Tuesday, August 2, 2011

Ажилаа дуусахаар намайг хайрлаарай

 
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй бяцхан хүү баярлан:
- Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?
- Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?
Ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гараад эхлэхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ.
Ээж нь утсаа хаалаа. Гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэхэд хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган
- Ээжээ туслах уу? гэхэд ээж нь их л нухацтай харснаа
- За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа.
Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа
- Миний хонгор үр ямар их ядраа вэ. Амтат сайхан зүүд зүүдлээрэй гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарснаа хэлэхдээ ийм уцаартай хэлж байгаа юм бол?
- Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн.
- Нам унтаж л байвал тэр амтат зүүд ч яамай. Ядарч үхлээ.
- Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ л би танд тус...
- Заза дараа ярья. Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. Миний хүү явж тогло.
-Ээжээ та ядарсан гээ биз дээ.
- Тэгээд?
- Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчихлаа.
- Тэгээд яах вэ?
- Мэдэхгүй.
Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж:
- Одоо лаа хаанаас олноо гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв. Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байснаа санан ханан дээр тусах гэрэлд эмээгээ дууриан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж, хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойронд дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.
Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа. Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх данс, тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг
- Ээжээ, ажлаа дуусахаар намайг хайрлаарай за? гэв
Өөрийгөө хайрлуулахын тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.

Эх сурвалж: http://www.factnews.mn/news/view/index/id/6075
Инфо сэтгүүлээс

Wednesday, July 27, 2011

АМЖИЛТАНД ХҮРЭХ ФИЛОСОФИ

Үргэлжлэл:
За тэгээд АМЖИЛТ, БОЛОМЖИЙН хаалганы өмнө зогсож байгаагаа зарим хүн мэддэггүй. Харин зарим маань тэр хаалганы бариул руу гараа явуулж ч чаддаггүй. Гэтэл бас зарим нь хаалганы бариулаас атгачихаад цаана нь юу байгаа бол гэж айсандаа ч юм уу, эсвэл зүгээр л хүсэхгүйдээ ч юм уу, таг болчихдог. Цаг хугацаа яваад л байдаг... ингэж л хүн боломжийг алддаг юм даа. Бас нэг асуудал байна аа. Би эндээ сайхан л амьдарч байна. Хаалганы цаана юу ч байсан надад хамаагүй. Болж л байна. Үүнээс илүү яахын... гэх бодол хүнийг хөгжил, хөдөлгөөнгүй болгож нүдийг нь хааж орхино. Тэгэхээр хүн үргэлж өөрчлөлт, хөгжил хөдөлгөөн, илүү сайн сайхан зүйлийн төлөө хүсэж тэмүүлж, хөдөлмөрлөж, бүтээж байх ёстой юм. Хүн эцэг эхийнхээ ачийг хэзээ ч юугаарч хариулж чаддаггүйтэй адил ертөнцөд бидний хийх ёстой сайн үйл, бүтээх ёстой бүхэн хэзээ ч дуусашгүй.

АМЖИЛТАНД ХҮРЭХ ФИЛОСОФИ

Амжилтанд хүрэх философи гээд олон арван боть ном бичиж болно. Энэ талаар хэвлэгдсэн зүйлүүд ч олон л байдаг. Гэвч эдгээрээс чухам хамгийн гол зүйл нь юу юм бол. Eр нь бол хүн  ямар нэгэн зүйлийг хийж чадна гэж итгэж л байгаа бол түүнийхээ төлөө өнөөдөр боломжтой байгаа өөр бусад зүйлийг ч  зоригтой хийх ёстой байх л даа. Тун энгийнээр тайлбарлавал нэг зүйлийг хийж чадсан юм чинь нөгөөг яагаад чадахгүй гэж гэх итгэл төрж тэр итгэл биднийг амжилтын замаар хөтлөнө. Ингэхдээ бас жижиг зүйлээс биш томхон зүйлийг барьж аваад зоригтой эхлэх хэрэгтэй болов уу. Иймийн тулд зориг, тэвчээр хоёр л чухал даа. За тэгээд үүний цаана  өнөөдөр маргаашийг чинь утга учиртай болгож байгаа энгийн бөгөөд жижиг зүйлүүдийг бас мартаж болохгүй. Агуу зүйл гэдэг чухамдаа энгийн зүйлүүдийн нийлбэр байдаг.... Амжилтанд хүрэхээр тэмүүлж буй хүнийг шинэ санаа сүүдэр шиг дагаж байх ёстой. Хэрвээ  ямар нэгэн шинэ санаа төрөхгүй амьдралын зорилго, төлөвлөгөөнүүд чинь бодогдохгүй байвал өөрийгөө хамгийн арчаагүй нэгэнд тооцож болно. Заримдаа бид тийм байдалд орчихдог шүү дээ. Харин шинэ санаа болон янз бүрийн төлөвлөгөөнүүд ар араасаа ундарч, түүнийгээ төсөөлөн бодож мөрөөдөж тэмүүлж байвал бидэнд АМЖИЛТ, БОЛОМЖ-ийн үүд хаалга өмнө минь байна гэсэн үг юм.

