүүд цааш нь унших хэрэггүй. Онигоо ингээд дуусаа. Үргэлжлэл зөвхөн эрчүүдэд.
---
За тэгэхээр, өвлийн өвөө, төгс эр хүн гэж байдаггүй юм байж. Тэгвэл эмэгтэй хүн л машин барьж явжээ дээ. Осол яагаад тохиолдсон нь ойлгомжтой.
--- Хэрэв та эмэгтэй болоод, хэлсээр байхад энэ хүртэл уншсан бол хүүхнүүд үнэхээр л хүний үг хүлээж авдаггүй гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу..... гэнээ.  
                                                                  
Үүнийг би Чинбагийн FB  profile-аас авсан юм.

Гэхдээ яг үнэндээ бол ... Яагаад төгс эмэгтэй нь амьд үлдсэн бэ гэвэл эрчүүд төгс ч бай төгс биш ч бай хамгийн тэвчээргүй хүмүүс байдаг юм. Тэгээд л чад хийчихгүй юу хэхэ. Дэлхийн Ш дайн яагаад болохгүй байгааг мэдэх үү. Учир нь одоо үед дайн болбол эрчүүд тэвчээр хатуужил, тууштай зангаараа эмэгтэйчүдийн хаана нь ч хүрэхээ байсан учир хүүхнүүдэд зориулсан зэвсэг хүлээгээд л дэлхийн Ш дайн болохгүй байгаа гэж байгаа кккк. Уншсан хүмүүс коммент үлдээгээрэй.
 

Tuesday, July 3, 2012

ХЭРЭВ А ТӨЛӨВЛӨГӨӨ НУРВАЛ


Харин А төлөвлөгөө нурсан бол Б, В, Г гэх мэт төлөвлөгөөндөө ердийн хэвшмэл биш, өвөрмөц онцгой байдлаар ханд. Напелоены гайхамшигт ялалтуудын нууц нь түүний онцгой шийдэл, хэний ч санаанд оромгүй өвөрмөц тактикт л байсан гэдэг. Өрсөлдөгч армийн уламжлалт сэтгэлгээтэй генералууд түүний юу хийх гэж байгааг ойлголгүй байсаар  ялагддаг байсан гэдэг. Нөгөө талаар ялалт, амжилтанд хүрэхэд Эр ЗОРИГ юунаас ч илүү чухал. Зүгээр харж суугаад ялагдана гэж юу байдаг юм бэ. Амжилтын төлөө зоригтой Урагшил. Таны төлөвлөгөө Д, Е гээд цаашлах тусам улам гайхалтай болно.  Алдаандаа бүү гунигла. Алдаа гэдэг бол улам амжилттайгаар дахин эхлэхийн нэр юм. Бүх амжилтууд алдаануудын сургамж байдаг. 

Wednesday, June 27, 2012

ШҮЛГИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ

Шүлгийн хойноос хөөцөөлдөх хэрэггүй
Шүүрч авах гэж ухасхийх хэрэггүй.
Сүүдэргүй говийн замба гүрвэл шиг
Сүүлээ үлдээгээд л алга болно.
Сэтгэлийн гүнд аяндаа хурах вий
Эсэж сагасан шинэхэн айраг шиг
Нэг хэсэгтээ шаагин асгарах вий
Сайхан болсон алим жимс шиг
Бөнжигнаж байснаа бөмбөрөөд ирэх вий
Сараа гүйцээсэн хүний үр шиг
Үүрээр ч хамаагүй чарлан төрөх вий.
Ч.Чимэд

