Wednesday, December 29, 2010

Мянган бээрийн алсад хүрэх аян нэг алхамаас эхэлдэг. 2011 онд тийм нэг алхам хийгээрэй гэж та бүхэнд ерөөе.


Аз жаргал шивнэлээ шvv
Алгаа тосоод аваарай!!
Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ
Өглөө бvр vгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бvр хvний сайнтай учирч
Зvрх сэтгэлд чинь баяр гийж
Зvvд vргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зvйрлэшгvй тансаг жаргалыг хvртээрэй. /Отгоогийн мэндчилгээнээс иш татав. хэ хэ/

Wednesday, December 15, 2010


Зүрхэнд минь гэрэл дүүрэн
Зүүдэнд чи минь надтай хамт байгаач
Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн ирсэн ч
Зоргоороо хайрлана аа.
Хүйтэнд ургах цэцэг шиг
Дагжиж би энд даарсан ч гэсэн
Хүний газар чамайгаа санан санасаар
Хүслээрээ хайрлана аа.
      Дахилт: Бүтэн явъя чинийхээ төлөө
              Бүдрэвч босъё бусдын өмнө
              Инээж туулъя энэхэн гунигийг
              Ивээж ойлгоорой намайгаа.
              Чиний эзгүйд би уйлмаар
              Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр
              Жигүүртэйсэн бол дүүлэхсэн
              Далавчтай бол нисэхсэн
Цэнгэл ирлээ ч би хүлээнэ
Зэвэрч нугарахгүйг би хичээнэ
Хонгорхон үрээ би бүтэн жаргаана
Холоос би тэмүүлнэ
Үнсэлтээр цагийг зогсоож
Салхиар чамтайгаа би уулзана
Харийн газраас хоног тоолон тоолсоор
Харцаараа тэмүүлнэ.
     Дахилт:

Saturday, December 11, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-8

Заримдаа нойр хулжчихдаг тийм л нэгэн шөнө 2010 оны 12 сарын 10 ны энэ шөнө байлаа. Босоод компьютероо асаагаад ганц хоёр мэдээ харчихаад өдөр дутуу хийсэн ажлаа гүйцээдэг юм бил үү гэтэл яагаад ч юм бэ блог руугаа ормоор санагдаад. Миний блогийн фенүүдийн хамгийн их үнэлдэг "Уран шувууны амьдрал" -аа үргэлжүүлэх санаа төрөв. Тэгээд анх үүнийг хэзээ бичсэн билээ гэж бодогдоод хартал яг нэг жил, нэг сарын өмнө бичиж эхэлсэн байх юм. 2009 оны 11 сарын 10. Энэ нэг жилийн хугацаанд "Уран шувуу"-тай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Ингээд "Уран шувууны амьдрал-8" ийг та бүхэндээ толилуулъя. "Уран шувууны амьдрал - 7" хэрхэн төгссөнийг та бүхэн санаж байгаа байх. Харин уншаагүй хүмүүст нь 1-7 г нь уншаарай хэмээн санал болгоё.

За чи миний тухай шувуудтай юу гэж ярилцсан бэ гэж Бурхан маргааш өглөө нь л тэсэн ядан асуухад Уран шувуу зөвхөн ч ярилцаагүй чиний тухай ярианаас үүдээд бүхэл бүтэн түүхтэй болсоон гээд ингэж ярьжээ.
Би шувуудтай хамтдаа дуулж ярьж хоносон тэр шөнө миний мөрөөдөл дэргэд минь байгааг олж мэдээд өөрөөсөө их ичсэн. "Харайцай минь нисээрэй хамгаас өндөрт нисээрэй" гэдэг дуу сүлд  дуу минь болсон учрыг ч тэр өдөр ухаарсан. Тэгээд яагаад  мөрөөдөлдөө хүрэх арга эвээ олохгүй байна вэ гэж бодож бодож дэглий шувуунаас асуусан юм. Асуух ч гэж дээ чамайг ховлосон юм. "Бурхан зарим хүмүүст маш их авъяас, онцгой чанар заяасан байдаг мөртлөө надад тэр бүхнээсээ юу ч өгөөгүй. Тиймээс л би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм байна" гэж дэглий шувуунд хэлсэн. Гэтэл дэглий шувуу  хариуд нь  надаас ингэж асуусан юм. Үгүй чи ингэхэд ер нь авъяас гэж чухам юуг хэлээд байнаа. Тэгэхээр нь би хариуллаа. Яахав дээ надад алтан гургалдайных шиг уран яруу хоолой, эсвэл шар шувууных шиг  шөнө сайн хардаг нүд ч юм уу эсвэл тоншуулынх шиг урт хошуу заяахгүй гэсэнд, за чи одооноос эхлээд саяынхаа хэлсэн 3 шувууны амьдралаар 3 өдөр, 3 шөнө амьдар. Харин  сайхан хоолой, шар шувууны нүд, тоншуулын хошуу алийг нь ч чамд өгөхгүй шүү гэж хэлчихээд хүүе гэхийн завдалгүй нисээд алга болсон.   Ингээд маргааш өглөөнөөс нь нээрээ л би алтан гургалдай, шар шувуу, тоншуул шувууны амьдралаар 3 хоног амьдарсан даа.