Tuesday, July 26, 2011

УЙТГАР ГУНИГИЙН ТУХАЙД

Өчигдөрхөн нэг найз маань надаас чи гуниглахаараа яадаг вэ гэж асуулаа. Би бодож үзээд eр олсонгүй. Гэхдээ уйтгарлаж гуних үe таарахад нээрээ инээгээд байдаг юм шиг санагдлаа. "Инээж туулъя энэхэн гунигийг...." гэж дуулдаг шиг. Эсвэл би гунигт автдаггүй нэгэн юм болов уу.  Үгүй дээ. Хүн л юм чинь гуниг зовлон таарч л таараа даа.  Харин М.Монтенийн хэлснээр би түүнд дургүй бололтой. Нөгөө талаар уйтгар гунигаа илэрхийлэх аргаа өөрөөр сонгодог нь тэр юм шиг байна л даа.  Eр нь бол өнгөрсөндөө харамсаж уйтгарлаж суухын оронд өөдрөг маргааш руу л тэмүүлэх нь чухал даа хэрэв ЧАДДАГ БОЛ.

Уйтгар гунигийн талаар Монтeнь "Хэдийгээр бүхий л eртөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч би түүнд дургүй. ... Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ" гэсэн байдаг.

Eгипдийн хаан Псаммeнит дайнд ялагдаж Пeрсийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа олзлогдож, боолын хувцас өмссөн  охиноо, цаазлуулахаар цаазын тавцан руу яваа хүүгээ хараад нэг ч үг дуугаралгүй газар гөлөрч зогсжээ. Харин дараа нь олзлогдсон шадар албатуудаа хараад гүнээ эмгэнэж орь дуу тавьсан гэдэг. /Г.Аюурзана. Шинэ үeийн номын сан. Монтeнь Сонгомол эсээнүүд х.19/  Псаммeнит дараа нь энэ тухайгаа "Сүүлчийн энэ харуусал бол нулимс болж илрэхүйц байснаас тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй" гэж тайлбарласан гэдэг.

Wednesday, July 20, 2011


 
Орц: 500гр үхрийн цул мах
Амтлах:
2 амны халбага цуу, 1 цайны халбага давс. 1 амны халбага сахар. 1 амны халбага эрдэнэшишийн цардуул. 1 ш өндөг

Соусанд:

2 амны халбага цуу. 1  халбага жан. 1 стакан ус, давс, хар перец, 1 амны халбага эрдэнэшишийн цардуулыг 2 амны халбага устай холисон бэлдмэл

Хийх арга:
1. Амтлагч орцуудыг холиод сайтар нийцүүлэн, хэрчиж бэлтгэсэн махаа нэмээд хамгийн багадаа гурван цаг амтлагч бэлдмэлд байлгана.
2. Махаа шүүж гаргаад тосгүй шанаган тогоонд хийн бүх талыг нь борлотол шарна.
3. Соусны бүх орцыг нэмээд цардуул өтгөртөл буцалгаад тавгалаж тавина.
Эх сурвалж:  www.bolod.mn

Saturday, July 2, 2011

Гоо узэсгэлэнтэй ухаалаг бусгуйчууд

Ингэхэд эрчүүд ухаантай эмэгтэй чүүдэд хэрхэн ханддаг юм бол? Тэд ухаалаг эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөөрөө л хүлээж авдаг. Ухаалаг, дээр нь царайлаг бол эрчүүдийн сонирхлыг татаж чаддаг. Харин ухаалаг хэрнээ гадаад үзэмж тааруу бол бас л асуудал гардаг байна. Мэдээж хэрэг эр хүн болсон хойно эмэгтэй хүний гоо үзэмжийг харах нь дамжиггүй юм. Дашрамд хэлэхэд ямар ч эр хүн нүдээрээ дурладаг нь үнэний ортой гэнэ шүү. Гэхдээ эмэгтэй хүн байгалиас гоо үзэсгэлэнтэй, ухаалаг байдлыг нэгэн зэрэг өвлөж төрсөн бол хувийн амьдрал нь тийм ч амар байдаггүй бололтой. Иймд юуны өмнө нэр томьёоны асуудлын учрыг олох гэж оролдоорой.
Тэгвэл ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Үүнд: эхний ээлжинд энэ тодорхойлолтыг эрчүүд өөрсдөө өгдөг. Харин эрчүүдийн нэг хэсэг нь  тэднийг маш их өргөн сонирхолтой, бүхнийг мэддэг, бас чаддаг, юмыг дүгнэн шинжих ухааныг сайтар эзэмшсэн, биеэ даасан, бодит байдлын сайн муу талыг мэддэг, олон хүнтэй харьцаж чаддаг, албан тушаалд ч  гэсэн  үргэлжид  амжилт гаргадаг нэгэн гэж үздэг бол нөгөө нэг хэсэг нь тэвчээртэй, ямар нэгэн таагүй харьцааны үед буулт хийж өгөхдөө амархан, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, дурын сэдвээр чөлөөтэй ярьдаг, өөрийн эр хүний сайн талыг дээд зэргээр үнэлж чаддаг хэмээн үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг "төмөр хатагтай" хэмээн нэрлэдэг тал бий. Тэднийг хайрлахаасаа илүүтэйгээр хүндлэх нь их байдаг.
Ухаантай байлаа гэдэг чинь муу хэрэг биш шүү дээ. Заримдаа эрчүүд хэт ухаантай бүсгүйчүүдээс айдаг. Тиймээс бүсгүй танд гэж хэлэхэд өөрийн хайртай, таалагдсан залуугаа айлгахгүйн тулд ухаалаг зан чанараа үргэлж биш ч гэлээ цагийг нь олж гаргах нь илүү тохиромжтой байдаг.
Дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад, Чингисийн үед эмэгтэй хүний "хатан ухаан" төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан гэдэг шүү.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Tuesday, June 21, 2011