Friday, June 15, 2012


ШӨНӨ:
-         “Намайг ганц удаа ч гэсэн тоож хараач дээ, оруулчих л даа 
-     Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг  л орчин мэдэрч байна. 
-    Үгүй ээ. Харин наад хоосон сав шиг ертөнц чинь л миний байх ёстой газар. Гэтэл чи намайг оруулахгүй гээд байх юм. Хэдэн өдөр би чамайг дагалаа. Ядахдаа ганц удаа ч гэсэн тоогоод харчих л даа.
-          Үгүй ээ. Би амарч байна. Чи маргааш намайг сэрэхээр ир л дээ.
-          Чи тэгвэл нээрээ намайг тоож харах юм уу.
-          Харнаа харна. За за яв. Өглөө ирээрэй.
Өглөө:
-          Сайн уу.
-          Сайн сайн уу. Өөрөө хэн билээ.
-          Өчигдөр шөнө уулзсан шүү дээ. Чи өглөө сэрэхээр ирээрэй гэсэн.
-          Аан тийм үү. Надад унтахын өмнө л жаахан л зав гардаг юм.  Тэр үед чи ирж л дээ. Тэгээд тэр үедээ сайн ярилцахгүй яасан юм бэ дээ. Одоо  би завгүй л байна  даа.
-          Ээ лд ээ чи намайг ерөөсөө тоохгүй юм. Ганц удаа ч гэсэн ярилцаад миний юу хэлэхийг сонсохгүй юм уу.
-          Үгүй дээ би ажилдаа явлаа. Өдөр цайны цагаар эсвэл хааяа жаахан зав гардаг юм. Тэр үеэр мэдэрч ирж чадвал уулзая. Одоо яв яв.
-          Нээрээ юм уу.
-          Нээрээ нээрээ амалж байна. За яв яв.
Өдөр:
-          Өдрийн мэнд.
-          Өдрийн мэнд өөрөө ямар хэргээр ирэв.
-          Уулзана гэсэн шүү дээ.
-          Надад уулзах зав алга аа.
-          Чи амалсан шүү дээ.
-          Юу амалсан гэж.
-          Шөнө ирсэн чинь унтаж байна,  өглөө ир гэсэн. Өглөө болсон чинь ажилдаа явлаа өдөр мэдэрч байгаад ирээрэй гэсэн. Би одоо мэдрээд байна. Надтай ганц удаа ч гэсэн ярилцаач ч дээ.  Чи амалсан шүү дээ.
-          За яах вэ. Ярилцах эсэхээ одоохон шийдчихье.   Чамайг хэн гэдэг вэ
-          Ганцаардал
-          Өө надад чамайг сонсох зав алга. Уучлаарай. Яриа дууслаа.  
       Ганцаардал толгойгоо бөхийлгөн "ЗАВТАЙ ХҮН" хайсаар . . . 

Monday, May 21, 2012

МИНИЙ БЛОГЫН 22247 ЗОЧИНД

Яг сая 7 цаг 24 минутын байдлаар миний блогт зочилсон хүмүүсийн тоо 22247 байх юм. Гоё тоо гэдэг биз дээ. Миний блогт зочилсон бүх хүмүүст баярлалаа. Харин сүүлийн үед блогоо хөтлөхгүй байгаадаа хүлцэл өчье.

Wednesday, May 2, 2012

Боломжгүйн боломж


Хэрвээ та сэргэлэн авхаалжтай төрөөгүй бөгөөд сүүхээтэй амьдрах боломжгүй байгаа бол өөрийн амьдрал д сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах боломж байна л гэсэн үг.
Бусдын адил солонгост очиж ажиллаад дөрвөлжин байшинтай, дөрвөн дугуйттай, туйлдсан биетэй болоод ирэх боломжгүй байгаа ч монголдоо сайхан амьдрах боломж байна.
... гэх мэтчилэн боломжгүй бүхний цаадах боломжийг олж харж чадвал та боломжийн хүн болох боломж бас байна аа гэж...
Ер нь бол боломжгүй байна гэдэг нь БОЛОМЖ байна гэсэн үг ажээ.
Шувууны хувьд хурдтай нисэхэд нь саад болж буй зүйл юу вэ? Мэдээж салхи, За тэгвэл шувууг ямар ч бэрхшээлгүй болгох зорилгоор ямар ч салхигүй вакуум орчинд оруулчихвал юу болох бол? Нисэж ч чадахгүй, доош халин унах болно. Шувууны хувьд салхи нь бэрхшээл боловч нөгөө талаасаа хөдөлгөгч хүч болж байна.
Хэрвээ бэрхшээлгүй бол амьдрал үхширсэн нойрсолт болно.
Та асуудлыг БОЛОМЖ гэж харж байна уу? БЭРХШЭЭЛ гэж харж байна уу?

