Friday, September 25, 2009

Блогийн гишүүн: А.Арман "ЭЭЖ"

А. Арман “Ээж”
Өчигдөр миний төрсөн өдөр болов. Зүй нь төрүүлсэн өдөр гэж ээж минь найзуудтайгаа тэмдэглэмээр. Би ямар эрийн сайндаа төрсөн биш. Ядаж байхад ээждээ бэлэг авч чадсангүй. Утсаар ярьсан болоод л “халтуурдав”. Биднийг төрүүлж, өсгөх гэж зовж яваа ээжүүд, хүнийх өөрийнх гэж юу байхав.

Үр хүүхэд хүсэн тэмүүлж яваа бүсгүйчүүддээ хүсэл тань хурдхан биелж, халуун ангир зангирч, элэг дэвтэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Бас буруу зөрүү зэрэг оршдог орчлонд, бурхан бэлэглэсэн амьдралыг буцааж таслах гэж байгаа бүсгүйчүүдэд хэлэх хэдэн үг байна.

Алдар нэр, алт мөнгө, авъяас чадвар, аз завшаан, аятайхан нөхөр гэж орчлонд угаасаа байдаггүй юм. Амьдрал залгуулах л хүний ч, амьтны ч жинхэнэ амьдрал юм. Та муусайн эрчүүд “хийчихээд л” алга болдог гэж хэн нэг нь тэнд өөрийгөө өмөөрнө. Бас нэг зүйл хэлмээр.

Энэ хорвоо дээр хэн ч, юунд ч буруугүй.

Ялаа хоолоо олж идэх гэж гэрт маань орж ирээд ороосон сонинд няц цохиулдаг. Тэглээ гээд бурханд бас бусдадаа гомдоллодоггүй. Боломж олдвол үр төлөө үлдээчих гэж л, хоол хайж явсан юм л даа. Бурхан, агуу ихтэй харьцуулах юм бол, бид ч гэсэн ялаа л гэсэн үг. Биднийг хэн юугаар няц цохидогыг мэдэхгүй ч, бид бас л нөгөө ялаа шиг амь амьдралаа залгуулах гэж зөвшөөрөлгүй хаалга зөндөө тогшдог.

Бусдыг буруутгаж, бусдад өөрийнхөө зовлон шаналалыг тохох нь биед амар ч, бусдыг ойлгодоггүй юмаа гэхэд өөрийгөө ойлгодог болчихвол амьдрахад нэн хялбар. Зовж болноо. Аль ч шашинд зовлонгын тухай л байдаг. Заримдаа ч зовж ханахгүй хүмүүнийг залилаж мэхлэхээ хэзээ болих юм бол, энэ шашинууд гэж зүхмээр.

Их хуралд нэр дэвшигч нар шиг, ээлж дараалаад л зовлонгоос салгана гэж зад “панаалдана”, зовлонт амьтдыг. Зовлонт амьтан энэ насандаа биш ирэх төрөлдөө жаргах гэж эцсийн зоосноосоо эгээрнэ. Эсвэл бурханы нэр барьсан буруу замын нөхдүүд замаас нь буян, өглөг, хишиг, хайрыг нь хулгайлаад, өөрсдөө гүзээлээд байна уу? Үр төл нялх амьтад өвчиндөө шаналж, эх нялхасын үүдний хүйтэн зааланд газар гудсан дээр дэмийртэлээ халуурч байхад, үүдний өрөө нь эмнэлгийн хурлын заал шиг үнэн “тансаг” лам ах нар таарах юм. Тэгээд намайг буян үйлд гэж шаардана.

Үгүй, урьд нь багш минь гэж бодож явсан бүхэн нас нэмж ухаан суухаар нэг л биш. Үхэхийнхээ өмнө бүгд ухаан суудаг гэх юм билээ. Аятайхан ажил, амьдрах гэр, албан тушаал ахидаггүй юмаа гэхэд архи уугаад байдаггүй авааль нөхөр байтугай аяга хоол ч олдохгүй өдөр хорвоод зөндөө бий, ирээдүйн ээж нар минь. Алтан ээмэг бөгжөөр арван хуруугаа “гавалж”, “шиншила”- гаа байг гэхэд шинэ оймс аваад өмсөх аргагүй үе ч таарна. Эсвэл үргэлж тийм ч байж болно. Тэглээ гээд амьдралыг харааж болохгүй, таслаж болохгүй.