Надад алтан гургалдайн сайхан хоолой байгаагүй болохоор би юу ч хийж чадахгүй байлаа. Алтан гургалдайн сүрэг бүүр намайг ойртуулах ч үгүй байв. 2 өдөр, 1 шөнөжингөө янз бүрийн арга сэдээд ямар ч тусыг олсонгүй. 2 дахь өдрийн  орой өлсөж, бас дээрээс нь сэтгэлээр унаж сульдаж эхэлсэн. Тэгээд ядарсандаа нэг мэдэхэд унтсан байлаа. Шөнө нь тэсэлгүй маш их өлсөөд сэртэл би шар шувуудын ертөнцөд сэрлээ. Хоол хайхаар гарсан ч, түнэр харанхуйд юу ч харахгүй байлаа. Бусад шар шувуудаас тусламж гуйлаа. Хэн ч намайг тоосонгүй. Бүүр шоолон инээлдэж байлаа.  Тэд нарын шоолж байгааг мэдээд бага зэрэг бардам сэтгэл минь хөдөлж, маргааш эрх биш учир нь олдоно доо гэж сэтгэлээ тайвшруулаад унтаж орхив. Унтах ч гэж дээ үнэнээ хэлэхэд хамаг хүч чадал минь барагдаж, ухаан минь балартаж унаад өгсөн юм. Ганц найдах зүйл бол жаахан ч гэсэн унтвал хүч чадал орох болов уу гэсэн бодол байлаа. Тэгээд өглөө тоншуул шувууны үүрэнд сэрдэг юм байна.  Хоёр өдөр, хоёр шөнө юу  ч идээгүй бас хэнтэй ч юу ч  яриагүй. Юуны ч тухай бодох сэхээгүй. Зөвхөн  4 дахь өдөр хүртэл амьд байхын тулд хоол л бодогдож байлаа. Би дэглий шувууг хэлсэн үгэндээ хүрч надад бас л юу ч өгөөгүй энд авчирсныг сайн мэдэж байлаа. Тэгээд би анх удаа Бурхан чамд маш их гомдоод, "Бурхан чи хаана байна" гэж дуудсан. Гэвч чи наймайг сонсоо ч үгүй байх. Учир нь сульдаж ядарсан надаас яагаад ч чанга дуу гарахгүй байлаа. Өөрийнхөө төлөө бусдыг дуудах,  бусдын хүч, туслалцааг авах тийм  хүч надад байхгүй болсон байлаа. Тэгээд нүдээ аниад бодож хэвтлээ. Өнөөдөр сүүлийн өдөр, тоншуулын энэ үүрэнд ингээд үлдэж яавч болохгүй. Эд нараас тусламж гуйгаад бүүр ч худлаа. Бурхан, хүн, шувууд хэн ч байлаа хүч чадалгүй хүнд, өөрийнхөө төлөө ядахдаа чангахан дуугарчихаж чадахгүй хүнд хэзээ ч тусалдаггүй юм байна. Тэгэхээр одоо яах вэ. Ямар ч хамаагүй аргаар өглөө болтол тэсэх  хэрэгтэй. Харин гаднын ямар нэгэн ид шид, хэн нэгний тусламжинд найдах хэрэггүй юм байна. Хэрвээ надад амьдралд тэмүүлэх жаахан ч гэсэн хүч үлдсэн бол түүнийгээ л бүх хүчээ гарган дайчилж тэсэж үлдэх ёстой юм байна гэж бодож амжив.  Гэтэл хажууханд ангаахайгаа хоолохоор нэгэн тоншуул хоол авчирав. Би хулгай хийхээр шийдлээ. ... шүдээ зууж байгаад өндийв. Жаахан мөлхөж ойртлоо. .... Ямар хөөрхөн ангаахайнууд вэ.. .  хэсэгтээ харж хэвтлээ.  Гэвч тэднийг өрөвдөх сэтгэл минь удахгүй арилж, зөвхөн хоол л нүдэнд минь харагдаад байлаа.  Дахиад жаахан ойртлоо. . . Зориг минь хүрсэнгүй ээ. Хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийхэд үнэхээр зүрх минь хүрсэнгүй.  Тэгээд чадахгүй зүйлдээ санаархаж үлдсэн жаахан хүчээ алдаад яахав гэж бодлоо.  Ингээд тоншуулын амьдралаар амьдарч чадахгүй бас тэднээс тусламж гуйгаад ч хэрэггүй, хоол руу нь дайрвал эд бүгд над руу дайрч, би эдний гарт үрэгдэх болно. Юу л гэж хөлс хүчээ зулгааж олсон зүйлээ зүгээр надад өгөв гэж. Тэгээд ч би ямар ч хүч чадалгүй, бас бусдын үүрэнд байна.  Хурдан эндээс холдох хэрэгтэй. Дахиад жаахан бодож хэвтлээ. Уулын горхины шоржигнох чимээ,  навчсын сэрчигнээн, шувуудын дуу миний чихнээс холдсоор байлаа.  Одоо унтаж яавч болохгүй. Энэ удаа бүх хүчээ шавхаж байгаад ямартай ч модны орой дээр гаръя.  "Сэрэхдээ ядахдаа модны орой дээр сэръе дээ" гэж  бодсоноо  өглөө болтол амьд үлдэж чадахаа мэдэхгүй байж их юм бодовоо гэж өөрийгөө дотроо шоолов. Тэгснээ гэхдээ ч өөдрөг бодол байна шүү гэж өөртөө итгэл өглөө.  Тэгээд сүүлчийн хүчээ шавхан байж  өндийлөө. Толгой эргээд, хорвоо ертөнц тэр чигээрээ надаас холдох гээд байгаа юм шиг.  Ухаан минь балартаж эхэллээ. Тэр холдоод байгаа ертөнцийн дотор хайртай бүхэн минь байгаа харагдана. Тэд надаас холдоод байна уу. Би тэднээс холдоод байна уу.  Тэдний хойноос бүх хүчээрээ урагшилж байна гэж төсөөллөө. Зүүдэллээ...  Өөрийгөө сайн мэдрэхгүй ч модны орой руу мацаж гарлаа.  Унаж мэдэх аюултай байсан ч унаж хэрхэвч болохгүй одоо унавал тэсэхгүй. Бас эндээ үлдсэн ч тэсэхгүй гэж хэн нэгэн хэлээд байв. Тиймээс унахаас ер айсангүй. Энэ удаа харин айдас надаас бүр мөсөн холдсон байлаа. Хэдий удаан авирсан, хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч модны орой дээр арай ядан гарснаа, бас гармагц дэглий шувуу угтсаныг л маш тод санаж байна.

Өглөө сэрэхэд хүч чадал минь эргэн ирж бүх зүйл хэвийн болсон байлаа. Би бүүр гайхаад юу болов оо. Чи яагаад намайг ингэж зовоов. Би арай л үхсэнгүй шүү дээ гэсэнд дэглий шувуу:
- Одоо чи ойлгосон уу. Бурхан авъяас, хүч чадал гэдэг зүйлүүдийг хүмүүст тэнцүү хувиарладаг юм.  Сайхан хоолой нь үгүй бол амьдарч чадахгүйг нь Адтан гургалдайн амьдралаар амьдарсан өдрөө мэдэрсэн байх чи. Бас тоншуул, шар шувууг ч бас. Харин онцгой авъяс  гэдэг зүйлгүй хүмүүст амьдралд хөлөө олох өөрийн гэсэн хүч чадал байдаг. Түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг юм даа.  Мөн тэр онцгой гээд байгаа авъяасыг ч бас хүч чадал ухаан бодлоороо байжуулдаг юм. Чи бол чадалтай шувуу, тийм ч учраас чи сонголтоо зөв хийж, өөрийн хүчийг зөв ашигласан шүү дээ. Хүмүүс үүнийг ойлгохгүй Бурханд ямагт гоморхож явдаг ч бурхан өөрсөдөд нь өгөх ёстой юмаа бүгдийг өгсөн байдаг. Бас тэр зүйлээ ашиглаж чадаж байгаа хүмүүст Бурхан туслахдаа дуртай байдаг юм даа гэж яриагаа дуусгасан юм.

Ингэж би чиний тухай ярианаас үүдэж, бүхэл бүтэн хэдэн зуун жилийн дурсамжтай болсон доо гэж Уран шувуу Бурханд талархав.

Уран шувууны энэ яриаг хоёр найз нь амьсгаа даран сонсож, бүүр гайхаж хоцорсон байлаа.  Тэгээд  дууссаных нь дараа ч нэг хэсэгтээ дуугарч чадахгүй байлаа. Тэгж тэгж "Амьдрал" үгүй чи чинь яаж тэгж чадаваа чи тэсэхгүй байсан бол яахын гэж сандран өгүүлсэнд Бурхан гэнэт сэхээ авч, тэсэх нь ойлгомжтой байсан л даа  гэж инээмсэглэн хэлэв. Өөр чи мөрөөдлөө хайх хугацаандаа юу юу үзэж харж, юу юу ойлгов доо, дахиад өөр сонирхолтой юм байвал яриад өгөөч гэсэнд "Амьдрал" үгүй ээ саяынх шиг хэцүү юм яриад байвал дэмий юм байна аа гэсэнд Уран шувуу:,
- би чинийхээ хайраас зугатаж, чамайгаа энэ арал дээр ганцааранг чинь хаяад дэргэдээ байгаа  мөрөөдлөө  ч олж харахгүй бас дээрэмчдийн ертөнцөд бурхантай мөрийцөөд өөрийн хүслээрээ зовж жаргаж зөндөөн л юм үзлээ. Сонирхолтой түүх олон байгаа дараа үргэлжлүүлж ярьж өгье гэсэнд Бурхан чи арай гоё газраар явсан тухайгаа ярьж болохгүй юу гэсэнд Уран шувуу би хайрын арал, бас аз жаргалын арал, андын арал дээр очсон, тэр тухайгаа ярьж өгнө өө гэсээр энэ удаагийн яриа өндөрлөжээ.

За хүмүүсээ сонирхон уншсанд баярлалаа. Коммент үлдээхээ мартав аа. Баярлалаа.   2010 оны 12 сарын 10-аас 11 нд шилжих шөнө. 5 цаг 46 минут.    