Бичсэн: Ж.Лувсандорж  http://www.orloo.info/community/user-blog/2009-10-27-23-40-05.html 

Thursday, April 26, 2012

Гое өглөө

Өнөөдөр ер бусын өдөр. Дөнгөж орж ирээд PC-гээ асаатал цахим шууданд маань эзнээ хүлээж ядсан шинэ захидал анивчина. Цөөн хэрнээ маш гайхамшигтай үгсийг дайсан тэр захидлын мөрөөр нэгэн блог руу яаран дөтлөв. Тэр үнэхээр миний бодож байсан шиг, түүнээс ч илүү гайхамшигтай хүн юм. Өчигдөр орой миний илгээсэн захидлыг яг над шиг ингэж яаран уншсан гэдгийг би сайн мэдэж байна.
http://miniikh.blog.gogo.mn/read/entry391978 Ийшээ ороод комментуудыг нь уншаарай.

Wednesday, April 25, 2012

Блогийн гишүүд бичиж байна: Багштайгаа найзалж болохгүй гэж үү?

Хүн хүнээр үргэлж дутаж явдаг сэтгэлийн амьтан. Цээнээ бол цаг ямагт найз нөхдөөрөө дутаж, тэднийг үгүйлж, санаж явдаг. Бас тэднийхээ дэмэнд, сэтгэл зүрхнээсээ гэрэлтэж амьдардаг. Найздаа, бусдадаа туслахаар өөрийнхөө мөрөөдөлд улам бүр ойртож, алхам алхмаар амжилт ирж байгааг мэдэрдэг. Тийм учраас найз нөхдийнхөө хүрээг үргэлж тэлж, тэднийхээ төлөө боломжит бүх л цаг заваа зориулахыг хичээдэг. Хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хэрэгтэй хүн нь байна гэдэг хамгийн чухал. Тэгээд ч шинэ найз нөхдөөр хүрээгээ тэлнэ гэдэг над шиг хүнд бол амьдралын бас нэгэн утга учир. Энэ удаа нэг хүнтэй найзламаар байгаагаа л бичих гэсэн юм.
Өнгөрсөн өвөл Бүжидмаа багш намайг өөрийнхөө блогт юм бичиж болно гэж санал тавьсан юм. Багш нарын баярын үеэр л дээ. Тухайн үед боломж байгаагүй. Би тэр хүнээр хичээл заалгадаг оюутан нь байж, өөртэй чинь найз болмоор байна гээд бичээд өгчихвөл яаж ч бодсон зүйд нийцэхгүй. Харин одоо би сургуулиа төгсчихлөө.
Багш нарын баяр өнгөрсөн ч гэсэн багшдаа баярын мэнд хүргэе. Бас баярлалаа гэж хэлмээр байна.
Яагаад тийм уянгалаг намуухан дуутай, намбатай зөөлөн алхаатай, бас тийм гоё өнгөлөг, хайр татмаар байдгийн чинь нууцыг бараг мэднэ. Тийм болохоор  л таны шавь байхаас гадна найз чинь баймаар байна.