Нэг явдал тохиолдсон юм, намайг жоохон байхад. Манайх Улаанхуаранд байдаг байлаа. Зэргэлдээ гудамжинд нэг навтгар хамартай ч нар шиг сайхан ааштай, хүүхэд бидэнд үргэлж “барианы” шилээр дүүрэн хүйтэн хар цай, хичнээн олуулаа байсан ч хоол хийж өгдөг, бас “цалингаа буухаар” заавал ч үгүй хатсан “яавлаг” авч өгдөг нэг эмгэн байх. Ер нь тэр хавийн бусад хөгшчүүл бол бидний “дайснууд”. Ориллоо гэнэ, усаа зөө гэнэ, битгий газар өнхөр гэнэ, дэлгүүр яв, дүүгээ хар. Үгүй бол балбуулна.

Харин тэр нэрийг нь ч санахгүй байгаа жижигхэн эмгэн хэзээ ч биднийг загнадаггүйсэн. Тэдний хашаа байшин бол хүүхэд бидний хувьд хориглолтын цайз.

- Чи тэр бузар эмгэнийд дахиж ороод үзээрэй.

Бидний өвөө эмээ, аав ээж ихэнхи нь чихдэж явахдаа ингэж үглэнэ. Учрыг нь мань мэт яахин ойлгохов. Нэг өдөр нөгөө эмгэний хашаанд Баяраа, Өөжий бид гурав “байлдаж” тоглож байтал, Баяраагийн эмээ тачиг начиг гэж хазганаж ирээд, усаа зөөсөнгүй, өмдөө урсан байна гээд баруун солгойгүй балбав. Баяраа ч нядлуулж байгаа ямаа шиг бархирах нь мэдээж. Уг нь өнөө жижигхэн эмгэн биднийг шийтгүүлж байхад чимээгүйхэн шиг хийж байгаа юмаа үргэлжлүүлээд л зогсдог юм. Сайн харвал уруул нь түргэн түргэн хөдлөөд яалт ч үгүй нэг юм бувтнаад байгаа нь мэдэгддэгсэн. Гэтэл тэр өдөр тэгсэнгүй. Үг дуугүй хүрч ирээд, Баяраагийн эмээгийн гараас бариад авав.
- Тавь, чи муу хар шулмас...
- Чи над шиг шулмас биш байгаа нь энэ муу нялх амьтны буян шүү...
- Үхэж хэвтнээ, чи. Чамаар заалгахгүй...Тавь чи...Үр хүүхдийн заяагүй муу хар шулмас чи битгий надад заах гээд бай...
- Харин тэгээд чи үр хүүхдээ битгий ингэж зовоогооч...
- Бузар эм чи дахиж бидний хүүхдүүдийг хашаандаа оруулаад үзээрэй.
- Тэгнээ, харин чи хүүхэд зодохоо боль...
Бов бор хүүхэн хараа нь захаасаа цагаарчихсан, зовхио яаж даадаг юм болоо гэж бодмоор тэр эмээгийн үрчийсэн нүд тэгэхэд байлдаантай кинон дээр эх орныхоо төлөө танкны өөдөөс ганц гранат бариад гүйж яваа цэрэг шиг л дүрэлзэж байж билээ.