ТАГТАА

Өчигдөр орой тэнгэр бүрхэж ширүүн бороо цутгасан уйтгартай орой байлаа. Гэнэтхэн цонхоор нэг тагтаа нисээд ороод ирэх юм. Харвал хар хөх өнгийн мөнгөлөг сортой далавчтай, цагаан хошуутай хөөрхөн тагтаа байлаа. Тэгж байгаад буцаад нисээд гарчих байхдаа гэж бодож байтал өнөөх тагтаа шууд над руу чиглэж нисэж ирээд толгой дээр минь нэг бууснаа намайг айгаад хашгирч үргээснээс болсон уу сандран гэр дотуур нисээд өрөөний буланд очоод суучихсан. Хөөрхий дөө яагаад манай гэрт ороод ирж байгаа юм болдоо, тэнгэрийн илч юм байлгүй дээ гэж ээж маань билэгшээнэ.
Өнөөх тагтаа миний өрөөний үүдэнд ирээд суучихлаа. Би нисэхээр нь айгаад ойртож чадахгүй байлаа. Будаа цацаж өглөө идсэнгүй. Тэгтэл бүүр өрөөнд минь ороод ирлээ. Би айгаад л байх юм. Яагаад юм бол ядаж байхад манай гэрийн бүх эрэгтэйчүүд ийшээ тийшээ явчихсан байдаг.  Тэгж тэгж зориглоод ванны алчуур дээрээс нь хаяж байгаад барьж авахаар шийдлээ. Бас л чадсангүй. Тагтаа миний өрөөнд эсвэл миний өрөөний үүдэнд суусаар би компьютер асааж жаал дуу сонсож суулаа. Бас тагтаа тэжээдэг хүний тухай уншлаа. Тэжээж болох л юм байна даа гэж бодлоо. Тэгж байтал дүү минь ирээд өнөөх тагтааг барьж аваад фалкон дээр гараад нисгэх гэсэн  боловч алган дээр нь суугаад л байлаа. Ниссэнгүй ээ. Ээж албадаж битгий гарга аа хөөрхий амьтан нисэхгүй бол оруулаад ир байж л байг гээд л. Ингээд тагтаа манайд хонолоо.  Өглөө босоод харин хүчээр цонхон дээр гаргасан даа. Хөөрхий эрх дураараа нисэж яваг дээ. Би хараад л байлаа. Хэзээ явах нь вэ гээд  Нилээд удаан байж байгаад нэг харсан явчихсан байна лээ. Хөөгөөд явуулчихлаа гэж гомдсон болов уу . Арай үгүй байлгүй дээ. Дуртайяа нисэн одсон биз. Харин би өрөө гагргачихаад  нисээд явчихаар нь гомдмоор ч юм шиг санагдлаа. Тэгсэн чинь тагтаа айлд орж ирэх их сайн байдаг гэнээ. Хэн нэгэн сайн хүн ирэхийн дохио гэнэ ээ. Нээрээ ч ээжийн хэлдгээр тэнгэрийн элч ирсэн юм болов уу.    

Friday, June 17, 2011

СЭТГЭЛДЭЭ ДУУЛЪЯ

Дөлгөөхөн нүдийг чинь бодохоор би 
Дэргэд чинь байхыг хүсдэг дээ
Дураар болдоггүй хорвоодоо 
Дуулж л дуулж л явъя даа хоеулаа
Ярихыг чинь сонсоод суухдаа
Яагаад сэтгэл  дэнслэнэ вэ
Янагхан зангий чинь санахаараа
Яагаад яагаад зүрх догдлоно вэ
 
Зүрх зүрхээ  бэдрэн догдолсон
Зүүд зүүдэндээ жаргалтай
Зөнгөөр учирсан чамайгаа
Замлин хорвоодоо дуулж л явья даа
Санаад л санаад л байх юм даа
Цэрвүүхэн зүүд шиг өдрүүдээ
Салахын жолоогүй энэ хайраа
Сэтгэлдээ сэтгэлдээ дээдэлж  явъя даа
Дүүрэн бодолгүй хорвоодоо
Дандаа оройтож байя даа
Дэндүү дассан дүрийг чинь
Дуундаа  дуундаа дурсаж явья даа
Салж л чадахгүй энэ хайраа
Сэтгэлдээ сэтгэлдээ дуулж л явъя даа