Бүжидмаа багш аа, та зүгээр л өөрийгөө мэдэрч, өөрийгөө сонсч, зүрх сэтгэлээ дагаж амьдардаг тийм гайхамшигтай эмэгтэй. Бас үргэлж сайн сайхныг түгээж, бусдад хайр, халамж, эрч хүч, урам зориг өгч явдаг ховорхон эмэгтэйчүүдийн нэг. Сайн багш энэ тэр гэж магтахгүй ээ таныг, мэдээж, тэр үгийг та өдөр болгон сонсдог, оюутан бүр чинь л тэгж хэлдэг байж таараа.
Харин та бол жинхэнэ хүн. Гэхдээ энэ үгээр хүн чанар, хэлсэндээ хүрдэг байх энэ тэр гэсэн уламжлалт ойлголтуудыг бус өөрийгөө мэдэрсний чинь утга учрыг л хэлэх гэсэн юм.
Орчлон ертөнцөд түрхэн зуур, гэхдээ хэдий хугацааны томилолт өвөрлөн ирснээ мэдэхгүй ч энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа хүмүүн бид бүгдээрээ сайн сайхныг хүний сэтгэлийн гэрлийг олж харж, өөрийнхөө тэр л сэтгэлийн гэгээн гэрлийг бусдадаа түгээх нь гол утга учир гэж боддог. Таныг би ингэж байгаагийн чинь учир баярлалаа гэж хэлж байгаа юм.  Тийм учраас та жинхэнэ хүн.
Амьдрал ямар гоё юм бэ, баярлалаа гэж чин сэтгэлээсээ дуу алдах өдөр танд олон байдаг, та тэгж л уншигддаг. Тийм байгаа болохоор та дотроосоо гэрэлтэж харагддаг.
Эмэгтэй хүн эмэгтэй хүнийг ийн магтаж байгаа нь нэг талаар сонин, нөгөө талаар танаас би өөрийнхөө зарим нэг төрх байдлыг хардаг гэдгээ энэ захидлаар хэлж байгаа юм. Таныг баяртай, гунигтай, бас хааяа бухимдсан, жаахан ядарсан байгаа чинь шууд нүднээс чинь харагддаг. Бүжээ багш аа та битгий уурлаж байгаарай, ууртай байгааг чинь хармааргүй байдаг юм. Та яг над шиг уурладаг юм билээ.
За ингээд, гэрэлтэж, үргэлж цацарч явдаг миний багш, бас надтай адилхан уурладаг найз минь амжилт хүсье. Би одоо оюутан чинь биш төгсөгч чинь болсон болохоор yahoo messenjer*-ийнхээ найз гэсэн бүлэг рүү хаягийг чинь нүүлгэлээ. Сайхан найзалж, ирэх он жилүүдэд бие биеэ сэтгэлийнхээ гэрэл гэгээгээр гийгүүлж амьдарцгаая.  