Үнэндээ бид энэ ярианаас юу ч ойлгосонгүй. Баяраагийн эмээ ч амандаа нэг юм үглэж, хялам хялам хийсээр түүнийг чирээд одов. Харин Өөжий бид хоёр удаан тогловол Баяраатай адил хувь тавилан эдлэхээ зөн совингоороо “мэдэрч”, гэр гэрийн зүг гялсхийлээ. Түүнээс хойш тэр цэнхэр өнгөтэй цагаан өлзий хээтэй хашааний хаалга бидэнд дахиж онгойсонгүй. Зуны 3 сар дороо. Хичээл эхэлчихсэн байсан гээд бодохоор 9 сарын сүүлээр юм уу даа.
Лав тэр өдөр, яг л өнөөдрийн энэ дэлэгнэсэн уйлагнасан, үл мэдэг чийг ханхалсан, өчигдөрхөн мөчиртэйгээ амь нэг зууралдаж байсан навчнууд, цавуу нь салчихсан цаас шиг л хийсэн унах өглөө шиг байж билээ. “Цонхолсон” учир бөөнөөрөө гудам руугаа бархиралдан гүйлдэж байтал, тэдний хашаа цэлийтэл нээлттэй, манай тэр хавийн хүмүүс орж гараад л...
- Нөгөө эмгэн чинь үхчихэж...
Үхэл гэдгийг ч сайн ойлгохгүй хирнээ хэрэгт дурлаж үүдээр шагайлаа. Шавар нь энд тэндээ ховхорчихсон намхан байшин нэг л том өрөөтэй. Цэцэрлэгт явж үзээгүй мөртлөө цэцэрлэг л тийм байдаг байх гэж бодов. Төрөл бүрийн чихэр жимсний гоё гялгар том жижиг хайрцаг савнууд, хүүхэлдэй, модон морь, угсардаг шоо, бамбаруушнууд. Ханан дээр нь нямбай гэгч нь нимгэн даавуугаар бүтээсэн эмэгтэй хүүхдийн “палааж”, өмд цамц, өрөөсөн бойтог. Гэнэт чих халуу оргиод явчихлаа.
- Чи энд юу хийж байгаа юм. Хэрэгт дуртай моньд вэ?
Манай яг өөдөөс харсан хашааны Довчин өвгөний гарт миний баруун чих атгаастай. Татах тусам нь би өлмий дээрээ “балетлана”.
- Ёо ёо тавиач ээ, та намайг ингэх эрхгүй шүү...
- Бас олон үгтэй...
- Тавиач ээ, өөрийнхөө хүүхдийг зод...Таныг аавдаа хэлнэ дээ...
- Өө за талийгчийн хүмүүжүүлсэн шавь нарын нэг байх шив.
- Та нар яагаад энэ эмээд дургүй байдаг юм бэ?
- Зүй нь чамайг том хүний өөдөөс цор цор хийсэн гээд шийтгэх байсан юм хуна. Даанч ийм өдөр. Яв гэртээ харь. Ээждээ тусал.
Өөдгүй муу өвгөнийг зүхсээр өвдөх нь намдахгүй байгаа чихээ үрэн гэр лүүгээ гэлдэрлээ. Тэгээд ээждээ тусалсан. Гэхдээ би гайхаад л байлаа. Яагаад тэр олон тоглоомны эзэн тэнд байдаггүй байсан юм болоо гэж...
2009/09/25

Wednesday, September 23, 2009

ӨӨРИЙГӨӨ ҮРЭХГҮЙ АМЬДАРЦГААЯ

Хаашаа ч хамаагүй холбирч,
Тогтсон ч ажилгүй,
Тодорхой зорилгогүй,
Ажиллаад ч байгаа юм шиг
Үгүй ч юм шиг.
Бүтээгээд ч байгаа юм шиг,
Үгүй ч юм шиг.

Ингэж бодоод өөрийнхөө орон зайг дэнсэлж үзлээ. Миний орон зайг хэн ч юугаар ч нөхөж болох тийм газар олон санагдлаа. Тэгвэл би энд юу хийж байгаа билээ гэж бодогдлоо. Хариуд нь харин өнөөдөр бүтэн 1 цаг зарцуулж, бодлоо хувааалцсан нэг хүний үг санаанд орлоо. "Өөрийгөө битгий үр" гэж.
Тэгээд цааш нь бодлоо. Хаана миний орон зайг юугаар ч нөхөж болохгүй орчин байна вэ гэж. Харин тэнд өөрийгөө үрж дууссан ч харамсах зүйлгүй санагдав.