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-11


Бурхан Уран шувуунд дурлаад энэ хайрандаа үнэнч хэвээр хэдэн зуун жилийг үдсэн ч Уран шувуу зөвхөн Амьдралд л хайртай хэвээрээ. Тэгээд Бурхан нэг өдөр Уран шувуунаас асуужээ.  Яагаад,  Яагаад чи Амьдралд ийм хайртай байдаг юм бэ гэсэнд Уран шувуу:
Энд маш олон хариулт байна даа.  Амьдрал бид хоёрын хайр хичнээн урт удаан  үргэлжилж байгаа ч би Амьдралаас уйддаггүй.  Амьдралд би үргэлж хайртай байдаг.  Яагаад гэвэл  Амьдрал надад жаргал ч бай зовлон ч бай  миний л амсах эдлэх, туулах ёстой тэр зүйлүүдийг өгдөг. Тэр нь надад  үргэлж ухаарал, тэсвэр тэвчээр,  жаргал, баяр бэлэглэдэг.  Тэдгээрийн дотор ахиад л, бас дахиад л, бүр улам бүр эрч хүч, урам зориг өгдөг, баяр баясал төрүүлдэг нандин сайхан учрал тохиолууд олон байдаг учир АМЬДРАЛД би хайртай байдаг юм даа гэж хариулжээ.

Thursday, June 16, 2011

ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХ ЮМСАН

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад . . .
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан . . . 

Ц.Хулан. 

Sunday, June 12, 2011

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч сэтгэлийн чинь нөмөрт дулаацна

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа л дулаацсан
Амьдралын салхи бодлыг чинь дүйсэн ч
Алдарч үзээгүй итгэл хөглөсөн
Хатуу бүхнээс халгаж бүдэрэхэд
Хайраараа аргадан намайг чи тоссон

Амьдралаас юунд ихийг хүсээ вэ 
Аз жаргал ойрхон л байж дээ
Тэгтлээ их хайсан тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ

Хорвоогоос юунд ихийг хүсээ вэ
Хүсэл мөрөөдөл ойрхон л байж дээ
Дэндүү их хайсан тэр аз жаргалынхаа
Дэргэд нь би өөрөө ямар их төөрөө вэ

Wednesday, June 8, 2011

ААВДАА ХЭЛЭХ ҮГ

Хонгорхон бүсгүйчүүд, энхрий бяцхан үрсийн насан туршийн жаргал, зовлонгийн шидэт дохиурыг атгасан  хорвоогийн бүх ААВУУДАД зориулав. 


Харуусал дагуулж зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг минь та байтлаа
Хундагахан дарсанд хувь заяагаа даатгуулан
Хөөрхий ээжийн минь нулимсыг барж суухад
Амь болсон сэтгэл минь дотуураа хичнээн нурсанч  
Алга дарамхан зүрхэнд минь Та, бурхан болж төрдөг шүү.  
Алдаа онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол 
Араас чинь бэдрэх хүү чинь бүдэрчихвий дээ, Ааваа
Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг  
Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчрахгүй юм бол
Жаахан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд  
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа, Аав минь.
Цонхны цаанаас зүрхээн урсган хүлээдэг  
Цомбон сэтгэлдээ нулимсаараан зүсэн зогсдог
Марал нүдэн хүү чинь мөргөн мөргөн гуйж байна. 
Маргааш орой эрүүл ирээрэй, Ааваа

Saturday, June 4, 2011

УРУУЛЫН ХЭЭГЭЭР СҮЛЭН БАЙЖ УЧИРСАН АМРАГ МИНЬ ...



ЗҮРХНИЙ ЦЭЦЭГХЭН ЧАМДАА
Зүүдэн тэргэл алсын дэглий цэнхэр уулсаас
Зүрийн  гөрөөс цахилах шиг цагаанхан манан сарнилаа ч
Зүрхний аглагт эрхэлсэн  шүүдэр цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх  шиг ганц л байх юм аа
Үүлсэнд эргэх тэнгэрийн үрээ шаргал наран
Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлоо ч
Өрцөн цаана минь нялхрах энхэр цэцэгхэн чамайгаа
Үйлийн зоргоор мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлон зүрх шиг ганц л байх юм аа
Үелэн үелэн намрын үүлэн тэнгэр эсгээд
Уринаар ирсэн шувууд хоргодон хоргодон буцлаа ч
Нууцхан сэтгэлийн хавраараа дэлбээлж гэрэлтсэн чамайгаа
Нулимсан дотроо мартаж чадахсан бил үү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь дээ
            Уянга хайрын орчлонд зүрх  шиг ганц л байх юм аа

Tuesday, May 31, 2011

Сайхан ээжүүд бүсгүйчүүд охидууддаа баярын мэнд хүргэе

Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч
Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ
Хатуудаа хатуу хорвоогийн
Хахирган аашийг зөөллөх
Хатангоо бүсгүй танд эх үрсйин баярын мэнд хүргэе.
Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг
Сайхан ээжүүд бүсгүйчүүд охидууддаа баярын мэнд хүргэе

Sunday, May 29, 2011

Блогийн гишүүд бичиж байна. ХАЙРТАЙ ЧАМДАА

Дээр үед бичсэн шүлгээ багшийнхаа блог дээр тавьж та бүхэнд толилуулмаар санагдлаа 
        Амлалт хайрыг минь дээдэлж, 
Алдхан бие сэтгэлийг минь зовоолгүй 
Ариухнаас ариухан амьдралын минь зулыг 
Амин эрдэнэ шигээ хайрлаж тэтгээрэй. 
       Сэтгэлдээ зөвхөн намайг л санан 
Итгэлээ ганцхан наддаа л үлдээж 
Эрч хүчийг энэ биеээс минь мэдэрч
Эрээлэшгүй их сэтгэлийн жаргалд умбагтун 
        Хайраа.... хайрыг минь хүндэл 
Харцыг минь жаргаа 
Хагацлыг минь үргээ...
Дурлал хайрын бурхан минь
Хамаг муу бүхнийг өнөөдрөөс эхлэн цэгцэлж,
Үргэлж сайн сайхны төлөө хамтдаа 
С.Баярмаа. 2004 он.