БАГШТАЙГАА НАЙЗАЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ШАВЬДАА БИЧСЭН ХАРИУ ЗАХИДАЛ
Цээнээг би анх хараад л, бас  хичээл дээр минь ярьж байгаа зүйлээс нь сонсоод л зарим талаараа надтай адилхан юм даа гэж бодсоноо нуух юун. Намайг хүмүүс ингэж уншдаг гэдгийг одоо л Цээнээгийн бичсэнээс л олж мэдлээ. Би өөрөө хичээл дээрээ ч, амьдрал дээрч хүмүүст дандаа л өөрийнхөөрөө бай, зүрх сэтгэлээ мэдэрч амьдар гэж хэлдэг болоод тэгдэг юм болов уу. Бүүр заримдаа найзтайгаа муудалцахаараа "чи зүрх сэтгэлээ мэддэггүй, би чам шиг зүрх сэтгэлийнхээ эсрэг явдаггүй" гэж ирээд л  хэлдэг юм. Цээнээ үргэлж инээд хөөр болж явдаг, эрч хүчээр дүүрэн бүсгүй. Харин найз минь чи нэг зүйлийг ойлгоогүй байгаа юм байна. Хоеулаа аль дээр үед найз болчихсон шүү дээ. Энийгээ би хэзээ ухаарсан гээч. "Бүжээ багш аа. Та намайг дипломоо хамгаалж байхад битгий гарч яваарай. Таныг байхад цаанаа л нэг нөмөртэй байдаг юм. Дээр урьдчилсан хамгаалалт дээр та яг намайг хамгаалах болсон чинь гараад явчихсан шүү" гэж хэлэхэд чинь л мэдэрсэн юм. Дараа нь бүүр дарамтанд орчихсон байсан штээ. Хэзээ Цээнээ орж ирэх билээ, бас гараад явчихсан байж таарах вий дээ гэж бодоод л...
Би амьдралд хайртай, амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөг талаас нь харж, үнэрлэж, амталж, амьдралын жаргал зовлонг ганцхан олдох насандаа тойрч биш туулж гарах гэсэндээ, ахархан богино насандаа амжихгүй болов уу гэсэндээ нисэх лугаа амьдрахыг хүсэж мөрөөдөж, энэ мөрөөдөл хүслээрээ жигүүрлэж амьдардаг. Тийм бүсгүйчүүдийн нэг нь Цээнээ чи. Харин чи надаас нэг зүйлээр ялгаатай. Тэрэнд чинь би маш их атаархаж бас бахархаж билээ. Сургууль дээр яг өөр шигээ хөөрхөн бас сэргэлэн, жаахан мөртлөө ухаалаг яриатай, нэг л өөр охин дагуулаад ирсэн байсан. Би яг л намайг дуурайсан охинтой болох юмсан гэж маш их хүсдэг боловч одоо хүртэл болоогүй л байгаа. Миний хоёр хүү бол амьдралын минь утга учир, миний ертөнцийн үргэлжлэл, харин энэ ертөнцийн минь нууцлаг бүхний тайлал, энэ амьдралд өгсөн хайрын минь гэгээн элч нь намайг дуурайсан охин минь байх байсандаа. Хэрвээ би охиной байсан бол... Харин Цээнээ чиний охин том болоод маш мундаг удирдагч, улс төрч эмэгтэй болж, хүмүүст хайрлагдаж хүндлүүлж, их ч зүйлийг хийж бүтээх болно доо. Би чиний ярьж байхыг сонссоон. Бүжиг балет ч гэлүү нэг юм яриад байх шиг байсан би андуураагүй бол. Үгүй ээ тийм биш. Охин чинь шал өөр хүн болно. Бид хоёр ярилцсан штээ, тун цөөхөн үг. Гэхдээ би чамаас илүү найз болчихсон хэхэ. Ямартай ч хоёр гайхамшигтай найзтай болсондооо маш их, бүр туйлын их баяртай байна. 
Намайг, миний ертөнцийг үргэлж гийгүүлж байдаг нарны дулаан цацрагийг тоолж хэрвээ чаддагсан бол нилээд хэдээр  нэмэгдчихлээ. Ижил ижлээ хайж, энерги таардаг хүмүүс бие биенээ олж найзалдаг юм. Цаашдаа сайхан найз нөхөд явж, бие биенээ уншиж ойлгож, хийж чадаагүйг нь хийж, хэлж чадаагүйг нь хэлж, бие биенээ нээж, нөхөж, хөгөлж амьдарцгаая.

Monday, April 23, 2012

Блогийн гиүшүүд бичиж байна. Багшдаа бичсэн захидал

Сайн байна уу Бүжээ багш аа. Энэ захиаг очих өдрийн мэнд хүргэе. Би өөртөө итгэлгүй нэгэн. Ямар нэгэн мэтгэлцээн ч юм уу, ер нь ямар ч үед өөрийн бодсон санасан зүйлээ бодлоо бусдад бүрэн илэрхийлж, ойлгуулж чаддаггүй. Тиймээс өөрийн бодлоо гаргаж хэлэхээс байнга татгалздаг. Гэхдээ би таны хичээлд сууснаас хойш шилдэг удирдагч биш юмаа гэхэд өөртөө итгэлтэй болох юм шиг санагдлаа. Танаас их зүйл сурна гэдэгтээ итгэлтэй байна.
 ОУЭЗ-ийн дээд сургууль. Магистрант Нурбатхым.