Tuesday, December 7, 2010

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Эрхэм  дүү Цэрэннадмид чинийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж,  санасан санаа, хүссэн хүсэл, бодсон бодол, төлөвлөсөн ажил үйлс тань бүтэмжтэй байхыг билэгдэн мэндчилье.
Хэдийгээр бид танилцаад удаагүй, бие биенээ мэдэхгүй шахуу боловч дүү чамайг “Эрхэм” хэмээн хүндэтгэсэн нь тохиолдлын зүйл биш ээ. Эрдмийн энэхүү өргөөнөө шалгалт өгөхөөр цугласан анхны өдрөөс л би чамайг өөрөөсөө ахмад болоод үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн зөв боловсон хүндэтгэлтэйгээр харьцаж байгааг харж дүгнэсэн бодол юм.
Өнөөгийн нийгмийн энэ ороо бусгаа үед олон залуус зугаа цэнгэлийг илүүд үзэж, хямд хялбар аргаар амьдрах хүсэл сонирхолтой болчихжээ. Чи бол хотын гудамжаар хэдэн арваараа холхилдож буй тэр л залуусын нэг. Гэхдээ чамд тэднээс ялгарах хувь хүний эмх цэгц, бусдыг хүндэтгэх хүмүүжил, ихийг сурч мэдэх гэсэн эрмэлзлэл, сурсанаа бусдад түгээх хүсэл зориг байна. Харахад эгэл жирийн шавилхан биетэй, хүүхдээрээ төрхтэй боловч, даруухан харц, халуун  сэтгэлээрээ хичээлийн сэрүүхэн танхимд хичнээн дулаан сэтгэгдэл бусдад төрүүлж чаддагаа чи өөрөө мэддэггүй байх.
Ийм халуун сэтгэлтэй, залуу, эрч хүчтэй, ирээдүйд юуг ч бүтээж чадах чадварлаг боловсон хүчинтэй тохой нийлүүлэн сууж, суралцах болсондоо баярлаж сууна. Магадгүй хожмын нэгэн өдөрт эрдмийн оргилд хүрч, төрийн түшээ болсон үедээ хамт суралцаж байсан ангийн эгч миний хичээнгүйлэн бичсэн энэхүү захидлыг дурсаж байгаарай хэмээн өндөрлөе.

Хүндэтгэн ёсолсон
Ангийн анд Ж.Баярмаа


Эрхэм хүндэт эгч Таны энэ өдрийн  түмэн амар амгаланг айлтган мэндчилье.
Бид хүсэл зорилгоороо нэгдэн энэхүү танхимд анх танилцсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Анх шалгалт өгөөд энд уулзахад та яг л миний ээж шиг тийм л дотно надтай харилцаж байсан. Тэр л үеэс эрхэм эгч таны халуун дулаан сайхан сэтгэл, найрсаг зан, хүн чанар тэр бүхний чинь нэгээхэн хэсгийг дүү нь олж харсан юм. Ийм сайхан түшигтэй, тулгатай гайхалтай хүнтэй хамт сурч байгаадаа дүү нь маш их баярладаг шүү.
Мөн өчүүхэн намайг өндрөөр үнэлж, үргэлж урам зориг хайрлаж дэмжиж байдаг таныхаа итгэлийг алдалгүй дүү нь улам бүр хичээх болно оо. Ингээд эгч таныхаа ажил хөдөлмөр, сурлагад тань амжилт бүтээлийн дээдийн дээдийг, амьралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэн ёсолсон
Ангийн анд бас дүү Д.Цэрэннадмид

Thursday, December 2, 2010

ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ



Хэн жаргалтай вэ . Таагаарай.
Би дээр нэг ийм бичлэг тавиад дараа нь түүнийг санамсаргүй устагчихаад их харамсаж билээ. Уншигчид маань олон коммент үлдээсэн байсан даа. Одоо нэг таах гээд үзээрэй. Тэгээд коммент үлдээгээрэй.  ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ.

Monday, November 22, 2010

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

Сэм сэмхэн гэтэж
Сэтгэлийг минь эзэмдсэн
Зүрхийг минь онилж
Зоригийг минь хөгжөөсөн
Сайхан мөрөөдөл чамтайгаа би
Саатанхан учрах юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа.


Бүртийх ч үүлгүй шөнийн тэнгэрт
Од шиг гялалзах сэтгэлийн шүтээн минь
Орчлонгийн хязгаарт тэмүүлэх ирээдүйн харгуйд
Яасан олон гэрэл гэгээ дагуулна вэ

Thursday, November 4, 2010

Блогийн гишүүдийн бичлэг: Бурхан байдаг юм - II буюу 2010-11-01 Today is MY BEST DAY!!!


Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Дээрх явдал болсноос хойш даруй 7-8 сар өнгөрчээ. Удаан холбогдоогүйд хүлцэл өчье. Гэхдээ ингэж удсанд учир байсанг та одоо миний бичих хэсгээс уншаад мэдэх болноо. Түүнээс хойш 2010 оны 7 дугаар сарын эхээр Э маань Солонгос руу явж хамгийн сайн эмнэлэгт нь үзүүлж дахин хагалгаанд орсон юм. Тэгээд Со эмч нар нь 1 жил орчимын хугацаанд мэдээ орно гэж хэлсэн юм билээ. Одоо би Говь Алтай аймагт ажиллаж байгаа юм л даа. Со-гоос ирэхэд нь уулзахад  “Миний гар мэдээ мөд орохгүй юм шиг байнаа” гэж байсан юм.

Monday, October 25, 2010

БИТГИЙ УРВААРАЙ МИНИЙ ХҮҮ

Аав ээждээ хязгааргүй баяр баясгаланг авчирч том хүү минь мэндэлсэн тэр өдөр дөнгөж саяхан л мэт санагдавч миний хүү өнөөдөр 15 нас хүрч, би ээж болоод 15 намрыг үджээ. Хар даа миний хүү ээжээсээ том болсон байгаа биз. Хүүдээ зориулж яруу найрагч Мөнхцэцэгийн нэгэн сайхан шүлгийг энд тавилаа.   

БИТГИЙ УРВААРАЙ МИНИЙ ХҮҮ
Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү
Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү
Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү
Томоо болсныг чинь шалгах гэж
Тоостой энэ орчлон хайртай бүхнийг чинь булаадаг юм шүү
Тогтохын дээдээр тогтсон хүлгийн нуруунаасаа
Тохсон эмээлээ сольж өөрөөсөө битгий урваарай
Бүгдээрээ чамайг жаргаах гэж
Бүсгүй болгон царайлаг төрдөггүй
Бүгээн хонгор нулимсаа эр хүн нууж унагадаг юм
Бүсээн нэвчтэл ганцаардахад чинь хэрэг болноо тэр чинь
Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээн хаттал өөрийгөө шингээлээ эжий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хуурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай
Миний жаахан хөвүүн

/Г.Мөнхцэцэг/  Эх сурвалж: www.biirbeh.mn/modules.php?

VITILGO БУЮУ АРЬС ЦАЙРАХ ӨВЧНИЙГ ХЭРХЭН АНАГААХ ВЭ

Уважаемые дамы и господа!
    Сообщаем Вам о том, что в настоящее время близится к завершению акция по продаже уникальной монографии д.м.н. Ю. Н. Кошевенко "ВИТИЛИГО", вышедшей в свет в 2002 году. Она была предназначена удовлетворить информационный голод на эту тему, как у специалистов-дерматологов, так и непосредственно у больных, страдающих данной болезнью. Её ждали многие поколения, как тех, так и других.
    Эта книга - Первая за всю историю Российской дерматологии (150 лет) отечественная монография по данной проблеме! Она является итогом 20-летней научно-практической работы автора по изучению и лечению витилиго.
  