Monday, May 23, 2011

ОДОД АЗ ЖАРГАЛЫН ӨНГӨ АЯСТАЙ


“Алаг эрээн хорвоо түмэн янзын бартаатай
Тэмцэлгүй амьдрал гэж хаа ч үгүй болохоор
Тэрнээс гадуур явахыг би ч бас хүсэхгүй”   . . . гэж хэний шүлэг билээ дээ. Өнөө өглөө гэнэт л санаанд минь орж ирлээ. 
Баяр жаргал, зовлон гуниг хосолсон амьдралын минь замд түмэн янзын одод гэрэлтэнэ.  
Заримыг нь би урьд нь олж хараагүй байсан юм биш биз. Зарим нь эрж хайж явсан тэр од  минь биш биз.  Бодлын харгуйг гэрэлтүүлэн гийх энэ л оддоос хичнээн их гэрэл гэгээ цацрана вэ. . .  Тэрхүү гэрэл гэгээ дандаа л аз жаргал, аз хийморь,  амжилтын өнгө аястай бус уу. . .   

Tuesday, May 17, 2011

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.


Бүжидмаа багш маань Монгол эх орныхоо ирээдүй нь болсон үр хүүхдийнхээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө санаа тавьж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж  явдаг гайхалтай сурган хүмүүжүүлэгч нэгэн. Иймээс багшийнхаа блокт өөрийн хүүгийн бичсэн энэхүү эссэ илтгэлийг тавья гэж бодлоо.  Миний хүү өнөөдөр 13 настай. Нийгмийн амьдралын болж бүтэхгүй бас болж бүтэж байгаа талаар өөрийн санал бодлоо бичсэн нь энэ л дээ.  Би ч гэсэн хүүгээ дэмждэг. Хүүгийн маань бичсэн энэхүү илтгэл эссэ сургуулийнхаа илтгэлийн уралдаанд түрүүлсэн бүтээл нь.
Иймээс эрхэм уншигч таныг хүүгийн минь бичсэн энэ эссэгээс нэгийг бодож хоёрын эрэгцүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Уншигч та таалан болгооно уу.

Tuesday, May 10, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-10


Уран шувуу бурхнаас  хүч чадал гуйсан тэр нь хэрхэн шийдэгдсэн тухайгаа бодсоор нэг мэдэхэд унтаж орхисон байв. Харин  өглөө сэрэхэд сэтгэл санаа нь сэргээд нэг л сайхан болсон байлаа.  Тэгээд гадаа гартал нар маш сайхнаар тунгалаг, хурц гэрэлтэж байлаа. Тэсэлгүй нүд нь гялбаж, харж чадалгүй гараараа сүүдэрлэх гэсэн боловч яг энэ үед Амьдрал дэргэд нь хүрч ирээд шувуухай минь гэрэлт тунгалаг нарын өөдөөс зоригтой хар. Яг энэ үед өнгөрсөн бүхэндээ харамсаж зогсолгүй ирээдүйгээ бод. Чамд тохиолдсон бүхэн сайны төлөө болдог юм. Чамд тохиолдож буй сорилт, бэрхшээл, алдаа,  зөрчил, ялалт, ялагдал, өөрчлөлтийг сайн сайхан зүйлийн эхлэл гэж ойлгоорой  гэжээ. Тэгсэн Уран шувуу: 
- Яахаараа алдаа, бэрхшээл, ялагдал хүртэл сайн сайхны эхлэл болно гэж би ойлгохгүй байна гэсэнд 
- Яахав дээ, түүнийг давж туулах хүч байгаа цагт  хүмүүс улам илүү хүчтэй,  чанга хатуу болдог юм даа.  Гэвч зарим хүн тэр дундаас уян зөөлөн сэтгэл, хайр энэрэл гэдэг зүйлээ ч гээж орхидог харин чи тэгж болохгүй шүү гэжээ. 
Гэтэл энэ үеэр тэр хоёрын яриаг далдаас сонсож байсан "Хар санаа" гэнэт гарч ирээд "Аанха  чи хэзээ нэгэн цагт  мөрөөдлөө алдаад хайж явсан байх аа. Би одоо чамаас юуг нь  чинь хулгайлахаа ойлголоо" гэж хашгирсанд Уран шувуу:  "Оролдоод үз л дээ амьдралд тохиолдсон бүхэн сайн сайхны төлөө болдог юм. Тэр чинь надад сайнаар ч тусах юм бил үү хэн мэдлээ" гэжээ. Энэ үед нар улам ч хурцаар ээж хорвоо дэлхийг тэр чигт нь гийгүүлж байгааг  тэрээр ажиглан бахдан харж зогслоо.  Нарны туяа хорвоо ертөнцийн эгэл бүхэнд ижилхэн тусч байгааг мэдэж байсан ч яагаад ч юм бэ энэ үед өөрийг нь илүү ивээж байх шиг санагдлаа.