Sunday, September 20, 2009

АНХНЫ ЦАСНААР ТӨРСӨН БОДОЛ

Өчигдөрхөн нэг хүн надад “Хар даа мод ямар гоё шарлаа вэ, яг л уйлж байгаа юм шиг навчис нь унаад л, намар болж дээ” гэж хэлсэн юм. Навчис үнэхээр тансаг шар өнгөний хослол байлаа. Би "зураач байсан бол зурахгүй юу" гэж хариулж билээ. Гэтэл тэр тансаг шар навчис анхны цасыг хүлээж хамаг бүхнээрээ гэрэлтэж байсан нь тэр байжээ. Харин цас сэтгэл шиг цагаахан өнгөөрөө хорвоо дэлхийг тэр чигээр нь уяраан бүрхэв. Удаан эзгүй байсан цасыг хүн бүхэн үгүйлэн санаснаа гайхна. Эзгүй байх хооронд нь энэ хорвоод хүмүүний амьдралын жаргал зовлон ээлжлэн эргэлдсээр сайн муу бүхэн хуралдсаар зөндөөн их болжээ. Харин цас хар санаа, уур бухимдал, зовлон гунигийг юу ч үгүй угааж өгөхөөр улам хүчтэй будран орно.

Wednesday, September 16, 2009

ВИТИЛИГО

Витилиго өвчнийг хэрхэн анагаах талаар хүмүүстэй мэдээлэл солилцох үүднээс энэ зүйлийг бичиж байна. Бизнетворкоор танилцсан танилууд маань овоо мэдээлэл өгч байна. Харин энэ удаа миний блогийг уншдаг нөхдөөсөө мэдээлэл солилцох тусламж хүсэж байна.
Би хүүгээ монголд байгаа бүх л эмнэлэгүүд, эмч домч нарт үзүүлсэн. Тэгээд түрх гэсэн болгоныг нь л түрхсэн. Янз бүрийн тоснууд, мелагинин гээд эхийн эхсээс гаргасан бүтээгдэхүүн, цөцгий, билүүний баас,бас нэг хятад эмчид үзүүлээд ургамлын ханд авч түрхсэн. Цус төлжүүлэх юмнууд хэрэглэсэн. Зөндөөн мөнгө зарсан. Ямар ч үр дүн гараагүй. Тэгээд дараа нь цуглуулсан мэдээллүүддээ үндэслээд өөрөө эмчилж эхэлсэн.

Tuesday, September 8, 2009

ЖИНГИЙН ЦУВАА

ЖИНГИЙН ЦУВАА

Жингийн цуваа гүвээ даваад одлоо

Жирэм сүлжиж суугаа бүсгүйн нүд нулимастай

Үүлс зангирсан нутгийн тэнгэр ууртайхан

Үүрээ орхиод ниссэн тогрууны дэгдээхий уйтайхан

Сүүгэл хөх манан гуниг даалгүй сарниж

Сүүдэрт талын чулуу нулимс даалгүй бутрав

Салхи бүдчиж үүлс уруудаад

Сарнайн дэлбээ хумичихав аа

Бодолгүйхэн хайраа харамлаа нь үгүй өгсөн

Ботгон нүдэт Сүндэрьяа гэрээ санаад явчихав

Өвөр арын модны болсон жимсээр дүүргэсэн

Үйсэн гэртэй бортогыг минь авахаа мартаад буцчихав

Буугаад мордох тавиланг өрөвдөө нь үгүй ширвэсэн

Буянд цадаагүй орчлонг аргадаж нэг дуулахаас даа

Сүүмэн сүүмэн буцсан жингийн тэр л цуваанд

Сүүтэн сүүтэн буусан гунигаа дайгаад явуулахаас даа.

Б.Ичинхорлоо

Saturday, August 22, 2009

Хүний орчлон хөлгүй далай шиг уужим.
Алдаж оносон минь тоймгүй олон ч
Алхам бүрийг минь хэмжих дэнс үгүй
Дэнслээд өгөе хэмээн хэн нэгэн гуйсан ч
Дэндүү сэхүүн занг минь давах нь үгүй.
Алдсан оносон минь хэнд ч хамаагүй хорвоод
Амьдралын түмэн нугачаанд
унаж босож мацсаар
Агуу их Маргааш өөд зүтгэнэ.



Sunday, August 9, 2009

ХҮҮДЭЭ


Гурван нас ч хүрээгүй нялх амьтан чамайгаа
Гулдарч чирсээр Гандангийн дэнж рүү өгслөө
Бурханы зүг өөд хүн өөрөө явж очдог шүү, үр минь
Бусад замынх нь чулууг ээж нь насан туршдаа түүнээ...