Saturday, October 16, 2010

ХӨТӨЛ ДЭХ ЗАСАГТ ХАНЫ МАГИСТРАНТУР



Миний бие Засагт Хан дээд сургуулийн төрийн удирдлагын магистрын ангид хичээл заахаар Хөтөл хотыг зорьсон тэр өдөр бороо цас холилдон орсон жаахан зэврүүн хүйтэндүү өдөр байсансан. Анхны өдрийн хичээлд зарим магистрантууд ирээгүй боловч маргаашнаас нь эхлээд л оюутнууд маань нэг нь ч хичээлээ тасалсангүй. Сонирхолтой нь тэд өдөржингөө орой 7 хүртэл хичээллэчихээд даалгавраа маш сайн хийж ирнэ. Би ямарсайндаа миний багшилсан түүхэнд тохиосон хамгийн идэвхитэй, хамгийн сайн даалгавар хийж ирдэг ангиар шалгаруулсан юм даг. Эдний ангийнхан бас бүгдээрээ их чадварлаг, сурах сонирхолтой ер нь л Хөтөлийн хамгийн тэргүүний гэмээр залуус байлаа. Хэдхэн хоног хичээл заагаад хамт байхдаа энэ ангийнхны халуун дулаан уур амьсгал, дотно өөриймсөг харилцааг мэдэрч амархан дассан юмдаг. Нэг ангид нэг л лидер байдаг бол эдний ангид хэн нь ч лидер болж мэдэх олон чадварлаг залуус нэг доор цугларсан нь сонин санагдсан шүү. Ингээд Хөтөл дэх хөгжилтэй, гэгээлэг, сэргэлэн шавь нартаа АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ерөөе.

Wednesday, October 13, 2010

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Би Засагт хан дээд  сургуулийн  Төрийн  удирдлагын  магистрантурт суралцдаг. Манай ангид Бүжидмаа багш “Удирдлагын манлайлал” хичээл орсон юм. Хичээл дээр яригдсан зүйлүүд, багшийнхаа хэлж ярьсныг бодоод “Хүн гэдэг урмаар тэжээгддэг амьтан. Бид бие биендээ талархсан сайхан үг дандаа хэлдэг бил үү” гэж бодогдсон шүү. Миний бие ангийн анд, хамт ажилладаг эгч Алтаншагайд хандан энэхүү захиаг бичсэнээ багшийнхаа блогоор дамжуулан та бүхэнд хүргэж байна.
             
             Сайн байна уу. Шагай эгч ээ. Таньд энэ захиа очих өдрийн мэндийг хүргье.
Би анх ЗДТГ-т ажилд орсоныхоо дараахан таньтай танилцаад жирийн л нэг бүсгүй гэж бодож билээ.
            Таныг сайн таньдаг болсоныхоо дараа би өөрийнхөө энэ бодлоос ичсэн. Хүнийг анхны сэтгэгдэлээр дүгнэхэд зарим нь таардаг боловч таны хувьд би андуурсан байсан.
            Тэр үед та 3 хүүхэдтэй байсан бүгдээрээ л “ээж ээж” гээд л нэг сайхан жаргалтай ам бүл байна даа гэж боддог байлаа. Харин 3 хүүхэд нь өргөмөл байсныг мэдсэнийхээ дараа би таныг өөрийн эрхгүй хүндэлж “Энэ хүнээс хүнийг хайрлах гэрэл цацарч байдаг юм байна” гэж бодсон. Одоо цагт хүний мөс муудсан, хүн хүн ээ анзаарах битгий хэл төрсөн үрээ орхиод явдаг болсон энэ л цаг үед тань шиг хүнийг би “Ховор хүн” гэж хэлмээр санагддаг. Энэ үгийг би хэзээ нэгэн цагт Шагай эгчдээ хэлнэ дээ гэж бодож байсан. Харин одоо таньд хэлэх боломж олдлоо. Энэ боломжийг гаргаж өгсөн Эрхэм багшдаа баярлалаа.
Шагай эгч таны тайван дөлгөөн зан, хөөрхөн инээд, манай Монголчуудын хэлдгээр “Цаанаа л нэг нүүрийн буянтай” царай, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, хүнийг ялгаварлан дугаарлаж харилцдаггүй сайхан сэтгэл гээд л таны энэ бүх сайхан чанарыг хэлье гэвэл миний хуудас дүүрэх бололтой.
            Таньд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж “Та бол Ээжийн дээд ээж шүү” гэж хэлье.
 Ангийн анд Д. Цэдэвээс


Ангийн анд чамдаа захиа очих өдрийн мэндийг сайхан үгийн хамт өргөж барья
            Чи миний хамгийн дотны найз минь гэдгийг мэднэ биз дээ чи минь сайхан сэтгэлтэй, царайлаг, ухаалаг,  хүнийг хайрлах сэтгэлтэй, хүнийг ялгаж харьцдаггүй, үнэнч зан чанартай, элэгсэг, дотно харьцаатай нэгэн билээ. Мөн хань үр хүүхэддээ түшигтэй халамжтай, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө санаа тавьж, элэгсэг үгээр тэтгэж өдөр бүр урам хайрлаж байдаг тэр зан чинь илүү их таалагддаг шүү. Миний найз үргэлж инээмсэглэж хайраар бялхаж, цалгиж, өглөө болгоны ургах нарны тунгалаг туяаг харж, өдөр болгон хүний сайнтай уулзан учир ч явахын өлзийтэй ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Ангийн анд Цэдэвт
Ангийн найз Ч. Урангоогоос

Monday, October 11, 2010

ХАЙРЫН ШАЛТГААН

Бүх ХАЙР ердөө 5 шалтгаанаар тодорхойлогдоно. Үүнд:
1.      Хүн өөрийнхөө төгс аюулгүй байдлыг хайрлах
2.      Түүний амьдралыг уртасгаж, дайснаас нь хамгаалах ариун шүтээнээ хайрлах
3.      Бусдад буян дэм болдог хүмүүсийг өөрт нь онцгойлж туслаагүй байлаа ч хайрлах
4.      Дотоод гадаад ер нь аль ч талаараа ер нь гоо сайхан юм бүхэнд хайр хүрэх
5.      Дотоод байдлаараа өртэй нь адил төстэй хүнийг хайрлах
Аль  Газали  /Х1-ХХ зуунд аж төрж байсан Ираны гүн ухаантан/

Wednesday, September 29, 2010

НАЙЗЫНХАА ДУРСГАЛД: Одоо ч миний хайр

Ая Д.Бэхбат                                            Дуучин н.Хулан

ОДОО Ч МИНИЙ ХАЙР. . . 
Хаврын  шувуудыг зориод ирэхэд
Хамтдаа  үргэлж байх юм гэж бодсон
Хүйтэн жаврыг үлээх цагаар
Холдоод нисээд явна гэж бодсонгүй
                      Зуны анхлим цэцгийн цоморлогийг
                      Зүс онгоноороо үүрдийнх гэж эндуурчээ
                      Хагацаж чадахгүй амьдралыг тэтгэсэн
                      Хайрт минь чиний хайр одоо ч халуунаараа
Намуухан найгах моддын баяслыг
Нойтон шамрагт  гунихыг нь ч мэдсэнгүй
Намайгаа жаргаах хайрын
Нандин агшин хагацлын нулимсанд урсахыг санасангүй
                        Намрын наранд ээсэн тэр жаргалыг
                        Навчис шиг ганддагыг нь ч би мэдээгүй
                        Надад хайрлахыг заяасан чи минь
                        Надаас холддогийг нь би хэзээ ч зүүдлээгүй
Зөөлхөн энхрийхэн уруул шиг салхи чи
Зөвхөн хацар дээр өнжих гэж байх гэж бодсон
Зөрөн хөврөх хайрын тэр л сарууд
Зүггүй алсад замхрана гэж бодсонгүй
                        Өвлийн хүйтэнд ч халуунаараа чиний минь хайр
                        Өр зүрхнээсээ холдоно гэж бодсонгүй
                        Өнчин дэрэнд дуслах миний нулимс
                        Өглөөний наранд хатдагийг  би мэдээгүй
/Хайрт хань А.Энхбаярийнхаа гэгээн дурсгалд зориулж энэ дууг бүтээлээ. Л.Нинжжамц 2010.09.23/

Monday, September 27, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-7

ҮРГЭЛЖЛЭЛ
/”Уран шувууны амьдрал”-ыг анх уншиж байгаа хүмүүст өмнөх 6–г нь бас уншихыг санал болгое/

