Хаврын урь ороод тэртээх цэнхэр уулын орой дахь цас хайлж бараг дуусаж байгааг Урнаа бахархан харж зогсохдоо энэ хавар гэж байгаль дэлхийд шинэ өнгө шинэ төрх, хүнд шинийг сэдэх санаа төрүүлэх юм даа. Өсөж төрсөн нутгаа орхиод хот гэдэг их газрыг бараадмаар санагдаад болохгүй юм сонин юм даа гэж бодож амжив.
Урнааг гэртээ орж ирэхэд гал дээр тавьсан цай нь бараг дэвэрч байлаа. Үгүй чи цай самарчихгүй яав аа гэсэнд нөхөр нь хм тогоо шанагтай ноцолдох чинь эр хүний ажил мөн үү гээд бахтай нь аргагүй инээв. Энэ удаа ер ааш сайтай байх шиг санагдахад нь хэдэн сарын турш дотроо бодож яваа зүйлээ ярилцахаар шийдэж
- Өө найз нь өөрөө уудалчихая гээд шанагаа авч цайгаа самрав. Давсыг нь амсаж дээжийг нь өргөөд нөхрийнхөө том мөнгөн аяганд аягалж өгөнгөө, Болд оо хоеулаа ер нь энэ хэдэн малаа мөнгө болгоод хот руу орвол яасан юм бэ. Охидууд маань өсөж том боллоо. Сумын сургуульд олигтой юм сурах шинж алга. Хот орж гайгүй шиг сургуульд оруулъя. Овоо хэдэн төгрөгтэй болчихвол нэг хашаа байшин олж аваад төвхнөчихнө. Тэгээд чи минь дээд сургуульд орчих, бас энэ унаагаа эндээ хэд гурван төгрөгөөр өгөөд хот ороод жижиг аятайхан машин авчихая. Тэр газар энээ тэрээгээ өмчилж авч болдог юм бол аваад барьцаанд тавьж жижигхэн бизнес эрхэлье. Найз нь та хэдийнхээ хоол унд хувцас хунарыг зэхээд хажуугаар нь хивсээ нэхээд жижиг цехэрхүү юм байгуулмаар байна гэв. Урнаа энэ үгээ хэлж байхдаа яг л өнөөдөр болчих гэж байгаа мэт хөөрч нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодроод ирэв.
Нөхөр нь хэсэг бодолхийлж байснаа за даа мэдэхгүй. Би ч хөөрхөн хүүтэй болоод хэдэн адуугаа өгчихөөд өөрөө амарч хэвтэх юмсан л гэж бодох юм. Хааяа хийморио сэргээж, үүрийн 5 жингээр адуундаа явчихаад л чинийхээ нэрсэн охийг хүртээд л хэвтэж байх шиг жаргал алга даа. Хоёр охин яахав чамайг минь дуурайсан царайлаг юм чинь энэ голын залуучуудаас шилж байгаад л гайгүй шиг нөхөрт гаргачихна. Эцсийн эцэст хотод газраа өмчилж аваад тэрүүгээрээ амьжиргаагаа болгоод яваад байгаа хүн хэд ч байгаа юм билээ. Хотынхон чинь өмчгүй улс юм биш үү. Бид чинь харин энэ хэдэн малын буянаар өмчтэй, идэх хоолтой яваа ч юм бил үү. Тэгээд ч би ээж аавынхаа унаган нутаг төрж өссөн газар, энэ уул уснаасаа холдож чадахгүй ээ гэв.
- Үгүй дээ. Харин царайлаг охидуудаа бас дараа нь төрөх хөөрхөн хүүгээ хот орж эрдэм боловсролтой болгоод сайн ажил төрөлтэй болгоё. Юмыг яаж мэдэх вэ Их хурлын гишүүн ч болох юм бил үү.