Ц.Хулан

Wednesday, July 29, 2009

ЖУЛИЯГИЙН НУЛИМС



Би Хөөрхий муу эрх Жулиягаа арай л дэндүүлчих шиг боллоо. Манайхан бүгд лагерьт гараад би Жулияг өдөрт ганцааранг нь орхихгүй гээд ээжийнд аваачаад тавьчихсан юм. Гэтэл орхиод явсан орой үүднээс салахгүй хэвтээд байна гэж дуулдаж байсан юм. Тэр ерөөсөө дэндүү эрх нохой, жаахан хал үзэг гээд бид тоохгүй байсныг яана гээч. Гэтэл 7 хоног гайгүй байж байснаа өчигдөр орой /10 дахь хоног/ ээж гэнэтхэн “Нохой чинь ширээн доогуур уйлаад хэвтээд байна. Хоол ч идэхгүй байна” гэсэн мессеж ирүүлдэг байгаа.

Monday, July 27, 2009

НАВЧСЫН СЭРЧИГНЭЭН ЮУ ӨГҮҮЛЭВ

Ойн цоорхойд энэ тэрхэн зүйлийг эргэцүүлэн хэвтэхэд
Моддын чөлөөгөөр тэнгэр шагайж, бодлыг минь тольдоно.

Навчсын сэрчигнээн найрал хөгжим мэт уянгатай.
Намайг,
Бас энэд байгаа бүх хүмүүсийг уяраан аргадаж,
Сэтгэлийг минь хөглөх шиг.

Тэр гайхамшигт чимээг эс сонсвол эдгээр модод дэндүү дүнсгэр,
Дэндүү уйтгартай.

Навчсын сэрчигнэх чимээг сайн чагнавал өөр өөрийн гэсэн өнгө аястай л байгаа даа. Мод бүхэн сонин түүхтэй, мөчир бүхэн навч бүхэн өөрийн гэсэн хөг аялгуутай байгаа даа. Энэ модод хэдэн жил болсон бол. Хөөрхий энэ моддыг хэн ч сонсдоггүй болов уу эсвэл өөрсдөө хоорондоо бас сэтгэл санаагаа хуваалцдаг болов уу. Тэр нь бидэнд даанч нууц юм даа.

Хүн гэдэг амьтан дотоод сэтгэлээ илэрхийлж, бие биенээ ойлгож, баяр хөөр, зовлон гунигаа хуваалцаж чаддаг нь юутай их аз заяа вэ хэмээн бодсоор би унтахаар шийдлээ. Модод зүүдэнд минь нууцаа дэлгэхгүй байгаа даа гэж найдсандаа тэр шүү дээ...

Унтаж сэрээд зүүдээ санахыг хичээлээ. Модод зүүдэнд минь салхины тухай өгүүлсэн байлаа...

Өөр бас зөндөөн нууцаасаа модод надад ярьсаан...

Тэр тухай дахин дахин бодож үзлээ. Гэтэл тэр бүхнийг батлах гэсэн мэт яг миний дэргэд нэг содон ургасан мод байх юм. Тэр мод ганцаараа ганцхан талдаа мөчиртэй нөгөө талдаа юу ч үгүй. Яагаад ийм сонин байгаа юм бол. Наран зүгт тэмүүлж мөчирүүд нь ургаж дээ гэж бодтол бусад моднууд зүв зүгээр байлаа.

Tuesday, June 30, 2009

ЭХ ШУВУУНЫ ТАВИЛАН


Шувууд нутгаа зорин нисэж явна.

Үдлэхээр буусан нэгэн нууранд

Өвчинд шаналсан бяцхан дэгдээхий хоцров.

Үрээ орхиж чадалгүй эх нь бас үлдэв.

Дагаад нисэж чадахгүй ижил нөхдийнхөө араас

Даллан далласаар хоцров.

Хүсэл бүхэн биелдэггүй хэмээн

Хүний нутгийн нууранд уйлж дуулж үлдэв.

Харин тэр нуурынхан

Xалуун сэтгэлээр угтав.

Хөөрхий дэгдээхийгээ өргөж

Харийн нутагт дассан ч

Шувуудын хамт түүний сэтгэл

Нисэн одсон байлаа.