Sunday, May 1, 2011

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-9

Уран шувуу нэг өдөр Бурханд “Найз минь би чамаасаа гуйх зүйл байна аа” гэж гунигтайхан хэлжээ. Юу тэр билээ би чинийхээ хүссэн болгоныг биелүүлнэ. Гагцхүү мөрөөдлийг чинь эргүүлж өгч чадахгүй шүү гэж нөгөө л хэлдэг үгээ Бурхан давтжээ. Уран шувуу:
-  “Тийм ээ би мэдэж байна. Өөр зүйл хүсмээр байна”  гэсэнд "Хэл л дээ" гээд  Бурхан Уран шувууг  хайр энэрэл шингэсэн нүдээр харсанд: 
- “Бурхан минь чи надад ХҮЧ ЧАДАЛ ХАЙРЛААЧ” гэжээ.
Бурхан бүүр гайхаж хоцроод... 
- "Чи юу хэлнэ вэ. Чамд гайхамшигтай их сэтгэлийн хүч тэнхээ байдаг шүү дээ чи тэрнийхээ хүчээр л мөрөөдлөө хайх урт удаан замыг туулж, дээрэмчдийн ертөнцийн хүнд бэрхийг давж чадсан шүү дээ" гэсэнд Уран шувуу:
- Үгүй дээ. Яг үнэндээ надад "ХҮЧ ЧАДАЛ" хэзээ ч байгаагүй. Тиймээс одоо би чамаас Надад хүч чадал хайрлаач гэж гуйж байна. Би мөрөөдлөө хайх замдаа өөр өөрийн өнгө аястай хорвоогийн түмэн жаргал зовлонг туулсан. Тэдгээрээс заримыг нь мартах, заримыг нь хаях, заримыг нь өнөөдөртөө авч явах, заримыг нь ирээдүйдээ  үлдээж тээж  явах эрдэнэс цуглуулсан юм. Одоо харин эдгээр эрдэнэс маань дэндүү их болчихоод дааж, үүрч  явж дийлэхгүй болоод байнаа. Иймд  надад Хүч чадал хэрэгтэй байна даа гэсэнд Бурхан:
- Чадахгүй нь дээ Уран шувуу минь гэж эрс шийдэмгий хэлэв. Уран шувуу нэг хэсэг бодол болсноо:
- Тэгвэл чи надад энэ их эрднэсийн алийг нь хаяж, алийг нь ирээдүйдээ үлдээх талаар сонголт хийх, бас тэгээд заримыг нь хаях, хаясан зүйлээ мартах тийм л хүч чадал хайрлаач дээ гээд цөхрөлтгүй гуйж гарчээ. Тэгсэн Бурхан бодож бодож:
- "За  яахав. Тэгвэл оронд нь би чамаас ирээдүйдээ итгэх итгэл, зориг хоёрыг чинь авлаа. Тэгж тохирох уу гэжээ. Гэтэл Уран шувуу дахин нэг хэсэг бодсоноо гэнэт чанга дуугаар:
- Өө үгүй үгүй. Ирээдүйдээ итгэх итгэлийг минь авчихвал би эдгээр эрднэсээ үүрч яваад ч яах юм билээ. Бас орхиж, хаяж, мартаад ч яах юм билээ. Юуны төлөө, хэний төлөө тэрийг хийх юм бэ.  Шал утгагүй санагдчихлаа. Ерөөсөө чамаас "Хүч чадал" гуйхаа ч болилоо. Ирээдүйдээ итгэх итгэлээ алдаагүй цагт би хаях зүйлээ зоригтой хаяж, тээж явах зүйлээ даасан шиг дааж, жинхэнэ ирээдүй рүүгээ тэмцэж чадах юм байна" гэж хөөрөн бахдан бараг нэг амьсгаагаар ярьжээ. Энэ үед Бурхан Уран шувуу хоёрын яриаг анхааралтай ажиглаж байсан Амьдрал учиргүй инээж байснаа ингэж хэлжээ.
- Эхлээд би чамайгаа юунд ингэтлээ шаналж, гунигласан юм бол доо гэж бодож байлаа. Тэгээд яриаг чинь сонсоод сууж байхдаа "Миний хайртай шувуухайд хүч чадал хайрлаач" гэж  Бурханаас бараг л гуймаар л байлаа  гэсэнд Уран шувуу:
- Хэрэггүй ээ. Надад хүч чадал хэрэггүй. Би яах ёстойгоо мэдчихлээ шүү дээ. Тэгээд ч Бурхан өгөхгүй, өгөхийг ч хүсэхгүй байгаа биз дээ  гэж гомдонгуй хэлсэнд Амьдрал:
- Миний хайр аа, Шувуухай минь ээ. Бурхан  чамд надтай л адил хайртай болохоор өгөхгүй байж чадахгүй л дээ. Тэр дөнгөж сая чамд асар их “Хүч чадал” өгчихөөд явчихлаа шүү дээ гэжээ. 

Бүсгүйчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үгс

эх сурвалж. http://www.goolingoo.mn/ сайтаас 

Бүсгүйчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үгс
“Амбицтай, шийдэмгий, чадвартай эмэгтэй хүнд хийж чадахгүй зүйл гэж нэг ч үгүй” - /Элен Лоуренсон/
“Дур булаам харагдахад эмэгтэй хүнд дан ганц гоо үзэсгэлэн хангалтгүй юм. Тоглоомтой яриа, эрхлэнгүй өнгө аяс, цовоо цойлгон инээдээ ашиглаж байгалийн бэлгийг тордох хэрэгтэй” - /Петрониус/ 
“Мунхаг эр эмэгтэй хүнийг дуугүй болохыг шаарддаг. Харин ухаалаг эр эмэгтэй хүнд уруул нь жимийлттэй байхаараа ямар үзэсгэлэнтэй харагддаг тухай нь хэлдэг”
“Гучин жилийн турш эмэгтэй хүний сэтгэл рүү өнгийж явахдаа өдийг хүртэл хариултыг нь олоогүй, магадгүй хэзээ ч олохгүй ганцхан агуу нууц бол эмэгтэй хүн яг юу хүсдэг тухай юм. - /Зигмунд Фрейд/

Thursday, April 28, 2011

ЗОЛИОС

Энэ өдрийн 1 цаг ирэх өдрийн 2 цагтай тэнцэнэ.  Өнөөдрөөрөө байх дуртай хүмүүс цагаа алдах тусам ирээдүйнхээ мянга мянган алтан боломжийг алдана. Тиймээс ирээдүйн алтан боломжоо алдах тэр л зүйлүүдээ оюун ухаанаасаа таягдан хаяарай. Зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээ, зорилгодоо хүрэх хүчин чармайлт чухал ч гэлээ зарим зүйлийг золиосолж амжилтанд хүрдгийг мартаж болохгүй.

Үргэлжлэл: 2011-04-30.
Хэ хэ. Сайн уу Золоо. Би эрүүл мэндээ золиослох гээгүй байна л даа. Гэхдээ хүн санаандгүй байдлаар эрүүл мэндээ золиослох тохиолдол олон байдаг. Хорт зуршил энээ тэрээгээ зоригтой хаях хэрэгтэй л дээ. За тэр яахав чиний энэ бичсэнийг хараад нээрээ золиосолж болохгүй юм гэж бас байдагийг саналаа. Юу юу байж болох вэ. Бичээрэй.

Monday, April 25, 2011

Блогийн гишүүд бичиж байна: ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС САЙН НАЙЗУУД БАЙЖ ЧАДАХ УУ?

Сайн байна уу? Бүжээ даргаа мөн блог уншигчдаа.
Би та бүхэнд нэгэн сонирхолтой асуулга тавих гэсэн юм. Би ер өөрийгөө нийтэч хүн гэж боддог юм л даа. Бидний дунд олон сайхан бас жаахан муу найзууд бий. Эрэгтэй эмэгтэй найзууд, бас өөр найз ккк. Миний хамгийн гол асуух асуулга бол эрэгтэй эмэгтэй хүмүүс САЙН НАЙЗУУД байж чадах уу? Чадах бол хэр удаан болоо? Дараа нь би өөрт тохиолдсон явдлаа бичнээ  ккк. БАЯРЛАЛАА.

Wednesday, April 20, 2011

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.

Ай уйдах эрхгүй залуу насаа ....
Өөрийн эрхгүй ороод ирлээ.
Юуны өмнө бидэнд бодол ухаарал, эрэгцүүлэл өгч байдаг таньд баярлалаа. Миний мэдэх цөөхөн Эмэгтэй лидер хүн шүү та. Заримдаа таныг би жаахан хатуу байж магадгүй гэж боддог юм.
Би өнгөрсөн шөнөжин нэгэн тэндерд өрсөлдөж нэлээд юм хийлээ. Маш их сурлаа. Гэхдээ хамгийн инээдтэй нь хариу нь тодорхой байлаа. тэгээд уур ч хүрэх шиг инээд хүрэх шиг сууж байна даа. Ёстой л залуу нас юм даа чи!

Бурхан бидэнд баяр баясгалан бас уйтгар гунигийг өгдөг. Энэ мөчүүдээ эргээд бодоход хэцүү цаг мөчүүд минь асуудлыг хэрхэн даван туулж бас шантарч байсан маань аз жаргал ч юм шиг аль эсвэл хөгжилтэй дурсамж ч юм шиг санагдах юм. /хагацал шаналал, өвчин эмгэгийг оруулаагүй/

БҮХ ЗҮЙЛ БУРХАН БИД ХОЁРЫН ДУНД ҮЛДЭНЭ

"Хүмүүст өөрийн чадах бүх сайн сайхнаа зориул, тэд таныг гомдоож ч магадгүй, гэвч эцэстээ тэр бүхэн зөвхөн Бурхан та хоёрын дунд үлдэнэ. Тэр бүхэн чи болон бусад хүмүүсийн хооронд болсон хэрэг биш" гэж Тереза эх нэгэнтээ хэлсэн байдаг.