Saturday, March 17, 2012

АЖИЛДАА ИРЭХ ЗАМД ТӨРСӨН БОДОЛ

Ажилдаа явахаар гэрээсээ гарч ирэхэд өглөөний наран намайг инээмсэглэн угтаж авлаа. Хавар болж байгаа нь хичнээн сайхан бэ. 
Хүүхдээ салхилуулж байгаа ээжтэй таарлаа. Аз жаргалтай залуу сайхан хатагтай байлаа. 
Явах замаа товчлон кино үйлдвэрийн арын гудамжаар явлаа. Худагны дэргэдүүр өнгөртөл тэнд маш олон машин байхыг хараад нилээд гайхлаа. Машиныхаа арын багажнаас хэд хэдэн 20-ийн канистр гаргаж байгаа хүмүүс ч байна. Бүүр портер дээр маш том усны сав тавьсан хүмүүс ч харагдлаа. Ингээд бодохоор монголчуудын амьдрал дээшлээд ч байгаа юм шиг.  Тэгээд би 40-ийн бетоноор худгаас авдаг байсан бага насаа дурслаа. Манайх цагаан хуаранд миний мэдэхийн намайг 8 нас хүртэл байсан юмдаг. Манайд усны тэрэг байхгүй. Хажуугийн айлын тэргийг гуйх гэж бөөн юм болдог байж билээ. Заримдаа өгөхгүй. тэр үед бетонтой усаа өнхрүүлж гэртээ ирнэ. Өвлийн хүйтэнд /би багадаа ч биеэр жижигхэн охин байсан юм/ жаахаан охин 2 км-ийн цаанаас 40-ийн бетоноор ус зөөж, ганцаараа мод хөрөөддөг байснаа саналаа. "Хүүхдийн эрхийг дэндүү зөрчиж байсан байна шүү" гэж одоо би аав ээждээ тоглон хэлдэг юм. Одоо бодоод байхад 6-8 насандаа тэгж хөдөлмөрлөж байсан санагдана. Удалгүй манайх намайг 2 дугаар ангид байхад байранд орж, гэр хорооллын амьдрал, "хүүхдийн хүнд хөдөлмөр"-өөс би чөлөөгдсөн юм даа. Магадгүй захын хорооллын нэг худаг дээр очвол усаа зөөж байгаа хүүхдүүдтэй таарах л байх л даа. Гэхдээ би өнөөдөр машинаараа усаа авч байгаа хүмүүсийг хараад гайхах ч шиг, баярлах ч шиг болж билээ. Багадаа ус зөөдөг байсан тэр ажилдаа их л түүртдэг байсан шиг байгаа юм. Тэгээд би бодлоо. Тэрнээс хойш ямархан амьдрал туулснаа товч гүйлгээд л... хэ хэ. 
Амьдралын зорилгоо анх 16 насандаа тодорхойлж байснаа саналаа. Өнөөдөр ч  зорилгодоо хүрэх шатаар өгсөж л явна. Хүн бүрийн амьдралын зорилго ялгаатай ч бусдад  таалагдаж  бусдыг хүссэнээр  амьдрахад оршдоггүй . Өөрийнхөө мөрөөдлөөр, зорилгодоо хүрч, өөрийнхөө сайн сайхан  амьдрахад оршдог. Харин энэ сайн сайхан байдалд маань миний ертөнцийг бүтээж буй гэр бүл, үр хүүхэд, аав ээж, хамт олон, найз нөхөд минь бүгд багтана. Өөрөөр хэлбэл бусдад таалагдах шаардлагагүй гээд бусдад муу зүйл хийж, бусдыг үзэн ядаж явах биш сайн санаа, сайхан сэтгэлээр жигүүрлэж амьдрах нь жинхэнэ аз жаргал болдог.