Saturday, June 27, 2009

Бүх бүсгүйчүүддээ

Бүх бүсгүйчүүддээ
Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг

Цааш нь эндээс уншаарай.
http://www.yumchmaa.blogspot.com

ҮНЭН

Үнэн ямагт тодорхой байдаг. Байнга давтагддагч үнэн үнэнээрээ л үлддэг.
ҮНЭН гоёж чимсэн ХУДАЛ-аас сайхан байдаг. Өөрөөр хэлбэл ҮНЭН гэдэг гоёж чимээгүй бодит байдал юм. Юуг ч гоёж чимж болох боловч түүний мөн чанарыг өөрчилвөл ХУДАЛ болно. Ингээд бодохоор хамгийн энгийн зүйлд ч агуу их үнэн оршдог. Хамгийн сэтгэл татам, хамгийн их баяр баясгалан авчирдаг зүйл бол ҮНЭН юм.
Худал үгс сэтгэл гонсойлгож, гуниг зовлон авчирдаг бол ҮНЭН үгс амттай ч бай, гашуун ч бай СЭТГЭЛ ТАТАЖ чаддаг. Тиймээс би үнэнд дуртай. Өөрийгөө хамгаалах гэж ҮНЭН-ийг гуйвуулдаг өчүүхэн хүмүүст харин би дургүй.

Friday, June 26, 2009

ХАУС ДИЗАЙН

За бүгдээрээ энд тансаг сууц, сайхан байшин, хаус дизайны талаар ярилцая. Уул ус, гол, байгалийн сайхан харагдсан цэлгэр том цонхтой, гаднаа гое цэцэрлэгтэй, бассейнтай сэтгэл татам сайхан байшингийн тухай. Бас шинээр байшин барих арга технологууд, мэргэжлийн байгууллагууд монголд байгаа хамгийн тансаг сууцнуудын тухай, түүнийг хэрхэн бүтээх тухай.


Зургийг http://www.look4design.co.uk





Thursday, June 25, 2009

Хорвоо хэмээх нарийн жигнүүрийн
Хоёр таваг тэнцүүхэн байлаа
Хоёр тавгийн нэгэн дээр нь
Хонгор чинийхээ зүрхийг тавилаа.
Өөнтөгч хорвоогийн дэнсний нуруу
Өвсний толгой шиг бөхийгөөд явчлаа.
Өөрийнхөө зүрхийг тэнцүүлье гэтэл
Өр зүрх минь өөр хэн нэгэнд оджээ.
Дээшээ өргөгдсөн
Дэнсний таваг дээр би зогслоо.
Дэвтэр харандаа, алдар нэр, эд хөрөнгөө
Дэлгэж тавиад ч дийлсэнгүй.
Хэрвээ чинийхээ сэтгэл зүрхийг ойлгохгүй бол
Хэзээ ч би ийм л хөнгөн явах нь дээ.
/Р.Чойном/

Tuesday, June 16, 2009

ВИТИЛИГО- АРЬС ЦАЙРАХ ӨВЧНИЙГ ХЭРХЭН АНАГААХ ВЭ


Витилиго (vitiligo) - энэ бол хамгийн бага судлагдсан бөгөөд эмчлэхэд бэрх өвчнүүдийн нэг юм. Энэ өвчин хэдэн ч насанд тохиолдож болох бөгөөд арьсны фигментүүд үгүй больсноос цагаан толбонууд үүсэж, улмаар эдгэрэхгүй байх тохиолдол их гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар дэлхийн хүн амын 1 хувь нь өвчилсөн байна. Нийт арьсны өвчнөөр өвчилөгсдийн дунд витилиготой хүн 4 хувийг эзэлж байна. Сүүлийн үед залуучууд, бага насны хүүхдүүд өвчилөх нь ихсэж байна. Тэр бүү хэл шинээр төрж буй хүүхдүүд ч ийм өвчтэй гарах тохиолдлууд гарч байна. Залуусаа ийм өвчтэй байгаад эдгэрчихсэн хүмүүс байвал яаж эмчилсэн, юу хэрэглэсэн талаар мэдээлэл өгч тусална уу. САЙХАН СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ТОС гэдэг дээ.
Та бүхэн энэ талаарх мэдээллээ доорх хаягаар ирүүлээрэй. Баярлалаа.