Удаан уулзаагүй 3 найзад ярих юм маш их байлаа. Уран шувуу мөрөөдлөө хайсан урт удаан замыг хэрхэн туулснаа ярьж, Амьдралын хайрын шидэнд умбан олон олон өдөр хоромыг өнгөрөөв. Харин уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа 2 найздаа ярихгүй л байлаа. Тэр нь хаана байсан, чухам ямар мөрөөдөл байсан гээд л зөндөөн юм ярих байх гэж 2 найз нь хүлээсээр л, гэвч Уран шувуу хэлэхгүй л байлаа. Тэгтэл нэг удаа:
- Мөрөөдөл гэдэг түүнийгээ олохдоо байдаггүй юм байна аа. Миний мөрөөдөл үргэлж надтай хамт явсан байна лээ. Ганцхан түүнийгээ танихгүй, түүндээ хэрхэн хүрэхээ л мэдэхгүй явж дээ гэжээ. Нөгөө 2 нь бие биеэ рүүгээ гайхсан нүдээр нэг том хараад “тэгээд л болоо юу” гэсэнд хоер найзынхаа гайхаж хүлээж байгааг мэдсэн уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа ингэж ярьжээ.
Уран шувуу мөрөөдлөө хайж явах замд хэдэн шувуу байнга зүүдэнд нь ирдэг байжээ. Тэрээр тэднийг сайн таньдаг юм шиг мөртлөө хэн гэдгийг нь хэлж мэддэггүй байлаа. Сүүлдээ Уран шувуу тэднийг хүлээдэг болжээ. Зарим нь түүнээс холдон нисэх гээд, харин уран шувуу түүнийг явуулж чадахгүй. Ажиглаад байвал тэд бөөндөө хэзээ ч ирэхгүй. Заримдаа их олуулаа ирсэн ч нэг хоёр нь байхгүй л байна.
Тэднийг зүүдэнд ирсэн шөнө уран шувуу үнэхээр тайван амгалан нойрсно. Тэд тийм нэгэн амгалан оршихуйн ертөнцөд уран шувууг аваачиж, намуухан уянгалаг дуугаар энхрийлэн бүүвэйлнэ. Тэд бас их сайхан гэрэл цацруулсан дотно төрхтэй. Шувуудыг зүүдэнд ирсний маргааш уран шувуу эрч хүчээр дүүрэн сэрдэг байлаа. Уран шувуу бас нэгэн домог уншсан байлаа. Зүүдэндээ ирсэн хэн нэгэнтэй ярьж болдоггүй, тэгвэл дахиад харагддаггүй гэж. Энэ домогт итгээд сайхан шувуудыг алдчих вий гэж айна. Тэгээд удаан бодож, маш их зориг гаргаж байгаад тэдэнтэй ярилцахаар шийджээ.
Түнэр харанхуйг ярж, өнөөх шувуудыг нисэн ирсэн тэр нэгэн шөнө Уран шувуу зориг гаргаж “Та нар хэн бэ” гэж асуулаа. Хэн ч дуугарсангүй... Өнөөх домогийг бодоод айсандаа “надтай яриач, битгий яваач” гэж хашгирлаа. Түүний хашгирах дуунаас цочсондоо ч юм уу. Эсвэл нөгөө домог биелээд ч юм уу шувууд нисээд явчихлаа. Уран шувуу маш их харамсаж, битгий намайг орхиоч хэмээн өчнөөн гуйсан ч тэд эргэж ирсэнгүй. Тэнэг юм хийсэндээ харамсан уйлан сууж байхдаа хэн нэгэн хажууд нь байгааг мэдрэв. Харвал нэгэн өвгөн шувуу байлаа.
- Чи яагаад явсангүй вэ, Та нар хэн бэ?
- Тэднийг хэн гэдгийг нь би мэдэхгүй ээ. Тэд бүгд чамд хайртай. Харин чи надад хайртай.
- Юу?
- Би чамаас холдое гэж маш их хүсдэг ч чи намайг явуулдаггүй. Тэгээд бас эдгээр шувуудыг бүгд ирсэн шөнө чи намайг ердөө ч анзаардаггүй. Харин эднийг ирээгүй ч юм уу, зарим нь байхгүй байвал би чамтай үргэлж хамт байдаг гэсэнд Уран шувуу,
- Чи яагаад ийм хөгшин байгаа юм бэ гэж асуув.
- Чи намайг хөгшрүүлдэг. Залуу насыг минь бүгдийг үрж дуусгасан. Бас чи намайг хичнээн их хайрлана тэрний чинь хирээр би өвгөрч, хөгширч бас чамаас салж чадахгүй болдог.
- Чи тэгээд яагаад надаас холдох гээд байдаг юм бэ гэсэнд
- Яагаад гэвэл би чамд маш их хайртай учраас. Уран шувуу бүүр гайхаад
- Би юу ч ойлгохгүй байна, чи надад таалагдахгүй байна. Чи яв гэж ууртай хэллээ.
- Тиймээ, чи ингээд л намайг хөөдөг, уулзалгүй олон өдөр хоног өнгөрөөдөг гэхдээ л чи намайг санадаг, тэгээд дууддаг. Харин би чамайг дахиад намайг битгий дуудаасай гэж хүсдэг мөртлөө дуудахаар чинь ирэхгүй байж чаддаггүй юм. За баяртай гээд нисэн одлоо. Гэтэл яг энэ үед нөгөө шувуудын нэг нь буцаад ирлээ. Тэрээр нас бие гүйцсэн сайхан шонхор шувуу байлаа.
- Чи бас хэн бэ гэж уран шувуу ширүүхэн асуусанд
- Эхлээд саяын хөөж явуулсан шувуугаа хэн гэдгийг нь таниарай, бас дахиж түүнийг битгий дуудаарай. Би чиний дэргэд байнга байхыг хүсдэг ч чи саяын өвгөн шувууг харангуутаа надаас зугатдаг. Надад бас нэг найз бий. Харин чи түүнтэй илүү дотно байдаг гэсэнд нэгэн бүргэд шувуу нисэн ирэв. Тэрээр:
- Тиймээ Уран шувуу минь чи бид 2 үргэлж хамт байдаг. Энэ олон шувуудын дундаас чи намайг л онцолдог. Надад тийм сайн байдаг болохоор чинь би чиний дэргэд үргэлж байдаг юм даа. Харин миний энэ найз шонхор дандаа намайг дагаж явдаг юм.
- Би чамайг бас заримдаа хөөж, чамаас зугатаадаг уу гэж уран шувууг гайхан асуухад
- Бараг үгүй дээ. Тун цөөхөн тохиолдолд
- Ямар тохиолдолд
- Энд байхгүй байгаа нэг шувууг ирэхээр
- Тэр шувуу одоо ирэх үү?
- Үгүй ээ, харваас ирэхгүй, тэгээд ч чи тэрэнд дургүй гэсэнд уран шувуу,
- Ашгүй дээ чи надад маш их таалагдаж байна. Та нар тэгээд хэн юм бэ. Хэлээч дээ гэж шалгааж байтал нэгэн сайхан дэглий цагаан шувуу нисэн ирэв.
- Гайхаад хэрэггүй ээ найз минь, би чамд бүгдийг хэлээд өгөе. Би чиний ухаан байна. Харин чиний хамгийн дотно байдаг энэ бүргэд бол чиний тэвчээр, түүний найз шонхор бол чиний зориг юм л даа.
- Тэгвэл одоо байхгүй байгаа, ирэхгүй байх гээд байгаа тэр шувуу хэн юм бэ гэж уран шувууг тэсэн ядан асуухад
- Тэр бол хэрээ, чиний уур. Бидний дотроос чи түүнд л маш дургүй, яагаад гэвэл түүнийг харахаар бүргэд чамайг хаяад явчихдаг учраас чи түүнд дургүй.
- Тэгвэл та нарыг нисээд явахад надтай үлдсэн тэр өвгөн шувуу хэн юм бэ?
- Тэр бол чиний айдас.
- Хөөх тийм үү, хөгжилтэй юм байна даа. Би айдасаас салах дургүй юм байна. Бас түүнийг хөөгөөд явуулахаар зориг чи ирдэг юм байна. Миний хамгийн дотнын найз бол тэвчээр байх нь ээ. Би та нарыгаа тэгвэл бүгдээрэнг чинь ижилхэн хайрламаар байна гэсэнд шувууд баярлан Уран шувууг тойрон дуулалдаж эхлэв. Харин бүргэд дуугүй суугаад байсанд уран шувуу:
- Чи яагаав ээ. Чи миний хамгийн дотно найз шүү дээ гэсэнд:
- Чи бүгдийг нь хайрлах юм бол хэрээг бас ижилхэн гэсэн үг үү. Би түүнтэй хамт байж чадахгүй ээ. Хэрээг би үзэн яддаг.
- Хэрээ та хоёр эвлэрч болдоггүй юм уу.
- Үгүй ээ, Тэр бас их муу санаатай. Тэгээд чи өөрөө ч дургүй шүү дээ.
- За за ойлголоо доо. Чи миний хамгийн дотно найз юм бол надад нэг зүйл хэлээд өгөөч би өөрөө та нараас хэнд чинь хамгийн их хайртай юм бэ гэсэнд
- Амьдрал. Чиний мөнхийн хайр бол Амьдрал.
- Яагаад, үнэн юм уу,
- Яагаад гэвэл Амьдрал чамд бид бүхнээс илүү хайртай. Өөрийг чинь тэгж их хайрладаг болохоор чи түүнд хайртай байдаг гэснээ
- “Амьдрал аа, амьдрал аа би чамд хайртай” хэмээн уянгалуулан дуулж гарахад бусад шувууд нь даган түрж уран шувуунд зориулан бүхэл бүтэн оркестр тоглох нь тэр. Уран шувуу энэ бүхэнд үнэхээр сэтгэл хөөрч шувуудын хамт дуулан баясаж байтал галт шувуу нисэн ирээд
- Сайн уу хонгор минь, би чиний баяр баясгалан байна. Би ч бас хэрээ, өвгөн шувуу хоерт маш дургүй шүү гэж хөгжилтэй хэлэв. Түүнийг ирмэгц шувуудын дуу хуур улам нэмэгдэв. Гэнэт уран шувуунд хэн нэгэн үгүйлэгдээд байх шиг санагдсанд дэглий шувуун дээр очоод,
- Сайхан сэтгэл? Сайхан сэтгэл яагаад байхгүй байгаа юм бэ гэж асуулаа. Энэ үгийг сонсоод бүгд чимээгүй болчихов. Яасан бэ?
- Тэр яагаад бидний дунд байхгүй байгаа вэ гэвэл. . . энэ их урт түүх ээ. Чамайг хүсэл мөрөөдлөө, бүх зүйлээ алдаад байхад чинь муу санаа түүнийг хөнөөхөөр ирсэн юм. Тэгэхэд тэрээр чамд үлдсэн зүйлийг хөнөөлгөхгүйн тулд бүгдийг нь аваад чиний дотор нисээд орчихсон юм. Түүний сүүлийнх нь үг “бие минь харагдахгүй ч уран шувууны дотор сэтгэлээс та нарыгаа үргэлж тольдон байгаа шүү. Та нар байгаа цагт би та нартайгаа хамт байна гэсэн үг, намайг хайсны хэрэггүй шүү” гэж хэлсэн юм даа гэжээ. Уран шувуу энэ үгийг сонсоод ийм учиртай юм вий хэмээн эргэцүүлэн бодож суухад өөрийг нь дотроос нь хэн нэгэн жолоодоод байх шиг санагдана. Би түүний хүчээр олон сайхан нөхөдтэй, сайн сайхан яваа юм байна даа гэж бодов. Тэгээд хайж байгаа мөрөөдлийнхөө тухай санав. Тэрээр дэглий шувуунд хандаж, мөрөөдлөө алдсан тухайгаа бас түүнийгээ ингэтлээ их хайж яваагаа хэлж, олоход минь туслаач гэж гуйлаа. Гэтэл хажууханд нь нэгэн шувуу
- Дэргэд чинь байгааг мэдэхгүй,
- Дэндүү гомдмоор юмаа хэмээн гунигтайхан дуулж байлаа. Энэ түүний хамгийн сайн таньдаг, хамгийн их мэддэг Хараацай шувуу байлаа. Уран шувуу үнэхээр гайхаж,
- Юу, чи юу, энэ хугацаанд чи надтай хамт л байсан байна шүү дээ би тэгээд юу хайж явсан болж байна гэсэнд дэглий шувуу,
- Тиймээ мөрөөдлийг олох биш түүнийгээ таних ухаан, түүндээ хүрэх зориг, тэвчээр, авьяас, сайхан сэтгэл чухал. Эдгээрийн тусламжтайгаар чи мөрөөдөлдөө хүрнэ дээ гэжээ.