Tuesday, April 19, 2011

ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭС ҮҮДСЭН УХААРАЛ

Өнгөрсөн түүхээ эргэн сөхөж өдрийн тэмдэглэлээ уншиж байгаад би нэг зүйлийг буруу ойлгож явснаа ухаарлаа. Зарим хүн надтай адилхан боддог байж болох юм гээд үүнийг бичихээр шийдлээ. Ээж аав хоёрыгоо би надад амьдрал хайрласан гэж бодох  тэр бодлоосоо үүдээд хоёр хүүдээ би амьдрал хайрласан л гэж боддог байлаа.
Гэтэл амьдралын жаргал, зовлонг туулж, итгэл алдарч, шаналж зовсон, тэмцэж, босож, зорьж тэмүүлсэн, санасандаа хүрч, хүссэн зүйлээ авсан тэр үеүдээ бодоход хоёр хүүгээ л бодож урагшилж байсан мөчүүд зөндөөн байж дээ. Тиймээс амин зүрхний минь шүтээн хоёр хүү  минь намайг амьдралаас уйдах эрхгүй болгож, надад шинэ амьдрал бэлэглэсэн бас нэгэн бурханы бэлэг  байжээ.
Хүн жаргалыг биш зовлонг даадаг. Өнөөдрийн жаргалтай амьдралд хүрсэн зам тийм ч дардан байгаагүй нь бас л бурханы бэлэг юм болов уу. Харин тэр бүхнийг давж туулах дундрашгүй эрч хүч надад байнга байдаг нь аз юм даа.
Тийм  эрч хүч, ухаан бодлын гайхамшигт хүч хүн бүхэнд уг нь байдаг. Тэр үнэт зүйлээ олж нээж, хайрлаж, хөгжүүлж чадах нь чухал. Эд баялаг, мөнгө, албан тушаал, хайр дурлал гээд зарим зүйлээ бид алддаг.  Зарим нь хүсээд ч ирэхгүй, зарим  хэсэгхэн хугацаанд ирээд буцахдаа хамаг итгэлийг нь авч оддог. Харин  дээр бичсэн ухаан бодлын гайхамшигт хүч, сэтгэлийн зориг тэнхээ гэдэг бол эрдэм мэдлэг, сайхан сэтгэл, нар гэрэлтсэн таны инээмсэглэлтэй адил хэн ч хэзээ ч булааж авч чадахгүй, бас тэгээд та өөрөө хүсэхгүй бол хэзээ ч таныг хаяаж явахгүй хамгийн том баялаг, үнэт эрдэнэ төдийгүй амьдрал хайрладаг бас нэгэн шидэт хүч ажээ.      

Thursday, April 14, 2011

Хавар болж шувууд ирлээ.
Сайхан дуугаараа хорвоог уяараан
Дэвэн дэвэх далавчаараа хайрын мөр цацруулсаар
Хавар болж  шувууд ирлээ.
Ирэх шувуудын ганганаан
Эргэх хорвоог хайраар хөглөхөд
Цэнгэл жаргалын далайд хүслийн шуурга дэгдэж       
Сэтгэлд харин хөнгөн гуниг нөмөрлөнө.

      Сэрүүхэн тунгалаг зүүдний хорвоод
      Сэрж мэдрэх жаргалын далай цалгиж
      Ариухан хайр гунигийг хулжаан довтлоход
      Амьдрал өөрөө үлгэрээс ч сайхан санагдана.

Friday, April 8, 2011

АМЬДРАЛАА БИ ЧАМД ХАЙРТАЙ



Хүй орчлонгийн түмэн нугачаанд хүслийнхээ хөлөг онгоцыг залж, хувь тавилангаа хүн өөрөө жолооддог.  Бурхан бидний амьдралыг зурчихсан байдаг  гэж хичнээн хүн баталлаа ч би өөрөө хувь заяаныхаа эзэн байхыг хүснэ.  Амьдрал би чамд хайртай байдгийн учир нь  мөрөөдлийнхөө төлөө өөрөө тэмцэж, хүссэн бүхнээ авч санасан бүхэндээ хүрдэгт байдаг юм. 

Wednesday, March 9, 2011

ЗӨӨЛӨН ҮНСЭЛТ



Хайртай гэж шивнэх үгс чинь
Зүрхний минь сонорыг мялааж
Сэмхэн гэтэх зөөлөн үнсэлт чинь
Сэтгэлийн минь давалгааг эзэмдэнэ.
Халуухан тэврэлтэнд  чинь  
Хорвоо ертөнц тэр чигээрээ  багтахад
Өр зүрхэнд минь эгшиглэх хайрын нандин аялгууг
Өөрийн эрхгүй уянгалуулан дуулмаар...
Энрийлэн үнсэх зөөлөн уруул чинь сэтгэлийг минь хөгөлж
Үнсэх тоолонд зүрхэнд минь цэцэг дэлбээлнэ.
Бидэн  хоёрын ертөнц хайраар ингэж үерлэхэд
Би ганцхан чинийх байхыг хүснэ.