- За мэдэхгүй их хурлын гишүүн гэхээр нэг их мундаг хүн шиг ойлгох юм. Сонгууль будлиантуулж гарч ирсэн хэдэн нөхдүүд. Одоо энэ багийн дарга Лутааг хар. Биднээс юугаараа илүү юм бэ. Яс юман дээр сонгуулийн өдөр ах дүү нараа бүгдийг нь ачиж аваачаад л өөртөө санал өгүүлээд дарга болоо биз дээ гэснээ үгүй ер нь би дараагийн сонгуулиар голынхоо хэдийг бас хамаатнуудаа энэ муу ногоондоо ачиж очоод санал өгүүлээд багийн дарга болчихье байз гэж хөөрөн өгүүлэв.
- Би наана чинь хот руу нүүх тухай яриад байдаг. Чи эндээ багийн дарга болох тухай яриад, чи ингээд л хүн нэг юм ярихаар тоглоом наадам болгох юм гэж Урнааг өгүүлсэнд Болдоо харин л дээ хө ялгаа юу байна аль аль нь л нөгөө томчуулын яриад байдаг хөгжил дэвшлийн төлөө санал шүү дээ. Хөдөөдөө ч гэсэн сайхан амьдарч болно шүү дээ гэж аргадангуй өгүүлэхэд Урнаа тас тас хөхөрч,
- Одоо чинь ардчилсан нийгэм ээ хө. Миний өвгөн үнэхээр л хөгжил дэвшлийн төлөө гэж бодож байгаа бол гэр бүлээрээ хэлэлцээд санал хураачихая л даа гэж байтал гаднаас хоёр охин нь орж ирээд “Ээжээ юун санал хураах юм. Гэртээ юу. Сонгууль болох юм уу. Бид оролцох юм уу. Тэгэе л дээ. Би ч бас санал өгч үзмээр байна” гэцгээгээд бөөн шуугиан нэмэрлэв. Урнаа тоголсон юм аа ээж аав хоёр нь та хоёрын ирээдүйн төлөө л элдэв мөрөөдөл ярьж сууна гэсэнд том охин нь харин тэгээд л бид хоёрын ирээдүй юм бол бид хоёроос асуух ёстой биз дээ манай сургууль дээр хүний эрхийн талаар хичээл орсон ер нь ээж та тэгж яривал идэх дургүй хоолыг минь хүртэл асуухгүй хийчихээд ид ид гээд байдаг даг гэв. Болдоо энэ үгийг сонсоод үнэн сэтгэлээсээ инээж, алив аав нь үнсэе миний охин чинь харин цовоо охин болох нь дээ гээд духан дээр нь үнссэнээр энэ яриа өндөрлөв.
Түүнээс хойш 6 сар өнгөрч, Урнаа нөхрийгөө хэзээ нэг шийд хэлэх бол гэж хүлээсээр хааяа яриа өдөж хот руу нүүх тухай ярилцсаар байлаа.
Нэгэн өдөр Болдоо найзындаа хонож ирээд за найз нь энэ хэдэн малаа яах талаар ярилцаж яваад ирлээ. Хэдэн адуугаа дүүгийнд тавьчихъя. Бусдыг нь авах хүнтэй нь ярьчихлаа. Тэгээд ирэх сараас хотын айл болно оо гэж пал хийтэл хэлээд эхнэрийнхээ аягалж өгсөн цайг хээвнэг оочилов. Урнаа учиргүй гайхаж, үгүй чи чинь хэдүүдээ... гэснээ, нээрээ юу гээд итгэж ядна. Болдоо:
- чи чинь өдрийн бодол шөнийн зүүд болоод, үглээд яншаад байсан яалаа. Одоо болохоор гайхаад байх юм гэсэнд Урнаа
- тэгээд гэрээ аваад явах юм уу.
- хаана очиж буух юм.
- чи ажил хайх талаар хүнтэй ярьсан уу.
- малаа шууд бэлэн мөнгөөр өгнө биз дээ, хэнд өгөх гэж байгаан гээд л түмэн асуултаар булж гарав.
Ингэж Болдоогийнх хотын айл боллоо.
Үргэлжлэл бий.