Энэ сайхан түүхээ уран шувуу шөнөжингөө хоёр найздаа ярьж, үүр цайсныг ч анзаарсангүй.  тэгээд уран шувуу 2 найзыгаа анхааралтай харснаа би нэг зүйлийг ойлгосоон. Мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ биелүүлэх гэсэн хүсэл, зориг, тэвчээр, ухаан гээд энэ бүхнийг хэрхэн цогцлуулахаа би мэдэхгүй явж, бас бэрхшээлээс айх айдас. Айдасаа хаяж чадахгүй бол юунд ч хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон доо гэжээ.  нээрээ ч тийм дээ гэсэн байдалтай - найз чимээгүй сууж байснаа гэнэт Бурхан "Ёстой гомдмоор юм аа. Чиний ярианд миний тухай ерөөсөө гарсангүй, чи миний тухай шувуудад хэлээгүй юм уу" гэсэнд үгүй дээ чиний тухай дараагийн хэсэгтээ ярина. Тэр бол үүнээс ч дутахгүй урт түүх, тэгээд ч бас надад чамаас асуух юм байна гэснээр 3 найзын яриа энэ удаа өндөрлөжээ.

Monday, September 20, 2010

АРГАМЖААНЫ ЧУЛУУ

Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын нутаг нэгд нэгэнгүй тодрох юм.
Өргөн Ширтийн зуслан нүдний өмнө илхэн
Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон
Гучин жилийн тэртээ яг л байсан газраа
Гурвалжин хөх чулуу явсан ч үгүй янзаараа
Хэн нэгний морь аргамжаатай байгаа санагдана
Хэнзхэн ногооны үнэр анхилж байх шиг бодогдоно.
Унаа морио бөхлөхтэйгөө болж дээ хүү минь гэж
Урамшуулж хэлсэн эцгийн үг
Бядгүй балчирхан насны минь бяцхан гарын оромтой цуг
Аргамжааны тэр л чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганц чулуу нь ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй.

Тоомойн Очирхүү. 1978

Tuesday, August 17, 2010

УТБА 2010 - ЗУНЫ СУРГАЛТ


УТБА-ынхан зун бүр Иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор, хүний эрх, иргэн төрийн харилцааны асуудлаар хөдөөгийн иргэдэд сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн 7, 8 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар нийт 3800 орчим км аялж, 60 гаран сургалт зорион байгуулав. Ажлын зэрэгцээ амралт болдог энэ аяллын хөгжилтэй түүхийг харуулсан олон сайхан зурагнууд байгаа. Эхний ээлжинд доорх зургуудыг та бүхэнд толилуулж байна. Блогоо хөгжүүлэх завгүй байсандаа миний блогийг байнга дагаж, уншиж, комент бичиж баяжуулдаг та бүхнээс хүлцэл өчие. Бас түр эзгүй байх хойгуур минь миний блогт зочилсон, комент үлдээсэн хүмүүст талархал илэрхийлэе. Аяллынхаа дэлгэрэнгүй тэмдэглэлийг бага зэрэг засаж байгаа тул энэ удаа тавьсангүй.