bujidmaa@academy.org.mn, bujidmaa_ts@yahoo.com,

Thursday, June 11, 2009

ЦАГААН ИДЭЭ -ЭРҮҮЛ ХҮНС

Монголчууд бид одоо газар доорх баялаг руугаа хошуураад малынхаа ашиг шимийг хэрхэн яаж үр бүтээлтэй ашиглах талаар тун бага анхаарч байна даа. Идсэн уусан болгон маань хор болж мэдэх одоо үед хамгийн эрүүл, аюулгүй хүнс бол зөв боловсруулсан сүү цагаан идээ л байна даа. Цагаан идээгээ бидний бас хүүхдүүдийн маань идээд байдаг чихэр шокаладнаас дутахгүйгээр янз бүрийн хэлбэр дүрс, амт оруулаад, савлаад гое гое зүйл хийвэл бид чихэр цүнхэлж явахын оронд ааруул ээзгийгээ цүнхлээд л, чихэр хүлхэж кино суухын оронд ааруул ээзгийгээ идээд л ... Харамсалтай нь сүүлийн үед үйлдвэрүүдийн сүү бүгд хуурай сүү, хөдөөнөөс ирж байгаа сүүнүүд хүртэл итгэхэд хэцүү болоод байдаг. Сүүгээ гашилгахгүй гээд манайхан меламин зэрэг янз бүрийн бодис нэмдэг болсон гэсэн шүү. Тийм сүүнүүд уухад ер сүү амтагддаггүй юм. Нээрээ та нар яг дэлэнгээс нь саалгаад хөөрүүлээд уугаад үзээрэй шал өөр амттай. Би хүүхдүүддээ өнгөрсөн өвөл хэрэг болгож хөрөнгө зараад хөдөө байдаг найздаа захиад, өвөлжингөө уух сүү хөлдөөгөөд авчруулсан чинь манай хүүхдүүд энэ чинь сүү биш байна гээд уугаагүй. Тэгээд цай сүлж дуусгасан. Бас ээждээ цагаан сараар өгсөн. Цааш нь унших www.biznetwork.mn/profile/bujidmaa
Сүүнээс юу гаргаж болох вэ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

Wednesday, May 20, 2009

ҮНЭН

Гоёж чимэглэж, уран цэцэн үгээр ярих нь заримдаа үнэнийг гуйвуулах нэг арга болдог. Харин үнэнийг хэлэхэд хэдхэн үг л хангалттай.

ҮНЭН

Эрт урьд цагт бурхан хүнийг бүтээгээд би чамд ухаан гэж ганц үнэт зүйл өгнө түүнийгээ хэрхэн үнэт зүйл болгох нь чамаас өөрөөс чинь шалтгаална гэж л дээ. Тэгсэн хүн асууж байна. Тэгээд яаж би түүнийг үнэт зүйл болгох юм бэ гэж. Бурхан хариуд нь: "Үхтлээ дурла. Өдөр шөнөгүй түүнд тэмүүл, ямар ч үнээр хамаагүй түүнийг олохын тулд, олсноо алдахгүйн тулд ухаан чамд заяав" гэжээ. Тэгсэн хүн дахиад л асууж байна Хэнд дурлаж, хэнд тэмүүлэх хэнийг алдахгүй байх ёстой гэж гэсэнд бурхан ҮНЭН гэж хариулжээ. Тиймээ ухааны үнэт чанар нь үнэнд дурлахад байдаг.

Friday, May 1, 2009

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

Мөрөөдөл биелдэг гэж үнэн шүү сүүлийн үед сайхан машин мөрөөдсөөр байдаг өөр гое машинтай болчихсон шүү. ЯГ ӨЧИГДӨР. Тэгж байгаад зургийг нь тавина аа.