Friday, July 16, 2010

СЭТГЭЛЭЭС ХӨВРӨХ УЯНГЫН ДРАММ

Би чинийхээ халуун цээжинд тэврүүлж,
Бие сэтгэлээрээ чамдаа уусан тэмүүлэхэд
Хорвоо ертөнцөд ганцхан л эр хүн байх шиг санагдаад
Хоромхон зуур Адам Евагийн жаргалын ертөнцөөр нүдээ анин аялна.

Хайртай юу гэж хүлээс алдартал шивнэхэд чинь
Хэлэх үгээ олж ядан сэтгэл минь зүрхээ тэмтчинэ.
Зүрхний минь үг, бодлын минь хэлхээсийг тольдвоос
Зөвхөн чиний л тухай шүлэг найргаар дүүрэн.

Чиний тухай бодол гэгээн хайрын найраг шүлэг болж,
Чамтайгаа байх учрал уянгын драм болж сэтгэлээс минь хөвөрнө.
Тэр бурханлаг хайрын драммыг шимтэн унших хүмүүс харин
Зохиолчийг нь ЧАМАЙГ биш намайг гэж андуурна.

ЗУН-2010-1

Wednesday, July 7, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-6

Уран шувуу “Амьдрал” хоёрын дурлалыг анхааралтай ажиглаж байсан “Бурхан” арал дээр ганцаар уйтгарлан суух “Амьдрал” дээр очлоо. Үргэлж баяр хөөрөөр гийж байдаг нүднийх нь гал буурсан ч тэрээр халуун тэврэлтээр Бурханыг угтав. Нэгэн үед нэг л бүсгүйд дурлаж сэтгэлийн жаргал зовлонг хамт туулсан хоёр найз удаан ярилцаж ойгоор зугаалжээ.
- Чи яах гэж ирсийн
- Найздаа сэтгэлийн дэм өгөхөөр
- Би зүгээрээ. Чиний очих ёстой хүн чинь би биш. Чи над дээр биш миний шувуухай дээр оч. Түүнд одоо надгүйгээр хэцүү байгаа.

Хэдэн зуун жил хайрласан бүсгүйгээ битгий хэл энэ хорвоогийн бүх хүнийг ойлгодог “Амьдрал”-ыг Бурхан бахдан харна. “Би Уран шувуунд дурлаад яаж санаж, гансарч байсан чамд одоо тийм л байгаа даа, НАД ШИГ Л САНАЖ БАЙГАА ДАА” ингэж бодоод найзыгаа өрөвдөх сэтгэл төрнө.

- Уран шувууг надад биш чамд дурлаад энэ хайрандаа хэрхэн үнэнч байсан гэгээн түүхийг би хүмүүст байнга ярьдаг. Чамд дурласан жаргал нь дэндээд надтай мөрийцөхөд нь би дээрэмчдийн ертөнц рүү илгээж, дээрэмчид түүнээс хүсэл мөрөөдлийг нь хулгайлсанд би өөрийгөө одоо ч буруутгадаг. Гэтэл тэр даваад л гарсан. Мөрөөдлөө хурдан олоосой гэж би үргэлж боддог. Гэхдээ тэр хичнээн хэцүү байлаа ч чамаас урваагүй. Тэгээд яагаад ... чи ч гэсэн . . . энэ эзгүй арал дээр хүлээгээд л байх юм уу гэж гайхан асуув. Тэгтэл “Амьдрал”:
 
- Миний түүндээ очих зам хол. Би ганцаар туулж барахгүй. Чи мэдэж байна уу. Би хайр сэтгэлдээ хөтлөгдөн хичнээн хол тэмүүллээ ч Уран шувууных шиг тийм их хүч чадал надад байхгүй. Тэр их хүч чадал энэ жижигхэн шувуухайн хаанаас нь гараад байдаг юм бол гэж би заримдаа гайхдаг юм гэсэнд Бурхан:

- Уран шувууны хүч чадал нь түүний мөрөөдлөө олох гэсэн хүсэл тэмүүлэлд нь байдаг юм. Түүний зүрх сэтгэлээс зөвхөн хүсэл тэмүүлэл л төрөн гардаг. Тэгээд тэр их хүсэл тэмүүллийнхээ хирээр төдий чинээ их хүч чадалтай байдаг юм даа гэжээ.

Гэтэл энэ яриаг сонссон юм шиг гэнэт уран шувуу нисээд ирэв.

Тэрээр урьдын адил баяр баясгалантэй бас улам ч жавхаалаг болсон байлаа. Гэнэт "Амьдрал"-д хайрт бүсгүйгээ маш их хардах сэтгэл төрж "чи өөр хүнд хайртай болоо юу" гэж анх удаа ууртайхан асуув. “Үгүй ээ” гэж уран шувуу инээмсэглэн хэлэхдээ нүд нь маш жаргалтай гэрэлтэж байлаа. "Амьдрал " өөдөөс нь харж харж:

- Үгүй л байна даа, чи инээгээд байхаараа худлаа хэлдэг шүү дээ гэсэнд
- Тийм ээ, би өөр хайрыг мэдэрсэн тэгээд л тэр хайрандаа маш их жаргалтай байна.

"Амьдрал" хайрт бүсгүйгээ удаан санаж ганцаардсандаа, бас гэнэт ийм үг сонссондоо тэр үгний учир утгыг ухаж ойлгох сэхээгүй болж сэтгэл нь харанхуйлаад өөр юу ч бодож чадахгүй байлаа. Тэгээд гэнэт бардам сэтгэл нь хөдөлж,

- Чи өөрчлөгджээ. Одоо чи надад хэрэггүй. Би урьдын хайртай уран шувуугаа хүлээнэ.
- Харин тийм ээ. Би өөрчлөгдсөн.

Уран шувуу инээгээд л байлаа. Амьдрал бүүр уур нь хүрэв. Уран шувууг ирэхэд нь баярлан дуртай дарсыг нь нэрж байснаа түүнийгээ асгахаар босов. Энэ үед Уран шувуу тэсвэр алдаж, гүйж ирээд тэврэн авлаа.

- Тэнэгхэн минь чи юу ч ойлгохгүй байна уу. Би чамайгаа өөрөөр хайрладаг болсон тэгээд л өөрчлөгдсөн. Хичнээн их хайртайгаа ойлгосон. Тэгээд бас яаж хайрлах ёстойгоо ч мэдэрсэн. Ингэж хэлээд уран шувуу хоёр найзыгаа хэмжээлшгүй жаргалтай нүдээр ширтэж: 

- ХАРИН БИ ТА ХОЁРТОО ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА АА. БИ ОЛОН ЖИЛ ХАЙСАН МӨРӨӨДЛӨӨ ОЛСООН.

Ингээд удаан уулзаагүй 3 найз Уран шувууны холын аянд тохиосон сонин хачин зүйлүүдийн талаар ярилцаж, "Амьдрал"-ын нэрсэн дарсыг шимж шөнө дөл болтол суулаа. "Амьдрал", Уран шувуу хоёрын хайранд хорвоо дэрхий тэр аяраа уяран хайлж, ойн төгөлд модод навчсаа хөглөн салхины аясаар ганхана.  Өвсөн толгойн биесээ шүргэлцэх чимээнд цэцэгс баясан хайрын дуу аялна.