Sunday, April 5, 2009

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

Багш хэмээх сайхан мэргэжил эзэмшээд энэ ажилдаа сэтгэл зүрхээ алдчихсан юмдаг.
Дуртай ажил маань болохоор дандаа л илүү шинийг бодож, сэдэж, хэрэгжүүлэхийг хичээж, түүнийхээ хирээр хөгжиж, хөөрч баярлаж, эрч хүч авч байдаг. Гэвч нэг зүйлийг өөрөө ч мөрөөдөж, оюутнууддаа ч олон удаа амласан ч нэг л болж өгдөггүй байлаа. Гэтэл жижигхэн ч гэсэн тэр мөрөөдлөө өчигдөр биелүүлсэн шүү. Бид Зайсан толгой дээр гарч хичээллэсэн... Гое байгаа биз. Цаг агаар сайхан тэгээд ч амралтын өдөр байсан болохоор хүн их байлаа.

Зайсан толгой дээр алхаж гарах гэж хирэндээ хөөрхөн зам туулж,багаахан ядраад авсан шүү. Оргилд хүрэх амаргүйэээээээ гэж.
ХАРИН ЗАЙСАНГИЙН ОРОЙ ДЭЭР САЛХИТАЙ БАЙЛАА.
Тэр бүр хараад байдаггүй их хотын зүг хараа чилээж хэсэг зогсоод сууж ярилцах нөмөртэй газрын эрэлд гарлаа. Нэг их хол хайсангүй. Дөнгөж зүүн урьд зүгт нь уруудаад маш сайхан нөмөртэй газар олж, хичээлээ явуулсан юм.
Зайсан толгойн эргэн тойронд баригдсан шинэхэн барилга байшингууд, уулын оройд хүртэл хашиж барьсан хашаанууд Төрийн албаны ёс зүй хичээлийн хүрээнд АВЛИГА-ын тухай ярилцахад сайхан мотиваци болсон. Оюутнуудад маань ч таалагдсан байх.

Харин миний хувьд жижигхэн ч гэсэн бас нэгэн мөрөөдлөө биелүүлсэндээ баярлаж, өөр бас олон олон хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл нэмэгдсэн юм даа. ТИЙМ ЭЭ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ.

Миний блогийг байнга уншиж, шинэ зүйл нэхэж, хүлээж байдаг фенүүддээ хэлэхэд таны ч бас мөрөөдөл удахгүй биелэх болно. Жаахан л хичээгээд үзээрэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлсний чинь дараа дахин өөр сайхан зүйл таныг хүлээж байна. Нээрээ шүү харж л байгаарай.

Thursday, April 2, 2009

МӨРӨӨДЛӨӨ БҮҮ МАРТ

Мөрөөд хүмүүс минь мөрөөд
Мөрөөдсөнөө авахаар тэмүүл
Бэрхшээл зовлон тохиогоод
Бага зэрэг хазайсан ч
Сайхан Мөрөөдлөө битгий март
Сонгосон замаасаа бүү ухар...

Өнөө биш ч маргааш биелнэ хүсэл чинь
Өөдрөг мөрөөдлөө нандигнан хадгал

Зорилгоо бүү умарт хүмүүсээ
Зовлон жаргалын алинд ч
Сэхээрч ухаарсан нандин бүхнээ
Сэтгэлийнхээ мухарт нандигнан хадгал

Wednesday, March 4, 2009

ДУУЧ ШУВУУ

Дууч шувуу эрх дураараа. . . Уран яруу хоолойгоор дуулан дуулсаар. Дуулсаар л...

Өөрийнх нь дуунд хорвоо дэлхий тэр чигээрээ, хөх тэнгэр, түг түмэн одод хүртэл уярахыг хараад туйлын ихээр баясна. Сайхан хоолой нь улам уянгатай эгшиглэнэ.

Дууч шувуу Эрх чөлөөг эрхэмлэнэ.
Хүний эрхэнд жаргахаар
Өөрийн эрхээр зовохыг илүүд үзнэ...
Delete
Blogger

Tuesday, February 24, 2009

САР ШИНИЙН МЭНД

XVII жарны Харшлалт хэмээх шороон үхэр жилийн өлзий учрал бүрдэж, утга чанар цогцолсон Сар шинийн халуун дотно мэндчилгээг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Ургаж байгаа жилдээ ажил үйлс тань өөдрөг, амжилт бүтээлээр арвин, айл хотлоороо дүүрэн баяртай, төвшин жаргалтай явахын билэгт ерөөлийг талбиж, эвийн сэтгэлээр дүүрэн сайхан шинэлээрэй хэмээн eruue.