Thursday, July 1, 2010

Блогийн гишүүдийн бичлэг: БИ ЖАРГАЛТАЙ

Би жаргалтай хүн
Золтой төрсөн Монголын ард түмэн жаргалтай
Замвуу тэвийн амид бүхэн жаргалтай
Сая төрсөн алаг үр, эх жаргалтай
Сайхан Монгол эр аав болсондоо жаргалтай
Ач зээгээ үнэрлэсэн өвөө эмээ жаргалтай
Ард түмнээ хөгжүүлсэн улс төрчид жаргалтай
Авилгал авсан зарим нэг нь жаргалтай
Их ажлын дараах ажилчид жаргалтай
Амралтын өдөр тэд бас жаргалтай
Урин цагийн аясаар эх дэлхйи өөрөө жаргалтай
Шинэ ногоонд бялуурсан мал амьтад жаргалтай
шинэхэн дээлээр гоёсон наадамчин олон жаргалтай
Морин дэл дээр салхи зүсэн дэрвэх адуучин эр жаргалтай
Алтан тархиа халиурахад тариачин жаргалтай
Эрдэм номдоо шамдах эрхэм сурагчид, оюунтангуул жаргалтай
Эрдэм номын уурхай багш нар жаргалтай
Уртын дуу, шуургисан айраг, нэрмэл юунд дуниартах малчин түмэн найранд жаргалтай
энэ бүх жаргалын нэрлэвэл дуусахгүй нь жаргалтай ....

Monday, June 14, 2010

Блогийн гишүүний бичлэг: ӨРТӨӨЛӨХ ҮГС

Өндөр дээд өвөг дээдсийн маань
Өнө мөнхөд санаж яваарай хэмээн
Өртөөлж бидэнд үлдээсэн захиас:
  • Эцэгтээ чи мөргөж яваарай
  • Эжийдээ чи залбирч яваарай
  • Эх орноо чи шүтэж яваарай
  • Элэг нэгтнээ чи хайрлаж яваарай
Яагаад гэвэл:
Эцэг чинь чамд мөргүүлэх, шүтүүлэх эрхтэй хүн
Ижий чинь чамд залбирууулах, хайрлуулах эрхтэй хүн
Эх орон чинь чамтай шүтэн барилддаг юм
Элэг нэгтэн чинь чамаас хайр л хүсдэг юм. /Оюунт ертөнцийн ухамсарт хүмүүн/

Friday, June 4, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-5


Уран шувуу нэгэн өдөр Амьдралд “би согтмоор байна” гэжээ.
-          Чи архи ууж үзээгүй. Тэгээд ч дарс гэдэг ууж суухад сайхан ч дараа нь тийм биш байдаг юм гэсэнд "хамаагүй ээ, би уумаар байна" гээд зүтгээд байж. Гэтэл Амьдрал тэгвэл би чамдаа хамгийн сайхан дарс авчирч өгөе гэжээ. Ингээд амьдралын түмэн жаргал зовлонг туулж яваа хүмүүсийн сэтгэлийн дуслыг цуглуулж түүгээрээ дарс нэрээд Уран шувуунд авчирч өгчээ. Хэмжээлшгүй их хайраа шингээж нэрсэн тэр дарсыг шимж уран шувууны сэтгэл хөөр баяраар гийж, сайхан нүд нь хайраар гэрэлтээд ирэв. Тэгээд урьд нь тэр бүр Амьдралд ярьдаггүй байсан зүйлүүдээ сэтгэл хөдлөм урнаар дүрслэн ярьж гарав. Тэрээр итгэл мөрөөдлийг нь хулгайлсан хүмүүсийн тухай биш харин мөрөөдлөө хайх замд нь таарсан тэдгээр хүмүүсийн сайн сайхан гэгээтэй талыг дурсана. Дотно хүмүүсээ хайрлах гэгээн хайр, бусдад жаргал баяр бэлэглэх сэтгэлийн дэм, зовсон үед нь сунгасан гар, жаргал баярыг нь хуваалцаж ертөнцөд хадаасан уянгалаг дууныхаа тухай зөндөөн удаан ярьжээ.  Бас хүрч чадаагүй ертөнцийн хязгаар, санаж сарвайж чадлаараа зүтгэсэн ч авч чадаагүй зүйлийнхээ тухай, хорвоогийн жамаар буяны замдаа жолоо залсан итгэлт сайн нөхрийнхөө тухай баяр гуниг хослуулан ярина.  Хайртыгаа тийм жаргалтай байхыг нь харсан Амьдрал гэгээн хайраа дэвсэн, амтат дарсыг аягалсаар өдөржин,  шөнөжин  ярьж, дуулжээ.
 
      Маргааш өглөө нь Уран шувуу сэрээд Мөрөөдлөө олох урт замдаа түүртээд заримдаа чамайгаа ч анзаарах сөхөөгүй байжээ. Хэдэн удаа, хамгийн сүүлд хэзээ чамдаа хайртай гэж хэлснээ ч санахгүй байна. Харин өчигдрийн чинийхээ өгсөн дарсыг уугаад хичнээн жаргалтай байсныг үгээр хэлэхийн аргагүй. Нисмээр байна л . . . ингэж тэд хайрын баландаа умбасаар. . .
Хэдэн өдрийн дараа “Тиймээ би жинхэнээсээ нисмээр байна. ... харин чамдаа хэлэх үг байна.  Хүй их орчлонгийн уран шувуудын дундаас хөөрхий намайг олж хайрласанд, гайхамшигтай сайхан жаргал бэлэглэсэнд баярлалаа. Амьдрал чи надад Санан дурсах сайхан учралууд, гансран мөрөөдөх хөөр баяр, агуу их сэтгэлийн хүч  бэлэглэдэг.  Харин би одоо энэ бүхнээс  зугатахыг хүсэж байна. Яагаад гээч Чинийхээ хайранд умбан мөрөөдлөө мартах шахлаа. Одоо би явлаа. Мөрөөдлөө олж авахаар ...
Амьдрал тэгтэл Уран шувуунд анх удаа хязгааргүй ихээр гомдож  “ХУЛЧГАР” гэдэг ганцхан үг хэлээд эргэж ч харалгүй явчихав. Тэрээр сэтгэлдээ дүүрэн гомдол гуниг тээсээр нэгэн сайхан арал дээр очиж Уран шувууг хүлээсээр.
Хэмжээлэшгүй хайр, сэтгэлийнхээ хатыг шалгахаар явсан Амьдралын хойноос Уран шувуу нулимстай нүдээр харж "Давж туулж чадна гэсэндээ чи надад түм буман сорил тавидагын нэг нь энэ сайхан хайр чинь байжээ.  Мартахаар шийдсэн маань зөвхөн айсандаа" хэмээн сэтгэлдээ шивнэсээр хоцров.

/Жич: Хүмүүсээ коммент үлдээгээрэй. Уран шувуу Амьдрал өөрийг нь хүлээж буй арал руу очих болов уу. Юу гэж бодож байна/

Wednesday, May 26, 2010

АМЬДРАЛ ЗАРИМДАА ҮЛГЭРЭЭС Ч ГОЕ

Хацрыг чинь гараараа илж суухад
Хайрын бурхан алганд минь амилдаг
Энхрийлэлд уяссан чинийхээ нүдийг хараад
Энэ хорвоогийн сайхан бүгдэд итгэдэг
Ариухан тансаг биеийг чинь тэврээд
Амьдралыг үнэн сэтгэлээсээ биширдэг
Хүнлэг сэтгэлийг чамаасаа олж харахлаар
Хүн болгоныг тэвэрч үнсмээр санагддаг 

Чинийхээ барааг холоос ч болов харахад
Цэв хүйтэн тэнгэрт нар мандах шиг болдог
Арван тавны сар дэрэн дээр минь туяарахад
Амьдрал заримдаа үлгэрээс ч гоё байдаг

Энэ хорвоо ямар гайхалтай юм вэ?
Эх сурвалж: http://bataamc.blogspot.com/2008/07/blog-post_13.html

ЧАМТАЙГАА ХАМТ БАЙХДАА БИ ЖАРГАЛТАЙ

Чамтайгаа хамт байхдаа би  жаргалтай
Чиний инээх тоолонд цасан ширхэг агаарт хайлж
Цагаасаа эрт цэнхэр яргуй дэлбээлж
Цахилах гөрөөс зог тусан зогсоно
   Эх сурвалж http://www.mglclub.com/2349195